Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 121/ШШ2022/0010

 

2022 оны 03 сарын 01 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0010                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-д холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-н 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045076 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.П-г Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”  тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-с 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжиж ирсэн Уянга сумын 7 дугаар багийн нутаг Бөөрөлжүүт гэх газар иргэн Б-н П нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр алт олборлох зорилгоор 1 метр орчим газар ухаж газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10.1-д заасны дагуу 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 0045076 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.П-с 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б-н П миний бие Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна.                                                         Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлттэй танилцлаа.

Миний бие энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.О холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-н 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045076 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.П-г Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлжээ.

Мөн уг хүсэлттэй холбогдуулж гуравдагч этгээд Б.П-с уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбараа ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.-н 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045076 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.П-г Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ө.БОЛОРЧИМЭГ