| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2023/1027/З |
| Дугаар | 221/МА2025/0601 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0601
“Х” ХХК нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ч.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х” ХХК
Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай" 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0525 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2023/1027/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-д холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай" 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0525 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.1-т заасныг тус тус баримтлан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Хяналт шалгалтын тухай" 114 дүгээр дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Ч.Б давж заалдах гомдолдоо:
“...1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан/ 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон," гэж заасны дагуу “Х” ХХК-ийг "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202101738 дугаартай "Архивын нягтруулсан шүүгээ нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээлэл болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дараах тендер шалгаруулалтуудад “Х” ХХК оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тухай албан бичгүүдийг үндэслэн хяналт шалгалт явуулж худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр дүгнэлтийг үйлдсэн.
Дээрх дүгнэлтийг үйлдэхэд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв/ нийлүүлэх тендер шалгаруулалттай холбоотой асуудалд хяналт шалгалт хийсэн.Төрийн худалдан авах ажиллагааны газрын А-1/2899 тоот албан бичгийн хавсралтад үнэлгээний хорооноос тодруулгаар авсан албан бичиг нь “Х” ХХК тендерт ирүүлсэн баримт бичгээс дараах зөрүүтэй байна:
Архангай аймгийн "Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит “Хөгжимт драмын театр"-ын "Монгол Улсын Боловсролын Их Сургуульд" гэж хаягласан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот тодорхойлолтыг ирүүлсэн ба “Х” ХХК тендерт ирүүлсэн тодорхойлолтын хаягласан этгээдийг "Эрүүл мэндийн яаманд" гэж, огноог "2023 оны 09 дүгээр сарын 25" гэж өөрчилсөн; Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын "Эрүүл мэндийн яаманд" гэж хаягласан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2в/445 тоот албан бичгийн хаягласан этгээдийг “Х”-нд гэж өөрчилсөн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагаанд "хариуцлагатай байх” зарчмыг баримтална гэж, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4-т "Тендерт оролцогч нь холбогдох цахим системд буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ" гэж заасан. Тус компани тендер бэлтгэсэн ажилтны буруутай үйлдэл гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ба холбогдох эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендертэй холбоотой хариуцлагыг компани хүлээх үндэслэлтэй байсан.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр илт худал мэдээлэл ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт "Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна." гэж заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоолгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Мөн шүүхийн шийдвэрт дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4 дэх хэсэгт "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана." гэж заасны дагуу бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгалгүй шийдвэр гаргасан.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0525 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.
2.1. Нэхэмжлэгч “Х”-иас хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Баярмаад холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай" 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Х” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,
2.3.1. “Г” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 01/312-АВ дугаар[1], 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 01/186 дугаар[2], 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 01/248 дугаар[3] албан бичгүүдээр “Х” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202101738 дугаартай “Архивын нягтруулсан шүүгээ” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэх мэдээллийг Сангийн яаманд хүргүүлсэн байна.
2.3.2. “Х” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/202203180 дугаартай “XIII.1.3.10 Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/” тендер шалгаруулалтын Багц-4: XIII.1.3.10.4 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах” багц, мөн ХІ.3.2 "Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Төв/" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад тус тус оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тухай Төрийн худалдан авах ажиллагааны газар 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А-1/2468 дугаар[4], 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-1/2899[5] дугаар албан бичгүүдийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Ж.Ганбатад хүргүүлжээ.
2.3.3. Маргаан бүхий дүгнэлтийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсний дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар[6] “Х” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар бүртгэсэн байна.
2.3.4. “Э” ТӨҮГ-аас зарласан “Архивын нягтруулсан шүүгээ” тендер шалгаруулалтын тухайд улсын байцаагчаас Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/5947 дугаар[7] “Гомдол хянан үзсэн тухай” албан бичиг, мөн нэхэмжлэгч “Х” ХХК тайлбар зэргийг үндэслэж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзжээ.
Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/5947 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан бичигт “..."H., Ltd" /Х/ болон "A., Ltd" /A/ компаниудын "Бараа худалдан авах" 2 гэрээнд худалдагч авагч талыг В гэх нэг хүн төлөөлж, монгол хэл дээрх баталгаат орчуулгад "H Co., Ltd" компанийг төлөөлж А, "A., Ltd" компанийг Х төлөөлөх гэсэн байгааг хянан үзэх шаардлагатай байна...” гэжээ.
Мөн "A. Ltd"-тай цөөхөн худалдан авалт хийсэн, тухайн тендер шалгаруулалтад шалгараагүй тул “Х” ХХК нь өөрийн тендерт хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг тодруулах талаар "A. Ltd" компанитай харилцаагүй гэх тайлбарыг ирүүлж, уг асуудлаар аливаа нотлох баримт эсхүл гэрээний эх хувийг ирүүлээгүй нь үндэслэл бүхий тайлбар биш гэж дүгнэж, тус компанийн тендерт ирүүлсэн "A. Ltd" компанитай байгуулсан гэх гэрээний тамга нь "Г" компанийн хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн "A. Ltd" компанийн тамганы дардаснаас зөрүүтэй тухай мэдээлэл үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
2.3.5. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/” нийлүүлэх тендер шалгаруулалтын тухайд улсын байцаагчаас “..тус компанийн ирүүлсэн тайлбар болон хавсралт "G., Ltd" компанийн гэх албан бичигт J09Q10395R0S дугаартай чанарын гэрчилгээний хүчинтэй хугацааны талаар тайлбар ирүүлээгүй. Тус компанийн гэрчилгээний хуурамч эсэхийг тогтоох боломжгүй гэх тайлбар нь тендерт ирүүлсэн баримт бичгийг үйлдвэрлэгчийн цахим мэдээллийн системээс зөрүүтэй байгааг үгүйсгэх үндэслэл болохгүй...” гэж дүгнэж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзсэн байна.
2.3.6. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв/” нийлүүлэх тендер шалгаруулалтын тухайд улсын байцаагчаас “...Тус компани тендер бэлтгэсэн ажилтны буруутай үйлдэл гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ба холбогдох эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендертэй холбоотой хариуцлагыг компани хүлээх үндэслэлтэй байна.” гэж дүгнэж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын саналыг үндэслэн тогтоох үндэслэлтэй байна дүгнэсэн байна.
Ингэхдээ “Архангай аймгийн "Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театр"-ын "Монгол Улсын Боловсролын Их Сургуульд" гэж хаягласан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот тодорхойлолтыг ирүүлсэн ба “Х” ХХК тендерт ирүүлсэн тодорхойлолтын хаягласан этгээдийг "Эрүүл мэндийн яаманд" гэж, огноог "2023 оны 09 дүгээр сарын 25" гэж өөрчилсөн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын "Эрүүл мэндийн яаманд" гэж хаягласан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2в/445 тоот албан бичгийн хаягласан этгээдийг “Х”-ХХК-нд" гэж өөрчилсөн байна гэжээ.
2.3.8. Анхан шатны шүүхээс “Х” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан “Архивын нягтруулсан шүүгээ” тендер шалгаруулалт болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/” нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх нөхцөл байдлыг тодруулахаар Монгол Улсын Дээд шүүхээр дамжуулан хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулсан байна.
Үүний дагуу “H” Co.Ltd-ээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгээр[8] “2024 оны эхээр "Лу" ХХК-ийн ажилтан Жа “Х” ХХК үйлчлүүлэгчийг манай компани дээр авчирч, үйлдвэрийн бодит байдалтай танилцуулсан. Манай компани “Х”-ХХК-нд-иас гаргасан бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийн баримт бичиг дээр. тамга дарж, “Х” ХХК-ийг манай компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг хийх зөвшөөрлийн бичиг учраас манай компани албан ёсны тамга тэмдэг бүхий зөвшөөрлийн баримт бичгийн эх хувь, хуулбарыг хадгалаагүй" гэж, харин бусад компаниудаас шалгалтын агуулга манайд хамааралгүй, шалгалтын явцад гарсан маргааныг мэдэхгүй, гадаад худалдаа экспортын аж ахуйн нэгж бөгөөд үйлдвэрлэгч бус аж ахуйн нэгж тул үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөх боломжгүй" гэх хариу ирүүлсэн байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шаньдун мужийн Дежоу хотын ардын дунд шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлд [9] Ван групп компанийн ажилтан нь "хүсэлтийг ойлгоогүй, шалгалтын агуулгад нь компани хамааралгүй, компани нь шалгалтын явцад гарсан маргааныг мэдэхгүй байгаа зэрэг үндэслэлээр Дөжоу хотын Ардын дунд шатны шүүхэд бичгээр хариу өгөхгүй гэдгээ мэдэгдсэн" гэжээ.
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "Ан” ХХК-иас ирүүлсэн тайлбарт[10] "Манай "Ан" ХХК нь гадаад худалдаа, экспортын аж ахуйн нэгж бөгөөд үйлдвэрлэгч бус аж ахуйн нэгж тул үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөх боломжгүй" гэжээ.
2.3.9. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “H” Co.Ltd-ийн “...Монгол Улсын зах зээлд борлуулах албан ёсны борлуулагчийн эрх бүхий компани...холбогдох чанарын баталгаа буюу гэрчилгээ, батламж болон тайлангууд нь тогтмол шинэчлэгддэг...” гэх 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгийг[11] мөн “Gua”-ийн “... 2017 оноос хойш “Х”-ХХК-нд-тай хамтран ажиллаж ирсэн...манай бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд борлуулах албан ёсны эрх бүхий борлуулагч компани юм...шинэ бүтээгдэхүүн гаргах бүрд холбогдох чанарын гэрчилгээ, тайланг шинэчилж баталгааждаг...” гэх агуулга бүхий 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгүүдийг[12] тус тус нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
2.4. Гэтэл Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг “...нотлох баримтыг бүрэн цуглуулж нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдүүдийн бичиг баримтын зөрүү нь шүүхийн ажиллагаагаар тогтоогдоогүй, шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаанд маргаан бүхий дүгнэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.5. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /2005 он/ 14 дүгээр зүйлийн “14.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, “14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 521 дүгээр зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж тус тус заасан.
Мөн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралт “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7 дугаар зүйлийн “7.4-д “Тендерт оролцогч нь холбогдох цахим системд буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.” гэж заажээ.
2.6. Нэхэмжлэгч “Х” ХХК нь "Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв/" нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо “Архангай аймгийн Хөгжимт драмын театрын Монгол Улсын Боловсролын Их Сургуульд гэж хаягласан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот тодорхойлолтын хаягласан этгээдийг Эрүүл мэндийн яаманд гэж, огноог нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэж өөрчлөн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын "Эрүүл мэндийн яаманд гэж" хаягласан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 28/445 тоот албан бичгийн хаягласан этгээдийг “Х”-ХХК-нд-д” гэж өөрчлөн хүргүүлсэн нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч “Х”-ХХК-нд-иас Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23/09-195 дугаар[13] албан бичгээр “...манай ажилтан Т.Батчимэг нь өмнө авсан байсан тодорхойлолтын сарыг засаж оруулсан байсан... тодорхойлолтын агуулга, үг үсгийг өөрчилсөн болон өөр бусад ноцтой хохирол учруулахуйц асуудалгүйн дээр урьд өмнө ийм алдаа гаргаж байгаагүй тул компанийн зүгээс тус ажилтанд хатуу анхааруулж цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авсан болно...” гэж хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбарлаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь бүрэн тогтоогдсон гэж үзнэ.
2.7. Учир нь нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцлагатай байх зарчмыг баримталж, холбогдох цахим системд буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах үүрэгтэй.
2.8. Тодруулбал, “Х” ХХК нь "Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв/" нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь улсын байцаагчийн дүгнэлт болон түүнд холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоогдож байгаа энэ тохиолдолд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /2005 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл хангагдсан гэж үзнэ.
2.9. Нэхэмжлэгч талаас “...манай ажилтан засаж оруулсан байна...” гэж тайлбарласан нь, мөн анхан шатны шүүхээс “...“Э” ТӨҮГ-аас зарласан “Архивын нягтруулсан шүүгээ” тендер шалгаруулалт, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/” нийлүүлэх тендер шалгаруулалт”-д оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг улсын байцаагч дүгнэхдээ нотлох баримтыг бүрэн цуглуулж нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийг "Соёлын өвийн үндэсний төв болон соёлын салбарын тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв/" нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
2.10. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой, цаашид тодруулах шаардлагатай зүйл байхгүй төдийгүй тэдгээр нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл үгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж заасныг буруу тайлбарлан маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 525 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х”-ХХК-нд-иас хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-д холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай" 114 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгож, 4 дэх заалтын дугаарыг 3 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 80 дахь тал
[2] 1 хавтаст хэргийн 85 дэх тал
[3] 1 хавтаст хэргийн 101 дэх тал
[4] 1 хавтаст хэргийн 148 дахь тал
[5] 1 хавтаст хэргийн 163 дахь тал
[6] 1 хавтаст хэргийн 76-77 хуудас
[7] 1 хавтаст хэргийн 131-133 хуудас
[8] 2 хавтаст хэргийн 11 дэх тал
[9] 2 хавтаст хэргийн 18 дахь тал
[10] 2 хавтаст хэргийн 25 дахь тал
[11] 2 хавтаст хэргийн 44 дэх тал
[12] 2 хавтаст хэргийн 54 дэх тал
[13] 1 Хавтаст хэргийн 168 дахь тал