Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0929/З |
Дугаар | 128/ШШ2022/0173 |
Огноо | 2022-03-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2022/0173
2022 03 11 128/ШШ2022/0173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Н
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А
Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т
Гуравдагч этгээд: Ч.А нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Н нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан ...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.
2. Анх Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар Н.Ныг Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан зохион байгуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тушаал гарсан өдрөөс эхлэн түр томилжээ.
3. Засгийн газрын 2020 оны 155 дугаар ...Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоол гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Н.Ныг Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын, Анхан шатны тусламжийн хэлтсийн Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчаар тушаал гарсан өдрөөс эхлэн түр томилжээ.
4. Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр ...Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийг уг тушаал гарсан өдрөөс Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Анхан шатны тусламжийн хэлтсийн Анхан шатны тусламжийн хэлтсийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
5. Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2076 тоот албан бичгээр ...таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд болон журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг авсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нь тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Н.Н нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн Б/64 тоот тушаалаар Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан зохион байгуулагчаар анх томилогдож, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 тоот Албан тушаалд байршуулан томилох тухай тушаалаар тухайн албан тушаалд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Анхан шатны тусламжийн хэлтэс тоног, төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар Албан тушаалд байршуулан томилох тухай тушаалаар тус тус томилогдон ажиллаж ирсэн.
2021 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны 215 тоот өрөөнд 2 удаа сонсох ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, захиргаа, хуулийн хэлтсийн дарга, яамны хүний нөөцийн хөгжил хариуцсан ахлах шинжээч бөгөөд төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг байлцуулан гүйцэтгэсэн бөгөөд хамтарч ажиллахгүй гэдэг шалтгаанаар ямар ч хуулийн үндэслэлгүйгээр танилцуулсан болно.
Албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэрийг сонсгож тэмдэглэлд энэ талаар бичиж үлдээсэн болно. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүх албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх, албан тушаалд байршуулан томилох тухай тушаалыг цахимаар уншиж сонсгосон боловч Албан тушаалаас чөлөөлсөн талаарх шийдвэрийг албан ёсоор өгөөгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан тушаалаас чөлөөлсөн талаарх захиргааны шийдвэр байгаа эсэх талаар тодруулахаар хүсэлт гаргасан. Үүний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яамны Хүний нөөцийн хөгжил хариуцсан ахлах шинжээч бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "Албан тушаалаас чөлөөлөх тухай" А/140 дүгээр тушаалыг Нийгмийн даатгалын дэвтэр болон албан хаагчийн хувийн хэргийн хамт өгсөн.
Харин 2021 оны 9 дүгээр сарын сүүлийн хагасын цалин хөлсийг 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон тооцож шилжүүлсэн. Төрийн албанд ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт гүйцэтгэж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн жилийн төлөвлөгөөг хагас жилийн хугацаанд хийж идэвхи, чармайлт гарган ажиллаж ирсэн. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ КОВИД-19 халдварын халдвар авч уушгины хүнд хэлбэрээр 1 сар гаруй эмчлэгдэж, эрүүл мэндээр хохирч байсан.
Төрийн албаны мерит зарчмаар төрийн захиргааны албан тушаалыг туслах түшмэлээс эхлэн шатлан дэвшиж ирсэн. Аливаа байгууллага нь албан тушаалтантай холбоотой гаргасан захиргааны шийдвэрээ гардуулж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "Албан тушаалаас чөлөөлөх тухай" А/140 дүгээр тушаалыг цаг тухайд нь гардуулж өгөлгүй ажлыг минь хүлээж авсан. Мөн албан тушаалаас чөлөөлөгдсөн захиргааны актыг хүлээлгэн өгөхгүй байсаар миний бие өргөдөл гаргасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тухайн тушаалыг хүлээн авсан. Хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгоогүй тушаал гарт олгоогүйгээс болж одоогоор нийгмийн даатгалын сангаас олгогдох халамж, тэтгэмжид хамрагдаагүй байна.
Энэхүү захиргааны шийдвэр нь үндсэн үйл ажиллагаандаа болон ард иргэдийн эрүүл мэндэд анхаарахгүйгээр төрийн захиргааны төв байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж байгаа ажилтан, албан хаагчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж миний зүгээс үзэж байна.
Иймээс Засгийн газрын 2021 оны 231 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч миний эрхэлж байсан албан тушаалын үндсэн чиг үүрэг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар болон Санхүү, эдийн засгийн газарт хэвээр хадгалагдан үлдсэн байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Төрийн албаны зөвлөлд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гомдол хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад: "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах"-аар заасан байдаг.
Иймд Засгийн газрын 2021 оны 231 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч миний эрхэлж байсан албан тушаалын үндсэн чиг үүрэг Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтэс болон бусад газар хэлтэст хэвээр хадгалагдан үлдсэн байх тул хуулиар олгогдсон Төрийн захиргааны албан хаагчийн эрх ашгийг хамгаалж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, эсхүл дүйцүүлэх албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажиллах хугацаанд маргаан бүхий тушаал гарч ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тушаалаар ямар үндэслэлээр чөлөөлсөн болох нь харагддаггүй. Албан тушаалаас халж байгаа, чөлөөлж байгаа, орон тоо цөөрсөн зэрэг нь маргаан бүхий тушаалаас харагддаггүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Эрүүл мэндийн яам жил болгон албан хаагчдыг чөлөөлж, дахин байршуулан томилох гэсэн тушаал гаргаж байдаг. Маргаж байгаа тушаалын зорилго нь адилхан гарсан боловч Н.Ныг ажлаас чөлөөлж ажилгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэлгэрэнгүй тайлбарласан гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Анхан шатны тусламжийн хэлтсийн тоног, төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчаар ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" A130 дугаар тушаалын дагуу дээрх албан тушаал, орон тоо нь байхгүй болсон.
Нэхэмжлэгч Н.Н нь төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан /инженерчлэл /0788/, эрүүл мэнд /091/ мэргэжилгүй, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангадаггүй. Манайх 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 231 дүгээр Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу манай бүтцэд өөрчлөлт орсон. Өмнө нь 218 дугаар тогтоолоор Бодлогын газар татан буугдаж, бусад газруудад бодлогын асуудал суугдаж явж байсан. Зарим албан тушаалтны чиг үүргүүд давхацсан, зарим чиг үүргүүд огт байхгүй болсонтой холбоотойгоор ажилчдын асуудал шийдэгдэхгүй орхигдож байсантай холбоотойгоор манайхаас бүтцэд дахин өөрчлөлт оруулж өгөөч гэх хүсэлтийг Засгийн газарт тавьж, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 231 дүгээр тогтоолоор манай бүтцийг баталсан.
Тухайн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Н.Нын ажиллаж байсан чиг үүрэг болох ахлах зохион байгуулагч гэх туслах түшмэлийн албан тушаал байхгүй болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэст тусдаа байсан Анхан шатны тусламж үйлчилгээний хэлтэс, Лавлагаа шатны тусламж үйлчилгээний хэлтсүүд нэгдэж Анхан болон лавлагаа шатны тусламж үйлчилгээний хэлтэс гэсэн нэг хэлтэстэй болж орон тоо 17 орон тооноос 60 хувиар буурч 8 орон тоотой болсон. Тухайн үед Төрийн захиргаа, удирдлагын газрын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн тоног төхөөрөмж хариуцсан албан тушаал Анхан болон Лавлагаа шатны тусламж үйлчилгээний хэлтэс нэгдэж ахлах шинжээч гэж нэг орон тоотойгоор батлагдсан. Тиймээс ахлах шинжээчийн шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч Ч.Аыг тухайн албан тушаалд томилсон.
Н.Н нь төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, төрийн албаны нөөцөд байгаагүй. Ахлах шинжээч ТЗ-10 албан тушаалтай байх ёстой. Манайд ахлах зохион байгуулагч гэсэн туслах түшмэлийн орон тоо байхгүй учраас Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дүгээр тушаалаар Н.Ныг чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан албан тушаалтнуудыг ажиллуул гэсэн үүргийг удаа манайд шаардлага ирүүлж байсан. Тиймээс манайх тангараг өргөөгүй албан тушаалтнуудыг бүтэц орон тоо хасагдсантай холбоотойгоор чөлөөлсөн. Тиймээс манайхаас Н.Нын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Н.Наас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс Н.Над гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн байсан. Хэрэв эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдөж байгаа гэж үзсэн бол Төрийн албаны зөвлөлөөс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх хариуг өгсөн байсан. Н.Ныг ажиллуулъя гэсэн ч ажиллуулах орон тоо байхгүй байсан учраас Н.Над энэ байдлаа сонсох ажиллагаанд дэлгэрэнгүй тайлбарласан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэсэн тайлбар гаргажээ.
9. Гуравдагч этгээд нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь анх Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2005 оны 07 дугаар тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэст 2002 оны 1 сарын 12-ны өдрөөс түр томилогдож, тухайн оны шалгалтыг өгч тангараг өргөн, мөн ондоо Төрийн нарийн бичгийн даргын 96 дугаар тушаалаар дугаар сард Төрийн албан хаагчийн жинхлэн "Эмийн чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн"-ээр томилогдсон болно. Миний бие 2005 оноос хойш тус яаманд тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны мерит зарчмаар 2012 онд Ахлах мэргэжилтэн, 2019 онд шинжээч, 2021 оноос ахлах шинжээчээр томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" тушаал батлагдсан. Дээрх тушаалын дагуу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэст эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан Ахлах шинжээчийн ажлын байр батлагдсан бөгөөд миний бие уг ажлын байранд томилогдон ажиллаж байгаа болно.
Энэхүү ажлын байрны чиг үүрэг нь: Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдлын зохицуулалт Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нэгдсэн бүртгэл, судалгаа, цахим мэдээний санг бүрдүүлэх үйл ажиллагааны зохицуулалт Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн олон улсын конвенцуудын зохицуулалт, үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт Тухайн асуудлын чиглэлээр холбогдох арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, тайлагналт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах болно. Даргын 2020 оны 12 дугаар сарын А/118 дугаар "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" тушаалаар Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Анхан шатны тусламжийн хэлтэст "Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагч"-ийн албан тушаалд 2020 оны А/135 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан бөгөөд энэхүү ажлын байр нь:
Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудлын зохицуулалт Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, засвар үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх бодлого, төлөвлөлт, зохицуулалт Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн (цацрагийн үүсвэртэй тоног төхөөрөмж) ашиглалт, засвар үйлчилгээний бодлого, төлөвлөлт, зохицуулалт Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн нэгдсэн бүртгэл, судалгаа, мэдээний санг бүрдүүлэх үйл ажиллагааны зохицуулалт гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" тушаалаар нэхэмжлэгч Н.Нын ажлын байр нь бүхэлдээ байхгүй болсон болно.
Миний бие эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээчээр томилогдсон. Н.Н нь Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчаар ажиллаж байсан. Шинэ бүтцээр Н.Нын хашиж байсан албан тушаал байхгүй болсон нь надад ямар ч хамааралгүй юм. Одоогийн миний хашиж буй ажлын байр нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж гэсэн 3 чиглэлийг хамаарч байгаа бөгөөд тусдаа "анхан шатны тоног төхөөрөмж" гэсэн чиг үүрэг байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр ...Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, бүтэц, орон тооны шинэчлэлээр Н.Ныг Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Анхан шатны тусламжийн хэлтсийн Анхан шатны тусламжийн хэлтсийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчийн албан тушаалаас чөлөөлжээ.
2. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий тушаал нь ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй, урьд ажиллаж байсан албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч, Төрийн албан хаагчийн тангараг өргөн жинхэнэ албан хаагч болоогүй, мөн тус яаманд хийсэн бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн албан тушаал байхгүй болсон зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж, гуравдагч этгээдээс одоо эрхэлж байгаа албан тушаал нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалтай хамааралгүй гэх үндэслэлээр тус тус маргаж байна.
3. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
4. Засгийн газрын 2020 оны 155 дугаар ...Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоолоор Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар нь Лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс, Анхан шатны тусламжийн хэлтэс, Уламжлалт анагаах ухааны хэлтэс гэсэн 3 хэлтэстэй байхаар тус яамны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсныг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар яамны албан хаагчдыг шинэчилсэн бүтцээр баталсан албан тушаалд байршуулан томилсон байна.
5. Уг тушаалаар Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 1 орон тоо, Лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст 11 орон тоо, Анхан шатны тусламжийн хэлтэст 6 орон тоо, Уламжлалт анагаах ухааны хэлтэст 4 орон тоо тус тус батлагдсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагч нь ТЗ-6 зэрэглэлтэй 1 орон тоо, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, инженерчлэл /0788/, эрүүл мэнд /091/, анагаах ухаан /0912/ мэргэжилтэй, туслах түшмэлийн албан тушаалд хоёроос доошгүй жил, эсхүл төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлага тавигдсан байна.
6. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж заажээ.
7. Нэхэмжлэгч нь Сэрүүлэг дээд сургуулийг 1997-2001 онд Бизнесийн эдийн засаг менежмент мэргэжлээр суралцан Бизнесийн удирдлагын бакалавр зэрэг эзэмшсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/128 тоот албан бичгээр ...Н.Н нь 2021 оны 06, 11 дүгээр сард зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцээгүй бөгөөд тусгай шалгалт өгөөгүй гэх баримтыг ирүүлсэн байна.
8. Үүнээс үзвэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын, Анхан шатны тусламжийн хэлтсийн Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчаар түр томилохдоо хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад уг албан тушаалд томилсон байна.
9. Тодруулбал нэхэмжлэгч нь төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцээгүй, тусгай шалгалт өгөөгүй, түүнчлэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэг эзэмшсэн нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн төрөл буюу инженерчлэл /0788/, эрүүл мэнд /091/, анагаах ухаан /0912/-нд хамааралгүй байна.
10. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлнө, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар батална гэж тус тус заажээ.
11. Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр ...Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолоор Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар нь Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс, Уламжлалт анагаах ухааны хэлтэс гэсэн 3 хэлтэстэй байхаар зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталжээ.
12. Уг тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаал батлагдсан байх бөгөөд Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан-тай холбогдуулан бүх албан хаагчдаа /түүн дотор нэхэмжлэгч багтсан/ албан тушаалаас нь чөлөөлжээ.
13. Улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 тоот Албан тушаалд байршуулан томилох тухай тушаалаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газарт газрын даргын орон тоо 1, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс 9 орон тоо, Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэст Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга, Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээч, Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Лабораторийн чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гэх 6 орон тоо батлагдсан байна.
14. Уламжлалт анагаах ухааны хэлтэст Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч, Уламжлалт анагаах ухааны эм, эмийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоо тус тус батлагдаж, албан хаагчдыг албан тушаалд байршуулан томилсон байна.
15. Шинэчлэн батлагдсан бүтцийн дагуу Н.Нын ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар болж, Лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс, Анхан шатны тусламжийн хэлтэс нь нэгдэж, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс болж, Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс шинээр нэмэгдсэн байна.
16. Иймд Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 231 дүгээр ...Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тус яамны зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн, шинэчилсэн байх тул маргаан бүхий тушаалд дурдсанаар тус яамны бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, тушаалын гарах болсон зорилго, шийдэлд нийцсэн байх тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалын зөвхөн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
17. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Анхан шатны тусламжийн хэлтсийн Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагчийн ажлын байрны үндсэн чиг үүрэг нь батлагдсан, улмаар бүтэц шинэчлэн батлагдсаны дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталсан байх бөгөөд энэхүү тушаалаас харахад нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шинээр батлагдсан бүтцийн дагуу бий болсон бусад албан тушаалд шилжээгүй, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын, Анхан шатны тусламжийн хэлтсийн Анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан ахлах зохион байгуулагч нэршил бүхий албан тушаал байхгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, шимтгэл төлүүлэх шаардлага хангагдах боломжгүй.
18. Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны үндсэн чиг үүргийн цөөн шинжийг Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээчийн ажлын байрны чиг үүрэг агуулсан байна.
19. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно, 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заасан бөгөөд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын тодорхойлолтын төслөөс харахад ахлах түшмэл ТЗ-10 зэрэглэлтэй, Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, эрүүл мэнд /091/ мэргэжилтэй, төрийн албанд 8 жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлагыг тавьсан байна.
20. Тухайн ажлын байранд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 тоот тушаалаар томилогдсон Ч.А нь 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж, бакалаврын зэргээ эм зүйч мэргэжлээр хамгаалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйлчилгээний удирдлагын магистрын зэрэг хамгаалж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тушаалаар Эмийн аюулгүй байдал, чанар хариуцсан мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл тус яаманд ажиллаж байгаа нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын тодорхойлолтын төсөлд зааснаар ахлах түшмэл зэрэглэлд томилогдох шаардлагыг хангасан байх тул Ч.Аыг уг албан тушаалд томилсныг буруутгах үндэслэлгүй.
21. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах,
мөн хуулийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заажээ.
22. Дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцээгүй, тусгай шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй байхад хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгчийг төрийн албанд томилсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаарх зохицуулалтыг дараалан хэрэглэж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгох ёстой байсан байна.
23. Дээр дурдсан нөхцлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус баримтлан Н.Наас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан ...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг гаргуулж Н.Над олгох замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА