Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох 2324000000035 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар РД:*******, ******* ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн дэд ахлагч ******* бие эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн дэд ахлагч ******* бие эрх чөлөөнд халдсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* “...2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн үед хэсгийн цагдаа д/а хамт Их-Уул сумын Баян-Ухаа баг Хужиртын 10-1 тоот хаягт “Манай нөхөр ******* хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон. Гэрт нь ортол нэг залуу Н.Адьяатөмөрийг ална шүү гээд босоод ирсэн. Тэгсэн Н.Адьяатөмөр түүнийг дугтарч доош нь тонгойлгоод, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаж болохгүй гээд бид хоёр түүнийг тайвшруулаад суулгаад эхнэрээс нь болсон асуудлын талаар тодруулаад ярилцаж байтал гэрээсээ гарч гүйгээд хашаандаа байсан цэнхэр өнгийн Портер маркийн автомашиныг асаагаад жолоодоод хашаанаасаа гараад явчихсан. Түүний хойноос нь хэсгийн цагдаа, д/а Н.Адьяатөмөр бид хоёр хайгаад явж байтал Тэхийн 27-р гудамжинд зогсож байсан. Очоод машиныхаа түлхүүрийг өгөхийг шаардахад түлхүүрээ нуучхаад гаргаж өгөхгүй болохоор нь түүнийг аваад цагдаагийн хэсгийн байран дээр аваад очсон. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хэлээд түүний согтолтын хэмжээг тогтоох зорилгоор согтуурал шалгах багажаар шалгуулахыг шаардахад би үлээж чадахгүй гээд хэлээрээ багажийн хошууг таглаад үлээхгүй байсан. Шалгуулахгүй болохоор нь бичлэг хийж шалгуулахаас зайлсхийсэн гэдгийг нь баримтжуулсан. Тэгсэн би үхмээр байна, өөрийгөө боож ална, надад үхэхэд харамсах зүйл байхгүй гээд босож ирээд хажуудаа байсан халаагуурын урт утсыг барьж аваад хоолойгоо боох гэж оролдохоор нь болиулаад буцаагаад сандал дээр нь суулгасан. Хэсэгхэн сууж байснаа гэнэтхэн босож ирээд миний дух руу гараараа цохичихсон. Тэгээд би түүнийг цагдаагийн алба хаагчийн бие эрх чөлөөнд хадахгүй байхыг сануулж   хамт түүнийг барьж аваад нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэж гарыг нь урд хэсэгт нь гавласан. Болсон асуудлыг талаар хэсгийн төлөөлөгч а/д О.Дагвадоржид танилцуулаад 23 цаг өнгөрч байхад иргэн *******г Их-Уул сумаас хэсгийн цагдаа, д/а хамт авчирч Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсийн байранд авчирч эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

 Гэрч “...2023 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн үед хэсгийн цагдаа д/а ******* хамт Их-уул сумын Баян-Ухаа баг Хужиртын 10-1 тоот хаягт “...Манай нөхөр ******* хэрүүл маргаан үүсгээд байна” гэх мэдээллийн дагуу очсон. Ороод юу болсон талаар асуухад ******* чамайг ална шүү гээд босоод ирэхээр нь би түүнийг дугтарч доош нь тонгойлгоод, цагдаагийн алба хаагчийн бие эрх чөлөөнд хадаж болохгүй, хэрэв халдсан тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх ёстой. Чи тайвшраад болсон асуудлынхаа талаар хэлээдэх гэхэд хамт байсан хүмүүсээ элдэв янзаар хэлээд байсан. Тэгээд гэрийнхнээс нь юу болсон талаар асууж тодруулж байхад ******* гарч гүйгээд хашаандаа байсан цэнхэр өнгийн портер маркийн 03-37 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж жолоодоод хашаанаасаа гараад явчихсан, д/а Б.Ганхуяг бид хоёр хойноос нь яваад түүнийг Тэхийн 27-р гудамжинд айлын хашааны үүдэн дээр зогсож байхад нь очоод та  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, эрсдэл үүсэх аюултай гэж хэлээд түүнийг тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгөхийг шаардахад түлхүүрээ нуучхаад өгөөгүй, тэгэхлээр нь түүнийг өөрсдийн жолоодож явсан машиндаа суулгаад цагдаагийн хэсгийн байран дээр авчирч согтуурал шалгах багажаар шалгуулахыг шаардахад би үлээж чадахгүй  гээд хэлээрэй багажийн хошууг таглаад үлээхгүй байсан. ******* би ээж  дээрээ очмоор байна гэхлээр нь та согтолтоо шалгуулчхаад яв гэхэд чадахгүй гээд хажуудаа байсан халаагуурын урт утсыг барьж аваад хоолойгоо боох гэж оролдохоор нь болиулаад буцаагаад сандал дээр нь суулгасан, хэсэгхэн сууж байснаа гэнэтхэн босож ирээд хажууд нь сууж байсан хэсгийн цагдаа д/а ******* дух руу нь гараараа цохичихсон, тэгсэн Б.Ганхуяг *******г үйлдлээ таслан зогсоохыг шаардаж барьж авсан, би босоод ******* хамт *******г барьж аваад нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэж гарыг нь урд  хэсэгт нь гавласан. Ингээд 23 цаг өнгөрч байхад иргэн *******г Их-уул сумаас тээвэрлэж ирээд Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсийн байранд авчирч эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч “... 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт Хужирт хорооллын 10-01 тоотод байрлах аавынхаа байшинд сууж байхад салсан нөхөр ******* /Дашка/ согтуу орж ирсэн. Тэгээд салснаас болоод архи ууж ирчхээд над руу агсам тавиад байхаар нь сумын цагдаа руугаа дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед сумын цагдаа нар аавын байшин руу орж ирээд надаас амрыг эрье хэн агсам согтуу тавиад байгаа талаар асуухад нь би салсан нөхөр болох Дашкаг агсам согтуу тавьсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэж хэлэхэд Дашка нь нойл орчхоод ирье гэж хэлээд байшингаас гарсан. Тэгээд өөрийн унаж ирсэн машинаа жолоодон цагдаа нараас зугтаагаад яваад өгсөн. Тэрнээс хойш би Дашкатай холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №000000213 дугаартай “...******* биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ******* биед учирсан гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6–д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ******* биед шинжилгээ хийхэд асуултад тавигдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн /хх 29/ дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******гийн: “...2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд хадам аавындаа очсон, тэгээд бид нар хоорондоо маргалдацгаасан чинь миний салсан эхнэр Сосорбурам цагдаа дуудсан. Удаа ч үгүй цагдаа нар ирээд надаас юу болсон талаар тодруулсан, тэгээд би болсон асуудлын талаар хэлсэн. Дуудлагаар ирсэн цагдаа нар манай эхнэртэй юм яриад байхлаар нь би гараад хашаан дотор байсан портер маркийн машиныг асааж жолоодоод хашаанаас гарч найзынхаа хашааны гадаа очиж зогсоод байж байтал цагдаа нар хойноос ирээд намайг машинаас буулгаад өөрсдийнхөө машинд суулгасан.Тэгээд цагдаагийн хэсгийн байран дээр очоод намайг согтуурал шалгах багажаар шалгаж үлээлгэнэ, үлээ гэхээр нь би үлээгээгүй юм. Тэгээд миний нойр хүрээд сандал сууж байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд л нөгөө хоёр цагдаа миний гарыг гавлаад чамайг Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс дээр аваачиж эрүүлжүүлнэ гээд Их-Уул сумаас Тосонцэнгэл суманд авчирсан.  Би цагдаа Ганхуягийн толгойн дух хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Ганхуяг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Их-Уул сумын цагдаагаар ажилладаг болох нь Завхан аймаг дахь Алтан гадас одонт цагдаагийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/07 дугаартай “...Батсуурийн Ганхуягийг Их-Уул сумын цагдаагаар тус тус томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосугай...” гэсэн Зарим албан хаагчдыг ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай тушаалын хуулбар, цагдаагийн үнэмлэхээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн дэд ахлагч ******* бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...Миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй бид сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди /CD/-ийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж үлдээх, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* мэргэн овогт ******* *******ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди /CD/-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ӨЛЗИЙХИШИГ