Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Ж-д холбогдох эрүүгийн 2335000000132 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом ................., ам бүл , эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн сумын дүгээр багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Ж, (регистрийн дугаар:………);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.А-ын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.Ж-ы хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Иймд шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Д.А нь хохирлыг баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Б.Ж сайн дураараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй учир хохирогч Д.А нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугийн маргаангүй оролцож байгаа тул хохирлын болон гэм буруугийн талаар гаргах тайлбар байхгүй. Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Б.Ж-ы хувьд эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүн байгаа. Б.Ж-ы нэг нүд харааны бэрхшээлтэй, хараагүй болсон тул хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай гэж оношлогдсон. Хэдий 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай боловч хөдөлмөрийг тодорхой хувиар хийх чадвартай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Ж-ы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ хэрэг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болсон. Би С гэдэг ахтай цуг ажлаас тараад захын урд талд явж байх үед Б.Ж нэг ахтай хамт ирж байгаад намайг хөөе гэж дуудсан байсан. Намайг дуудахаар нь би эргээд хартал “хүн дуудаж байхад яагаад хардаггүй юм бэ” гэж Б.Ж надад хандаж хэлсэн...Тэгээд С ахыг явсны дараа тэр надад “намайг дуудахад сонссонгүй” гэж хэлээд цохисон, тухайн үед миний ухаан балартаж, би сөхөрч унасан бөгөөд миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Б.Ж-тай хамт явж байсан ах түүнийг аваад явсан. Б.Ж-д зодуулсны улмаас миний шүд унасан, шүдээ хийлгэж авмаар байна. Би хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Шүдийг 2,800,000 төгрөгөөр хийлгэнэ, харин сэтгэл санааны хохиролд 200,000 төгрөг нэхэмжилж байна. Би Б.Ж-ыг таньдаг байсан бөгөөд таньдаг байсан хүн зүгээр байж байтал цохихоор муухай санагдаж байна” гэх мэдүүлгийг,

4. Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манайх ногоо тарьдаг юм. 7 сард ногоогоо хурааж, зараад хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000132 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эргээд харахад Б.Ж намайг заамдаж барьж миний хоолой боож, чи ямар том болчихсон юм гээд намайг цохисон. Миний хоолой боосон болохоор би түр зуур манарч газарт сөхөрч суухад Б.Ж миний нуруу хэсэг рүү өшиглөхөд түүнтэй хамт явсан хүн салгаад аваад явсан...Б.Ж нь миний хог ачих үедээ зүүдэг хоолойнд байсан хүзүүвчээр миний хоолойг боож гараараа миний шүд хэсэг рүү цохиж миний шүдийг гэмтээсэн ба түүнээс болж миний шүд сэнгэнэж өвдөөд байсан болохоор би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэгдсэн эмнэлгийн шүдний тасагт үзүүлэхэд миний шүдийг хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд хугархай хэсгээр шүдийг авч эмчилгээ хийсэн. Тухайн үед Б.Ж-аас архи, согтууруулах ундаа үнэртэж байсан. Д.С ах бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Б.Ж бид хоёрын дунд нэг нэгэндээ өс хонзон санасан зүйл байхгүй ба бид хоёр Улаангом коллежид хамт сурч байсан. Б.Ж нь миний биед халдаж, үүдэн нэг шүдийг хугалж миний эрүүл мэндэд гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Б.Ж нь миний нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Уг хэрэг гарсаны дараа болон одоо миний нуруу, биеийн бусад хэсгээр өвдөж зовиурласан зүйл байхгүй. Харин уг хэрэг гарсны дараа миний үүдэн баруун дээд шүд сэнгэнэж өвдөж байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-16 дахь тал);

2. Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү Д.А 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс үүдэн шүд сийгэж өвдөөд байна гээд байсан ба би нэг их тоохгүй байсан. Тэгээд шүд өвдөөд болохгүй байна гэхээр нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн шүдний тасагт Д.А-ыг үзүүлэхэд үүдэн нэг шүд нь хугарсан байгаа учир сийгэж байгаа талаар хэлсэн болохоор тухайн шүдийг нь авхуулсан. Б.Ж манай хүү Д.А-ын биед халдаж шүдийг нь хугалсан болохоор би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Б.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний орой 17 цагийн орчим сумын  дугаар багт байрлах дулааны дүгээр станцын арын хаалганы ойролцоо Д.А-ын биед халдаж цохисон гэсэн. Манай хүү Д.А-ын үүдэн нэг шүд хугарсан ба тухайн үед баруун шанаа хэсэгт нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал);

3. Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А-ын хамт ажлаа тараад Итгэл барааны захын дундуур доошоо гарч Дулааны станцын ойролцоо явж байхад Д.А-ыг хүн дуудах шиг болсон, түүнийг Д.А сонсоогүй алхаж байхад уг залуу /Б.Ж/ араас гүйж ирээд Д.А-ыг заамдаж аваад, би чамайг дуудаад байгаа юм биш үү, чи ямар том болчихсон юм гээд цохих гэхээр нь би салгасан... Д.А, Б.Ж нар нь намайг байхад нэг нэгнийхээ биед халдаж цохисон зүйл байхгүй бөгөөд Б.Ж нь ямар нэгэн шалтгаангүйгээр Д.А-ыг дуудаж, дуудсаныг нь сонссонгүй гэж шалтаглан заамдаж авч цохиход би салгасан. Тэгэхэд Б.Ж нь хогныхон та нарыг ална, тална гэж орилж байсан. ...Харин Б.Ж нь нэлээн архи уусан байдалтай байсан ба их архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Д.А-ын үүдэн нэг шүд дундуураа хугарсан байсан. Тухайн үйл явдал болохоос өмнө Д.А-ын шүд бүтэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал);

4. Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А гэх залуутай хамт явсан гэх залуу Б.Ж-ыг боль залуу гэж хэлээд салгаад доош явсан ба Б.Ж хогныхон та нарыг ална гэж орилж байсан. Б.Ж нь Д.А гэх залуугийн хойноос дахин очиж уг залууг заамдаж аваад угзрахад, газарт сөхрөхөд түүнийг цохисон. Би Б.Ж-ыг Д.А-аас салгаж уг залууг одоо харь ахын дүү гэж хэлээд хуучин зам ангийн хашаа руу Б.Ж-ыг дагуулаад орсон. Тэгээд Б.Ж-д чи одоо харьж амар тэгэхгүй бол чи хүн цохиж бэртээх гэж байна болохгүй шүү гэж хэлээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал);

5. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 180 дугаартай "...Үзүүлэгч Д.А-ын биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгц хүзүүвч хэсгээр хугарал, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Зулгаралтын тав нь хуурч унасан эдгэж буй гэмтэл байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгц хүзүүвч хэсгээр хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32дахь тал);

            6. Шинжээч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д.А-ын биеийн байдлыг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үзсэн. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, асуусан асуултад зөв тодорхой хариулна, байрлал идэвхтэй. Хоёр нүдний хүүхэн харааны хэлбэр дугариг, 2 тал ижил, нарийн, гэрлийн урвалтай. Нүдний алимны чичирхийлэл сөрөг, алимны хөдөлгөөн чөлөөтэй 2 нүдний алим дарахад эмзэглэлгүй, хамар, уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, дагзны хөшингөгүй, эмзэглэлгүй нөхцөл байдал тогтоогдсон. Д.А нь миний шүд өвдөнө, салхи авах үед илүү янгинана, баруун хацар хэсэгт өвдөж байна гэж хэлсэн. ...Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгц хүзүүвч хэсгээр хугарал гэмтэл нь ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл шүд хүзүүвчээр хугарсан байвал уг шүдийг булгарсан гэж үздэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэргийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн хүү Б.Ж нь Увс аймгийн суманд оны дугаар сарын -ны өдөр Б бид хоёрын хоёр дахь хүүхэд болж төрсөн ба дээрээ нэг ах, доороо 6 дүүтэй...  Б.Ж нь 2014-2020 онд Улаангом сумын албан бус боловсролын төвд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 2021 оноос Улаангом политехник коллежийн .... ангид суралцаж байгаа. Манай хүү Б.Ж нь төлөв даруу, дуу цөөн бусадтай зөв боловсон харилцаатай, ах дүү нарын дунд нэр хүнд өндөр, тусч зантай ба эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарлаад байдаггүй, сайхан сэтгэлтэй, огцом түргэн ааш, авир байдаггүй. Б.Ж 3 настай байхдаа тоглож байгаад зүүн нүдээ гэмтээж, хагалгаанд орсон ба тухайн нүд нь юм хардаггүй. Хөдөлмөр халамжийн газраас 2021 оноос эхлэн сар бүр 288.000 төгрөгийн тэтгэмж авдаг болсон... манай гэр бүл Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас амьжиргааны түвшин доогуур гэж шалтгаанаар хүнсний толанд хамрагдсан... Манайд автомашин, мотоцикл болон үл хөдлөх хөрөнгө, мал байхгүй ба 6 ханатай, Монгол гэрт амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

2. Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Ж-ы суралцаж байгаа ангийн багшаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд гэрт нь 3 удаа очиж аж амьдралтай нь танилцаж, Б.Ж-ы хичээл сурлагын талаар эцэг, эхтэй нь уулзаж, утсаар байнга холбоотой байдаг...Б.Ж нь хичээл тасалдаг, багшаас өгсөн үүрэг даалгаврыг сайн хүлээж авдаг боловч, биелэлт хангалтгүй, гадуур хэсэх сонирхолтой, бичиг үсгийн чадвар муу, анги хамт олны дунд дуу цөөн, бусадтай зөв боловсон харилцаатай, уурлаж уцаарлаад байдаггүй, огцом түргэн ааш, авир байдаггүй, утаат тамхи болон архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь хараагүй...Улаангом политехник коллеж нь Солонгос улсын сургуультай хамтран ажилладаг бөгөөд Солонгос улсын сургууль нь ..... нэртэй төрийн бус байгууллагатай хамтран манай сургуульд суралцдаг зорилтот бүлгийн хүүхдүүдэд цаашид нь суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 хүүхэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг үзүүлдэг ба тухайн тэтгэлэгт Б.Ж нь 2023 оноос хойш хамрагдсан...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.А болон шүүгдэгч Б.Ж нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн сумын ..дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд “Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний цөгц хүзүүвч хэсгийн хугарал” бүхий “хөнгөн” хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Д.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 8-16 дахь тал), гэрч С.Д, Д.С, Г.Б, нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-23 дахь тал), Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Ж-ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.Ж нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ж-ы хохирогч Д.А-ыг цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Ж-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Жаргалсайханыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Ж-ны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Хохирогч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэмтлийн улмаас хугарсан шүдээ авахуулсан бөгөөд уг шүдийг хийлгэх зардалд 2,800,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 200,000 төгрөг нийт 3.000.000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч Б.Жаргалсайханаас нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг гаргасан байна.

3. Шүүгдэгч Б.Ж нь хохирогчид мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөөгүй, хохирогч Д.А нь гэмт хэргийн хор уршигт нэхэмжилж байгаа 3.000.000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна.

4. Иймд хохирогч Д.А-аас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 3.000.000 (гурван сая) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ж-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Б.Ж-ны хувьд эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүн байгаа. Б.Ж-ны нэг нүд харааны бэрхшээлийн улмаас хараагүй болсон тул хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай гэж оношлогдсон. Хэдий 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай боловч хөдөлмөрийг тодорхой хувиар хийх чадвартай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Ж-ны анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Хохирогч Д.А болон шүүгдэгч Б.Ж нар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал, тайлбар, мэдүүлэг гаргаагүй болно.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Б.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 77 дахь тал), 

-Шүүгдэгч Б.Ж нь хувийн байдлын хувьд онд төрсөн, настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом политехник коллежийн “::.. “ мэргэлийн 2 дугаар ангид суралцдаг, ам бүл, эцэг, эх, ах, дүү нарын хамт Монгол гэрт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүүн нүд хараагүй гэх оношоор хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 62-74, 91-92 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

6. Иймд шүүгдэгч Б.Ж-ны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, хохирол төлөөгүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргалсайхан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Д.А-аас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 3.000.000 (гурван сая) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ж-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА