Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 950

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 дугаар шийдвэртэй, Т.Эы нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Бд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 176 812 500 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрпүрэв, А.Эрдэнэбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Х.Б нь Увс аймгийн Улаангом хотод 30 айлын 5 давхар орон сууц барих ажил эхлэхэд 120 000 000 төгрөг шаардлагатай байгаа тул Сонгинохайрхан дүүрэгт байрлах 260 тоот 3 өрөө байрыг барьцаалж 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай бэлнээр зээлж авсан бөгөөд барилга баригдаж дуусаад анхны борлуулалт хийгдмэгц уг мөнгийг буцааж өгөөд олсон ашигаа 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцсон боловч байрны борлуулалт удааширсан гэх шалтгаанаар мөнгөө буцааж төлөлгүй 2016 оны 12 сар хүрлээ.

Увс явах замын зардлын мөнгө хэрэгтэй байна гэж 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 5 сард 1 000 000 төгрөг дахин зээлж авч нийт 122 500 000 төгрөг бэлнээр авсан бөгөөд Хөрөнгө оруулалтын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр барилгын борлуулалтын ашгаас 50 хувийг төлөхөөр тохиролцсон. Олон дахин нэхэмжилсний эцэст 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг өгч үлдсэн мөнгө 112 500 000 төгрөг төлөх ёстой. Удаа дараа төлбөр тооцоо болон төлөх хугацаагаа тохиролцож бичгээр баталгаажуулан гэрээ хийх шаардлага тавьсан боловч ямар нэгэн шалтаг гарган хойшлуулсаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уулзаж мөнгөө нэхэмжлэхэд орлого орохгүй байна энэ барилгыг бариад ямарч ашиг олоогүй тул мөнгө өгөх боломж байхгүй гэснээр бидний хооронд маргаан үүсч шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон юм.

2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х.Б барьцаалсан байрны гэрчилгээг эргүүлэн авах хүсэлт тавьсан тул 100 хувь итгэлцлийн үндсэн дээр буцаан өгсөн. Гэтэл уг байрыг банкны барьцаанд тавьж дахин мөнгө зээлж аван нэг байрыг давхар барьцаанд тавьсан байсан. Х.Бы ярьснаар надаас зээлсэн мөнгөөр бусад зээлүүдээ төлсөн, тэдгээр мөнгө бүгд хүү, алдангитай байсан гэдэг. Орон сууцны барилга бариад ашиг олоогүй тул чамд ашиг өгөхгүй, боломжтой болвол тодорхой хэмжээний хүү өгнө, хэзээ хэдэн төгрөгийн хүү өгөхөө амлаж чадахгүй гэсэн. Би Х.Бы амлалтанд бүрэн итгэж олон жил хүлээцтэй хандсан боловч миний итгэлийг хөсөрдүүлж, зээлсэн үндсэн мөнгөө төлөхгүй утсаа авахгүй байгаагаас харахад санаатай заль гаргаж надаас мөнгө авсан гэж үзэж байгаагаас гадна хуваах ашиг олоогүй гэж ярьж байгаа тул банкны хадгаламжийн хүүгээр дүүцүүлэн алдангийг нэмж гаргуулж авахаар нэхэмжилж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 112 500 000 төгрөг, алдангийг банкны хадгаламжийн хүүгээр бодож 64 312 500 төгрөг, нийт 176 812 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран ажиллахаар тохиролцоогүй, анхнаасаа л мөнгө зээлж авсан тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна, хүний мөнгийг авч ашигласан тул алданги төлөх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Төмөрпүрэвээс барилгын хөрөнгө оруулалтад зориулж 120 сая төгрөг авсан бөгөөд барилгын ашгаа 50, 50 хувиар хуваана гэж тохиролцсон. Иргэн Д.Төмөрпүрэв нэхэмжлэгч Т.Эы аав бөгөөд тухайн үед төрийн албан хаагч байсан учраас хүү Т.Эы нэр дээр гэрээ хийсэн. Орон сууцны барилга маань 2013 оны 9 сард эхэлсэн ба барилгын суурь, зоорийн давхраа дуусгаад банкнаас барилгаа барьцаалаад зээл авна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хөдөөний банкууд харьяаллын бус гэх тодорхойгүй шалтгаанаар зээл өгөөгүй учраас найз нөхөд, ах дүүгийнхээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл аваад 2015 оны 6 сард барилгаа барьж дуусгасан. Мөнгө муугаас барилга барих явц удаашралтай байсан, эдийн засгийн хямралтай холбоотой орон сууц зарагдахгүй болсон. 2016 оны 9 сард сүүлийн мөнгөө төлсөн учраас барилгаас олох ашиг байхгүй болсон. Байр авсан хүмүүс урьдчилгаа 30 хувийг өгөөгүй байгааг шүүхэд шийдвэрлүүлэхээр өгсөн.

Д.Төмөрпүрэвт өгөх мөнгө удааширч байгаа нь үнэн бөгөөд энэ барилгаас би ашиг олох нь битгий хэл өөрийн орон сууцыг банкны зээлээс чөлөөлж авч чадахгүй зарж зээлээ төлсөн ба найз н.Сарангэрэлийн орон сууцыг зээлд тавьсан. Хүний орон сууцыг банкинд алдахгүйн тулд машинаа зээлд тавьсан ба энэ хүндрэлтэй байдлыг шүүх харгалзан үзэж хэргийг шийдвэрлэнэ үү. Зээлийн харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв өөр байдлаар шаардаж байгаа бол авсан мөнгийг буцааж өгнө, харин алданги тооцох талаар тохиролцоогүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Баас 112 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 312 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 1 042 012.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 720 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөод үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй.

1 .Гэрээг тайлбарлахдаа нэхэмжлэгч тал зээл гэж, хариуцагч тал хөрөнгө оруулалтын гэрээ гэж, шүүх зээл гэж тайлбарласан. Гэрээ түүнд хавсаргасан барьцааны гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтуудыг үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хэлцэл биш бөгөөд 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утга, 198.2 дахь заалтаар барьцааны гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэрэгтэй харьцуулан үзвэл хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ болох нь тодорхой байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ зөв тодорхойлоогүй буюу нэг тал гэрээнээс татгалзаж хохирол нэхсэн ба үүнийгээ зөв тодорхойлж чадаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, зээл олгогдоогүй байна гээд нэхэмжлэлийг буцаагаад хэргийг хэрэгсэхгүй болговол улсын тэмдэгтийн хураамжаа буцаан аваад шаардлагаа өөрөөр тодорхойлон дахин нэхэмжлэл гаргах боломжтой байсан.

Иймд гэрээг буруу тайлбарласан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Х.Баас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 112 500 000 төгрөг, алданги 64 312 500 төгрөг, нийт 176 812 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Х.Б нь Увс аймгийн Улаангом хотод 30 айлын 5 давхар орон сууц барих ажил эхлэхэд 120 000 000 төгрөг шаардлагатай гэж орон сууцаа барьцаалан 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1 жилийн хугацаатай бэлнээр дээрх мөнгийг зээлж авсан, барилга дуусч анхны борлуулалт хийгдмэгц уг мөнгийг буцааж өгөөд олсон ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцсон боловч борлуулалт удааширсан гэх шалтгаанаар авсан зээлийг төлж чадахгүй байгаа тул хариуцагчаас гаргуулна” гэжээ.

Хариуцагч Х.Б дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр барилгын хөрөнгө оруулалтад зориулж 120 000 000 төгрөг авсан бөгөөд барилгын ашгаа 50, 50 хувиар хуваана гэж тохиролцож, Т.Этай гэрээ хийсэн, зээлийн харилцаа үүсээгүй ба зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан байна.

Хэрэгт 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан ба үүгээр хөрөнгө оруулагч Т.Э 120 000 000 төгрөгийг Увс аймгийн Улаангом суманд баригдах 5 давхар 30 айлын орон сууцанд оруулахаар Х.Бд 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгч, барилгаас олох ашгийг 50, 50 хувиар хуваахаар тохиролцжээ. /хх6/

Шүүх, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар шүүх хуралдааны явцад тодруулж асуусан байх боловч дээрх гэрээ болон талуудын тайлбарт дүгнэлт хийхдээ зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийснээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой боловч уг хэргийн тухайд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоо үндэслэж буй Хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг харьцуулан үзвэл зохигчдын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаар дүгнэлт хийхэд хэргийн нөхцөл байдал тодорхой бус байна.

Зохигчид хэн аль нь хамтран ажиллахаар тохиролцож дээрх гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хамтын үйл ажиллагаа явагдсан эсэх, талуудын оролцоо, үр дүнгийн талаар дүгнэх ямар нэгэн баримт авагдаагүй байхад шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар шүүх тухайн маргаанд хамаарах харилцаа, түүнийг зохицуулсан холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой болох юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/00415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 042 012 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА