Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн З овогт Б-ийн С-д холбогдох эрүүгийн 2335000280156 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Б-ийн С, (РД:.................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 2 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын ......... багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Н-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 2 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын ... багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Н-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерт, кабелийн утас, хаалга, хэмжих хэрэгсэл зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд; (хавтаст хэргийн 4-20 дахь тал);

2. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3  дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаартай “...Үзүүлэгч Т.Н-ийн биед 2 нүдний эргэн тойронд болон хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу сарвуу, зүүн дал, зүүн суганы ард, бүсэлхийн зүүн хажууд, баруун сарвууны ард, цээжний урд хэсэгт, аюулхайн доод талд, зүүн өгзөг, хярзан, хуухнаг, шодойнд, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, баруун, зүүн шилбэ, зүүн тавхайн дээд талд, зүүн хөлийн өсгийн ар дээд хэсэгт зулгаралт, үүдэн доод зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 2 нүдний эргэн тойронд болон хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу сарвуу, зүүн дал, зүүн суганы ард, бүсэлхийн зүүн хажууд, баруун сарвууны ард, цээжний урд хэсэгт, аюулхайн доод талд, зүүн өгзөг, хярзан, хуухнаг, шодойнд, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, баруун, зүүн шилбэ, зүүн тавхайн дээд талд, зүүн хөлийн өсгийн ар дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь нийлээд естийн дүрмээр биеийн нийт гадаргуугийн 30-35 орчим хувийн талбайг хамарч байгаа ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмт болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-74 дэх тал);

3. Хохирогч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2023 оны 2 дугаар сарын 21-ний шөнө Б.С манайд орж ирээд намайг нэг машинаа өгчих .......... сум руу цагаан сар хийгээд яваад ирье гэж хэлсэн. Урьд өмнө миний машиныг гуйж аваад эвдчихээд засуулж өгөөгүй, би өөрөө засаж авсан болохоор дургүйцээд би чамд машин өгөхгүй гэхэд машинаа өгсөнгүй гээд орон дээр сууж байтал миний гар, хөл, нүүр, нүд рүү гараараа болон манай галын хайч, дэгээ төмрөөр удаа дараа цохиж зодсон. Би тухайн Б.С-ын үйлдлийг зогсоож чадаагүй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болохоор догшин хэрцгий маш аймшигтайгаар миний биед халдсан. Би чангаар орилж, хашхирч тусламж хүсэж чадахгүй байсан бөгөөд тэр үед миний хамраас их хэмжээний цус гараад үлдсэн. Мөн манай гэрийн хаалгаар гарахдаа өшиглөөд доод хэсгээр хаалга цуураад хагарчихсан. Манай гэрийн гадна хяналтын камертай бөгөөд орж ирэхдээ камерын утас таслаад хаячихсан юм. Тухайн үед гэрээс гараад явахдаа миний гар утас аваад гараад явчихсан тул би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн тусламж авч чадаагүй. Ингээд 2-3 хоног гэртээ маш их зовиуртай, босож чадахгүй байж байгаад өнөөдөр босож алхаж яваад гудамжнаас танихгүй залуу гуйж гэрийнхээ хаалганы цуурсан эвдэрсэн хэсэгт цагаан өнгийн мод тавьж хадуулж янзалж авсан. Хаалга янзалж өгсөн үл таних залууг гуйж Б.С-ын гэрээс утас авч ирээд өгөөч гэж хэлээд оруулахад миний гар утас өгөөд явуулсан байсан...Тухайн өдөр Б.С нь архи сонгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн бөгөөд намайг зодож, зодож гарахаар нь би хаалга цоожилчихсон байтал манай гэрийн тооноор орж ирээд манай гэрт байсан 2-3 шил архийг ганцаараа уугаад тэгээд дахин намайг зодоод гараад явсан. Тухайн үед миний хажууд хүн байгаагүй, би ганцаараа амьдардаг. Урьд өмнө миний биед 2-3 удаа халдаж байсан, би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний бүх бие зовиуртай байна. Бүх бие хөх няц, өвчин эмгэгтэй байна. Хөлийн ул, тавхай, тархи толгой, гар хөл бүгд хөх няц болсон, намайг зодохдоо гараараа болон галын хайч, дэгээ төмрийг ашиглаж зодсон... " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-57 дахь тал);

4. Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надаас Т.Н гэрт орж ирж гар утсаа аваагүй, Т.Н-ийн гэрт нь ирж туслаад байдаг үл таних хүн бий, тэр хүн гэрт орж ирээд Т.Н гар утас аваад ир гэнэ гэж хэлээд надаас Т.Н-ийн 3 ширхэг гар утас аваад явсан. Надад Т.Н-ийн гар утас гэж 3 ширхэг гар утас өгөхөд би Б.С-ыг Т.Н-ийн гэрт хоносон юм байна гэж бодсон. Б.С Т.Н-ийг цохиж, зодсоныг сүүлд Б.С-аас сонссон...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал);

5. Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он, сар өдрийг сайн санахгүй байна...Намайг ирэхэд Т.Н хөл, гуя хэсгээр хөхөрсөн, баруун гарын тохой хэсгээр хөхөрсөн, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Би Т.Н-өөс юу болсон талаар асуухад Б.С өчигдөр орой намайг цохиод, гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн. Мөн хаалганы доод тал хагарсан байсан. Би хаалгыг нь янзалж өгөөд, гэр орныг нь цэвэрлээд байж байтал Т.Н намайг Б.С-ын гэрээс очоод миний гар утас аваад ирээч гэхээр нь би Б.С-ын гэрлүү орсон. Б.С-ын гэрт очиход Д.Н гэх залуу байсан, Д.Н-оос гар утсыг аваад Т.Н-д хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал);

6. Хөрөнгийн үнэлгээний шинжээч Я.Н-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай “...Улаангом суманд 2023 оны 2 дугаар сарын байдлаар эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 285.000 (хоёр зуун наян таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81 дэх тал);

7. Шүүгдэгч Б.С-н өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Н-ийн эрүүл мэндэд “2 нүдний эргэн тойронд болон хамрын нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу сарвуу, зүүн дал, зүүн суганы ард, бүсэлхийн зүүн хажууд, баруун сарвууны ард, цээжний урд хэсэгт, аюулхайн доод талд, зүүн өгзөг, хярзан, хуухнаг, шодойнд, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, баруун, зүүн шилбэ, зүүн тавхайн дээд талд, зүүн хөлийн өсгийн ар дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байх бөгөөд уг гэмтлүүд нь нийлээд естийн дүрмээр биеийн нийт гадаргуугийн 30-35 орчим хувийн талбайг хамарч байгаа ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3  дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Б.С-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.С-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Б.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.С нь хохирогч Т.Н-д 300.000 (гурван зуун мянга) төгрөг төлснөөр, хохирогч Т.Н нь “...хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдол байхгүй” гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 23 дахь талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 120 дахь тал);

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.С-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч М.М нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.С-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 (хоёр зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эвдэрхий хэмжих хэрэгслийг устгаж, галын хайч, дэгээ төмөр зэргийг хохирогч Т.Н-д буцааж олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С-аас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эвдэрхий хэмжих хэрэгслийг устгаж, галын хайч, дэгээ төмөр зэргийг хохирогч Т.Н-д буцааж олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА