Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2022/0006

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Д.Д

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Я.С,

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, 

              Гуравдагч этгээд: Б.С нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээд Б.С, түүний өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Д.Д нь “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Баярханы Сайрангүлийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Д.Д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засгаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах” нэхэмжлэлийн  шаардлагаар    маргаж байна.

             2. Нэхэмжлэгч  нь Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тооны тусгай шалгалтад орж 36 оноо авч, онооны дэс дарааллаар 2-т дугаар байранд орж тэнцжээ. Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолын холбогдох хэсгээр гуравдагч этгээд  Б.Сийг хамгийн өндөр оноо авсан үндэслэлээр маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

            3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж гомдлыг хангахаас татгалзсан хариуг  2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04/2238 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ “Миний бие Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сард зарласан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний   албан тушаалын тусгай шалгалтад оролцож 2 дугаар байр эзэлсэн. Уг албан тушаалын эхний байр эзэлсэн Цэнгэл сумын иргэн Б.С  нь байгаль шинжлэл, газар зүйн багшийн мэргэжилтэй ба уг албан тушаалын тусгай шалгалтад зөвхөн агрономич мэргэжилтэн хүн ажиллах ёстой.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл тухайн албан тушаалд  тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа зөвхөн ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхтэй Б.Сийг маргаан бүхий албан тушаалд дэвшүүлсэн асуудалд гомдолтой байна.

2/ Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сард гарсан 30 дугаартай маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба үүний хариуг Төрийн албаны зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №04/2238 дугаартай албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж өгсөн.

3/Маргаан бүхий албан тушаалд  томилогдохоор нэр дэвшигч Б.С нь Ховд их сургуулийг байгалийн шинжлэл, газар зүйн багшийн мэргэжлээр төгссөн, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Б.С нь ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид байгаль шинжлэл, дунд болон ахлах ангид газар зүйн хичээл заадаг ба түүний эзэмшсэн гэх мэргэжил 011 кодтой багшийн мэргэжил юм.

4/ Тухайн албан тушаалд “Хүнс хөдөө аж ахуй /081101-03/, жимс, ногооны ахуй /0812/, хүрээлэн буй орчин /052/ гэсэн шаардлага тавигдсан байгаа Д.Д миний хувьд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн тул ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Иймд зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

1/ “Нэхэмжлэлийн үндэслэл нь Д.Д Монгол Улсын иргэн, 2021 оны 02 дугаар сард явагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад өндөр оноогоор тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хөдөө аж ахуйн тасагт газар тариалан хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 3 дугаар сараас түр хугацаагаар ажиллаж эхэлсэн. Тухайн орон тоо сул орон тоо байсан. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сард уг албан тушаалын тусгай шалгалт зарласан. Тусгай шалгалтад Д.Д бүртгүүлэн 2 дугаар байр эзэлсэн.  Уг албан тушаалын эхний байр эзэлсэн Цэнгэл сумын уугуул иргэн Б.С нь байгалийн шинжлэл, газар зүйн багш мэргэжилтэй. Аливаа нэг мэргэжлийг 4 жил суралцсаны үндсэн дээр бакалавр зэрэг олгодог. Уг албан тушаалд зөвхөн агрономич мэргэжилтэй хүн ажиллах ёстой.

2/ Гэтэл Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхтэй хүнийг нэр дэвшүүлсэн асуудалд гомдолтой байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалаар баталсан. Уг тушаалаар боловсролд 011 гэсэн кодыг өгсөн. Нарийвчилсан чиглэл 0114 багш мэргэжлийн багш, математикийн боловсрол, багш, байгаль ухааны боловсрол, багш, нийгмийн ухааны боловсрол, багш, урлагийн боловсрол гэх мэт хөтөлбөрийн нэр индексийг заасан. Б.Сийн мэргэжил багш, байгалийн ухааны боловсрол гэдгээр явж байгаа учраас 011 гэсэн код тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан 2019 оны 40 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар тухайн маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтын мэргэжил гэсэн хэсэгт хүнс хөдөө аж ахуй /081101-03/, жимс ногооны аж ахуй /0812/, хүрээлэн буй орчин /052/ гэсэн 3 мэргэжил шаардаж байна.

Мэргэжил нь хөдөө аж ахуйн салбарын мэргэжил сургалтад хамрагдсан бол давуу тал болно, туршлага мэргэжлээр ажилласан бол давуу тал болно гэж байна. Эдгээр 3 шаардлагыг Д.Д бүрэн хангаж байна. Хариуцагчаас 052 хүрээлэн буй орчин гэдгээр бүртгэсэн гэж хариу тайлбар ирүүлсэн. Тухайн мэргэжлийн хэсэгт заасан 052 код хүрээлэн буй орчин гэдэгт байгаль шинжлэл, газар зүйн багшийн мэргэжил хамаарахгүй гэж үзэж байна.

3/ Иймд багш мэргэжилтэй хүнийг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл ажил байдлын тодорхойлолтын мэргэжил хэсэгт заасан газар зүй байгаль шинжлэл, газар зүй гэсэн хэсгийг үндэслэн Б.Сийг бүртгэж, шалгалтад оруулсан нь журам, зааврыг зөрчиж байна. Тийм учраас газар зүй байгаль шинжлэл гэсэн багш мэргэжилтэй хүнийг 011 кодоор эрэмбэлэгдэг ёстой байтал 052 кодоор оруулж, багш хүнийг хөдөө аж ахуйн газар тариалан бэлчээр хариуцсан мэргэжилтнээр нэр дэвшүүлж байгаа нь хууль бус. Д.Д 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар тус зөвлөлд гомдол гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5.Хариуцагч  Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл хариу тайлбартаа:

1/ “Томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн сул орон тоог хянаж үзээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар албан бичгээр Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, сул орон тоо гарсан шийдвэр, зарын хуудас зэргийг бүрдүүлэн, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, улмаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тусгай шалгалт зохион байгуулахаар сайтад нээлттэй зарласан болно.

2/ Шалгалтын комисс 2021 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэдийн материалыг “Төрийн албаны цахим шалгалтын систем”-д  зарлагдсан тухайн албан тушаал бүрээр хянаж баталгаажуулсан. Нийт 24 ажлын байранд 75 иргэн бүртгүүлэхээр материал ирүүлж, 20 ажлын байранд 60 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн. Маргаан бүхий Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 3 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн байгаа.

3/ Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор батлах зөвшөөрөл эрх олгосны дагуу Цэнгэл сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/18 дугаартай тушаалаар Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд бүх сумдын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт нь нэг жишиг загвараар батлагдсан юм.

4/ Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Хүнс, хөдөө аж ахуй /081101-03/, Жимс, ногооны аж ахуй /0812/, хүрээлэн буй орчин /052/” шаардлага тавигдсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэнчлэн зөвхөн агрономич мэргэжилтэй байх шаардлага тавигдаагүй билээ.

5/ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар иргэн Д.Дийн гомдлыг хэлэлцэж, шалгалтын комиссоос Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалаар баталсан бакалаврын мэргэжлийн индексийг баримталж, Газарзүй, Байгаль шинжлэлийн мэргэжил нь тухайн албан тушаалын мэргэжил хэсэгт заасан мэргэжлийн индекс “Хүрээлэн буй орчин /052/” гэсэн төрөлжсөн чиглэлд хамаарна гэж үзээд иргэн Б.Сийг бүртгэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болно. Учир нь, дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөгдөх бакалаврын мэргэжлийн чиглэл, индексийг 2014 онд шинэчлэн баталсан байх ба иргэн Б.С нь мэргэжлийн индекс батлагдахаас өмнө буюу 2007-2011 онд суралцаж төгссөн байна.

6/Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод  нарийвчилсан чиглэл, хөтөлбөрийн нэрээр нарийн асуугаагүй байсан тул газар зүй, байгаль шинжлэл мэргэжлийн нэршил нь “Хүрээлэн буй орчин /052/” гэх мэргэжлийн чиглэлд хамаарна гэж үзсэн. Мөн газар зүй, байгаль шинжлэл мэргэжлээр суралцаж төгссөн нь тухайн иргэний бакалаврын диплом дээр бичигдсэн байсан тул бүртгэж, иргэн Б.Сийг тусгай шалгалтад оролцох боломжийг нь хангасан байна.

7/ Туслах түшмэлийн албан тушаалын тусгай шалгалт нь тухайн албан тушаалд хамаарах хууль эрх зүйн мэдлэг /30 оноо/, монгол хэл бичгийн чадвар /20 оноо/ гэсэн 2 төрлөөр цахим хэлбэрээр зохион байгуулагдах ба дээрх хоёр шалгалтын дүнгээр иргэн Б.С 46 оноо, Д.Д 36 оноо, Е.Ахерке 28 оноо тус тус авч өндөр оноо авсан Б.Сийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлсэн. Д.Д нь тухайн үед тусгай шалгалтад бүртгүүлж, тухайн албан тушаалд өрсөлдөх боломжийг нь хангасан, тусгай шалгалт зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба өндөр оноо авсан иргэн нэр дэвшсэн тул Д.Дийн эрх ашиг нь хөндөгдөөгүй байна” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

1/ “Төрийн албаны зөвлөлөөс ямар мэргэжилтэй хүмүүс ажиллаж болохыг зааж өгсөн болохоор “хүрээлэн буй орчин” гэсэн мэргэжилд хамаарах мэргэжилтэй хүмүүсийг бүртгэсэн. Д.Д шалгалт явагдаад дууссаны дараа гомдол гаргасан. Д.Дийн гомдлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд шалгалтын комиссоос Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалаар баталсан бакалаврын мэргэжлийн индексийг баримталж, газар зүй, байгаль шинжлэлийн мэргэжил нь тухайн албан тушаалын мэргэжил хэсэгт заасан мэргэжлийн индекс “Хүрээлэн буй орчин /052/” гэсэн төрөлжсөн чиглэлд хамарна гэж үзээд иргэн Б.Сийг бүртгэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.

2/ Тусгай шалгалтын цахим систем нь өмнөх жилүүдийн шалгалтуудыг бодвол бүх юм нь ил тод зарлагдаж, ил тод байршуулдаг болсон. Өмнө нь бид нар тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар гэсэн хэсгүүдийг тухайн зар дээр тавьдаг байсан бол энэ удаагийн 2021 оны шалгалтуудад тухайн албан тушаалын тодорхойлолтыг тэр чигээр нь скайнердэж хавсаргаж өгч байна. Албан тушаалын тодорхойлолтыг тухайн шалгалт өгөх хүмүүс өөрсдөө татаж аваад бүртгэгдээд явж байна. Мөн шалгалтад 3 хүн бүртгүүлсэн гэхэд сонгон шалгаруулах комисс бүртгүүлсэн иргэдийн материалтай танилцсаны дараа тухайн иргэдийг баталгаажуулна. Тухайн албан тушаалд хэн хэн бүртгүүлсэн, хэдэн оноо авсан гэдэг нь бүгд ил тод цахим хуудсанд байршуулдаг болсон. Б.С юм уу, эсвэл бусад хүний мэргэжил нь харагдахгүй” гэв.

6. Гуравдагч этгээд  Б.С хариу  тайлбартаа:

1/ “Миний бие 2011 онд Ховд их сургуулийн Байгалийн ухааны факультетийг газар зүй, байгаль шинжлэлийн мэргэжлээр суралцаж, бакалаврын зэрэгтэй төгсөж, D201105496 дугаартай диплом авсан. Дараа нь мөн сургуульд 2013 онд магистрийн зэрэг хамгаалж, E20132226 дугаар диплом авсан юм.

2/ Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоо гарч, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс уг орон тоог нөхөх зорилгоор нээлттэй сонгон шалгаруулах шалгалт зарласан миний бие уг сонгон шалгаруулалтад  оролцож эхний байрт орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Сийг нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолоор  нэр дэвшүүлснээр Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай Б/23 дугаар тушаалаар бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

3/ Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 40 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын III дахь хэсгийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэснээс үзвэл “хүрээлэн буй орчин” мэргэжилтэн хүн бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр ажиллах боломжтой байна. Миний эзэмшсэн мэргэжил “хүрээлэн буй орчин”-д хамаардаг юм.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч  тайлбартаа:

1/ “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны  тухай хуулийн 5 дугаар бүлэгт төрийн албан тушаалд тавигдах шаардлага гэсэн бүлэгт төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага болон тусгай шаардлага ямар байх ёстой гэдгийг дэлгэрэнгүй заасан. Үүнээс үзэхэд, Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх гэх мэтчилэн эрэмбэлэгдээд явдаг. Төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэл буюу гүйцэтгэх албан тушаалын ажлын байранд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг Төрийн албаны төв зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолтын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 40 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг боловсруулаад баталсан байна. Уг албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар хэсэг болох албан тушаалд тавигдах шаардлага гэсэн хэсэгт хүрээлэн буй орчны чиглэлээр төгссөн Монгол улсын иргэн уг орон тоонд ажиллах боломжтойгоос гадна энэ албан тушаалын тодорхойлолтын мэргэжил, туршлага гэсэн хэсгээс үзэхэд, ямарваа нэгэн тусгай шаардлага тавигдаагүй байна. Миний үйлчлүүлэгч 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ховд их сургуулийн Байгалийн ухааны факультетийг газар зүй, байгаль шинжлэлийн мэргэжлээр суралцаж төгссөн.

2/ Миний үйлчлүүлэгч энэ мэргэжлээр төгссөнийг нэхэмжлэгч тал буруу тайлбарлаж байна. Аливаа их сургууль дотроо маш олон салбар сургууль, факультеттэй байдаг. Байгалийн ухааны факультет төгссөн хүнийг яаж боловсролын сургууль төгссөн мэтээр тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Бид нар үүнийг Ховд их сургуулиас олгосон тодорхойлолттой харьцуулан ойлгох ёстой.

Жишээлбэл, Б.С газар зүй, байгаль шинжлэлийн мэргэжлээр төгссөн хүн ямар ямар салбарт ажиллах боломжтой вэ гэдгийг тухайн Ховд их сургуулийн тодорхойлолтын агуулгаас үзэхэд нилээн олон салбарт ажиллах боломжтой гэдэг нь харагдаж байна. Энэ талаар хэлсэн нэхэмжлэгч талын тайлбар бүхэлдээ үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч 2011 онд суралцаж байхдаа хүрээлэн буй орчны чиглэлээр суралцаж төгссөн гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа буруу нотлох баримтын хүрээнд тайлбарлаж байна. 2014 оны Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Мэргэжлийн индекс, шинэчлэн батлах тухай” тушаал болон албан тушаалын тодорхойлолттой холбон тайлбарлаж байна.

3/  Миний үйлчлүүлэгч 2021 оны 9, 10 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс зарласан тусгай шалгалтад зохих журмын дагуу бүртгүүлээд онооны дэс дарааллаар эхний байранд шалгарсан. Тухайн шалгалтыг зохион байгуулсан Төрийн албаны салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл, үнэлгээний хуудас бүгд нотлох баримтаар авагдсан. Эдгээр тэмдэглэл, үнэлгээний хуудас бүгд хүчинтэй байна. Тиймээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Сийг нэр дэвшүүлэх тухай” 30 дугаар тогтоол гарсан байна. Тухайн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхгүй. Миний үйлчлүүлэгч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

4/ Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал хүчинтэй нөхцөлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ маргаан бүхий 30 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэнэ. Нэхэмжлэгч тусгай шалгалтаас 2 дугаар байр эзэлсэн гэж байна. Гэхдээ маргаан бүхий тогтоол хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэх боломжгүй. Төрийн албаны зөвлөлийн тэмдэглэл, үнэлгээний хуудас болон бусад бүх шийдвэрүүд ер нь захиргааны актын шинжтэй. Захиргааны актын шинжтэй шийдвэрүүдэд ямар нэгэн байдлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж маргаагүй. Одоо нэхэмжлэл гаргасан ч хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацаа дууссан. Зөвхөн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлын хүрээнд ярих юм бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. 30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо гэж бодоход шууд 2 дугаар байр эзэлсэн хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн ойлголт байхгүй.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан  “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Баярханы Сайрангүлийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Дамысбекийн Данишийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тооны албан тушаалын тодорхойлолт,  сул орон тоо гарсан шийдвэр, зарын хуудас зэргийг хариуцагчаас Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр тухайн албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст нээлттэй зарласан.

3. Уг сул орон тооны тусгай шалгалтад нөөцөд байсан нэхэмжлэгч, гуравдагч этгээд, Е.Ахерке нар бүртгүүлэн орж,  шалгалтын үр дүнгээр гуравдагч этгээд  46 оноогоор 1-д, нэхэмжлэгч  36 оноогоор 2 -т, Е.Ахерке   28 оноогоор 3-т орж тус бүр нь тэнцжээ.

4. Улмаар хариуцагч нь шалгалтын үр дүнг үндэслэн хамгийн өндөр оноо авсан гуравдагч этгээдийг маргаан бүхий сул орон тоонд томилуулахаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тогтоолын холбогдох хэсгээр нэр дэвшүүлсэн, уг тогтоолыг үндэслэж Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь  2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалын холбогдох хэсгээр  томилох шийдвэрийг гаргажээ.

5. Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар, нутгийн захиргааны байгууллагуудын туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоонд бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэдийн жагсаалт, хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газарт хүргүүлсэн  2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар “Тусгай шалгалтын дүнгийн тухай”  албан бичиг, хавсралтын хамт, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар-ТШ/202102 “Төрийн албаны тусгай шалгалт явуулсан тухай тайлан”, Төрийн жинхэнэ албан тушаалын үнэлгээний хуудас, гуравдагч этгээдийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол, уг албан тушаалд томилсон эрх бүхий этгээдийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус  тогтоогдож байна.

6. Хэргийн оролцогчид нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.

7. Харин нэхэмжлэгчээс “... гуравдагч этгээд нь албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэг”-т заасан  “мэргэжил” хэсгийг хангахгүй, багш мэргэжилтэй хүн ажиллах ёсгүй” гэж маргажээ.

8. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн  23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”,  23.4-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж заасан.

9. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 40 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар хүргүүлсэн зөвшөөрлийг үндэслэж  томилох эрх бүхий этгээд нь 2019 оны А/18 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар /хх 67-70 дугаар хуудас/ баталсан байх ба уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Хүнс хөдөө аж ахуй/081101-03/, жимс ногооны аж ахуй /0812/, хүрээлэн буй орчин /052/” гэж заажээ.

10. Маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/78 дугаар тушаалын хавсралтад заасан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс”-ийг  үндэслэж боловсруулан баталсан байна.

11. Харин гуравдагч этгээд нь дээрх тушаал батлагдахаас өмнө буюу  2007 оноос 2011 онд Ховд их сургуулийн байгалийн ухааны факультетийг бакалаврын D 201105496 дугаар дипломоор /хх 95 дугаар хуудас/ газар зүй байгаль шинжлэлийн мэргэжлээр суралцан төгсөж,  түүнд газар зүй байгаль шинжлэлийн багш бакалавр зэрэг олгогджээ. Мөн бакалаврын дипломын хавсралтын /хх 96 дугаар хуудас/ мэргэжлийн индекс хэсэгт D 142600, мэргэшил хэсэгт газар зүй-байгаль шинжлэл гэж тусгагджээ.

12. “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс”-ийн байгалийн шинжлэх ухаан, математик, статистикийн ерөнхий чиглэлийн  төрөлжсөн чиглэлд “хүрээлэн буй орчин /052/” гэж,  уг  төрөлжсөн чиглэлийг  “хүрээлэн буй орчин судлал”,  “байгалийн шинжлэл” гэж нарийвчилсан чиглэлээр 2 хуваажээ.  

Гуравдагч этгээдийн дээд боловсрол эзэмшсэн дипломд зааснаар тэрээр   “газар зүй байгалийн шинжлэл” мэргэжил эзэмшсэн, уг “байгалийн шинжлэл”  мэргэжил нь “хүрээлэн буй орчин” төрөлжсөн чиглэлд хамаарч байх тул  түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, “албан тушаалын тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг гуравдагч этгээд хангасан” гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

13. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” нөхөх  журмын дагуу  зохион байгуулсан тусгай  шалгалтад орсон  иргэдээс хуулиар тогтоосон шаардлагыг хангаж, чадахуйн зарчмын дагуу хамгийн өндөр оноо авсан гуравдагч этгээдийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн  хариуцагчийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг”, 25 дугаар зүйлийн 25.1-т  “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэсэнтэй тус тус нийцсэн байх тул  уг   шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албад ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй  байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,  25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Данышаас Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 дугаартай тогтоолын Баярханы Сайрангүлийг бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалын тусгай шалгалтад 2 дугаар байр эзэлсэн Дамысбекийн Данишийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засгаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг даалгах “шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША