| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/0046/и |
| Дугаар | 184/ШШ2020/00302 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2020/00302
| 2020 оны өдөр | 01 сар 23 р 184/ШШ2020/00302 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “У” ХХК /РД: /. Хаяг: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, гудамж, Засгийн газрын авто баазын хашаанд өөрийн байр
Хариуцагч: Б овогт М.Д /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Зүүн баян цагаан дүгээр гудамж, тоот
Хариуцагч: С овогт Ч.Б /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Зүүн баян цагаан дүгээр гудамж, тоот
1,959,283 /нэг сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун наян гурван/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч М.Д, Ч.Б, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн М.Д-тэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар үүрэг хүлээж тохиролцсон. Ингээд гэрээ байгуулсан өдөр автомашин хүлээлгэн өгөх акт үйлдэн түрээслэгчийн ашиглалтанд гэрээний зүйл болох УН улсын дугаартай “Хюьндай Элентра” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн. Ч.Б нь түрээслэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хангахаа илэрхийлж манай компанитай баталгааны гэрээ байгуулсан тул хариуцагчаар татаж байна. Түрээсийн хугацаанд М.Д нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрийн 15 өдрийн /450,000/ төгрөгийг төлбөртэй болсон тул санхүүгийн түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн автомашиныг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түр саатуулан акт үйлдэн хүлээн авч оношлогоо хийлгээд түрээслэгчээр гарын үсэг зуруулан хүлээн авч “У” ХХК-ийн зогсоолд байрлуулсан. Ингээд түрээслэгчид зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгсөн. Нэмэлт хугацаанд түрээслэгч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9 зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг “М” ХХК-д хийлгүүлсэн байдаг. Гэрээ дуусгавар болох үед түрээслэгч 450,000 төгрөгийн түрээсийн төлбөр, засварын 1,446,883 төгрөг, торгуулийн 212,400 төгрөг нийт 2,109,283 төгрөгийн авлагатай байснаас түрээслэгчийн барьцаанд өгсөн 150,000 төгрөгийг хасч тооцоод 1,959,283 төгрөгийг түрээслэгч М.Д, Ч.Б нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д би “У” ХХК-д ажилд орж 15-29 УНС улсын дугаартай “Хюьндай Элентра” маркийн автомашин түрээслэн авч ажилласан. Ажиллаж байх хугацаанд сард 22 хоногийн түрээс төлж ажилласан. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй болж ажлаасаа гарахдаа 2,460,000 төгрөг, татвар 59,400 төгрөг төлж бүх төлбөр тооцоог дуусгасан. Гэтэл одоо надаас машины элэгдэл хорогдлын мөнгө нэхэж байгааг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх машин хүлээж аваад эргүүлээд бүрэн бүтэн хүлээлгэн өгч гарын үсгээ зурсан бөгөөд уг машиныг “У” ХХК нь өөр хүнд түрээслүүлэн унуулж байгаа бөгөөд ямар нэг асуудалгүй зүгээр явж байгаа. Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч М.Д, Ч.Б нарт холбогдуулан 1,959,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч М.Д-тэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ТТ-18-067 дугаартай “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүргээ белүүлээгүйгээс гэрээг цуцласан, төлөх ёстой түрээсийн төлбөр 450,000 төгрөг, мөн засвар үйлчилгээний зардал 1,446,883 төгрөг, автомашиныг эзэмшиж байх үедээ Замын хөдөлгөөны дүрэм зөррчсөн торгууль 212,400 төгрөг, нийт 2,109,283 төгрөгөөс барьцаа 150,000 төгрөгийг хасч 1,959,283 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзалын үндэслэлээ гэрээг нэхэмжлэгч талаас санаачлан цуцалж, автомашиныг хураан авч өөр этгээдэд шилжүүлсэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй буцаан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
Зохигчид ТТ-18-067 дугаартай гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр УН улсын дугаартай, Хьюндай Элентра маркын автомашиныг түрээслэгч М.Д хүлээн авсан, түрээсийн төлбөрт түрээслэгч нь 2,160,000 төгрөг, барьцаа 160, 000 төгрөг төлсөн, түрээслүүлэгч “У” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 11-нй өдөр акт үйлдэн автомашиныг буцаан авсан талаар маргахгүй байна. /хх-ийн 6, 17, 30/
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компани 15-29 УНС улсын дугаартай, Элентра маркийн автомашиныг таксины үйлчилгээ эрхлэхэд нь зориулан түрээслэгчид шилжүүлж, түрээслэгч 22 сарын хугацаанд хугацаанд түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх, гэрээний хугацаа дуусах үед түрээслүүлэгч гэрээний зүйл болох автомашиныг түрээслэгчид шилжүүлэн өгөхөөр тохирчээ.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3 дахь хэсгүүдэд санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх, түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болохоор заасан.
Хуулийн дээр дурдсан зохицуулалт, тэдний байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд зохигчдийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд түрээслүүлэгч байгуулсан гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзэхээр заажээ.
Автомашиныг хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн автомашин хүлээлцэх акт, буцаан авсан тухай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн автомашин хүлээлцэх акт гэх баримтуудад автомашинд эвдрэл, гэмтэл учирсан талаар дурдаагүй байна. /хх-ийн 18, 19/
Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлохоор 15-29 УНС улсын дугаартай, Элентра маркын автомашиныг засварласан үнэ 1,446,883 төгрөг болохыг тодорхойлсон “Их биений засвар үйлчилгээний үнэлгээ” гэх баримт, 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн “М” ХХК-ийн засвар үйлчилгээний хуудас, төлбөрийн баримт, засварын нэхэмжлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх-ийн 20, 21, 35-41/
Тухайн баримтаар нотлогдох зардал нь автомашиныг хариуцагч М.Д эзэмшиж байхад учирсан гэмтлийг засварлахад гарсан зардал гэж үзэх боломжгүй бөгөөд автомашиныг хүлээлцэх үед болон дараа нь эвдрэл хохирлын үнэлгээ хийгээгүй, автомашиныг хүлээлцсэнээс 2 сарын дараа засварлажээ.
Хариуцагч автомашиныг эзэмшилдээ байлгасан хугацаанд автомашинтай холбоотой засвар үйлчилгээг өөрөө хариуцан хийж байсан гэж тайлбарладаг мөн түрээсийн зүйлийг хурааж авснаас хойш уг автомашиныг өөр этгээдэд түрээслүүлсэн эсэх талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүйгээс компанид хохирол учирсан эсэхийг бодитоор тодорхойлох боломжгүй байх тул засварын зардал гэх 1446,883 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч автомашиныг эзэмшиж байсан хугацаанд түрээсийн төлбөрт 2,610,000 төгрөг төлөхөөс 2,160,000 төгрөгийг төлсөн, 450,000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгч шаадсан боловч 14 хоногийн буюу 400 000 төгрөгийн төлбөр дутуу болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул урьдчилгаанд өгсөн 160,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч 240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Автомашиныг эзэмшиж байх үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль болох 212,400 төгрөгийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч компани 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр торгуулийг төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд торгуулийн талаар тохироогүй, түрээсийн төлбөрийг сараар тохирсон байхад түрээслүүлэгч 15 хоног дутуу төлсөн гэх шалтгаанаар гэрээг цуцалж, өөр этгээдэд түрээслүүлсэн, авомашины эзэмшигч нь нэхэмжлэгч “У” ХХК, мөн торгуулийг эзэмшигч этгээдэд ногдуулсан байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. /хх-ийн 42-44/
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Бтэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Батлан даагчийн гэрээ” гэрээ байгуулан хариуцагч М.Д-тэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ТТ-18-067 дугаартай “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг түрээслэгч биелүүлээгүй тохиолдолд батлан даагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон, мөн хамтран хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Д, Ч.Б нараас 240,000 / хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан тухай нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,759,283 /нэг сая долоон зуун тавин есөн мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ