Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 71

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баянзулд холбогдох эрүүгийн 201601070216 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Л.Отгончимэг

Улсын яллагч                                                           Б.Буяндэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Ж.Цэцэгээ

Шүүгдэгч                                                                   Б.Баянзул нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1480/б тоот хашаанд /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 9 дүгээр гудамжны 2 тоот/ оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адууч овгийн Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/

Шүүгдэгч Б.Баянзул нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн постын хойд талын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 89-19 УБХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 в, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыйг зөрчиж, уг зам дээр явж байсан Н.Мөнгөнхөлөгийн эзэмшлийн саарал зүсмийн адууг дайрч, зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхисон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр оройн 19 цаг өнгөрч байхад би Төв аймгийн Баяндэлгэр сумын хойд талд байх Тахилт гэх газраас 89-19 УБХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ унаад Багануур дүүрэг орох гээд явж байтал харанхуй болсон байсан. Багануур хөшөө өнгөрөөд нэлээд явж байгаад нэг тээврийн хэрэгсэлтэй зөрсөн, уг тээврийн хэрэгсэл нь холын гэрэл дээрээ тавиад гэрлээ шилжүүлээгүй надтай зөрсөн, тэгээд нөгөө тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед нүд гялбаад, би харж амжилгүй зам дээр байсан адууг мөргөсөн. Би уг адууг хараад тоормоз гишгэсэн боловч машин гулгаж очоод уг адууны урд хэсгийг мөргөсөн. Тэгээд би машинаасаа буулгүй толиндоо хартал уг адуу гайгүй юм шиг байхаар нь би замын хажуу руу буугаад шороон замаар яваад Багануур дүүрэгт амьдрах Ононбаатарын гэрт очиж унтсан. ... 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр засварын газар дээр байж байгад Багануурын цагдаа дээр өөрөө ирж, адуу мөргөсөн талаараа хэлсэн юм. ...Адууны хохирол 500.000 төгрөг төлсөн, осол гаргасандаа маш их харамсаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Н.Мөнгөнхөлөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 06-ны орой адуугаа Нарийн нуур гэх газар руу бэлчээгээд орхисон. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай адуунд явж байсан охин “саарал даага асфальтан зам дээр мөргүүлсэн байна” гэсэн. Надад гомдол, санал байхгүй. Адуу мөргөсөн гэх Баянзул гэдэг залуугаас би 500.000 төгрөг нэхэмжилж бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “ Б.Баянзулыг “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон” хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.Баянзул нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн постын хойд талд асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 89-19 УБХ улсын дугаартайы Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, /ажилтан/-д мэдэгдэх, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэснийг, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, уг зам дээр явж байсан Н.Мөнгөнхөлөгийн эзэмшлийн саарал зүсмийн адууг дайрч, зам тээврийн осол гарган, ослын газрыг санаатай орхиж зугтаасан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, хохирогчоос мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Баянзулыг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөгийн хохирлыг бэлнээр төлж барагдуулсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хохирогчийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаасан тэмдэглэл болон шүүхэд бичгээр өгсөн хүсэлт, /хх-ийн 38 дугаар хуудас/ шүүгдэгчийн мэдүүлгээр батлагдаж байна.

Шүүгдэгч Б.Баянзулд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3,  55.1.9 дэх хэсгүүдэд тус тус заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх бөгөөд харин ял хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, хуульд заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Б.Баянзулд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй  болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,

 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Адууч овгийн Батжаргалын Баянзулыг жолооч зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Адууч овгийн Батжаргалын Баянзулыг нэг /1/ жил нэг /1/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баянзулд оногдуулсан нэг /1/ жил нэг /1/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Баянзул нь хохирогч  Мөнгөнхөлөгийн эд хөрөнгөд учирсан хохирол 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Б.Баянзулд оногдуулсан нэг /1/ жил нэг /1/ сарын хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгч Б.Баянзул нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч Б.Баянзулд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баянзулд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Баянзулд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ