Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох 2324000410034 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******, ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багт хохирогч ******* өмчлөлийн “Redmi Note-11” маркийн гар утсыг шидэж, гэмтээн хохирогчид 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багт хохирогч ******* өмчлөлийн “Redmi Note-11” маркийн гар утсыг шидэж, гэмтээн хохирогчид 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багт байрлах ээжийн гэр буюу байшинд бид гурав амарсан. Амраад байж байхад манай нөхөр ******* нь хөдөөгөөс ээжийн гэрт буюу байшинд 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед 2 хүүхдийн хамт би унтаж байсан учир хэсэг хаалга болон цонхыг тогшуулсан. Тэгээд байж байхад буюу миний гар утас дуугараад байхаар нь автал манай нөхөр ******* нь 2 хүүхэдтэй уулзъя, үнсчхээд гаръя гэж хэлэхээр нь би байшингийн хаалгыг онгойлгосон. Байшинд орж ирээд миний урд суучхаад намайг ямар учраас утасныхаа сүлжээг хаагаад байгаа юм гэж хэлээд, Унгаа гэдэг хүн чинь залгана гэж бодоод утасныхаа дууг нь хаачихаа юу гэж хэлээд миний “redmi Note-11” маркийн хөх өнгийн гар утсыг булааж аваад чи Унгаа гэх хүн рүү одоо залгаадах гээд байхаар нь тухайн хүний нэрийг анх удаа сонсож байгаа учир бага зэрэг шоконд орсон. Тэр хоорондоо манай нөхөр 89-тэй дугаар руу өөрийнхөө дугаараас залгаад Унгаа мөн үү, пизда минь чи хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай нөхөр Унгаа гэх айлын гэр рүү өөрийнхөө машиндаа намайг суулгаад очсон. Тэнд очоод Унгаа гэх айл руу ороод Унгаа гэдэг хүн хаана байна гэж хэлэхэд нэг залуу би байна гэж хэлээд намайг тухайн хүнтэй хардаж байгаа талаараа тэр хүнд хэлсэн. Тэгээд тэр хоёр байшингаас гараад хашаа нь дотор хэсэг ярьсан. Тэгээд гэр рүүгээ нөхөр бид хоёр явсан. Ээжийн гэрт очиход дахин маргаан үүсээд намайг үүр цайтал унтуулаагүй. Ээжийн гэрт орны дэрэн доогуур байсан утсыг авч байхад надаас булаагаад, орны толгой хэсэг рүү шидээд гар утсыг маань эвдэж гэмтээсэн. ..Уг хэрэгтэй гаргах санал хүсэлт гэвэл гар утасны мөнгийг төлүүлмээр байна, уучлалт гуйлгуулмаар байна. Мөн нэхэмжлэх зүйл гэвэл гар утасны 680,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх13-14/,

Гэрч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед манай гэрт ******* нь энхэр ******* хамт ирсэн. Тэгээд нөхөр болох ******* нь надаас ямар учраас манай эхнэртэй явалдаад байгаа талаар асуухад би танай эхнэр болох Б.Мөнхтуяатай ямар нэгэн харилцаа үүсгээгүй, юунаас болоод та намайг эхнэр болох Б.Мөнхтуяатай хардаад байгаа талаараа ярина уу гэхэд манай гэрээс гараад хашаан дотор би *******тэй хэсэг ярилцсан. Тэгээд ******* нь эхнэр болох Б.Мөнхтуяагаа дагуулаад манайхаас явсан. Тэр өдрөөс хойш би уг хоёр хүнтэй уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

 Ашид билгүүн ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-923/6750 дугаартай “... “Redmi Note 11” марк загварын гар утасны нийт бодит үнэ цэнийг 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 680,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн: “...2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багт байрлах Бэл гэх нэртэй газраас өөрийн машиныг жолоодон тус сумын Шургах багт байрлах хадам ээжийн гэрт буюу сумын төв дээр байрлах хадам ээжийн гэрт манай эхнэр Мөнхтуяа, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би тухайн өдөр хадам ээжийн гэрийн хашааны үүдэнд очоод байшин руу орох гээд хаалгыг нүдэх буюу тогшиход чимээ гарахгүй байхаар нь би байшингийн цонхны дэргэд ирээд цонхыг нь тогшиход чимээ гарахгүй байхаар нь эхнэрийн дугаар болох 98560819 дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Ахин, байшингийн хаалга буюу үүдийг тогшиход байшингийн хаалгыг эхнэр онгойлгож өгсөн. Байшингийн хаалгаар дамжин байшин дотор ороход 2 хүүхэд маань орон дээр унтаж байсан. Тэгээд би эхнэрийгээ утас чинь холбогдож байсан яагаад утсаа унтраачихсан гэж хэлээд унтаж байсан орны дэр нь доороос нь утсыг нь аваад харахад air mode дээрээ тавьсан байсан. Тэрнээс нь болоод би эхнэрийг хүнтэй хардаад маргалдаж муудалцсан. Тэр үед би эхнэрийнхээ утсыг орны толгой хэсэг рүү шидэж, гэмтээсэн. Тэгээд би эхнэрийгээ Унгаа гэх хүнтэй хардсан. Унгаа гэх айлынд би болон эхнэрийнхээ хамт очсон. Тэндээсээ шууд гэртээ ирсэн. Эхнэр Мөнхтуяагийн гар утсыг хадам ээжийн байшинд байрлах модон орон дээр байрлах дэр нь доороос утсыг аваад тухайн орны толгой хэсэг рүү шидэхэд түүний гар утсыг гэмтээсэн. Тухайн утас “Redmi Note 1” маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд бусдын эд эд хөрөнгийг гэмтээсэн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ийн хохирогч ******* өмчлөлийн “Redmi Note-11” маркийн гар утсыг шидэж, гэмтээж хохирогчид 680,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн  гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчид 680,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн “...680,000 төгрөгийн хохирол учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, өөрийн биеэр уучлалт гуйж эвлэрсэн ...” гэсэн хүсэлт, хохирогч ******* 5508081160 дугаартай харилцах дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 680,000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ӨЛЗИЙХИШИГ