| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 112/2025/0025/З |
| Дугаар | 221/МА2025/0589 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0589
Иргэн Ц.М-ын гомдолтой, Говь-Алтай
аймгийн Прокурорын газрын дүгнэлттэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.Д
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.М
Дүгнэлт гаргагч Говь-Алтай аймгийн Прокурорын газар
Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Д
Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагч Б.Д-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 112/ШШ2025/0027
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ц.М
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Т
Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.А
Хариуцагч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 112/2025/0025/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.М , Говь-Алтай аймгийн Прокурорын газар Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Д-д холбогдуулан “Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Д-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 112/ШШ2025/0027 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар дүгнэлт, Есөнбулаг сумын иргэн Ц.М-ын гомдлын шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Б.Д давж заалдах гомдолдоо:
Говь-Алтай аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц овогтой М-ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 0043881 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Хариуцагч Ц.М нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн нэхэмжлэлтэй тус шүүх хурал 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр болж Ц.М-ын гомдлын шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д миний 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Иймд Говь-Алтай аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 112/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Говь-Алтай аймгийн Татварын газрын бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Б.Д нь нэр дэвшигч Ц.М нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад бүртгүүлээгүй гэх асуудлыг шалгаж, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансаа Төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй зөрчилд Ц.М-т 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Хариуцагчаас “...би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн...” хэмээн маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрх бүхий албан тушаалтан “... улсын байцаагч Б.Д би Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газрын 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн нийцлийн аудитын тайлангаар иргэн Ц овогтой М нь ... сонгуулийн зардлын данс, банкны нэр бүртгүүлээгүй гэх 2025-15 дугаартай гомдол мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 38 минутад хүлээн авч, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу...” гэх агуулга бүхий тэмдэглэл[2] үйлдэж, Ц.М-аас “... бичиг баримтыг хамтад нь Н.Г бид хоёр аваад аудит дээр очоод нэг залууд өгсөн. Зардлын тайланг хувийн аудитын байгууллагаар баталгаажуулан орон нутгийн аудитын байгууллагад гаргаж өгсөн. ...Хуулийн хугацаанд шаардлагатай бичиг баримтыг нэгдсэн журмаар бүрдүүлж өгч байсан.” гэж мэдүүлжээ[3].
4.1. Ийнхүү “...Ц.М нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг [4] нээж, гомдол гаргагч Ц.М нь сонгуулийн санхүүжилтийн харилцах дансыг Төрийн банканд нээлгэсэн нь Говь-Алтай аймаг дахь Төрийн банкны салбараас тус аймгийн Татварын газарт явуулсан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 41/297 дугаар албан бичгээр[5] тогтоогдсон байна.
4.2. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Татварын газарт хандан 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 5 дугаартай “Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх"-д хийсэн нийцлийн аудитын тайланг хүргүүлж байна. Нийцлийн аудитаар өгсөн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор, биелэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.” гэх агуулга бүхий албан бичгийг [6]хүргүүлсэн.
4.3. Гомдол гаргагч Ц.М нь төрийн аудитын байгууллагад сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй нь Нийцлийн аудитын тайлангийн Хавсралт 15 “Төрийн аудитын байгууллагад сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалт” [7]-д тусгагдсан байна.
4.4. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Т “...Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 05 дугаартай албан бичгээр “Нийцлийн аудитын тайлан"-г хүргүүлсэн байхад Татварын газар нь гомдол мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлд оруулан шалгаж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна...” гэж үзэн Татварын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Д-ийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0043881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 04 дугаар прокурорын дүгнэлт[8] бичжээ.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн”, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх.”, 6 дугаар зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.” гэж тус тус засан.
6. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаартай нийцлийн аудитын тайланг хүлээн авснаас хойш 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа улсын байцаагч Б.Д-ийн үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
7. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.” гэж тус тус заасны дагуу улсын байцаагч Б.Д нь хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн “...би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдол мэдээллийг хүлээн авч хуульд заасан хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 112/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА