Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2020/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Х аймгийн Р сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Т.О -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн А сумын 5 дугаар багийн харъяат, Х аймгийн М суманд түр оршин суух, Б  овогт Д.Э-т холбогдох,

Хүүхдэд тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Т.О, хариуцагч Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ие Т.О нь 2014 онд Д.Э-той танилцан хамтран амьдарч байгаад 2015 оны 4 дүгээр сарын 21-нд охин Нэмүүнийг төрүүлсэн билээ. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байсан ба сүүлийн үед Мөрөн явах нь олон болж 2017 оны 4 дүгээр сараас хойш яваад эргэж ирээгүй билээ.

Иймд миний охин Н нь Д.Э-оор овоглосон төрсний гэрчилгээнтэй, эцэг нь Д.Э мөн тул охин Н-д хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Энэ хүнийг би болно бүтнэ гэж нилээн харсан. Мөрөн рүү яваад байснаа сүүлдээ бүр ирэхгүй болсон. Би ганцаараа хүүхдүүдээ тэжээхэд хүндрэлтэй бөгөөд энэ хүн бас үүрэг хариуцлагаа хүлээх нь зөв болов уу гэж бодож би шүүхэд хандсан юм. Өөр хүүхэнтэй хамт амьдрах болсон. Над руу нөгөө хүүхэн нь утсаар яриад чи ямар албан ёсны аваад суусан эхнэр нь биш биз дээ гэж байсан... Иймд охин Н-д эцэг Д.Э-оос тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Э нь Т.О-ий ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад  дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2014 онд О-тэй танилцаж амьдрал зорилготой малаа туугаад, өөрийн байгаа бүхнээ аваад очсон юм. 2015 онд миний охин Н төрсөн билээ. Бид хоёр эвтэй, найртай хэрүүл маргаангүй амьдарч байсан. Харин О-ий аав, ээж, ах, дүү нар нь дургүй байдаг байсан. 2017 онд миний бие Мөрөн ороод ханиад хүрч, хатгалгаа авсан байсан учир эмнэлэгт хэвтээд эмчилгээ очсон боловч аав, ээж нь хөөгөөд  байдаг байсан. Харин дүү нь ахиж энүүгээр ирж, үзэгдвэл ална шүү гэж заналхийлж байсан юм. Түүнээс би сална гэж яваагүй юм шүү. Салалгүй охиноо бодоод амьдармаар байна. Анх би 2017 онд О-ий гэрээс хөөгдөхдөө хоёр том охинд нь хөөгдөөд гарсан юм. Тэгээд эмнэлэгт хэвтээд  очтол аав, ээж нь хөөгөөд ийм юм болсон. Түүнээс биш О бид хоёрын дунд юу ч болоогүй, намайг хөөгөөгүй эвтэй байсан. Охинтойгоо сайхан амьдармаар байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би охин эхнэр хоёртойгоо цугтаа амьдармаар байна. Бид хоёрын дунд хэрүүл маргаан юм байхгүй. Эдний гэрийнхэн намайг хөөгөөд байсан юм. Болж бүтнэ гээд би хэд гурван малаа хүртэл аваад очсон. Тэр мал маань одоо эднийд байгаа. Охиндоо тэтгэлэг өгөхийг бол би зөвшөөрнөө. Энд би бас охин дээрээ очдог уулздаг. ... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Т.О нь хариуцагч Д.Э-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Д.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Т.О нь жирэмсэлж тэдний дундаас охин Э.Н  төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хэрэгт авагдсан:

 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Б овогт Э.Н-ийн 6725000034 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/

Хүний их эмч С.Бямбасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  “ Э овогтой Н нь 2015 оны 4 дүгээр сарын 21-нд төрсөн, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. “ гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Б овогт Э-ын Н-д эцэг Б  овогт Д.Э-оос хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул охин Э.Н-д эцэг Д.О-оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар хүүхдэд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Т.О-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-оос 32.529  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Б овогт Э.Н-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг  Б  овогт Д.Э -оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529  /гучин хоёр мянга таван зуун хорин ес/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-оос 32.529  /гучин хоёр мянга таван зуун хорин ес/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-д олгосугай.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА