Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 69

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цогтдэмбэрэлд холбогдох 201601070191 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны  9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

              Нарийн бичгийн дарга:                         Э.Шинэхүү

              Улсын яллагч:                                       Х.Эрдэнэтуяа

              Хохирогч Газрын тосны

              хэрэг эрхлэх газрыг төлөөлж               Г.Төмөрбаатар

    Шүүгдэгч:                                                  Н.Цогтдэмбэрэл нар оролцов.

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техник гиофизикч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Ашигт малтмал газрын тосны газар жолооч ажилтай байсан, ам бүл ганцаараа, Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 368 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  Тайж нар овгийн  Натжавын Цогтдэмбэрэл /РД:УУ64021814/

 Н.Цогтдэмбэрэл нь  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Б.Эрдэнэцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, Ашигт малтмал, газрын тосны газарт их хэмжээний  хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн

“Уул уурхайн хөрөнгө оруулалтын хуралд бэлтгэхээр уурхайг үзүүлэх ажилд Багануурын уурхай дээр 12 цагаас өмнө очихоор яарч яваад урдаа явсан автобусыг гүйцэж түрүүлтэл өөдөөс портер маркийн автомашин гарч ирсэн тул мөргөлдөхгүйн тулд зүүн гар тийш дарсан. Машин замын хажуу руу үсэрч буух үед дугуй хагарч машин тэнцвэрээ алдаж хөрвөөж  дугуйн дээрээ боссон.  Зам нь цаад талаасаа тэгш, наад талдаа огцом хонхор учраас тэгш мэт харагдаж цагаан машин хол ирж байна гэж хараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл портер тулаад гарч ирсэн юм. Машин дотор 5 хүн явсан. Би үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хэрэг гарсан газрын үзлэгийн

Хэрэг учрал болсон гэх газар нь Улаанбаатар хотоос Багануур дүүрэг явах чиглэлд Багануур дүүргийн 2 дугаар хорооны баруун урд байрлах асфальтан замын хойд талд  81-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харж зогссон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн дээвэр орой хэсэг нь хонхойж хэвээ алдсан байдалтай урд салхины шил болон хаалганы шил хагарсан, баруун талын урд хойд дугуй хагарсан байдалтай байв. Мөн тээврийн хэрэгслийн 4 хаалга, карлон гэх зүйлүүдэд зураас гарч зурагдсан, дотор талд ослын зөөлөвч дэр гарч ирсэн байдалтай байв...гэх тэмдэглэл /хх-н 6-7 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн 11105 тоот дүгнэлтэд

  1. Эрдэнэцэцэгийн биед сээрний 11-р нугалмын их биеийн, мэдрэлийн нумны хугарал, сээрний 11/12-р нугалмын арын холбоосын урагдал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогджээ.
  2. Дээрх гэмтэл нь мохооо зүйлийн  ба түүнэээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй./хх-н 46-р тал /

          - Хохирогч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн

“... Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өглөө 09 цагт Улаанбаатар хотоос уул уурхайн яамнаас Багануур ХК-руу албаны ажлаар 81-04 УНК улсын дугаартай авто машинаар жолоочтой нийлээд тавуулаа хөдөлсөн. Ингээд Багануур явж байтал Багануур уурхайн отволын шороо харагдаж эхэлсэн. Би автомашины жолоочийн ард сууж явсан бөгөөд миний сууж явсан машины урд Улаанбаатар, Багануур хоёрын хоорондын зорчигч тээврийн том оворын автобус явж байсан. Жолооч Цогтдэмбэрэл хазайж урд явж байсан автобусны зүүн талаар гарч автобусны дунд орчим ирээд гэнэт зүүн гар тал руугаа жолоогоо дарж машин замын зүүн тал руу гарч онхолдсон. Тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй. Машин буцаад дөрвөн дугуйн дээрээ зогссон ба бид машины хаалгыг онгойлгож буусан. Тэр үед миний нурууны араар өвдөөд алхаж чадахгүй сөхөрч суусан. Жолоочийн хариуцлагагүй байдлаас болж надад хохирол учирсан. Надад жолооч Цогтдэмбэрэлээс нэхэмжлэх зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд жолооч Цогтдэмбэрэлд гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-н 23-25 дугаар хуудас/  

Хохирогч  Газрын тосны хэрэг эрхлэх газрыг төлөөлж Г.Төмөрбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“...Ослын улмаас манай байгууллагын  “CHEVROLET TAHOE” маркийн 81-04 УНК улсын дугаартай автомашин эвдэрч түүний засварт 38 309 800 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 34 478 820 төгрөгийг даатгалаас төлсөн. Үлдэгдэл 3 830 980 төгрөгийг Цогтдэмбэрэлээс авсан ” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Д.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Уг тээврийн хэрэгсэлд жолоочтой нийлээд 5 зорчигч сууж явсан бөгөөд би жолоочийн хажуу талд сууж явсан. Ингээд Багануур дүүрэг орохын наад талд явж байгаад жолооч Цогтдэмбэрэл урд явж байсан автобусыг гүйцэд түрүүлэх гэж зүүн гар талаар нь зөрөхөд урдаас гэнэт портер маркийн автомашин гарч ирсэн. Жолооч урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүйн тулд зүүн гар тал руу жолоогоо дарж замын хажуу талын усны далангийн ховилд цохиулаад тэнцвэрээ алдаж онхолдсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 26-27 хуудас/ 

Гэрч Г.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн

“...Багануур дүүрэг рүү дөхөөд явж байхад бид нарын сууж явсан тээврийн хэрэгслийн урд хот хоорондын том оврын автобус явж байсан. Жолооч урд явж байсан автобусыг гүйцэж түрүүлэх гэж зүүн талаар нь гараад явж байтал замын хонхорын доороос гэнэт цэнхэр өнгийн портер маркийн автомашин гарч ирсэн. Жолооч урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүйн тулд зүүн гар тал руу жолоогоо дарж замын хажуу талын усны далангийн ховилд цохиулаад тэнцвэрээ алдаж онхолдсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 28-29 хуудас/ 

Гэрч Н.Мөнхбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн

Багануур дүүргийн 2-р хорооны урд талын асьфалтан зам дээр явж байтал жолооч Цогтдэмбэрэл урд явсан автобусыг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ороод явтал өөдөөс портер машин гарч ирсэн. Жолооч аюулгүй байдлаа хамгаалаад замын хажуу руу дарахад жалганд гуядуулаад онхолдсон. Миний хамрын дээд хэсэг шалбарсан. Өөр гэмтэлгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-19/

Зам тээврийн осол дээр тогтоосон 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн актад:

 “... Н.Цогтдэмбэрэл нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр CHEVROLET TAHOE маркийн 81-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг Хужиртын гүүрний орчим Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6. “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд: е/ эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан” гэжээ...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 “Сэлэнгэ Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компаниас “CHEVROLET TAHOE” маркийн 81-04 УНК улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг нийт 38 309 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-н 49 дүгээр хуудас/

Цогтдэмбэрэл нь урьд ял шийтгэгдээгүй  тухай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

       Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

                      Н.Цогтдэмбэрэл нь  2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотоос Багануурт ирэхээр Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг Хужиртын гүүрний орчимд хатуу хучилттай зам дээр Ашигт малтмал газрын тосны газрын эзэмшлийн “CHEVROLET TAHOE” маркийн 81-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн е заалтын “Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж зорчигч тээврийн автобусыг гүйцэж түрүүлэх үедээ өмнөөс ирж байсан тээврийн хэрэгсэлд зам тавихаар зүүн гар тал руу дарснаас замын хажуу руу онхолдож өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эрдэнэцэцэгийн бие махбодид сээрний 11-р нугалмын их биеийн, мэдрэлийн нумны хугарал, сээрний 11/12-р нугалмын арын холбоосын урагдал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн өвдөг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл, Ашигт малтмал газрын тосны газарт 38 309 800 төгрөгийн  хохирол тус тус учруулсан нь “тээврийн хэрэгслийн дээвэр хэсэг нь хонхойж хэвээ алдсан, урд салхины шил, хаалганы шил, баруун талын урд хойд дугуй хагарсан, 4 хаалга, карлон зурагдсан, машин дотор ослын дэр задарсан байдалтай автомашин асфальтан замын хойд талд зогссон байсан” тухай хэрэг гарсан газрын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Эрдэнэцэцэг, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбилэг, гэрч Д.Алтанхуяг, Г.Соёлмаа нарын “зорчигч тээврийн том оврын автобусыг гүйцэж түрүүлэхээр эсрэг ургалд орж автобусны дунд орчим иртэл урдаас портер машин гарч ирсэн тул жолооч жолоогоо зүүн гар тал руу дарахад замын ховилд цохигдож онхолдсон. Машин буцаад дөрвөн дугуйн дээрээ зогссон” тухай мэдүүлгүүд, шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн осолд тогтоосон акт  зэрэг  нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

        Н.Цогтдэмбэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь драйгерын заалт нойл /0.00/ зааж байгааг харуулж бэхжүүлсэн гэрэл зургаар /хх-13/ тогтоогдсон.

            Жолооч Цогтдэмбэрэл нь урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал сөрөх үйлдэлдээ хайхрамжгүй хэлбэрээр болгоомжгүй хандсан байна.

Ашигт малтмал газрын тосны газрын автомашинд учирсан 38 309 800 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохиролд,  хохирогч Эрдэнэцэцэгийн бие махбодид учирсан гэмтэл нь шинжээч эмчийн дүгнэснээр хүндэвтэр зэргийн гэмтэлд тус тус хамаарагдаж байна.

            Иймд Цогтдэмбэрэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл мөн. Ялыг сонгохдоо шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцлүүдийг харгалзав. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хуульд зааснаар зайлшгүй оногдуулна.

            Хохирогч Эрдэнэцэцэг нь “шүүгдэгч Цогтдэмбэрэлд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичгээр тайлбар ирүүлсэн ба хохирогч Ашигт малтмал, газрын тосны газрыг төлөөлж Г.Төмөрбаатар “34 478 820 төгрөгийг даатгалаас, үлдэгдэл 3 830 980 төгрөгийг Цогтдэмбэрэлээс тус тус авч хохиролгүй болсон” гэж мэдүүлсэн,      шинжээч эмчийн дүгнэлтээр  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан Н.Мөнхбилэг, Г.Соёлмаа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг үндэслэн шүүгдэгч нь ослын улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзнэ.  Н.Цогтдэмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

          

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тайж нар овгийн Натжавын Цогтдэмбэрэлийг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Тайж нар овгийн Натжавын Цогтдэмбэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр /2/ жилийн хугацаагаар хасч нэг /1/ жил  зургаан /6/   сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Цогтдэмбэрэлийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  Н.Цогтдэмбэрэлд оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг тэнсэж нэг жил зургаан сарын хугацаагаар хянан харгалзсугай
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Цогтдэмбэрэлд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Н.Цогтдэмбэрэлд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 93377 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар  Н.Цогтдэмбэрэлд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цогтдэмбэрэлд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Хохирогч Ашигт малтмал газрын тосны газрыг төлөөлж Г.Төмөрбаатар   хохирол бүрэн төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Эрдэнэцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  10. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  12. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Н.Цогтдэмбэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ОЮУНБАТ.