| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/128 |
| Огноо | 2023-06-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ж-ын Б холбогдох эрүүгийн 2335000000129 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, …оны...дүгээр сарын …-ний өдөр Увс аймгийн .......суманд төрсөн, …настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын .... дугаар багийн...... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Ж-ын Б, регистрийн дугаар: ....................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 1 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр Увс аймгийн ........сумын ….багийн нутаг “…..”гэх газраас зөвшөөрөлгүйгээр 0.5038 м.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн, улмаар 2023 оны 3 дугаар сарын эхээр УАЗ пургон маркийн …УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ..........сумын .... дугаар багийн нутагт байрлах өөрийн хашаа руу тээвэрлэсний улмаас байгаль, экологи эдийн засагт 517.094 (таван зуун арван долоон мянга ерэн дөрөв) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэг: “Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн .......сумын багийн нутаг “…..” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.5038 м.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж тээвэрлэн, УАЗ пургон загварын..... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 517.094 (таван зуун арван долоон мянга ерэн дөрөв) төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Ж.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ Пургон загварын .... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөө,1 ширхэг сүхийг улсын орлого болгох, хохирлыг нөхөн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Ж.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийн талаар гэм буруугийн маргаангүй оролцож байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Ж.Б-ийн хувьд өөрийн оюутан хүүд гэр барьж өгөх зорилгоор дээрх модыг хууль бусаар бэлтгэсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг 3 нугалж төлөхөөс зарим хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. УАЗ пургон машин 2.150.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Байгаль орчны тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар 3 дахин төлөгдөх хохиролд УАЗ пургон автомашиныг зарагдсан үнийн дүнгээс гаргуулах нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар УАЗ пургон машины хохирлоос үлдэгдэл 1.034.188 төгрөгийг гаргуулах саналтай байна. Ж.Б-ийн хувьд тэтгэвэр авдаг, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, оюутан хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийн биеийн байдал муудахад өөрөөс нь өөр асран хамгаалах хүн байдаггүй учир зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж чадах эсэхийг мэдэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгочихвол төлж барагдуулах боломжтой талаараа өмгөөлөгчид илэрхийлж байсан. Иймд Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт:“ …Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2335000000129 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал);
2. Эд зүйл буюу модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-14 дэх тал);
3. Хууль бусаар бэлтгэсэн мод, түүнийг тээвэрлэсэн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-22 дахь тал);
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Б гэх иргэн манай суманд оршин суудаггүй. Тийм болохоор ямар нэгэн эрхийн бичиг авах боломжгүй. Тухайн иргэний нэр дээр 2022, 2023 онуудад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг бичигдээгүй. Хэрэв тухайн иргэн мод бэлтгэсэн бол хууль бусаар бэлтгэсэн байна гэж ойлгож болох юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-41 дэх тал);
5. Гэрч Ч.Ц-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ж.Б гэх хүнийг танина. Миний хүргэн Б.Ө-ийн авга ах нь байгаа юм. 2022 оны өвөл ирж Б.Ө-ийн малыг хариулж өгсөн. Хэд хоног хариулж байгаад явсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);
6. Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...сар өдрийг нь сайн санахгүй байна. Ж.Б нь Б.Ө-ийн гэрт 2023 оны 02 дугаар сарын эхээр ирсэн байх. Б.Ө-ийн гэрт ирээд 7 хоног орчим болоод буцаж аймгийн төврүүгээ явсан. Тухайн үед Ж.Б мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);
7. Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний авга ах Ж.Б 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Манайд ирж намайг эмнэлэгт хэвтэх үеэр манай үхрийн баас түүж, үхэр бэлчээрээс хурааж авдаг байсан. Манайх тухайн үед зөвхөн үхэр малтай сумын төвөөс 2 км орчим зайд “...” гэх газар модон дотор өвөлжиж байсан. Би эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж гарч ирээд удалгүй Ж.Б ах гэрлүүгээ буюу аймгийн төв рүү явсан. Тухайн үед замын машинд сууж сумын төвд ирээд буцаад үйлчилгээний машинд явсан" гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Уг 80 ширхэг модыг миний нөхөр Ж.Б 2023 оны 03 дугаар сарын эхээр …сумаас өөрийн эзэмшлийн ....УВА улсын дугаартай пургон маркийн автомашинаар тээвэрлэж хашаанд авч ирж, гадна холтсыг нь авсан юм. 2023 оны 02 дугаар сарын 01-ний үед явж 10 орчим хоноод .......... сумаас ирсэн. Тэр үед нөхөр Ж.Б ач дүү болох Б.Ө-ийн гэрт үхрийн баас түүж, үхэр малыг нь тэжээхээр явж туслаж байгаад ирсэн. Тухайн үед модон дотор уг модоо бэлдэж үлдээгээд цагаан сарын дараа айлууд өвөлжөөнөөс нүүхээр нь нөхөр Ж.Б ганцаараа өөрийн машинтай явж ачиж хашаанд авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-52 дахь тал);
10. Увс аймгийн .......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай "... Битүүмжилсэн мод нь Шинэс мод байна. Тухайн мод нь нойтон хэрэглээний амьдрах чадвартай мод байна. Мод 0,5038 метр куб болж байна. Дээрх моднууд нь ахуйн хэрэглээнд бэлтгэсэн нойтон хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 517.094.7 төгрөг болж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-63 дахь тал);
11. Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 60 дугаартай албан бичгээр ирүүлсэн " сумын нутаг дэвсгэр .............. солбилцол нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй болно" гэх мэдээлэл (хавтаст хэргийн 76-77 дахь тал);
12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хөрөө, сүх зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... сумын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр экологи эдийн засгийн үнэлгээгээр 517.094.7 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн ба одоогоор Ж.Б-аас ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал);
2. Ж.Б-аас экологи эдийн засагт учруулсан хохиролд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 517.094.70 төгрөгийг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт;
3. Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Б нь миний нөхөр бөгөөд бид ...онд гэр бүл болсон, …хүүхэд төрүүлж, өсгөсөн. Одоо нэг хүүхдийн хамт амьдарч байна, бусад нь тусдаа гарсан. Миний нөхөр Ж.Б нь бага залуу насандаа суманд амьдарч байгаад цэргийн алба хааж ирээд мал маллаж, мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байгаад хувиараа ногоо тарих, модон эдлэлийн мужаан зэрэг ажил эрхэлж байсан. Одоо тэтгэвэрт гарсан. Миний нөхөр Ж.Б нь хааяа архи уудаг боловч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, нутаг ус, ах дүү нарын дунд нэр хүндтэй хүн юм. Манайх ..сумаас ....... суманд 1999 онд нүүж орж ирснээс хойш энд амьдарч байна. Манайх өөрийн пургон машин, Монгол гэр, машины граж зэрэг эд хөрөнгөтэй, миний нөхөр сард 500.000 төгрөгийн тэтгэвэр, би сард 500.000 төгрөгийн групп авдаг, зэрэг орлоготой. Уг 80 ширхэг модыг миний нөхөр Ж.Б 2023 оны 3 дугаар сарын эхээр сумаас өөрийн эзэмшлийн .........УВА улсын дугаартай пургон загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж хашаанд авч ирж, гадна холтсыг нь авсан. 2023 оны 2 дугаар сарын 1-ний үед 10 орчим хоноод........ сумаас ирсэн. Тэр үед нөхөр Ж.Б ач дүү болох Б.Ө-ийн гэрт үхрийн баас түүж, үхэр малыг нь тэжээхээр явж, туслаж байгаад ирсэн. Тухайн үед модон дотор уг модыг бэлдэж, үлдээгээд цагаан сарын дараа айлууд өвөлжөөнөөс нүүхээр нь Ж.Б ганцаараа өөрийн машинтай явж ачиж хашаанд авч ирсэн. Тухайн үед нөхөр Ж.Б надад хэлэхдээ ганцаараа сүх болон жижиг гар хөрөө ашиглан бэлдсэн байсан...Миний нөхөр урьд өмнө хууль бусаар мод бэлтгэж байгаагүй, манай бага хүү оюутан тул гэр хийх зорилгоор унины мод бэлтгэж авч ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал);
4. Ж.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход:
- Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 1 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр Увс аймгийн ....сумын багийн нутаг “.......”гэх газраас зөвшөөрөлгүйгээр 0.5038 м.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, 2023 оны 3 дугаар сарын эхээр УАЗ пургон загварын …УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ....... сумын дугаар багийн нутагт байрлах өөрийн хашаа руу тээвэрлэсний улмаас байгаль, экологи эдийн засагт 517.094 (таван зуун арван долоон мянга ерэн дөрөв) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хууль бусаар бэлтгэсэн мод, түүнийг тээвэрлэсэн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, гэрч Ч.Ц, Б.Ч, Б.Ө, Б.Ц нарын мэдүүлэг, ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн ......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б нь эрх бүхий байгууллагад түлш болон хэрэгцээний мод бэлтгэх талаар хүсэлт тавьж, албан ёсоор зөвшөөрөл аваагүй атлаа Увс аймгийн....... сумын .....багийн нутаг “…” гэх газраас хууль бусаар 0.5038 метр куб эзлэхүүнтэй, 80 ширхэг ургаа, шинэс модыг сүхээр цавчиж, гар хөрөөгөөр хөрөөдөж унагаж бэлтгэн, тээвэрлэсэн нь тогтоогджээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 1 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр хүүхдийнхээ гэрийн унь хийх зорилгоор Увс аймгийн ............сумын ............багийн нутаг “...........” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0.5038 метр куб шинэс модыг бэлтгэн, 2023 оны 3 дугаар сарын эхээр УАЗ пургон загварын ............ УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэснээр гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул Ж.Б-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Увс аймгийн .......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь ойн сангийн 1 дүгээр мужид хамрагдах сумын ..багийн нутаг дэвсгэрт байрлах “….” гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй ойгоос 0.5038 мерт.куб эзлэхүүнтэй, шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн нотлогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалаар 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах ойгоос бэлтгэсэн улиас улиангар модны 1 шоо.метр куб модны экологи, эдийн засгийн үнэлгээг 570.216 төгрөг, хэрэглээний модны итгэлцүүрийг 1.8 байхаар тус тус тогтоожээ.
Шүүгдэгч Ж.Б-ийн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 0.5038 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход 0.5038м3х570.216=287.274.8х1.8=517.094.70 төгрөг буюу шүүгдэгч Ж.Батсуурийн ойн санд учруулсан бодит хохирлыг 517.094.70 (таван зуун арван долоон мянга ерэн дөрөв) төгрөгөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийн ойн санд учруулсан бодит хохирол болох 517.094.70 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 1.551.282 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь ойн санд учруулсан хохирол 1.551.282 төгрөгөөс 517.094 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор Ж.Б-аас үлдэх 1.034.188 төгрөгийн хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг гар хөрөө, 1 ширхэг модон иштэй сүх, хууль бусаар бэлтгэсэн 0.5038 м.куб шинэс мод зэргийг хураан авч, улсын орлого болгох, мөн хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн ...УВА улсын дугаартай УАЗ Пургон загвартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж, хохирол 1.034.188 төгрөгийн хохирол төлүүлэхэд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар УАЗ пургон загварын ......УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирлын үлдэгдэл 1.034.188 төгрөгийг гаргуулах саналтай байна. Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 110 дахь тал),
-Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 517.094 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь хувийн байдлын хувьд ..... онд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин 409-ээс доош оноотой (хавтаст хэргийн 107 дахь тал), хувьдаа Увс аймгийн .......... сумын .... дугаар багт хашаа, граж гэх үл хөдлөх эд хөрөнгөтэй гэх хувийн байдлууд тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б-ийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 50-52 дахь талд авагдсан гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс 517.094 төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Ж.Б нь зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.5038 м.куб мод бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул уг модыг гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэж, хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр байна.
Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч Ж.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн, 517.094.70 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 0.5038 м.куб эзлэхүүнтэй, 80 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь өөрийн эзэмшлийн ....УВА улсын дугаартай УАЗ пургон маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар бэлтгэсэн 0.5038 м.куб модыг тээвэрлэсэн, мөн мод бэлтгэхдээ гар хөрөө, сүх ашигласан нь тогтоогдсон тул Ж.Б-ийн эзэмшлийн, 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий, цагаан саарал өнгийн, УАЗ пургон загварын тээврийн хэрэгсэл, 5.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, 5000 төгрөгийн үнэлгээ бүхий модон бариултай сүх зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, техник хэрэгсэл гэж үзэж, шүүгдэгч Ж.Б-аас хураан авч, улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Ж-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 517.094.70 (таван зуун арван долоон мянга ерэн дөрөв төгрөг) -ийг гурав дахин нэмэгдүүлж, гэмт хэргийн хор уршигт 1.551.282 (нэг сая таван зуун тавин нэгэн мянга хоёр зуун наян хоёр) төгрөг төлөхөөс 517.094 (таван зуун арван долоон мянга ерэн дөрөв) төгрөгийг төлснийг дурдаж, үлдэх 1.034.188 (нэг сая гучин дөрөв мянга нэг зуун наян найм) Ж.Б-аас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 0.5038 м.куб мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл буюу 5000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий гар хөрөө 1 ширхэг, 5000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч Ж. Б-ийн эзэмшлийн, 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий, цагаан саарал өнгийн, УАЗ пургон загварын тээврийн хэрэгсэл зэргийг хурааж, улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийн үнэ 2.150.000 төгрөгөөс шүүгдэгч Ж.Б-аас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирол 1.034.188 (нэг сая гучин дөрвөн мянга нэг зуун наян найм) төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлого болгож, тэдгээр хөрөнгө орлогыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол, Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоол зэргийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА