Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 37

 

“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ”

ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

Хэргийн индекс: 135/2017/01293/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 256 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монбамбай” ХХК-д холбогдох

          “4.944.453 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-аас:

“Монбамбай” ХХК нь цахилгаан эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөхгүй 4.944.453 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус байгууллагад өр төлбөрөө барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд “Монбамбай” ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 4.944.453 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-аас:

2013 онд гэрээ байгуулж, ялтсан бойлуур ажиллуулахад гарсан сарын төлбөр нь 1.000.000 төгрөг болж байгаа. 2013 оноос хойш төлж байгаад 2014-2015 онд заримдаа төлөөд, сүүлдээ огт төлөхөө болисон. Манай байгууллагын зүгээс “Монбамбай” ХХК-тай холбогдож гэрээгээ шинэчилж байгуулахыг удаа дараа хэлж байсан. Хэрвээ төлбөрөө төлөхгүй бол цахилгааныг тасалдаг. “Монбамбай” ХХК-ийг яагаад тасалж чадахгүй өр үүсгээд явж байна гэхээр нийтийн эзэмшлийн байр учраас тодорхой өрх дулаангүй болгох эрсдэлтэй. Тиймээс өвлийн улиралд тасалж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ялтсан бойлуурын зардлыг орон сууц барьсан этгээд болон сууц өмчлөгчийн холбоотой ярилцаж цахилгааны зардлыг нэмж аваад манайд төлдөг. Хэрэглэгч талаас гаргасан өргөдлийг Эрчим хүчний тухай хуулиар “Эрчим хүчийг зохицуулах хороо” шийдвэрлэх ёстой. Хэрэглэгчид ялтсан бойлуурын асуудлаар өргөдөл өгдөг. Уг өргөдлийг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэхдээ “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь шийдвэрлэх боломжгүй, өөрсдөө авах ёстой. “Монбамбай” ХХК нь уг үүргээ биелүүлж, эрхийг шилжүүлж өгөөгүй, улсын комисст хүлээлгэж өгсөн актаа хавтаст хэрэгт гаргаж өгчихөөд “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д хүлээлгэж өгсөн гэж хэлж байна. Хүлээлгэж өгсөн бол ялтсан бойлуурыг хүлээлгэн өгч, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь ялтсан бойлуурыг өөрийнхөө бланст бүртгэж авах ёстой. Тэгэхээр “Монбамбай” ХХК нь гэрээгээ өөрчилж “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хийгээгүй учир цахилгааны төлбөр 4.944.453 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхбатаас:

            “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь “Монбамбай” ХХК-д холбогдуулж цахилгаан эрчим хүчний төлбөр болох 4.944.453 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн төлбөр нь Элит хотхоны 36 айлын орон сууцыг айл өрхөөр хүлээн авснаас хойш бичигдсэн өр төлбөр юм. Барилгын тухай хуулийн 14.6-д энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур хий, дулаан цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна гэж заасан. Тиймээс манай байгууллага хуулийн дагуу төлбөр тооцоотой асуудлыг хариуцахгүй тоног төхөөрөмж, тоноглол түүний эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг хариуцна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагаас:

“Монбамбай” ХХК барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын актаар 36 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулагч болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улсын комиссын актад уг 36 айлын барилга байгууламж нь 2012 оны 05 сараас барьж эхэлсэн ба 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд барилгыг барьж дуусгасан. Хариуцагч “Монбамбай” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 19-нд Дархан сумын 10 дугаар багийн 36 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөд дулаан цахилгаан ашиглалттай холбогдолтой зардлыг хариуцах тухай заалтанд тусгагдаагүй. Засвар үйлчилгээний чанарыг хангах үүрэгтэй байсан. Ялтсан бойлуурыг хуулийн этгээдэд анхнаасаа өр, авлага гаргах байсан бол гуравласан гэрээ байгуулж, асуудлыг зохицуулах ёстой байсан. Гэтэл 2013 онд ашиглалтанд орсон байгууллагыг 2017 онд өр гаргасан гэж үзэж байна. 2013-2017 оны хооронд ашиглалтанд орсон хугацаанаас хойш цахилгаан дулааны ашиглалттай холбоотой зардлыг нэхэмжилж болон төлж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Дулаан шугам сүлжээнд холбогдох нөхцөл гэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23/2014 гэх баримт нь “Монбамбай” ХХК-ийн барилгад техникийн нөхцөлийг олгосныг баталгаажуулах нотлох баримт гэж үзэхээр байгаа бөгөөд дулаан эрчим хүчийг төлөхтэй холбоотой баримт гэж үзэхээргүй зөвлөмж байдал нотлох баримт байдаг. Энэ техникийн нөхцөл олгосноос хойш 2 жилийн хүчинтэй ерөнхий шаардлагынхаа 7-т заасныг үзвэл 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дууссан хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байна. Сая нотлох баримт гаргаж өгсөн талаар танилцаагүй. Бодит байдлаар хуулийн этгээд ашиглаагүй 36 айлын орон сууцыг халаах зорилгоор тавьсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иймд ашиглаагүй хуулийн этгээдэд төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 256 дугаар шийдвэрээр:

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч Монбамбай ХХК-иас 4.944.453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ”  ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хас банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 19.000 төгрөг, 2016 оны 08 дугаар 16-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 75.828 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монбамбай” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 94.061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхбат давж заалдсан гомдолдоо:

“Монбамбай” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 19-нд Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 36 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Энэ тухай улсын комиссын акт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд ашиглалтанд орсон 36 айлын дулаан цахилгаан ашиглалттай холбоотой зардлыг манай байгууллагын зүгээс хариуцах заалт байхгүй болно. Цахилгаан эрчим хүчээр хангах 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд ялтсан бойлуурын тухай дурдаагүй бөгөөд тоолуурын заалтын эхний хүлээн авсан заалт тухайн гэрээнд дээр байхгүй байна. Одоо нэхэмжилж байгаа 4.944.453 төгрөг нь гэрээнд тохирсон хугацааны төлбөр болох нь тогтоогдоогүй байхад хуулийн этгээдэд төлбөр гаргуулсан гэж үзэж байна. Иймд “Монбамбай” ХХК-иас 4.944.453 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК /цаашид ДСЦТС/ “Монбамбай” ХХК-нд холбогдуулж цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 4.944.453 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээр шаардсан бөгөөд хариуцагч “Монбамбай” ХХК Элит хотхоны 36 айлын орон сууцыг айл өрхөөр хүлээн авснаас хойш үүссэн өр төлбөр бөгөөд тус орон сууцыг 2013 оны 12 дугаар сард улсын комиссд хүлээлгэн өгсөн тул уг төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан тул хариуцагч тал Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн 49-58 дугаар талд авагдсан бичгийн баримтаас харвал талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 01-ээс 2015 оны 12 дугаар сарын 25 хүртэл цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар 2017 оны 10 дугаар сарын байдлаар хариуцагч “Монбамбай” ХХК төлбөрийн эцсийн үлдэгдэл 4.944.453 төгрөг байна.

Болсон үйл явдал болон хэргийн 29-32 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Монбамбай” ХХК Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороололд Элит хотхон нэртэй 36 айлын орон сууцыг  барьж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комиссд хүлээлгэн өгсөн.

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас харвал нэхэмжлэгч тал “Элит” хотхон 36 айлын орон сууцыг халаахын тулд ялтсан бойлуур тавьсан бөгөөд нэхэмжилж буй төлбөр нь уг ялтсан бойлуурыг ажиллуулахад гарсан цахилгаан эрчим хүчний төлбөр гэж, хариуцагч тал Элит хотхон 36 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан тул түүнээс хойшхи төлбөрийг манай тал хариуцахгүй гэж  тайлбарласнаас маргаан үүссэн байна.

Хариуцагч “Монбамбай” ХХК Элит хотхон 36 айлын орон сууцыг хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч “ДСЦТС” ХК болон “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний холбогдох албан тушаалтнууд орж, хүлээн авсан тул манай тал ялтсан бойлуурыг хүлээлгэн өгсөн гэж үзнэ гэж тайлбарлажээ.

Мөн нэхэмжлэгч нь ялтсан бойлууртай холбоотой асуудлаар маргаан үүсвэл Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэх ёстой бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо  маргааныг “ДСЦТС” ХК шийдвэрлэх боломжгүй, харин “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК төлбөрийг авч, “ДСЦТС” ХК-нд өгөх ёстой гэж шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

Үүнээс үзвэл нэгэнт ашиглалтанд орсон барилга орон сууцыг улсын комисс хүлээн авсан бол маргаан үүсгэж буй ялтсан бойлуурыг “ДСЦТС” ХК-д хүлээлгэн өгч, хэрэглэгч тал болон ханган нийлүүлэгч талууд хамтран гурвалсан гэрээ байгуулах бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Талуудын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2004174 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд маргаж буй ялтсан бойлуур, түүнтэй холбоотой гарах зардлыг хэн хэрхэн хариуцах талаар тусгаагүй, энэ талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

Мөн хэргийн 59-61 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл Элит хотхон орон сууц цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 2013 онд 1.730.086 төгрөг, 2014 онд 7.479.295 төгрөг, 2015 онд 4.660.757 төгрөг, 2017 онд 1.851.123 төгрөг нийт 15.721.261 төгрөг төлсөн байх бөгөөд энэхүү төлбөр нь тус орон сууцанд оршин суугчдын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр үү эсхүл хариуцагч талаас төлж байсан төлбөр үү гэдэг нь тодорхойгүй, энэ талаар талуудаас ямар нэгэн тайлбар гаргаж өгөөгүй тодорхой бус, мөн нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийн эцсийн үлдэгдэл 4.994.453 төгрөг ямар хугацаанд хэзээ, хаана үүссэн төлбөрийн үлдэгдэл болох нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч “ДСЦТС” ХК нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй байхад  маргаж буй ялтсан бойлуурын төлбөрийн талаар огт тусгагдаагүй гэрээг үндэслэн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ний цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 4.944.453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Монбамбай” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.061 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААРЕНЧИН                                       

                                                                                                          Л.АМАРСАНАА