Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 73

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чинбаярт холбогдох эрүүгийн 201601070193 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    Э.Шинэхүү

 Улсын яллагч                                                     Х.Эрдэнэтуяа

 Хохирогч                                                        С.Золжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ж.Цэцэгээ

 Шүүгдэгч                                                        Б.Чинбаяр нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймаг Даланжаргалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, конверийн машинч мэргэжилтэй, Багануур ХК-д конверийн машинч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 15 дугаар гудамжны 13 тоот хашаанд оршин суух, ЕВ86041414 дугаарын регистертэй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Бямбажавын Чинбаяр

           Шүүгдэгч Б.Чинбаяр нь хамтран амьдрагч С.Золжаргалыг 2013 оноос эхлэн байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Чинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гал руу хийх гэж байсан нүүрсний хэлтэрхийг Золжаргал руу шидсэн, гэхдээ толгой нь хагараагүй. Найз Ариунзаяагийнх нь дэргэд Золжаргалыг пиво уулаа гээд алгадсан нь үнэн боловч хамрыг нь хугалж, заазуур авч шидсэн зүйл байхгүй. Нинжбадгартай пиво уулаа гээд өшиглөөгүй, харин алгадсан. Золжаргалыг найз Солонгоотой хамт пиво уулаа гэж аягаар шидсэнээ санахгүй байна. Хамгийн сүүлд 7 сарын 11-ний өдөр Золжаргалыг өөрийнх нь цүнхээр цохиж хавиргыг хугалсан нь үнэн. Энэ бүх зүйл архинаас болсон гэдгийг ухаарсан. Дахин ийм зүйл гаргахгүй. Одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Би Золжаргалаас уучлалт гуйсан. Маш их харамсаж гэмшиж байна гэв.

Хохирогч С.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2013 оны өвөл шөнө 23 цагийн үед нөхөр маань гэртээ согтуу ирээд бид хоёр маргалдаж, над руу жижигхэн нүүрс авч шидэхэд нь бага зэрэг шалбарсан. Тэр орой найз Гансувдтай эмнэлэг орж боолгуулж байсан. 2013 онд би найз Ариунзаяатай гэртээ байж байхад Чинбаяр нь намайг шал мөргүүлж, түлхэж унагаж үсэдсэн, заазуур бариагүй. 2016 оны 3 сард би хамт ажилладаг Нинжбадгартай тооцоо нийлээд хамт пиво уугаад хоол ундаа хийгээгүй юм, энэ бол миний буруу. Гэрт хадам аав байсан бөгөөд Чинбаяр нь уурлаад намайг үсдэж, ганц нэг өшиглөсөн. 2016 оны 6 сард бэр Солонгоотой хамт гэртээ пиво уугаад байж байтал Чинбаяр уурлаад аяга авч толгой руу шидсэн. 2016 оны 7 сарын 11-нд ажлаасаа буугаад гэртээ очтол нөхөр маань согтуу ирж хэрүүл маргаан болсон. Тэгээд гэрийн гадаа миний цүнхээр намайг зодож ганц нэг өшиглөсөн. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байна, дундаасаа нэг охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо бид хоёр харилцан ойлголцоод хамт амьдарч байгаа. Нөхөр маань уучлалт гуйж би уучилсан. Энэ бүхэнд миний буруу бас байгаа. Би хааяа пиво уудаг юм, үүнээс болж хэрүүл маргаан болдог. Нөхөр маань эрүүл үедээ охин бид хоёрт халамжтай, хүнийхээ хувьд ч сайн хүн байгаа юм. Бид хоёр ойлголцсон учраас охиныхоо эцгийг шоронд явуулах хүсэлгүй байна гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Солонгоогийн мэдүүлсэн: “...Чинбаяр нь Золжаргалыг сард нэг удаа бол зоолттой зоддог. Золжаргалын бие болон нүд нь хөх няц болчихсон явдаг. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр зодуулсан. Орой 20 цагийн үед миний гар утас руу Золжаргал залгаад “Чинбаа архи уучихсан намайг элдвээр хэлээд доромжлоод байна яах вэ” гэсэн тэгэхээр нь би “ажлаа тараад битгий хойшоо яваарай нөхөр чинь зодно шүү” гэж хэлсэн. Орой нь 22 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байж байгаад, 23 цагийн үед утсаа аваад “Чинбаярт зодуулчихлаа, хажуу айлын эгч цагдаа дуудаад саатуулах байр руу аваад явчихлаа, чи хүрээд ир” гэж хэлсэн. Мөн 2016 онд сарыг нь сайн санахгүй байна манай нөхөр гэрт нь унтаж байсан, Золжаргал бид хоёр 1 пиво уугаад сууж байсан чинь миний хажууд зузаан ёроолтой аягаар толгой руу нь цохиод авсан. Бас 3 сард нөхөртөө зодуулчихсан хөл, гуя, гэдэс, бугалга нь аймаар хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гансувдын мэдүүлсэн: “...2012 оны өвөл шиг санагдаж байна, шөнийн 3 цагийн үед Золоо над руу залгаад манай нөхөр намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би очоод авах гэхэд нүүр нь хоёр талаараа, хоёр гар нь хөхөрчихсөн толгой нь хагарсан байсан. Бид хоёр эмнэлэг явж үзүүлж байсан юм.  2016 он гарсаар миний мэдэхийн 2 удаа зодсон. Хавар 3 сард нүд ам нь хөхөрчихсөн гадаа гудамжинд таарсан. Би өөрөөс нь асуухад нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. 2016 оны 7 дугаар сарын эхээр Улсын наадмын үеэр нөхөртөө зодуулаад хавиргаа гэмтээсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Янжинхүүгийн мэдүүлсэн: “...Манай хажуу талын айлын нөхөр нь байнга архи ууж, агсам тавьж эхнэрээ зоддог. Би Цагдаагийн байгууллагад 3 удаа дуудлага өгсөн. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дуудаж өгсөн. Ингэж өгөхөд хажуу айлын залуу эхнэрээ байшингийн үүдэнд газар унагаад дээрээс нь юмаар нүдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/

Мөрдөн байцаалтад гэрч Эрдэнэчимэгийн мэдүүлсэн: “...2016 оны 7 дугаар сарын эхээр Золжаргал ажилдаа ирэхдээ гар, нүүр, бие, хөл нь хөх няц болчихсон орж ирэхэд нь юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг  өшиглөж зодсон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ариунзаяагийн мэдүүлсэн: “...2015 онд сар өдрийг нь сайн санахгүй байна, задгайд байшиндаа Золжаргалтай маргалдаж хэл амаар доромжилж байгаад зодож байсан. Үсдэж шал мөргүүлээд дээрээс нь дэвссэн, пийшин мөргүүлээд заазуур барьж дайрч хүртэл байсан. Саяхан Золжаргалтай утсаар ярихад манай нөхөр намайг зодсон, хавирга хугарчихсан, толгой хөдөлсөн гэж байсан. Чинбаяр эхнэрээ хардаад зоддог юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/  

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 сарын 17-ны өдрийн шинжээчийн 09шэ/339 тоот актын: “С.Золжаргалын биед зүүн талын 10 дугаар хавирганы хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 23/

 

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-н 47-50/

 

Б.Чинбаярын “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/339 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Чинбаяр нь 2013 онд 2 удаа Багануур дүүргийн дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 15 дугаар гудамжны 13 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч С.Золжаргалыг хардалтын улмаас нүүрс авч шидэх, шал мөргүүлэх, алгадах, өшиглөх зэргээр зодсон. 2016 оны 3, 6 дугаар саруудад “пиво уулаа” гэж уурлан аяга авч шидэх, үсдэх, алгадах зэргээр зодсон. Мөн 2016 оны 7 дугаар сарын 11-ний орой согтуугаар гэрийнхээ үүдэнд цүнхээр цохих, өшиглөх зэргээр зодож биед нь зүүн талын 10 дугаар хавирганы хөндлөн хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би нүүрсний хэлтэрхийг Золжаргал руу шидсэн. Найз Ариунзаяагийнх нь дэргэд Золжаргалыг пиво уулаа гээд алгадсан.  Нинжбадгартай пиво уулаа гээд алгадсан. 2016 оны 7 сарын 11-ний өдөр Золжаргалыг өөрийнх нь цүнхээр цохиж хавиргыг хугалсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Золжаргалын мэдүүлсэн  “2013 оны өвөл нөхөр маань гэртээ согтуу ирээд над руу жижигхэн нүүрс авч шидсэн. 2013 онд би найз Ариунзаяатай гэртээ байж байхад намайг шал мөргүүлж, түлхэж унаган үсэдсэн. 2016 оны 3 сард намайг пиво уулаа гэж үсдэж, өшиглөсөн. 2016 оны 6 сард бэр Солонгоотой хамт гэртээ пиво уугаад байж байтал Чинбаяр уурлаад аяга авч толгой руу шидсэн. 2016 оны 7 сарын 11-нд ажлаасаа буугаад гэртээ иртэл Чинбаяр нь согтуу байсан бөгөөд гэрийн гадаа миний цүнхээр намайг цохиж өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Солонгоогийн мэдүүлсэн “Чинбаяр нь Золжаргалыг сард нэг удаа зоддог. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 11-ний орой нь 23 цагийн үед Золжаргалтай утсаар ярихад Чинбаярт зодуулчихлаа, хажуу айлын эгч цагдаа дуудаад саатуулах байр руу аваад явсан гэж хэлсэн. Мөн 2016 онд сарыг нь сайн санахгүй байна, манай нөхөр гэрт нь унтаж байсан бөгөөд Золжаргал бид хоёр 1 пиво уугаад сууж байсан чинь аягаар толгой руу нь цохьсон. Бас 3 сард нөхөртөө зодуулчихсан хөл, гуя, гэдэс, бугалга нь  хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Б.Гансувдын мэдүүлсэн “2012 оны өвөл шиг санагдаж байна, шөнийн 3 цагийн үед Золоо над руу залгаад манай нөхөр намайг зодчихлоо гэж хэлэхээр нь би очтол нүүр нь хоёр талаараа, хоёр гар нь хөхөрчихсөн толгой нь хагарсан байсан. 2016 он гарсаар миний мэдэхийн 2 удаа зодсон. Хавар 3 сард нүд ам нь хөхөрчихсөн гудамжинд таарсан. 2016 оны 7 дугаар сарын эхээр наадмын үеэр нөхөртөө зодуулаад хавиргаа гэмтээсэн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Д.Янжинхүүгийн мэдүүлсэн “Манай хажуу талын айлын нөхөр нь байнга архи ууж, агсам тавьж эхнэрээ зоддог. Би Цагдаад 3 удаа дуудлага өгч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хажуу айлын залуу эхнэрээ байшингийн үүдэнд газар унагаад дээрээс нь юмаар нүдээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Эрдэнэчимэгийн мэдүүлсэн “...2016 оны 7 дугаар сарын эхээр Золжаргал ажилдаа ирэхдээ нөхөртөө зодуулсан гээд гар хөл нь хөх няц болчихсон ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч Г.Ариунзаяагийн мэдүүлсэн “2015 онд сар өдрийг нь сайн санахгүй байна, Чинбаяр нь задгайд байшиндаа Золжаргалыг үсдэж шал мөргүүлээд дээрээс нь дэвсэж пийшин мөргүүлсэн. Саяхан манай нөхөр маань зодоод хавирга хугалсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/ болон  хохирогчийн биед үзлэг хийж, учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “С.Золжаргалын биед зүүн талын 10 дугаар хавирганы хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн 09шэ/339 тоот дүгнэлт,  Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-н 23/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогч С.Золжаргалын бие махбодийн халдашгүй болон эрүүл мэндийн аюулгүй байдал, хүчирхийлэлд өртөхгүй байх эрхийг нь ноцтой зөрчжээ.

            Б.Чинбаяр нь үйлдэлдээ шууд санаатай хандсан нь хохирогчийг байнга зодож буюу тарчлаах шинжтэй үйлдэл хийх замаар хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлт, шаналал учруулахаа ухамсарласан, түүнийг учруулахыг хүсэж үйлдсэн үйлдэл, шүүгдэгчийн “…энэ бүх зүйл архинаас болсон гэдгийг ухаарсан. Дахин ийм зүйл гаргахгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдов.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг эр эмийн хардлага болон хохирогч, шүүгдэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Чинбаярыг хамтран амьдаргч С.Золжаргалыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч С.Золжаргал нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Чинбаяр бид хоёр хамт амьдарч байгаа. Энэ бүхэнд миний буруу бас байгаа. Би хааяа пиво уудаг юм, үүнээс болж хэрүүл маргаан болдог. Нөхөр маань эрүүл үедээ охин бид хоёрт халамжтай, хүнийхээ хувьд ч сайн хүн байгаа юм. Бид хоёр ойлголцсон учраас охиныхоо эцгийг шоронд явуулах хүсэлгүй байна. Эвлэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Чинбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 40 хуудас/ тогтоогдсон болно.    

Шүүхээс Б.Чинбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, сонгох ялуудаас хорих ялыг оногдуулах нь зүйтэй.

 

Б.Чинбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал буюу тогтмол ажил хөдөлмөр эрхэлдгийг болон хохирогч С.Золжаргалын шүүх хуралдаанд гаргасан дээрхи хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбажавын Чинбаярыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбаярт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хохирогч С.Золжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Чинбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгч Б.Чинбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чинбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Чинбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА