Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 36

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00027/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н- овогтой Б-ын Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б- овогтой Ж-гийн О-д холбогдох

          “1.904.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагч Ж.О-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н-аас:

Би 2016 онд Ж.О-д 1.120.000 төгрөгийн өргөст хэмхний үрийг зээлээр хүнээс авч өгсөн. Уг мөнгийг хариуцагч Ж.О- өгч чадахгүй байна гээд нэлээд удсан тул би өмнөөс нь мөнгийг төлсөн. Удаа дараа мөнгөө нэхсэн боловч төлөх боломж гарахгүй байна гээд яваад байсан. Нэг удаа мөнгөө нэхээд уулзахад таны мөнгийг өгч чадахгүй нь таниас би 1.120.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай зээлж авъя, гэрээ хийе гэж хэлэхэд нь би зөвшөөрч зээлийн гэрээ хийж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надад мөнгө болон хүүг буцаан өгөхөөр тохирсон. Гэрээний хугацаа дуусахад Ж.О- мөнгөө өгөөгүй, дахиж надаас гуйж гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээ сунгагдсан өдрөөс хойш надад одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Иймд зээлийн гэрээгээр авсан үндсэн зээл 1.120.000 төгрөг, 7 сарын хүү 787.000 төгрөг нийт 1.904.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдаас:

2016 оны 05 дугаар сард Ж.О-гийн хүсэлтийн дагуу өргөст хэмхийн үрийн үнэ болон 1.120.000 төгрөгийг хүнээс зээлж өгсөн. Б.Н- өргөст хэмхийн үрийн үнийг нэхэхэд Ж.О- надад мөнгө байхгүй, танд зээлэх мөнх байна уу гэж асуухад нэхэмжлэгч Б.Н- мөнгө зээлсэн. Тухайн үед хариуцагч Ж.О- үрээ тарьж, ургац хураахад цаг хугацаа орно гэж хэлсэн учир  2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулах үед гэрээний хоёр тал гэрээний нөхцөлөө харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй. Ж.О-гийн хувьд 280.000 төгрөгийг 2 удаа ХААН банкны дансаар шилжүүлсэн боловч уг мөнгийг хэд хэд хувааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Б.Н- зээлээ төлөхийг шаардаж шаардлага тавихад Ж.О- 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өгье гэж хэлсэн учир зээлийн гэрээг дахин 4 сарын хугацаагаар сунгасан. Нэг сарын зээлийн хүүг 112.000 төгрөгөөр 7 сарын хугацаанд тооцож нэхэмжилсэн. Гэвч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дансны хуулга гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас харахад хариуцагч 280.000 төгрөгийг 2017 онд өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 1.680.000 төгрөг болгон өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Ж.О-гээс:

Би Б.Н-аас мөнгө зээлээгүй. Нэхэмжлэгч Б.Н- өөрөө надтай хамтарч ногоо таръя гэж хэлсэн. Бид хоёр 4 кг өргөст хэмхийн үрийг хоёр хоёр килограммаар нь хувааж төлөхөөр тохиролцсон. Тэр үед өргөст хэмхийн үрийн үнэ болон ногоо тарихад шаардлагатай бусад зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон. Гэтэл Б.Н- намар мөнгөө өгье гэж хэлсэн. Би өргөст хэмхийн үрийн үнэ болох 560.000 төгрөгийг өгөх ёстой. Намар ургац хураах үед Б.Н- намайг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг, би ургац хураалтад оролцохгүй гэв. Би хол газар очиж ургац хураахаар зардлын мөнгөө хийж чадахгүй, “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Б.Н- “100 шуудай өргөст хэмх хураахад 500.000 төгрөг болно. Түүнийг хураахын тулд би ажилтан авч ажиллуулах шаардлагатай болно. Тэгж байхаар чи өөрөө наад асуудлаа зохицуул, чи зөвхөн 4 кг өргөст хэмхийн үрийн мөнгөө өг” гэж хэлсэн. Түүнээс нь болж бид маргалдсан. Б.Н- бид хоёрын хувьд 1.120.000 төгрөгийг хоёр хувааж төлөх ёстой. Ногоо тарихад 600.000 гаран мянган төгрөгөөр газар хагалж, усалгаа хийсэн. Намайг Б.Н-т “Нэг усалгааны мөнгө өгчих” гэж хэлж байхад усалгааны мөнгө өгөөгүй. Би нэхэмжлэгч Б.Н-т 710.000 төгрөг өгсөн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.О-гээс 1.264.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-т олгож, 416.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34.886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.О- давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч Б.Н- бид хоёр 2016 онд хамтран өргөст хэмх тариалж ашиг орлогоо хуваалцахаар анх тохиролцож надад үрийн мөнгө 1.120.000 төгрөгийг өгсөн. Би өргөст хэмх тарих газар болон хортон шавж устгах хор тариалалтын ажлыг хариуцаж Орхон суманд өргөст хэмх тариалж өдөр шөнөгүй усалж арчилж боломжийн ургац авсан. Гэвч тэр жилийн намар өргөст хэмхний гарц нийтээр сайн байсан учир үнэ унаж 1 шуудайг 500 төгрөгөөр авч ургацыг үнэгүйдүүлсэн тул бид хоёрын хэн нь ч ашиг авч чадаагүй. Гэтэл 2017 оны 08 дугаар сард манай гэрт ирээд би хүнд өртэй байгаа тэр хүн мөнгөө нэхээд байна би чамд өгсөн гээд хэлчихсэн чи надтай өглөг авлагын гэрээ хийгээд өгөөч тэгэхгүй бол үнэмшихгүй гээд гарын үсэг зуруулсан. Б.Н- үр шим хүртэж чадахгүйг мэдээд намайг хуурч зээлийн гэрээ байгуулж байгааг би мэдээгүй тухайн үед гарын үсэг зурсан. Харин одоо энэ гэрээ гэсэн бичгээр далимдуулж өргөст хэмхний хөрөнгө оруулсан 1.120.000 төгрөгийг 7 сарын 10% хүү гэж 784.000 төгрөгийг нэмж тооцуулж намайг хохироож байна. Нотариатаар гэрчлэгдээгүй зургийн дэвтрийн цаасан дээр хуурч бичүүлсэн гэрээ гэсэн баримтаар хүү тооцож авч байгаа нь шударга бус гэж үзэж байна. Би нэхэмжлэгч Б.Н-аас анх үр аваарай гэж надад өгсөн 1.120.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Үүнээс баримтаар 640.000 төгрөгийг өгсөн тул 480.000 төгрөгийг буцааж өгнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 сарын хүү 784.000 төгрөгийн хүү тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдаас:

            Б.Н- нь зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан хариуцагч Ж.О-гээс 1.904.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж 1.680.000 төгрөг нэхэмжилсэн. Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр хийгээд гарын үсэн зурсан тул заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй юм. Хариуцагч Ж.О- нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол татгалзалтайгаа холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой байсан боловч ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Шүүх хэргийн үйл явдал, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв шийдвэр гаргасан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Ж.О-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.120.000 төгрөг, 7 сарын  хүү 784.000 төгрөг нийт 1.904.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ж.О- бид хамтран ажиллахаар тохирч 4 кг өргөст хэмхийн үр бусдаас зээлж, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 710.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хариуцагчийн шилжүүлсэн 560.000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1.680.000 төгрөг болгон бууруулсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагч Ж. О-гээс 1.264.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож үлдэх 416.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзвэл нэхэмжлэгч талаас талуудын хооронд хийгдсэн 2016 оны 06 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч талаас ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгснөөс өөр талуудын хооронд үүссэн маргааныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа бодитоор үүссэн эсэх, эсхүл хамтран ажиллах зорилгоор бусдаас тодорхой үнэ бүхий өргөст хэмхийн үр зээлээр авсан эсэх, зээлээр авсан үрийн төлбөрийг нэхэмжлэгч Б.Н- хэзээ, хэрхэн, хэнд барагдуулсан эсэх, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Н- бусдын өмнөөс даалгаваргүйгээр үүргийг гүйцэтгэсэн эсэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж нотлох баримтаар өгсөн зээлийн гэрээ нь болсон үйл баримттай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хариуцагч Ж.О-гээс зээлийн төлбөрийг нэхэмжлээд байна уу эсхүл бусдаас зээлээр авсан өргөст хэмхийн үрийн үнийг нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар тодруулах ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг онцгой нягтлан үзэж, хэрэг үүсгэхээс өмнө хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг хэрэглэх боломжтой байсан, нэгэнт хэрэг үүсгэснээс хойш талууд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд маргааны үйл явдлыг хэрэгт хамааралтай нотлох баримтын хүрээнд зөв тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.О-гээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.366 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХЖАРГАЛ          

                                           ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                               Л.АМАРСАНАА