| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0124/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/127 |
| Огноо | 2023-06-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын Ч холбогдох эрүүгийн 2335000000138 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, …оны …дүгээр сарын…-ны өдөр Увс аймгийн ......... суманд төрсөн, …настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ...сумын …дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Б-ын Ч, регистрийн дугаар:...........;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сард Увс аймгийн …сумын ...дүгээр багийн нутаг …-ын эхэн хэсэг гэх газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн 1.0734 м.куб улиас модыг бэлтгэж, ЗИЛ-130 загварын …..УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 548.277 (таван зуун дөчин найман мянга хоёр зуун далан долоо төгрөг) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэг: “Шүүгдэгч Б.Ч нь Увс аймгийн ...........сумын дүгээр багийн нутагт ..-ын эхэн хэсэг ..... гэх газраас 2022 оны 10 дугаар сард иргэн Н.Н эзэмшлийн ….УВА улсын дугаартай Зил-130 маркийн автомашинаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар 1.0734 м.куб улиас модыг бэлтгэн тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 548.277 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Ч-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-130 загварын …. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг аварга хөрөөг түүнийг эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгчээс үнийг гаргуулах, мөн хууль бусаар бэлтгэсэн модоор малын хашаа барьсан тул түүний үнэ гаргуулах саналтай” гэх дүгнэлтийг,
2. Иргэний нэхэмжлэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.Ч тухайн үед зөвшөөрөл авсан тул мод ачаад өг гэж хэлэхээр нь машинаараа ачиж өгсөн. Түүнийг зөвшөөрлөөс хэтрүүлж мод бэлтгэж тээвэрлэж байгаа талаар мэдээгүй. ЗИЛ-130 загварын .. УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх учраас буцаан олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Эрүүгийн 2335000000138 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө /мод/ битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 5-18 дахь тал);
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн ….сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар иргэдэд мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн ба тухайн захирамжийн хавсралтаар иргэн Б.Ч-д 3 м.куб улиас мод бэлтгэх хэрэглээний эрх олгогдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал);
3. Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/26 дугаартай түр албан тушаалтан томилох тухай захирамжаар улиас мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд олгож байсан. Тэр үед Б.Ч-ийн нэр сумын Засаг даргын захирамжийн хавсралтад заагдсан байсан тул 3 м.куб улиас мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн үед сумын иргэд улиас мод бэлтгэх газар гэж тусгаарлалтанд заагдсан талбай болох …сумын ... дүгээр багийн нутгаас мод бэлтгэхээр бичиж байсан. Сумын Засаг даргын захирамжаар нэг иргэнд 3 м.куб мод олгохоор заасан байсан тул уг захирамжийн дагуу би бичиж өгч байсан. Эрхийн бичиг авсан иргэдэд 3 м.куб гэж баримжаагаар 1 портер мод болох талаар иргэдэд ойлгуулж хэлж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);
4. Гэрч Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Б.Ч 2022 оны 10 дугаар сард …сумын 1 дүгээр багийн нутаг ……дагуу газраас улиас мод бэлтгэсэн. Тухайн үед Б.Ч улиас мод бэлтгэх эрхийн бичиг сумаас авсан талаар хэлж хамт яваад бэлтгээд өг гэж гуйхаар нь би өөрийн эзэмшлийн …УВА улсын дугаартай ЗИЛ-130 маркын автомашинаар 1 удаа ачиж авч ирсэн. Тэр үед Б.Ч, түүний төрсөн дүү Б.Ч хадам аав Ж. Б бид нар явсан бөгөөд нэг машин мод бэлтгэж ….сумын ….дугаар багийн нутагт ….гэх газар байрлах өвөлжөөнд буулгасан. Тэгээд уг модноос малын хашаа барьж үлдсэн моднуудыг ... сумын 3 дугаар багийн нутаг ‘’...’’ гэх газар байрлах өвөлжөөний малын хашаа байрны хана болон дээвэрт оруулж уг өвөлжөөг засварласан...", "...Тэр үед мод бэлтгэхдээ хадам аав Ж.Б-ийн эзэмшлийн төмөр хөрөө ашиглаж тайралт хийсэн. ", "...Тухайн үед Б.Ч улиас мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа, туслаад өг гэж хэлэхээр нь бид нар хамт явсан юм. Тэр үед хэдэн м.куб, ямар хэмжээний мод бэлтгэж болох талаар бид нарт ямар нэгэн албан тушаалтан, хүн хэлээгүй. Бид нар 3 м.куб мод гэж ямар хэмжээний мод болох ёстойг сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);
5. Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн ах Б.Ч, өвөлжөөг сэргээн засварлах, малын хашаа барих гэж 2022 оны 10 дугаар сард улиас мод бэлтгэх эрхийн бичиг сумаас авсан. Тэр үед ах намайг хамт явж бэлтгээд өг гэж гуйхаар нь …сумын дүгээр багийн нутаг "….." дагуу /нэрийг нь би сайн мэдэхгүй/ газраас улиас мод бэлтгэж Ж.Н-ын эзэмшлийн … УВА улсын дугаартай ЗИЛ-130 маркын автомашинаар 1 удаа ачиж "…." гэх газар байрлах өвөлжөөнд авч ирж буулгасан... 2023 оны 03 дугаар сарын эхээр бид нар өвөлжөөнөөсөө нүүж "……" гэх газар очиж намар бэлтгэсэн улиас модны хагасаар нь өвөлжөөг засварлаж малын байрны хана болон дээвэрт оруусан...", "...Тэр үед мод бэлтгэхдээ Ж.Б ахын эзэмшлийн төмөр хөрөө /аврага хөрөө/ ашиглаж тайралт хийсэн...", "...Тухайн үед Б.Ч улиас мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа, туслаад өг гэж хэлэхээр нь бид нар хамт явсан юм. Тэр үед хэдэн м.куб, ямар хэмжээний мод бэлтгэж болох талаар бид нарт ямар нэгэн албан тушаалтан, хүн хэлээгүй. Бид нар 3 м.куб мод гэж ямар хэмжээний мод болох ёстойг сайн мэдэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал);
6. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хүргэн Б.Ч ...2022 оны намар өвөлжөөний хашаа засварлах, малын хашаа барих зорилгоор сумаас улиас мод бэлтгэх зөвшөөрөл авахаар нь би тус болох гээд машиныг нь барьж "….."-ын эхэн хэсэг болох "......" гэх газар орчмоос улиас мод бэлтгэж "…”-ны өвөлжөөнд буулгасан. Тухайн үед Ж.Н-ын ЗИЛ-130 маркын машинаар 1 удаа ачсан бөгөөд Б.Ч, Б.Ч, Ж.Н бид нар хамт явсан. Тухайн үед бид нарын бэлтгэсэн модыг бүгдийг нь малын хашаа, байр засварлаж барихад ашигласан...", "...Тухайн үед миний эзэмшлийн төмөр хөрөө /аварга хөрөө/ ашигласан, гараар татаж модыг тайрсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-51 дэх тал);
7. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Мод бэлтгэх эрхийн бичиг авсан этгээд зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээг сумын удирдлага, сум дундын ойн ангитай байгуулдаг бөгөөд тухайн талбайгаас мод бэлтгээгүй, мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлсэн зэрэг үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж ойлгож Ойн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал);
8. Увс аймгийн …сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай "...Битүүмжилсэн мод нь Улиас мод байна. Тухайн мод нь нойтон хэрэглээний амьдрах чадвартай мод байна. Мод 4.0734 метр куб болж байна. Дээрх моднууд нь ахуйн хэрэглээнд бэлтгэсэн нойтон хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.080.635.7 /хоёр сая наян мянга зургаан зуун гучин таван/ төгрөг болж байна. 1.0734м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 548.277.7 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун далан долоо/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-63 дахь тал);
9. Б.Ч-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал);
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аварга хөрөө зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгч Ж.Н, шүүгдэгч Б.Ч нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход:
- Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сард Увс аймгийн сумын ..дүгээр багийн нутаг “…..”-ын эхэн хэсэг…..” гэх газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн 1.0734 м.куб улиас модыг бэлтгэж, ЗИЛ-130 загварын ….УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 548.277.7 (таван зуун дөчин найман мянга хоёр зуун далан долоо төгрөг, 7 мөнгө) төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ............ дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, хууль бусаар бэлтгэсэн мод, түүнийг тээвэрлэсэн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, гэрч Н.Н, Ж.Н, Б.Ч, Ж.Б нарын мэдүүлэг, ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн .......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ч-д Увс аймгийн …....сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар 3 м.куб улиас мод бэлтгэх ......... дугаартай эрхийн бичиг олгогдсон бөгөөд тэрээр нийт 4.0734 м.куб улиас мод бэлтгэсэн ба үүнээс 1.0734 м.куб улиас модыг зөвшөөрөлд зааснаас хэтрүүлж бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон байна.
Тодруулбал: Шүүгдэгч Б.Ч нь малын хашаа барих, засварлах зорилгоор Увс аймгийн сумын дүгээр багийн нутгийн дэвсгэрт байрлах “……”-ын ойгоос 3 м.куб мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу төлбөр хураамжийг нь төлсний үндсэн дээр гаргуулан авсан атлаа мод бэлтгэх ......... дугаартай эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, 1.0734 м.куб эзлэхүүнтэй мод бэлтгэсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чүлтэмийг 1.0734 м.куб модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 10 дугаар сард Увс аймгийн....... сумын дүгээр багийн нутаг “…….”-ын эхэн хэсэг “…..” гэх газраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн 1.0734 м.куб улиас модыг бэлтгэж, ЗИЛ-130 загварын…УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэснээр гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул Б.Ч-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Ч-ийн хууль, эрх зүйн зохих мэдлэггүй нөхцөл байдал, иргэдийг ойгоос мод бэлтгэхэд холбогдох мэргэжилтэн зохих журмын дагуу хяналт тавьдаггүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Увс аймгийн Увс аймгийн .......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч нь ойн сангийн 1 дүгээр мужид хамрагдах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “…..”-ын эхэн хэсэг “……” гэх нэртэй газрын ойгоос 1.0734 мерт.куб эзлэхүүнтэй, улиас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн нотлогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалаар 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах ойгоос бэлтгэсэн улиас улиангар модны 1 шоо.метр куб модны экологи, эдийн засгийн үнэлгээг 283.770 төгрөг, хэрэглээний модны итгэлцүүрийг 1.8 байхаар тус тус тогтоожээ.
Шүүгдэгч Б.Ч-ийн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.0734 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход 1.0734м3х283.770х1.8=548.277.7 төгрөг буюу шүүгдэгч Б.Ч-ийн ойн санд учруулсан бодит хохирлыг 548.277.7 (таван зуун дөчин найман мянга хоёр зуун далан долоо) төгрөгөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Ч-ийн ойн санд учруулсан бодит хохирол болох 548.277.7 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 1.644.833.1 (нэг сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин гурван мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ч шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт 1.644.831 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсэн нь Төрийн банкны шилжүүлгийн 2 баримтаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ч-ээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Чүлтэмийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Б.Чүлтэмийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-130 загварын ….УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнийг гаргуулж, улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг аварга хөрөөг эзэмшигчид нь буцаан олгож, хууль бусаар бэлтгэсэн модоор малын хашаа барьсан тул 1.07343 модны үнэ гаргуулах саналтай ” гэх дүгнэлтийг гаргав.
3. Шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
4. Иргэний нэхэмжлэгч Ж.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 119 дэх тал),
-Шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.644.831 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ч нь хувийн байдлын хувьд ......... онд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт Увс аймгийн ...........сумын ..............дугаар багт мал маллаж амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин 409-ээс дээш оноотой (хавтаст хэргийн 127 дахь тал), хувьдаа үл хөдлөх эд хөрөнгөгүй, УВА улсын дугаартай Toyota Probox маркын тээврийн хэрэгсэл, ….УВА улсын дугаартай Nissan Atlas маркийн тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх эд хөрөнгөтэй гэх хувийн байдлууд тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
6. Иймд шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Ч нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн, хууль бусаар 1.0734 м.куб улиас модыг бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул уг модыг гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэж, хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр байна.
Гэвч шүүгдэгч Б.Ч нь 3 м.куб улиас мод бэлтгэх .......... дугаартай зөвшөөрлөөр Увс аймгийн ........сумын ........ дүгээр багийн нутагт байрлах “….”-ын эхэн хэсэг “…..” гэх нэртэй газрын ойгоос 4.0734 м.куб улиас мод бэлтгэж, 1 малын хашаа барьж, 1 малын хашаа засварласан байх тул уг малын хашаанаас хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн гэх 1.0734 м.куб улиас модыг ялган хураан авч, улсын орлогод оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд мөрдөн байцаалтын шатанд экологи, эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр 1.0734 м.куб модны үнэ 548.277 төгрөг болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Ч-ийг гэмт хэрэг үйлдэж, 1.0734 м.куб мод буюу 548.277 төгрөгийн ашиг олсон гэж үзэж, шүүгдэгч Б.Ч-ээс хууль бусаар олсон хөрөнгө орлого болох модны үнэ 548.277 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч-ийн хууль бусаар бэлтгэсэн 1.0734 м.куб улиас модыг тээвэрлэсэн ЗИЛ-130 загварын …УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ж.Н-ын эзэмшлийнх болох нь шүүгдэгч Б.Ч, гэрч Б.Ч, Ж.Б, иргэний нэхэмжлэгч Ж.Н нарын мэдүүлэг болон Увс аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 210 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлгдож байх тул “ЗИЛ-130” маркийн …УВА улсын улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч Ж.Н буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ч-ийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж, Б.Ч-ийн хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн аварга хөрөө 1 ширхгийг улсын орлогод оруулж, “ЗИЛ-130” маркийн ….УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Б.Ч нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 548.277 (таван зуун дөчин найман мянга хоёр зуун далан долоо) төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, гэмт хэргийн хор уршигт 1.644.831 (нэг сая зургаан зуун дөчин дөрөв мянга найман зуун гучин нэг) төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ч-ээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх хохирол хор уршиггүйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-ээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 1.0734 м.куб модны үнэ 548.277 (таван зуун дөчин найман мянга хоёр зуун далан долоо) төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл буюу энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 15.000 (арван таван мянга) төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аварга хөрөөг тус тус улсын орлогод оруулж, Б.Ч-ийн хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэхэд ашигласан “ЗИЛ-130” маркийн .......УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч Ж.Н-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 (хоёр сая) төгрөгийг шүүгдэгч Б.Ч-ийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод тус тус оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА