Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 2335000000173 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Увс аймгийн ……..........суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс…., тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл , эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн ……сумын ……багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ц-ийн Б, (регистрийн дугаар: ………..);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн ................. сумын …..багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-20” загварын ..... улсын дугаартай автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3-д заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн О.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Увс аймгийн  ............. сумын багийн нутаг дэвсгэрт Тоёота приус-20 загварын ………улсын дугаартай автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3-д заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн О.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг бичгээр гаргасан өргөдөл, хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал);

2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал);

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал);

4. Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5  дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаартай “Үзүүлэгч О.С-ийн биед зүүн эгэм яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй, далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2022 оны 10 дугаар сарыын 16-ны байдлаар үүсчихсэн байсан байна. Зүүн эгэм яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй, далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал);

5. Хохирогч О.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны орой ..........сумын …. дүгээр багийн нутаг гэх газарт Ц.Б-ын хамт приус-20 загварын ….. улсын дугаартай тээврийн хэрэгслээр аавынхаа гэрлүү явж, 5 настай хүүхдээ хүргэж өгөөд буцаад гэрлүүгээ явж байтал шороон зам дээр тухайн тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осолд орсоны улмаас миний зүүн талын эгэмний яс хугарч эрүүл мэндээрээ хохирсон асуудал гарсан. Тухайн үед Ц.Б-ын дүү Ц.Т рүү утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд намайг мотоциклтой ирж аваад гэрт хүргэж өгсөн.....Приус-20 загварынулсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Б жолоодож явсан... " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал);

6. Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сумын дүгээр багийн нутаг гэх газарт машинаа унагаагаад эхнэрийнх нь /О.С/ эгэм гэмтсэн асуудал гарсан. Түүний дараа приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай хүү Ц.Т засуулж авч ирсний дараа Ц.Б надад өгсөн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал);

            7. Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр В.Б-ийн хамт тухайн өдөр гэртээ байж байтал манай хүргэн Ц.Б, манай охин О.С-ийн хамт ирээд хүүхдээ гэрт үлдээгээд буцаад явсан юм. Удалгүй охин маань утсаар залгаад осолд орсон талаар хэлж нөхөр бид хоёр тухайн газарт очиход машин нь хажуугаараа унасан байдалтай байсан, тухайн газар нь цагаан шавар, усгүй тэгш гадаргуутай байсан бөгөөд яаж байгаад машинаа унагаасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн ослоос болж миний охин О.С-ийн зүүн эгэм хугарч Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж, эгэм ясаа хадуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал);

8. Гэрч В.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Миний охин О.С утсаар залгаад машин уначихлаа, миний гар эвгүй болчихлоо өвдөөд байна гэж ярьсан. Тэгээд би эхнэр Н.О-ийн хамт тухайн газар очиход нөгөө машин хажуугаараа унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал);

9. Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ............... сумын ... дүгээр багийн нутагт орой 22 цагийн үед бэргэн эгч О.С надруу утсаар залгаад машин унасан талаар хэлсэн, би ... зам тээврийн осол гарсан газарт удалгүй ирэхэд машин нь хавиргаараа буюу жолооч талаараа унасан байдалтай байсан. Тухайн машины гадна ах Ц.Б, түүний эхнэр О.С нар зогсож байсан. О.С эгч зүүн гар эвгүй болчихлоо гээд гараа бариад байхаар нь тус багийн төвд байх гэртээ хүргэж ирээд буцаад машин дээр ирж, машиныг оосорлож татаад босгосон. Тэгээд би асааж унаад хашаанд оруулж тавьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал);

10. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал);

11. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн О.С-ийн нэр дээр нээсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 72-94 дэх тал);

12. Шүүгдэгч Ц.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заажээ.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.

Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт юм.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүндрүүлэн үзэхээр хуульд заажээ.

Шүүгдэгч Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дууссан, дахин эрхээ сэргээлгэж аваагүй болох нь хавтаст хэргийн 43 дахь талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.1-д “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь хуульд заасан журмын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээгүй байх тул шүүгдэгч Ц.Б-ыг зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.С-ийн эрүүл мэндэд учирсан “Зүүн эгэм яс дунд 1/3 хэсгээр сэлтэрхий үүсгэсэн, зөрөөтэй, далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5  дугаар сарын 31-ний өдрийн 253 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон буюу эрхгүй үедээ Увс аймгийн .......сумын ...багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-20” загварын улсын дугаартай автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч О.С-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх  дүгнэлээ.  

Иймд прокуророос Ц.Б-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул  шүүгдэгч Ц.Б-ыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч О.С нь “...Ц.Б нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг ирүүлсэн нь хавтаст хэргийн 100 дахь талд авагдсан байх тул түүнийг нотлох баримтаар үнэлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1.Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй  гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Ц.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ц.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж, шүүгдэгч Ц.Б танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Ц.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ц.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч Ц.Б оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж, түүнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА