Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 646

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 дүгээр баг тавин гудамж, 6-418 тоот тоотод оршин суух, Тайж овогт Гүндалайгийн Энхзолбоо  /ЖИ87100201/  холбогдох

 

“Зээлийн гэрээ цуцлах, 9.991.455 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

... ... Зээлдэгч Ш.Олзвойбаатар, Г.Энхзолбоо нар нь “Хаан банкны” Сэлэнгэ салбарын Болдтөмөр тооцооны төвөөс 2017 оны 08-р сарын 16-ны өдөр №ЗГ17/149 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан юм.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,905,100 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,784,559.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 3,689,659.7 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /385 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.4 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

I. 2017 оны 08-р сарын 16-ны өдрийн №ЗГ17/149 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

II.      2019 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

1.      Үндсэн зээлийн үлдэгдэл -8,094,900 төгрөг

2.      Зээлийн хүүгийн төлбөр -1,819,932 төгрөг

3.      нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр -76,623 төгрөг

                                            Нийт төгрөг 9,991,455 төгрөгийг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна! ... гэжээ.

 

Хариуцагч Г.Энхзолбоо нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие хаан банкны нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 оны 8 сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Тухайн зээлийг Олзвойбаатар авч би хамтран болсон. Уг зээлийг аваад машин аваад орон гэрээ янзалсан. Тэгээд удалгүй Олзвойбаатар Түрк улс руу явсан. Би чаталсан зээлээ төлнөө, удахгүй гэсэн. Өөрөө зээлээ төлнө гэж надаа хэлсэн.Надад зээл төлөх чадвар байхгүй! ... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

“ХААН” банкны Сэлэнгэ салбар нь Г.Энхзолбоод холбогдуулж “Зээлийн гэрээ цуцалж, 9.995.995 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь:  Зээлдэгч Г.Энхзолбоо нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ/17/149 дугаар зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн зээлж авсан болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.   

Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөнд төлсөн төлбөр, одоо нэхэмжилж байгаа үнийн дүн, зээлийн гэрээний үүргийг зөрчиж, тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй талаар маргаангүй ба хариуцагч Надад зээл төлөх чадвар байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журмын дагуу хариуцагч нарт мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан шаардах хуудсаар нотлогдож байх ба мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул банк хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцалж гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тухайд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор,  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ/17/149 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч “... надад зээл төлөх чадвар байхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байгаа ч түүнийг энэхүү шалтгаан нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймээс Г.Энхзолбоогоос зээлийн гэрээний үүрэгт 9.995.995 төгрөгийг гаргуулан Хаан банкны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн хариуцагч Г.Энхзолбоо нь шүүх хуралд оролцохгүй талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхзолбоогоос 9.995.995 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхзолбоогоос 174.885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.2 дахь зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан  өдрөөс  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

                 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МӨНХЗУЛ