Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2225006020242 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн зүүн дэнжийн **** тоот хашаанд дотроос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд биедээ НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 2,6 грамм цэвэр жинтэй Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Би согтуу байсан, надад өвс байгаагүй, би хэрэглээгүй. Тэнд байсан хүмүүсээс шинжилгээ авахад зөвхөн надаас бодис илэрсэн. Намайг урьд нь өвсний хэргээр шийтгүүлж байсан болохоор цагдаа нар болон гэрчүүд зориуд гүтгэсэн гэж бодож байна. Би энэ хэргийг үйлдээгүй.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

2. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 18-19 дахь тал/

3. Гэрч Б.Н-ийн “Өрөөнд цэнхэр өнгийн ажлын хувцастай залуу надтай маргалдсан. Тэгсэн тэр залуу нэг урт саарал бор өнгөтэй тамхи гаргаж ирээд утааг нь толгой дээр чинь үлээх үү, гэх мэтээр над руу дайраад байсан. Эргүүлийн хоёр цагдаа орж ирээд цэнхэр хувцастай залууг нэгжсэн. Тэгтэл өмдний дотор талд зүүн талын халааснаас нэг боодолтой өвс гарч ирсэн” гэх мэдүүлэг ./хавтаст хэргийн 25-26 дахь тал/

4. Гэрч Б.Д-гийн “Netcom” гэсэн бичигтэй хөх өнгийн ажлын хувцастай залууг өрөөнөөс гаргаж, үүдний хэсэгт зогсоож байгаад цагдаа Б.Б халааснуудыг нь үзэхэд өмдний зүүн дээд талын халааснаас цайвар өнгийн гялгар уутанд баглаж боосон нунтаг ургамал гарч ирэхээр нь эргээд 205 тоот өрөө рүү орж ширээн дээр гарч ирсэн ууттай ургамлыг тавьж Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийг дуудсан. Мөрдөгч ирээд хэргийн газарт үзлэгийг явуулсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/

5. Гэрч Б.Б-ийн “Цагдаа Б.Д бид хоёр “Netcom” гэсэн бичигтэй хөх өнгийн хос ажлын хувцастай залууг өрөөнөөс гаргаж зогсоогоод Б.Д-гээр бичлэг хийлгэж байгаад би биед нь үзлэг хийхэд өмднийх нь зүүн дээд талын халааснаас цайвар өнгийн гялгар уутанд боосон нунтаг ногоон өнгөтэй ургамал мэт зүйл гарч ирэхээр нь уг залууг 205 тоот өрөө рүү дагуулан орж ууттай ургамлыг ширээн дээр тавьж Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийг дуудаж, мөрдөгч ирж хэргийн газарт үзлэгийг явуулан ууттай ургамлыг хураан авсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30 дахь тал/

6. Гэрч Б.А-гийн “Би 2022.09.07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хур” зочид буудлын өрөөнд Н ах, түүний найз охин гээд нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй, Т, Т-гын дүү Г гээд бид нар бүгдээрээ нийлэн архи уугаад сууж байхдаа Г.Б рүү утсаар залгаж ажил нь тарах болж байгаа юм уу, Хур зочид буудалд хүмүүстэй архи ууж байна гэхэд яваад очъё гэж надад хэлээд удалгүй ганцаараа ирсээд бид нартай цуг сууж архи хуваан уусан. Би өрөөнөөс гараад удалгүй хэдэн минут болчхоод эргээд орж ирсэн чинь дээлтэй ах, Т, Т-гын дүү нар нь байхгүй байсан бөгөөд хамт сууж байсан эмэгтэйг хэвтсэн байдалтай байхад нь Г.Б ороосон тамхи асаачхаад сороод утааг нь уг эмэгтэйн толгой хэсэг рүү үлээгээд түүний толгой дээр арц тойруулж байгаа юм шиг тамхиа тойруулаад байсан чинь нөгөө эмэгтэй уурлаад цагдаад дуудлага өгчих шиг болсон. Тэгээд би Г.Б-тэй маргалдаж юу хийгээд байгаан гээд өрөөнөөс гаргасан. Тухайн үед бас согтуу байсан болохоор ороосон байсан тамхийг яасныг санахгүй байна. Цагдаа нар ирээд Г.Б-ийг биед үзлэг хийхэд түүний халааснаас ууттай нунтаг өвс гараад ирсэн. Тэрнээс өмнө ямар нэгэн ууттай зүйл гаргаж ирээгүй. Харин тамхи шиг ороосон зүйлийг эмэгтэйн толгой дээр асаасан байхдаа уугуулаад эргэлдүүлээд байсан. Мөн сороод утааг нь эмэгтэй рүү үлээгээд байсан. Уг үед нь Н ах, эмэгтэйн хажуу талд унтаж байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дэх тал/

7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4936 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Б ФБ99091119 2022.09.14” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4935 дугаартай “Г.Б” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна. Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 5,7 гр, цэвэр жин нь 2,6 гар, дээж авсны дараах цэвэр жин нь 2,5 гр байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №19 дугаартай Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед Р44.7 сэтгэцийн өвчтэй байна. Өвчлөөд хэдий хугацаа өнгөрснийг одоо тогтоох боломжгүй. Энэ сэтгэцийн өвчин нь олдмол. Магадлуулагч Г.Б нь дээрх өвчний учир СЭМҮТөвд эмчилгээ хийлгэсэн тул дахин эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Магадлуулагч Г.Б нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. Магадлуулагч Г.Б нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай. Мөн хэрэг хариуцах чадвартай. Шинжилгээ хийлгэж байх үед Г.Б-д мансуурсан шинж илрэхгүй байна. Магадлуулагч Г.Б-д хамаарлын шинж үгүй.” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

11. Сэжигтэн Г.Б-ийн “Би өмнө өгсөн мэдүүлгээ мэдэхгүй байна. Та гэдэг залуугийнх биш ээ. Миний түүж авсан мансууруулах ургамал байгаа юм. Хамт архи уусан хүмүүсийг би танихгүй. А-тай л найз нөхдийн харилцаатай, бусад хүмүүстэй нь тухайн өдрөө л танилцсан. А-тай ойролцоогоор 5, 6 жил найз нөхдийн харилцаатай байгаа. Өмнөх өдөр нь би ажлынхаа цайны цагаар буюу өдрийн 12-13 цагийн хооронд Дэнж багийн зүүн дэнжийн **** тоот хаягтай өөрийн хашааны дотор болон гадна өвсөө цэвэрлээд байж байхад хашааны гадна хойд талд нэг годгор мансууруулах өвс ургасан байхаар нь зулгааж аваад уутанд хийн ажлынхаа хувцасны халаасандаа хийсэн. Би урьд өмнө мансууруулах өвсний гэмт хэрэгт холбогдож байсан болохоор газар ургасан өвсийг мансууруулах ургамал байна гэж мэдсэн. Өөрөө хэрэглэх зорилгоор л тухайн ургамлыг газраас түүн авч өөрт авсан. Манайх Дэнж багт хоёр хашаатай нэг нь Зүүн дэнжийн 2-20 тоот, нөгөөдөх нь зүүн дэнжийн **** тоот хаягтай. Одоо амьдарч байгаа нь Зүүн дэнжийн 2-20 тоот, **** тоотод хүн амьдрахгүй байгаа. Би буудалд очоод архи ууж эхэлж байхдаа ганцаараа 00-ийн өрөө рүү орж мансууруулах ургамлыг цаасанд ороож татаж хэрэглэсэн. Өөрт байсан уг мансууруулах өвснөөс хэн нэгэнд өгсөн үйлдэл байхгүй. Намар болж байсан болохоор миний астам хөдлөөд байдаг бөгөөд мансууруулах ургамал хэрэглэхээр зүгээр болчихдог” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/

12. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн зүүн дэнжийн **** тоот хашаанд дотроос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд биедээ НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 2,6 грамм цэвэр жинтэй Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ургамлыг устгах нь зүйтэй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б-гөөс эд зүйл хурааж авсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд энгэрийн халааснаас гарсан ургамал мэт зүйлийг хураан авах ажиллагаа гэж бичсэн байхад мөрдөгчийн тогтоолд өмдний дотор халааснаас хураан авсан гэж бичсэн байна. Прокурорын тогтоол хуульд нийцээгүй тул эд зүйл хурааж авах, эд мөрийн баримтаар тооцох ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаас хасах нь зүйтэй. Б-гөөс хурааж авсан гэх зүйл нотлох баримтын шаардлага хангахгүй учраас бусад ажиллагаа мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б сэтгэцийн өвчний учир эмчилгээ хийлгэж байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Б нь хэрэгт холбогдох үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг тогтоолгох шаардлагатай.” гэв.

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Н-гийн “Тэгсэн тэр залуу нэг урт саарал бор өнгөтэй тамхи гаргаж ирээд утааг нь толгой дээр чинь үлээх үү, гэх мэтээр над руу дайраад байсан. тэгтэл өмдний дотор талд зүүн талын халааснаас нэг боодолтой өвс гарч ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-гийн “халааснуудыг нь үзэхэд өмдний зүүн дээд талын халааснаас цайвар өнгийн гялгар уутанд баглаж боосон нунтаг ургамал гарч ирэхээр нь эргээд 205 тоот өрөө рүү орж ширээн дээр гарч ирсэн ууттай ургамлыг тавьж Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийг дуудаж, мөрдөгч ирэн хэргийн газарт үзлэгийг явуулсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “биед нь үзлэг хийхэд өмднийх нь зүүн дээд талын халааснаас цайвар өнгийн гялгар уутанд боосон нунтаг ногоон өнгөтэй ургамал мэт зүйл гарч ирэхээр нь уг залууг 205 тоот өрөө рүү дагуулан орж ууттай ургамлыг ширээн дээр тавьж Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийг дуудаж, мөрдөгч ирэн хэргийн газарт үзлэгийг явуулан ууттай ургамлыг хураан авсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.А-гийн “Г.Б ороосон тамхи асаачхаад сороод утааг нь уг эмэгтэйн толгой хэсэг рүү үлээгээд түүний толгой дээр арц тойруулж байгаа юм шиг тамхиа тойруулаад байсан чинь нөгөө эмэгтэй уурлаад цагдаад дуудлага өгчих шиг болсон. Г.Б-ийг биед үзлэг хийхэд түүний халааснаас ууттай нунтаг өвс гараад ирсэн” гэх мэдүүлэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4936 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4935 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын №19 дугаартай дүгнэлт, сэжигтэн Г.Б-ийн “Дэнж багийн зүүн дэнжийн **** тоот хаягтай өөрийн хашааны дотор болон гадна өвсөө цэвэрлээд байж байхад хашааны гадна хойд талд нэг годгор мансууруулах өвс ургасан байхаар нь зулгааж аваад уутанд хийн ажлынхаа хувцасны халаасандаа хийсэн. Би буудалд очоод архи ууж эхэлж байхдаа ганцаараа 00-ийн өрөө рүү орж мансууруулах ургамлыг цаасанд ороож татаж хэрэглэсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн зүүн дэнжийн **** тоот хашаанд дотроос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд биедээ 2,6 граммыг хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “энэ гэмт хэргийг үйлдээгүй. Би согтуу байсан. Надад ямар ч өвс байгаагүй. Цагдаагийн албан хаагч нар болон гэрчүүд зориудаар намайг энэ хэрэгт оруулж, гүтгэсэн. Цагдаа нар муухай хараад байхаар нь би худал мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг, дүрс бичлэг, эд мөрийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байх бөгөөд бусдыг гэмт хэрэгт гүтгэх зорилгоор үгсэн тохирч, хуурамчаар, хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Г.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хууль бусаар, эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “эд зүйл хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол хууль бус, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэл үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг тогтоолгох шаардагатай” гэсэн санал дүгнэлт гаргасан байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын №19 дугаартай дүгнэлтэд шүүгдэгчийг хэрэг үйлдэх үедээ болон дүгнэлт гаргах үед сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг харуцах чадвартай гэж дүгнэсэн байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Эд зүйл хураан авах ажиллагааг хүчинтэй тооцсон прокурорын тогтоолд шүүгдэгчийн өмдний халааснаас гарсан эд зүйлийг энгэрийн халааснаас гэж зөрүүтэй бичсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл тухайн хэрэгт холбогдолгүй гэж үзэх боломжгүй байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

                   Шүүгдэгч Г.Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

                     Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2,6 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2,6 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС