Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн овогт Ө-ийн Б-д холбогдох эрүүгийн 2335000000177 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ….оны ... дугаар сарын ….ний өдөр Увс аймгийн ….суманд төрсөн, ….настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, “..........” ХХК-д эм найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн .......тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, овогт Ө-ийн Б, (регистрийн дугаар: ..……….);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Б-ын албан үүргээ биелүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний нүүр хэсэгт нэг удаа мөргөж, хөл рүү хоёр удаа өшиглөж, өмсөж байсан албаны ногоон хантаазны баруун талын наалддаг хэсгийг урж, хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ биелүүлэхээр очсон Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Б-ын албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний нүүр хэсэгт нэг удаа мөргөж, хөл рүү  нь хоёр удаа өшиглөж, өмсөж байсан албаны ногоон хантаазны баруун талын наалддаг хэсгийг урж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал);

3. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6  дугаар сарын 15-ны өдрийн 279 дугаартай “Үзүүлэгч П.Б-ын биед доод уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн, тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Доод уруулын салстад үүссэн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал);

4. Хохирогч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн байгууллагын 7045102 дугаарт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 00 цаг 11 минутад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Увс аймгийн Улаангом сумын  дугаар багийн …. тоотод эргүүлийн цагдаа, дэд ахлагч Г.Д-гийн хамт албаны машинтай очсон ...гэрээс гараад эргүүлийн цагдаа, дэд ахлагч Г.Д-д Ө.Б-ыг машинд суулгаж бай гэж хэлээд хамт албаны машин уруу явуулчихаад ар гэртэй нь уулзаж, дуудлага өгсөн хүн хэн бэ, цагдаагийн байгууллагад очиж тайлбар мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж хэлэх үед араас Ө.Б над руу хөөе пизда минь чи наад хүмүүстэйгээ харьцдаг хэн юм бэ, чи надтай харьцах ёстой гөлөг минь гэж хэлсэн. Тэгээд би Ө.Б-ыг машинд суулгахаар хашааны гадна аваад гарахад чи муу мөрдөс зүүсэн нохойн гөлөг наад хүмүүстэйгээ харьцах ёсгүй гэж хэлээд миний нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөхөд би Ө.Б-ын хөдөлгөөнийг хязгаарлаж хоёр гарыг нь барьж авах үед миний хөр лүү хоёр удаа өшиглөж, надтай зууралдаж миний ногоон хантаазны баруун суганы доод талын наалддаг хэсгийг урсан ...Ө.Б-ыг цагдаагийн газар луу тээвэрлэх хугацаанд “үхсэн ац чинь, мөрдөс зүүсэн пизда минь, чи ямар том пизда вэ, ална” гэх мэтээр хэл амаар доромжилсон...Ө.Б нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хадам эцэг Ц.Б болон хадам эгч Б.Б нарын биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан байх тул Ө.Б-д ямар зөрчил гаргасан талаар хэлж, цагдаагийн газарт очиж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж хэлсэн, өөр ямар нэгэн шаардлага тавиагүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-31 дэх тал);

5. Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Ө.Б нь цагдаагийн дэд ахлагч П.Б руу хандаж “хөөе пиздаа минь чи наад хүмүүстэйгээ харьцдаг хэн юм бэ, чи надтай харьцах ёстой муу гөлөг минь” гэж хэлэхэд цагдаагийн дэд ахлагч П.Б хашаанаас гарч ирэхэд Ө.Б чи муу мөрдөс зүүсэн нохойн гөлөг, наад хүмүүстэйгээ харьцах ёсгүй гэх хэлээд цагдаагийн дэд ахлагч П.Б-ын нүүрлүү толгойгоороо нэг удаа мөргөж, П.Б-ын хөл рүү хоёр удаа өшиглөж, зууралдаж өмсөж байсан ногоон хантаазных нь  баруун суганы доод талын наалддаг хэсгийг урсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал);

            6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө.Б-ыг албаны машинд суулгах гэхэд Ө.Б пизда чи яахлаараа наад хүмүүстэй харьцдаг юм гөлөг гэх мэтээр хараагаад цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж машинд суухгүй байсан...Ө.Б нь тухайн цагдааг пизда, гөлөг гэх мэтээр хараалын үг хэлж тавьсан шаардлагыг эсэргүүцэж, өндөр цагдаа-/цагдаагийн дэд ахлагч П.Б/-тай зууралдаж, ноцолдож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал);

7. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө.Б тухайн цагдааг пизда, гөлөг гэх мэт хараалын үг хэлж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж, өндөр цагдаа-/цагдаагийн дэд ахлагч П.Б/-тай  зууралдаж, ноцолдож байсан...би хашаан дотор байсан учир сайн хараагүй ...Ө.Б-д таны асуудлыг цагдаагийн газарт очиж шийдвэрлэнэ, та машинд суучих гэсэн шаардлага тавьсан ...машинд суугаад цагдаагийн газар ирэх хүртэл Ө.Б нь үхсэн ац чинь, мөрдөс зүүсэн пизда минь, чи ямар том пизда вэ, ална гэх мэтээр хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал);

8. Шүүгдэгч Ө.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч цагдаагийн дэд ахлагч П.Б-ыг хууль сахиулагч гэж үзнэ.

Хохирогч П.Б нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь цагдаагийн дэд ахлагч П.Б-ыг томилсон тушаал, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын томилгоо, хоногийн нөхцөл байдлын танилцуулга, мэдээ гэх баримтын хуулбар (хавтаст хэргийн 11,13-17  дахь тал), мөн дуудлага өгсөн тухай хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд прокуророос Ө.Б-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ө.Б-ыг “хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ө.Б-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Хохирогч П.Б нь “...Ө.Б нь надаас уучлалт гуйсан тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би түүнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, мөнгө нэхэмжлэхгүй, надаас уучлалт гуйсан тул надад ямар нэгэн гомдол, тэмцэл санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн нь хавтаст хэргийн 31 дэх талд авагдсан байх тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Б-оос гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Ө.Б-д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ө.Б- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй  гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Ө.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж, прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Ө.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ө.Б-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Ө.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Ө-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж,эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ө.Б нь торгох шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох шийтгэлийг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох шийтгэлийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй,  болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА