Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 38

 

Б.Ч-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01042/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Д-т холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэгт  65.610.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч С.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ч-гээс:

...2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч С.Д-т 15.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6.0% хүүтэй ашиг олохоор зээлдүүлж хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5% алданги тооцохоор гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч одоо болтол зээл болон зээлийн хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Хариуцагч С.Д-т зээл, зээлийн хүүгээ төлөх талаар удаа дараа уулзаж, утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч цаг хугацаа авч, худлаа хэлсээр өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч С.Д-т зээлүүлсэн үндсэн зээлийн мөнгө болох 15.000.000 төгрөг, түүний хүү болох 28.740.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 21.870.000 төгрөг, нийт 65.610.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуунаас:

 ...Хөөн хэлэлцэх хугацаанд дээрх үүрэг хүлээгч зээлдэгч С.Д-  2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд гэрээний нөхцөлөө бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн мөнгө хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа.  2015 оны 08 дугаар сарын 21-нд иргэн С.Д- 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Ч-гээс 15.000.000 төгрөг авсан бөгөөд зээл, зээлийн хүү төлөгдөөгүй байгаа нь үнэн болно, 2016 оны 3 дугаар сард зээлээ бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байгаа. Энэ тайлбар нь өөрөө хариуцагч буюу зээлдэгч тал нь зээлээ бүрэн төлж дуусахаар бичгээр баталгаажуулсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар хамгийн сүүлд өгсөн тайлбараар хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй. Миний бие эхнэрээ төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан, зээлдэгч тал мөнгө хүлээлгэн өгсөн өдрөөс үүрэг дуусгавар болж харин зээлдэгч тал зээл хүлээн авсан тухайн өдрөөс эхлэн зээлдүүлэгч талд үүрэг хүлээж эхэлсэн ба үүргээ нотолсон тайлбар гаргасан, тухайн өдөр эхнэр ажилтай байсан тул би төлөөлж зурсан, энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр, хүү, алдангиа төлөөгүй гэх нэхэмжлэл 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хоёрдугаарт зээлийн гэрээнд Б.Ч-, С.Д-той байгуулсан гэх боловч Б.Ч-гийн оронд Баатарчулуун гарын үсэг зурсан байдаг. Энэ нь гэрээ байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад хүү тооцох гэрээг бичгээр байгуулна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг зөрчсөн, хууль ёсны зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдсан материалд байхгүй байхад гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээл 15.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, тохирсон хүүд 7.560.000 төгрөг, алданги 11.730.000 төгрөг, нийт 35.190.000 төгрөгийг хариуцагч С.Д-оос гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, 30.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк, төрийн сангийн 100190000941 тоот дансанд тушаасан 486.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлбөл зохих 333.900 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч С.Д-оос гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

...Зээлийн гэрээнд зээлдүүлэгч Б.Ч-гийн гарын үсгийг нөхөр болох П.Баатарчулуун зурсныг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээ байгуулахад иргэн Б.Ч- нь нөхөр П.Баатарчулуунд өөрийг нь төлөөлж гэрээнд гарын үсэг зурах талаар итгэмжлэл, зөвшөөрөл өгөөгүй мөн тэдний гэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт хавсрагдаагүй байхад шүүх хуралдааны явцад энэ 2 нь гэр бүлийн хүн мөн гэж үзэж нотлох баримтыг дутуу үнэлж гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн мэт дүгнэсэн. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугласан нотлох баримтыг бүх талаас нь үнэлж, дүгнэн шийдвэрээ хуульд нийцүүлэн үнэн зөв гаргах ёстой. 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ нь хөөн хэлэлцэх, хугацаа дууссан байхад хавтаст хэрэгт авагдсан С.Д-ийн гаргасан гэх бичмэл тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагыг хангаагүй байхад энэ баримтыг үндэслэн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болжээ. Ямар ч тамга тэмдэггүй нотлох баримтыг шаардлага хангаагүй зээлийн тооцоолол бүхий материалыг хавтаст хэрэгт хавсаргасан байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэн их хэмжээний мөнгө төлүүлэх шийдвэр гаргасан нь хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Шүүх хуралдааны явцад П.Батчулуун гэрээнд гэр бүлийн хүнээ төлөөлж гарын үсэг зурсан, ямар ч зөвшөөрөл аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэл болон гэрээнд зурсан гарын үсэг илтэд зөрүүтэй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь алдаатай байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  Б.Ч-  хариуцагч  С.Д-т холбогдуулан  зээлийн  гэрээний үүрэг  үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү  28.740.000 төгрөг, алданги  21.870.000 төгрөг  нийт  65.610.000 төгрөг  гаргуулах  шаардлага  гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Анхан шатны шүүх   зохигчдын хооронд  зээлийн гэрээний харилцаа  үүссэн, талууд харилцан тохиролцож  хүү  тогтоосон,  алданги  тооцохоор  гэрээнд  тусгасан, мөнгөн төлбөрийн  үүргээ биелүүлээгүй  хугацааны  хүүг тус тус   хариуцагчаас  гаргуулах үндэслэлтэй гэж  дүгнэн  нэхэмжлэлийн  шаардлагаас  35.190.000 төгрөгт  холбогдох хэсгийг хангаж, 30.420.000 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэжээ.

            Шүүх  хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн  222.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн  116.3-т заасан  “Шийдвэр гаргахдаа  анхан  шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр  гаргана гэснийг  зөрчсөн алдаа  гаргасныг давж заалдах шатны шүүхээс  шийдвэрт өөрчлөлт  оруулах журмаар залруулах нь хуульд харшлахгүй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч  нь  зээлийн гэрээний  үүрэгтэй холбогдуулж гаргасан  шаардлагаа  нотолж  “Зээлийн гэрээ”  \хх-4 дүгээр тал\ ,  тайлбар \хх-5 дугаар тал\ -ыг  ирүүлжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх  хоёр нотлох баримтын  “Зээлийн гэрээ”-г  хүчин төгөлдөр бус  гэрээ,  Б.Ч-гийн  өмнөөс  П.Баатарчулуун төлөөлөх эрхгүй байж  гарын үсэг зурсан, гэрээтэй холбоотой  шаардлага  гаргах   хөөн хэлэлцэх хугацаа  дууссан  гэж  заажээ.

            Тус  зээлийн гэрээнд   оролцогч талуудаар   зээлдүүлэгч нь  Б.Ч-, зээлдэгч нь С.Д- гэж  тодорхойлсон, харин  зээлдүүлэгчийг төлөөлж  П.Баатарчулуун гарын үсэг  зурсан.  Төлөөлөх бүрэн эрхтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  боловч С.Д-  “... би Б.Ч-гээс  2014 оны 02 дугаар сарын  18-нд сарын 6%-ийн хүүтэй зээл авсан ...,  ...зээл, хүүгийн төлбөрийг  2015 оны 09 дүгээр сарын 21-нд бүрэн төлж барагдуулна”  гэж баталгаа гарган , 15.0 сая төгрөг хүлээн  авсанаа  илэрхийлсэн байх тул  Б.Ч- С.Д- нарын хооронд Иргэний хуулийн  281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,  282 дугаар зүйлийн 282.4-т заасан  зээлийн гэрээний  харилцаа  үүссэн   гэж үзнэ.

            Хариуцагч С.Д- нь гэрээгээр хүлээсэн  үүргээ биелүүлээгүй тул  нэхэмжлэгч Б.Ч-  шүүхэд нэхэмжлэлийн  шаардлага гаргах  нөхцөл бүрдсэн.

            Зохигчдын  хооронд үүссэн зээлийн гэрээний  шаардах эрх  Иргэний хуулийн  76 дугаар зүйлийн 76.1-т  зааснаар  2014 оны  03 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  хүртэл үргэлжилж, харин  С.Д-    2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  бүрэн төлж барагдуулна гэх баталгааг  гаргаснаар  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа  тасалдаж, 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар   хугацаа дахин шинээр  эхлэн тоолох  ёстой  ба  нэхэмжлэгчийг   хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж  үзэхгүй.

            Иймд  гэрээгээр тохирсон  үндсэн зээл  15.000.000 төгрөг , нэг сарын хүү  900.000 төгрөг нийт 15.900.000 төгрөгийг  хариуцагч С.Д-оос   гаргуулах  үндэслэлтэй, алданги гаргуулах  талаар  Б.Ч-тэй  тохирсон гэж  үзэхээргүй байх  тул  алданги нэхэмжилсэн  шаардлагыг  хангах  боломжгүй.

            Талууд  хуульд заасан арга, хэлбэрээр  гэрээний сунгалт  хийгээгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй, гэрээнд  ИХ 222.5-сунгах гэж  дараа нь  өөр  өнгийн үзгээр  нэмж оруулсан нь  талуудын хүсэл зоригийн илэрхийлэл  биш  тул  хэтэрсэн хугацаанд тохирсон хүү  төлөх  үүрэг хүлээсэн  гэж үзэхгүйгээс гадна  нэхэмжлэгч  өөрөө  гаргасан   банкны  хүүгээр тооцсон тооцооллыг  шүүх нотлох баримтаар  үнэлсэн нь  учир дутагдалтай болжээ.

            Өөрөөр хэлбэл  банкны зээлийн хүүгийн талаарх албан ёсны мэдээлэл, баримтыг Б.Ч-  тодорхойлдог  эрх бүхий этгээд биш  бөгөөд  шүүх банкны  зээлийн дундаж хүү болох 2,8 хувийн хүүгээр  гэсэн дүгнэлт нь  хуульд  нийцээгүй байна.

            Дээрх  нөхцөл байдлыг харгалзан   анхан шатны шүүхийн шийдвэрт  зохих өөрчлөлтийг  оруулахаар  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх дүгнэлтийн хүрээнд  хангаж, бусад үндэслэл буюу  шүүхийн шийдвэр  болон нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгох  гомдлыг  хангах хуулийн үндэслэл  тогтоогдсонгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг,

“Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т  зааснаар  хариуцагч С.Д-оос   15.900.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-д олгож, Иргэний хуулийн  222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар  нэхэмжлэлээс  49.710.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.  гэж,  2 дугаар  заалтын  “...333.900...”  гэснийг  “...237.450...” гэж  тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 333.900  төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                         

                                   ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА       

                                   ШҮҮГЧИД                                                         Г.ДАВААРЕНЧИН                           

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ