Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0592

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

                                        Д.Баттулгын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Ч.Эийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн Д.Б

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М

Хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.

Хэргийн индекс: 122/2025/0008/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2025/0012 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Ч.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх, хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд ч “хэвээр” гэж тодруулсан нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл аль аймаг, сумын, ямар байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 04 дүгээр 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд”, “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 04 дүгээр 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд” гэж нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй байгууллагыг дурдсан бол шийдвэрийн тогтоох хэсэгтээ “Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 04 дүгээр 15-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай 04”, “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай 05” дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай хэмээн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2.2. Нэхэмжлэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сард явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Зар, тов тогтоох тухай Б\02 тоот захирамжаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг тогтоож, 4-р хуралдааныг нээж, үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хурлын дарааллыг танилцуулан, хуралдааныг удирдсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.6-т “анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, 48.3-т “... аймаг, сум Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар хурлын дарга захирамж гаргана”, 52.1.1-т “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах”, 46.6-т “Хуралдааныг Хурлын дарга удирдана...”, 52.1.2 “тухайн хурлын хуралдааныг даргалах” гэсэн заалтад нийцсэн. Хурлын төлөөлөгч, ёс зүйн хороон дарга Ч.Г-гоос Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ёс зүй, цаашид хийж чадах чадамжтай юу, чадамжгүй юу гэх асуудлыг бусад асуудалд оруулах тухай горимын санал гаргасан нь хуулийн 39.1-т “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч дараах бүрэн эрхтэй”, 39.1.4-т “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 47.1-т Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороо, төлөөлөгч... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсэн заалтад нийцсэн, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд санал гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд Хурлын даргын хувьд төлөөлөгчийн саналыг бусад асуудалд оруулахаар хүлээн авсан, хуралдаанаар хэлэлцүүлсэн, бусад асуудалд хурлын даргын ёс зүйн асуудлыг хэлэлцэхтэй ч холбогдуулан хуралдаан даргалагчийг сонгох санал хураалтад ч Д.Б оролцож, төлөөлөгч Х.Ө-ийг 100 саналаар баталсан нь 52.1.4-т “эрх бүхий этгээдээс хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах”, 46.6-т “Хуралдааныг Хурлын дарга удирдана, түүний эзгүйд ... төлөөлөгчдийн аль нэг нь удирдана”, 48.1-т “Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална” гэсэн заалтад нийцсэн. Нэгэнт хурлын дарга \хуралдаан даргалагч\ бүрэн эрхийн хүрээнд төлөөлөгчийн саналыг хүлээн авч, хэлэлцэх асуудалд оруулан хуралдаанаар хэлэлцүүлж, тайлбараа гаргаж, өөрөө санал хураалтад оролцож гаргасан шийдвэрийг хуулийн 47.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй юм.

2.3. Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хурлын дарга төлөөлөгч Ч.Г-ийн саналыг хүлээж авахгүй байх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд Д.Б өөрийнх нь гаргасан шийдвэрээс үндэслэн өөрт нь ашиггүй шийдвэр гарахаар хурлын үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж хурлыг орхин гарч, төрийн тамгыг нууж хурлын тогтоолыг албажуулахгүй байх, төрийн ажлыг гацааж байгаа зэрэг нь ёс зүйн болон төрийн ажлын мэдлэг, чадамжийн хувьд ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Шүүх ч шийдвэртээ “...Түвшинширээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны явцад төлөөлөгч Ч.Г-оос иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ёс зүй, цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх санал гаргаж, уг саналыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж...” гэж үйл баримтыг дүгнэсэн. Нэгэнт Түвшинширээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан хуулийн хүрээнд явагдаж, эрх хэмжээний хүрээнд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан Д.Б-гын нэхэмжлэлтэй Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай шийдвэртэй хэргийг хянаж, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

            2. Нэхэмжлэгч Д.Б “Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх “... Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны явцад төлөөлөгч Ч.Г-гоос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүй, цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх санал гаргаж, уг саналыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж, нэхэмжлэгч Д.Б-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна ...” гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Нэгэнт хурлын дарга бүрэн эрхийн хүрээнд төлөөлөгчийн саналыг хүлээн авч, хэлэлцэх асуудалд оруулан хуралдаанаар хэлэлцүүлж, тайлбараа гаргаж, өөрөө санал хураалтад оролцож гаргасан шийдвэрийг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэжээ. 

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж зааснаас үзвэл хуралд урьдчилан мэдэгдээгүй асуудлыг дэвшүүлж шууд хэлэлцэж шийдвэр гаргасан нь уг хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

6. Учир нь саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа буюу огцрох болсон шалтгаан, холбогдох баримттай Хурлын дарга өөрөө болон төлөөлөгч нар урьдчилан танилцаж тайлбар гаргах, санал өгөх эрхтэй, дээрх хуулийн заалтын агуулга нь уг эрхийг хангах зорилготой тул нэхэмжлэгч нь тухайн хуралд өөрөө оролцсон нь уг хуулийн зорилго бүрэн хангагдсан буюу уг хуулийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

7. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... аль аймаг, сумын, ямар байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах талаар тодорхой заагаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй байгууллагыг дурдсан ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн хүрээнээс хэтрэхгүй ... гэснийг зөрчсөн” гэх боловч анхан шатны шүүх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж (1 хавтас 15 дугаар хуудас), тухайн хариуцагч энэ шаардлагын хүрээнд тайлбар, баримтаа гарган мэтгэлцсэн, улмаар шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргасан байх тул уг гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагч Б.Бас илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Ч.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар хариуцагч Б.Бас давж заалдах гомдол гаргахдаа 2025.07.22-ны өдөр илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ