Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00530

 

                                                                  ****ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00349 дугаар шийдвэр, 

Орхон аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 168,626,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. ****нь ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 168,626,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00349 дүгээршийдвэрээрИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч ****аас 37,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,266,000 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,001,080 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 344,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэсэн байна.

3. Орхон аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр магадлалаарОрхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2020/00349 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч ****аас 37,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,266,000 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан ****, **** нарын хооронд байгуулагдсан 2017.11.21-ний өдрийн, 2018.12.04-ний өдрийн иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээ, 2018.06.12-ны өдрийн, 2019.04.02-ны өдрийн, 2019.03.05-ны өдрийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч ****аас 37,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,266,000 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай…” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Би ****ын гуйж, хүссэний дагуу түүнд 2017.11.21-ний өдөр сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 40,000,000 төгрөг 6-18-26 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж 40,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018.05.21-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаж, 2018.11.21-ний өдөр хүртэл зохих хүү авсан. Гэрээнд заасны дагуу хугацаа дууссанаас хойш алданги тооцоход 20,000,000 төгрөг болсон ба нийт 60,000,000 төгрөг нэхэмжилсэн. 2018.12.04-ний өдрөөс 2019.03.04-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, 37-р байр, 4 тоот 46 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж 55,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийнхээ хүүг өгөөд авсан 55,000,000 төгрөгөө өгөөгүй тул алданги 27,500,000 төгрөгийн хамт 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. 2019.03.05-2019.06.05-ны өдөр хүртэл 7,400,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн, үүний хүү 1,332,000 төгрөг, алданги 3,700,000 төгрөг, нийт 12,432,000 төгрөг. 2019.04.02-2019.07.02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай 7,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж, үндсэн 7,000,000 төгрөгийн хүү 1,680,000 төгрөг, нийт 8,680,000 төгрөг. 2018.06.12-09.12-ны өдөр хүртэл 2,000,000 төгрөг хүүгүй авсан ба үүний алданги 1,000,000 төгрөг, нийт 3,216,000 төгрөг тус тус өгөөгүй бөгөөд нийт 111,400,000 төгрөгийн алданги 57,216,000 төгрөг, нийт 168,626,000 төгрөг үүнээс 60,000,000 төгрөгийг 6-18-26 тоот орон сууцны үнийн дүнгээс, 82,500,000 төгрөгийг барьцаа орон сууцны үнийн дүнгээс, 82,500,000 төгрөгийг барьцаа болох Сүхбаатар дүүрэг, 37-4 тоот орон сууцнаас гаргуулахаар шаардсан. Хариуцагч **** нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, надад өгсөн мөнгийг буцааж өгсөн нь хангалттай хүү авч ашиг олсон, дахин хүү нэхэж байгааг зөвшөөрөхгүй 91,620,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Шүүхээс миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй, зээлийн гэрээг хариуцагчтай удаа дараагийн шинжтэй, давтан зээлийн харилцаа үүсгэсэн байна гээд бидний хооронд хийсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцон 151,266,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахад хэргийг илтгэсэн шүүгчээс ...чи яагаад ашиг олдог байж татвар төлдөггүй юм бэ... гэж асуугаад энэ талаараа магадлалдаа дурдаад шийдвэрийг манай өмгөөлөгчийн хэлсэн хууль хэрэглээний талаар саналыг тусган өөрчлөлт оруулж хэвээр нь үлдээсэн. Би Монгол Улсын иргэн хүний хувьд өөрийн өмчлөл эзэмшилд байдаг мөнгөн хөрөнгөө эзэмшиж, ашиглах үндсэн эрхээ эдлэхдээ яагаад би хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстойг шүүхийн шийдвэрээс ойлгохгүй байна.Үндсэн хуульд заасан өмч хөрөнгөө эзэмших эрхэд түүнийгээ захиран зарцуулах, ашиглах агуулга нь орж байгаа. Би иргэн ****ын гуйсны дагуу түүнтэй бид хоёр хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож, нэг нь мөнгө зээлэх нөгөө нь мөнгөө зээлдүүлэх зээлийн харилцааг бий болгон зээлийн гэрээгээ байгуулж, үүний дагуу зээлийн хүү, хугацаагаа зөвшилцөн шилжүүлж өгч байсан. Энэ гэрээгээр би түүнд зээлэх мөнгөө шилжүүлсэн, тэр надад мөнгийг эргүүлж төлөх, мөн ашигласны төлбөр хүүг гэрээний дагуу төлөх байсан. Гэвч тэр зээлийн хүүг төлөөд, зээлийн болон алдангийг төлөөгүй. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Мөнгө авсныгаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хүү өгөх, авах талаар харилцан тохирч, гэрээндээ тусгасан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлийг хэдийд яаж буцаж төлсөн талаар шүүх дүгнэлт өгөөгүй.

4.1. Бид хоёрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6, 56.1.7-д заасныг зөрчөөгүй, бид хоёр эрх зүйн бүрэн чадамжтай, мөн агуулгын хувьд хууль зөрчөөгүй, би хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхэлдэггүй. Мөн гэрээний хэлбэрийн хувьд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд гэрээний хэлбэрийг зааж өгөөгүй. Амаар болон бичгээр байж болно, харин хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахыг энэ хуулийн 282.3-т заасан. Энэ заалт нь хүү тогтоосон боловч түүнийг шаардах эрхээ алдах үр дагаврыг зохицуулсан байгаа юм. Иргэд хоорондоо гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй гэж үзэж байна. Монгол Улсад бие биедээ мөнгө зээлдүүлэх, мөнгө зээлж авсан харилцааг мөнгө зээлж авсан хүний эрх ашигт нийцүүлж, мөнгөө зээлдүүлсэн хүнийг хохироох байдлаар шийдэх нь хууль, шүүхийн өмнө тэгш байх заалтыг зөрчиж байна. **** надаас авсан 55,000,000 төгрөг, 7,400,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийг эргүүлж төлөхгүй завшиж намайг хохироох нь хэр шударга явдал юм бол. **** бид хоёрын хооронд байсан гэрээ дандаа хоёр иргэний хооронд байгуулагдсан. БЗГ гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Хэрэв БЗГ-с авах хүсэлтэй байсан юм бол тэр газраасаа авахгүй яасан юм бэ. Иймд шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 281, 282, 56 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, зээлийн гэрээний дагуу өгсөн мөнгөний гүйцэтгэлийг 1 бүрчлэн нотлох баримтыг дүгнэн үнэлээгүй. Магадлалд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул гэж дүгнэсэн хирнээ 56.1.1 гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд 83,985,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан ****аас 37,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,266,000 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан ****, **** нарын хооронд байгуулагдсан 2017.11.21-ний өдрийн, 2018.12.04-ний өдрийн иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээ, 2018.06.12-ны өдрийн, 2019.04.02-ны өдрийн, 2019.03.05-ны өдрийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч ****аас 37,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,266,000 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Нэхэмжлэгч **** хариуцагч ****д холбогдогдуулан зээлийн гэрээний үүрэг 168,626,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээгээр бариулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

8. Хариуцагч **** “... ****аас 111,000,000 төгрөгийг авсан, буцаагаад 93,640,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 17,360,000 төгрөгийг төлнө. ... **** нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхлэн явуулах эрхгүй этгээд тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна...”  гэж мэтгэлцжээ. 

8. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, талуудын хооронд байгуулсан гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болжээ. 

9. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. ****, **** нар 2017.11.21-ний өдөр иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-18-26 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг барьцаалж, мөн 2018.06.12-ны өдөр 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, 2018.12.04-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 55,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо бага тойруу, Нэгдсэн үндэстний гудамж 37-4 тоотод байрлах 45.66 м.кв талбай бүхий Ц.Болормаагийн байрыг барьцаалж, 2019.04.02-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 2019.03.05-ны өдөр 7,400,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй тус тус байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа удаа дараагийн шинжтэй, давтан хийгддэг **** нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг, иргэдтэй байгуулсан гэрээний үр шимийг хүртэж зээлийн үйл ажиллагаа явуулж буйг хуулиар хориглоогүй ч тэрээр аж ахуй нэгж үүсгэн байгуулж тусгай зөвшөөрөл авч улсад зохих татвар хураамж төлдөггүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.2, 189.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно,зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

11.1. Тодруулбал гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч энэ нь хуулийн хүрээнд байх шаардлагатайг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заажээ. 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэж заажээ. 

11.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн ашиг олох зорилготой үйл ажиллагаа нь зохих хяналттай байдаг нь Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдоно. 

12. **** ****д нийт 6 удаагийнболон бусад нэр бүхий иргэдэд зээлийн гэрээгээрзээл олгож, зээлийн үйл ажиллагааг тогтмол хэлбэрээр явуулсан нь тусгай зөвшөөрөлтэйгээр зээлийн үйл ажиллагаа явуулах тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх ******** нарын хоорондбайгуулсан зээлийн гэрээнүүд нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагч ****аас зээлж авсан үндсэн мөнгө болон буцаан төлсөн мөнгөний зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

14. Талуудын хооронд байгуулсан нийт 6 удаагийн зээлийн гэрээхууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна. Энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. 

15. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****, **** нарын хооронд байгуулагдсан 2017.11.21-ний өдрийн, 2018.12.04-ний өдрийн иргэд хоорондын барьцаат зээлийн гэрээ, 2018.06.12-ны өдрийн, 2019.04.02-ны өдрийн, 2019.03.05-ны өдрийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч ****аас 37,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,266,000 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалт, агуулгад нийцсэн байна. 

16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Орхон аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч ****ынгомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,875 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ