Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 88

 

Л.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1751 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906058682245 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн ..............ийн ..........., 19.......... оны ........ дугаар сарын ...........-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, ........... настай, э..........., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............. дүүргийн 10 дугаар хороо, У............... 1в хэсгийн .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..............0/;

 

Л.Б нь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, Тайд нэртэй угаалгын нунтаг, ундаа, талх, жимс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 34.700 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 11 настай Б.Тулуйг “чаддаг юм бол энэ айлын цонхыг онгойлгочих” гэж цонхыг онгойлгуулан хамт нэвтрэн орж, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........... овгийн ...........ийн ................аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон хэргийн талаараа гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ анхнаасаа хэлж мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Буруу зүйл хийсэндээ харамсаж байгаа. Учруулсан хохирлын 34.700 төгрөгийг төлсөн. Хохирогч надад гомдол саналгүй болсон. Мөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хохирогч надад шүүх энэрэнгүй хандаасай гэж хүссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг минь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 6 сар болгон багасгах буюу тэнсэж өгнө үү. Учир нь, миний хүүхэд дөнгөж сая сургуульд орсон. Хорих ялын хугацаанаасаа 6 сарын өмнө ч гэсэн суллагдаж гэр бүлдээ очих хүсэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байдаг тул Л.Бд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хавтас хэргээс харахад Л.Б нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хэргийн бодит байдлыг харахад бага насны хүүхдээр цонх онгойлгуулж орсон үйл баримт тогтоогддог. Харин Л.Бг айлд ороод боорцог авахад хүүхэд хараад зогсож байснаас хулгай хийсэн зүйл байхгүй. Гэртээ хариад тухайн хулгайлсан боорцог, талхыг хувааж идсэн байдаг. Энэ нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгаа тул үүнийг харгалзан хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгөд санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх, хаалга, түгжээг эвдэх, хагалах, нуугдах, сэм орох зэргээр нэвтэрснийг ойлгоно. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг нь хүүхдийн эрх чөлөө, хүмүүжил, төлөвшилд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд гэм буруутай үйлдэл гэж тодорхойлсон. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ял шийтгэлийн хувьд шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Бг бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, Тайд нэртэй угаалгын нунтаг, ундаа, талх, жимс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 34.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 11 настай Б.Тулуйг “чаддаг юм бол энэ айлын цонхыг онгойлгочих” гэж цонхыг онгойлгуулан хамт нэвтрэн орж, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Л.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ, бага насны хүүхэдтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Бгийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ татан оруулсан гэх Б.Тулуй нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 11 нас 7 сартай /хх 61/ байсан тул хулгайлах гэмт хэргийн субъект болохгүй. Иймд түүнийг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүгдэгч Л.Б нь 11 настай Б.Тулуйг гэмт хэрэг үйлдэхдээ оролцуулж цонхыг онгойлгуулсан буюу хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж үзэв.

Харин Л.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, Тайд нэртэй угаалгын нунтаг, ундаа, талх, жимс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 34.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Алтанцэцэгийн “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагаас 18 цагийн хооронд манайх эзгүй байсан. Гэртээ ирэхэд байшингийн урагшаа харсан вакум цонх онгорхой гэрээс жижиг сажиг зүйл хулгайлагдсан байсан. ...3 килограммын Тайд нэртэй угаалгын нунтаг 20.000 төгрөгөөр авсан. Хөргөгчнөөс талх, боорцог, ундаа жимс гээд хүнсний зүйлүүд алдагдсан байна. Эдгээр зүйлүүдийг 20.000 төгрөгөөр үнэлж байна. ...”  /хх 12-13/,

 

насанд хүрээгүй гэрч Б.Тулуйгийн “...Сандагаа эгч намайг “чи цонх онгойлгож чадах уу, чаддаг юм бол тэр цонхыг онгойлгочих” гээд хойд байшинтай айлын урагшаа харсан цонх руу заасан. Тэгэхээр нь би очоод түлхсээр байгаад цонхыг нь онгойлгосон. Тэгсэн эгч бууж ирээд өлсөөд байна гээд тэр айл руу орсон. Намайг ороод ир гэхээр нь би дагаад орсон. Тэгээд эгч хөргөгчнөөс талх, боорцог, ундаа, угаалгын нунтаг авсан. Хойд өрөө рүү нь ороод нэг шүүгээ онгойлгож үзээд байсан. Тэгээд бид 2 гараад Сандагаа эгч эхэлж хашаа даваад энэнд боочих гээд цагаан өнгийн шуудай өгсөн. Тэгээд би авсан эд зүйлийг нь тэр шуудайнд ороогоод Сандагаа эгчид өгсөн. Тэгээд хашаа даваад байж байтал ээж дуудаад гэртээ харьсан. ...Сандагаа эгчийн бүтэн нэрийг Буянзаяа гэдэг. ...” /хх 25-26/,

шүүгдэгч Л.Бгийн яллагдагчаар өгсөн “...Тулуйг “чаддаг юм бол энэ байшингийн вакум цонхыг онгойлгочих” гэж хэлээд онгойлгуулаад би өөрөө хашааг давж онгойлгосон цонхоор ороод хөргөгч онгойлгоод дотор нь байсан Атар талх 1 ширхэг, Сүүт нэртэй боорцог 1 уут, ундаа 1 ширхэгийг аваад цаад өрөө рүү орсон. ...гарах гэж байхдаа 1 уут 3 килограмм угаалгын нунтаг байсныг аваад гарсан. ...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Л.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Л.Бгийн бусдын орон байрны цонхоор нэвтрэн орж, 34.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Л.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хянуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авсныг дурьдаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1751 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад, мөн шүүгдэгч Л.Бгийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн “бүлэглэсэн” гэх шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Таван Чихт овгийн Лхагвадоржийн Буянзаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Таван Чихт овгийн Лхагвадоржийн Буянзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Бг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Л.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ