Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/00168

 

2020 оны 01 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2020/00168 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах Б У М ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, яармаг 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Б овогт Г-ын Э /РД:00000000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,888,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагч Г. Э нар оролцож, нарийн бичгийн дарга Э.Оюундарь тэмдэглэл хөтлөв.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Б У М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б У М ХХК-иас тус шүүхэд холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Э 45,888,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу, гэрээний үлдэгдэл төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн шаардлагатай байгаа. Хариуцагчийн зүгээс энэ хугацаанд 22,400,000 төгрөг төлсөн, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Эцсийн байдлаар тооцоо гаргаж үзвэл, үндсэн зээлийн үлдэгдэл, 14,077,010 төгрөг, сар тутамд 4 хувийн хүү нь хуримтлагдаж явсаар 10,631,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь хуримтлагдаад 2,109,916 төгрөг, нийт 26,818,224 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анх гаргасан 45,888,000 төгрөгийн нэхэмжлэлээс зөрүү хэсгийг багасгаж, 26,818,224 төгрөгийг хариуцагч Г. Э-гаас гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад нэхэмжлэгч тал мөнгө төлсөн атлаа ийм үлдэгдэлтэй байгаа вэ гэхээр хариуцагч нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар, Б У М ХХК-ийн тооцооллоор ч тэр тодорхой хэмжээний мөнгийг сар бүр төлсөн гэхдээ энэхүү мөнгө нь хүүнд тооцогдож байсан. Хэдийгээр энэ зээлийн гэрээний хугацаа 6 сар боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэгэнт хариуцагч 6 сарын хугацаанд үндсэн зээлээ төлж чадаагүй учраас тэр хугацаанд хүү нь бодогдож байдаг. Энэ бол зах зээл бизнесийн зарчмаар мөнгө нь буцаж ирээгүй тул хүү нь бодогдох нь Банк бус санхүүгийн байгууллагын хувьд хуулийн дагуу боломжтой. Тиймээс төлсөн 22,400,000 төгрөгийг хүүнд тооцогдоод суутгагдсан байна. Үндсэн төлбөрөөс 2,923,000 төгрөг хасагдаад 14,077,000 төгрөг, түүнээс тооцогдох хүү нь 10,631,298 төгрөг болсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийн хүү тооцогдоно гэдгийг хариуцагч ойлгох хэрэгтэй, Банк бус санхүүгийн байгууллага хуулийн дагуу шаардах эрхтэй байна. Тиймээс хариуцагчаас 26,818,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г. Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б У М ХХК-тай 6 сарын гэрээ байгуулж 17,000,000 төгрөг зээлсэн. 6 сарын хугацаанд хүү болон эргэн төлөлтөөсөө 3,000,000 төгрөг төлөөд, гэрээний хугацаа дууссан. Би 17,000,000 төгрөгөө төлж барагдуулна гээд яваад, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мөнгөө төлж байсан. Энэ мөнгөө бодохоор үндсэн 17,000,000 төгрөгөө төлөөд дууссан байгаа. Гэрээний 6 сар дуусаад бид нарын хооронд дахин байгуулсан гэрээ байхгүй. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр миний зээлийг хаагаад барьцаа хөрөнгийг буцааж өгсөн. Тэгээд би боллоо гэж бодсон. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б У М ХХК нь хариуцагч Г. Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,888,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 19,069,780 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үлдэх 26,818,220 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б У М ХХК ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Хариуцагч 6 сарын хугацаанд үндсэн зээлээ төлж чадаагүй учраас тэр хугацаанд хүү нь бодогдоно. Тиймээс хариуцагчийн төлсөн 22,400,000 төгрөг хүүнд тооцогдоод суутгагдсан. Иймд үндсэн үүрэг 14,077,010 төгрөг, сар тутамд 4 хувийн хүү 10,631,298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,109,916 төгрөг, нийт 26,818,220 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Г. Э ... 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөг зээлсэн маргахгүй. Уг зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүүнд нийт 22,400,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр миний зээлийг хаагаад үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж барьцаа хөрөнгийг чөлөөлсөн тул үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ЗГ000000 дугаар Зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдрөө №БГҮ150072001 дугаар барьцааны гэрээ байгуулан Тоёота Алфард маркийн, УБО-0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд бариулсан үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 6-7/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээ байгуулжээ. /х.х-ийн 6/

 

Мөн Зээлийн гэрээний 5-д Гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байхаар харилцсан тохиролцсон агуулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх ба нэхэмжлэгч Б У М ХХК зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү авах талаар тохиролцоогүй байна. Банк бус санхүүгийн байгууллага Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулж болохгүй гэсэн хориглосон зохицуулалт байхгүй тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулснаас хойш зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул хүү шаардах эрхээ алдсан байна.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдснээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно гэж заасан байна. Нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхээ үнэнч шударгаар хэрэгжүүлэлгүй, 4 жил буюу 60 сарын хүү нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд зээлдэгчийн эдийн засгийн байдлыг дордуулж байгаа нь гэрээний тэгш байдал, өмчийн халдашгүй байдлыг зөрчихөөс гадна шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ЗГ15072001 дугаар Зээлийн гэрээний дагуу 22,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г. Э-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,818,220 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б У М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 387,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ