Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2022/0007

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Б, М.Е, Х.А, М.А нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Б,

              Хариуцагч: Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөв баталсан шийдвэрийн талаарх маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,хариуцагч Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга А.Жанбота,  түүний өмгөөлөгч А.Серикжан, гэрч Б.Е, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Б, Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, “Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын зарим хэсэг буюу Х.Б М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох,Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаан хууль ёсны бөгөөд хүчинтэй эсэхийг тогтоолгох”-оор маргаж байна.

              2.Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор сумын 2021 оны төсөвт иргэний танхимын ажилтан,  хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан,  кабоны үйлчлэгчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сараар тогтоож баталсан байсныг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 9 дүгээр сарын 06-ыг хүртэлх хугацаагаар тогтоож сумын 2021 оны төсөвт тодотгол  хийсэн байна.  

3.Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар  “Цэнгэл сумын 2021 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолыг үндэслэн  гаргасан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/06  дугаар тушаал,Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/17, Б/18,Б/19 тушаалуудаар Х.Б, М.Е, Х.А, М.А нарыг  ажлаас чөлөөлснөөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын  нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  

“Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дараах 4 ажлын байр, орон тоог холбогдох хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон  сумын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нийтийн ашиг сонирхлын илэрхийллийн дагуу олон жилийн туршид сумын төсвийн ашиг буюу төсвийн зарлагаас давсан орлогоос цалин хөлс, холбогдох бусад зардлыг санхүүжүүлэн ажиллуулж байсан. Иргэний танхимын менежер Х.Б, Үйлчилгээний нэгдсэн төвийн операторч бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтан М.Е, үйлчилгээний ажилтан Х.А, олон нийтийн цагдаа М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тооны тухай асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.09.06-ны өдрийн төсвийн тодотгол буюу тухайн жилийн төсвийг баталсан шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах хуралдаанаар авч хэлэлцэж эдгээр 4 ажлын  байр, орон тоог хасаж шийдвэрлэсэн 08 дугаар тогтоол гаргасан байна. Энэхүү тогтоолын биелэлтийг хангаж сумын Засаг даргын Тамгын газрын 2021.09.24-ний өдрийн Б/17, Б/18, Б/19 дугаар тушаал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2021.09.24-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар 2021.09.24-ний өдрөөс тасалбар болгож нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус үйл ажиллагааны улмаас 4 ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол болон тэдний ажил үйлчилгээгээр дамжуулан иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх тус тус хөндөгдсөн гэж үзэж эдгээр ажилтан болон иргэдийн шууд болон шууд бус байдлаар зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэний танхимын менежер Х.Б нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.25-ны өдрийн 212/МА2021/00045 дугаар шийдвэрийн дагуу 2021.07.21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жолооч бөгөөд танхимын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Сарын 420.000 төгрөгийн цалин хөлс авч байсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн төрийн хууль тогтоомж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид сонсгох, олон нийтийн дунд тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах зорилгоор байгуулагдсан аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг зохицуулах журмыг гаргаж мөрдөж эхэлсэн байдаг.

Нийтийн сонсголын тухай хуульд иргэний танхимд сонсголыг зохион байгуулна гээд заагаад өгчихсөн, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд иргэдэд мэдээллийг цахим болон иргэний танхимаар  дамжуулж өгөх тухай бий, үүгээр иргэний танхим иргэдийн хөгжлийн төв байх ёстой гэж шийдвэрлэсэн байна.

Тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас боловсруулан хэлэлцүүлэх бодлого , хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн жагсаалт тус бүрийн хэлэлцэх хугацааг иргэний танхимаас ил тод мэдээлж нийтэд зарлахаар тус тус журамласан байна.

Үйлчилгээний нэгдсэн төвийн операторч бөгөөд хэвлэл мэдээллийн төлөөлөгч М.Е нь Засгийн газрын 2019.04.17-ны өдрийн “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын 1-д “...операторын хэлбэрээр бүх сумдад “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах тухай” заасны дагуу Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021.04.13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар томилогдсон байна. Энэ ажилд 2 жил ажилласан ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 420.000 төгрөгөөр цалинжиж байсан. Өмнө нь хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 130/ШШ2021/00337 дугаар шийдвэр, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.14-ний өдрийн 212/МА2021/00043 дугаар магадлалаар тус тус ажилд нь эгүүлэн тогтоогдсон байна.

Мөн тогтоолын 3-д “Үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах байгууллагын албан хаагчдын орон тоог батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхээр заасан байна. Сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх “Хур систем” хэрэгжүүлэхэд  төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд төрийн мэдээллийн сангаас гарах боломжтой лавлагаа, мэдээллийг шаардахгүй байх зарчмыг баримтлан технологийн дэвшлийг ашиглаж иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нэн шинэлэг зорилготой, тэдний хэрэгцээ шаардлагаас бий болсон заавал байх ёстой орон тооны ажил, үйлчилгээ байна.

Үйлчилгээний ажилтан Х.А нь 2016-2021 он хүртэл 6 жил тасралтгүй ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур урамшуулал хэлбэрээр сарын 100.000-150.000 төгрөгийн хөлс авсан байна. Өмнө нь хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.10-ны өдрийн 130/ШШ2021/00663 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

НХХЯ-ны сайдын 2021.04.12-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан “Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ”-д зааснаар цагдаагийн кабон болон Ахмадын хорооны байрыг цэвэрлэж байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хөлс авч хохирч, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэж үзэхээр байна.

Олон нийтийн цагдаа М.А нь 2015-2021 он хүртэл 7 жил тасралтгүй тогтвор суурьшилтай, ажлын шаардлага зохих ёсоор хангаж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000-420.000 төгрөгөөр цалинжиж байсан. Цэнгэл сум 10.000  хүн амтай, аймгийн хэмжээнд хамгийн томд ордог, Онцгой байдлын албатай сум суурин газар юм. Энэ сум Цагдаагийн тасагтай 12 ажилтны жишиг орон тоотой байх шаардлагатай гэсэн албан ёсны мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын дэд даргаас авсан. Тус  суманд 1 цагдаагийн төлөөлөгч, 1 цагдаа, 1 олон нийтийн цагдаатай, бүгд 3 ажилтан ажилладаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, ажилд олон нийтийн цагдаа ажиллуулах, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  олон нийтийн цагдаагийн тоог жил бүр тогтоох, цагдаагийн байгууллага Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр олон нийтийн цагдаагаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулна, гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заах, тухайн шатны Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэх зэргээр тус тус хуульчилсан байдаг.

Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн орон тоог хууль бусаар хасаж, гэмт хэрэг, зөрчил гарах, нийтийн хэв журам хамгаалах ажил, иргэдэд үйлчлэх цагдаагийн үйлчилгээг дордуулж, өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулсан гэхээр байна.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.09.06-ны өдрийн 08 дугаар тогтоол нь дараах хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, дүрэм, норм, стандарт, шүүхийн шийдвэрийг тус тус зөрчсөн байна. Үүнд,

1/.Монгол Улсын Засгийн газрын 2019.04.17-ны өдрийн “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын 1-д “... операторын  хэлбэрээр бүх сумдад “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах тухай” заасныг,

2/.НХХЯ-ны сайдын 2021.04.12-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан “Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ”-г,

3/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний танхим байгуулах тухай зарлигийг,

4/.Цагдаагийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8.олон нийтийн цагдааг мэргэжил арга зүйгээр хангах, 63 дугаар зүйлийн 63.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдааг ажиллуулж болно, 63.2. Аймаг, нийслэлийн Засаг даргаас Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олон нийтийн цагдаагийн тоог жил бүр тогтооно, 63.3. Цагдаагийн байгууллага Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн  20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр олон нийтийн цагдаагаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулна. Гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана, 63.8. Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлыг тухайн шатны Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлнэ.

5/.Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.цар тахлын  үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах зохицуулалт хийх, 11 дүгээр зүйлийн 11.1.5.хүнийг,... үзэл бодол нь ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн дэлхий дахинд, Монгол улсад бий болсон давагдашгүй хүчин зүйлийг давахын тулд бус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын гишүүд үүссэн гамшгийн байдлыг далимдуулан хүмүүсийн амьдралыг сүйрүүлж, хүмүүний эсрэг бодлого явуулж, увайгүй үйлдлээр  хандсаныг таслан зогсоох ёстой гэж үзэж байна.

6/.Шүүхийн шийдвэрүүд тухайлбал иргэний танхимын менежер Х.Б, үйлчлэгч Х.А 2021.08.10-ны өдөр, Үйлчилгээний нэгдсэн төвийн операторч бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтан М.Е 2021.06.14-ний өдөр тус тус дөнгөж ажилдаа эргэн орж, захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүр эсгэж цөөхөн хугацаа өнгөрөөд 2021.09.06-ны өдөр дахин ажлаас халсан үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2. Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй.

7/.Ажлын орон тоо хассан 4 ажилтныг сумын төсвийн шууд захирагч бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга тус тус томилж, чөлөөлөх журмыг зөрчиж, эдгээр оролцогч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, тэдний санал, тайлбарыг аваагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, холбогдох нотлох баримт цуглуулаагүй, нарийвчлан шинжлэн судлаагүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1,26 дугаар зүйлийн 26.1,26.2 дахь заалт

8/.Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1 төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, 6.5.2 төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах зэрэг төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг,

9/.Зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 ажилтныг  хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон.

10/.Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй, Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах хэлмэгдүүлэхийг хориглоно.

Дүгнэж хэлбэл:

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.09.06-ны өдрийн 08 дугаар тогтоолын зарим буюу Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан хэсгийн үндэслэл шалтгаан нь гагцхүү эдгээр ажилтнууд МАН-ын гишүүн, дэмжигч нар байсан учраас үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан эх сурвалж бүхий улс төрийн шалтгаан зорилготой. Тиймээс Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын төлөөлөгчдийн  энэ хууль бус ажиллагаа нь дээрх дурдсан 13 гаруй төрлийн хууль тогтоомжийг зөрчин байж олонхийн саналаар хүч түрэмгийлэн зөвхөн намчирхсан бодлоор шийдвэрлэж, тус 4 ажилтанд улс төрийн байр сууринаас хандаж хэлмэгдүүлсэн гэж тус тус үзэхээр байна.

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.09.06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан 2021 оны төсвийн тодотголын 6-т сумын 2021 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг дор дурдсанаар тодотгон баталсан байна. Үүнд,

Сумын татварын болон татварын бус орлого 174,333,400 төгрөг, урьд оны үлдэгдэл 130,666,100 төгрөг, бүгд 304,999,500 төгрөг байна. Эндээс дүгнэвэл сумын өөрийн мэдлийн хөрөнгийн боломжит эх үүсвэр бүгд 304,999,500 төгрөгийн нөөц байхад Засаг даргын Тамгын газрын 4 орон тоог хасаж, олон жил ажиллаж ирсэн 4 ажилтныг ажлаас халж, санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцэхгүй гэх ямар ч шалтгаан, үндэслэлгүй гэж харж байна.

Засаг даргын Тамгын газрын 4 орон тооны жилийн нийт цалин 16,920,000 төгрөгийг хасаж бусад ажил буюу 2-р хавсралтын 20-д 9-р багийн гудамжны замыг тэгшлэх, үерийн далан босгоход 7,000,000 төгрөг, 26-д Харгантын замд 3,000,000 төгрөг, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 2,700,000 төгрөг тус тус бүгд 12,700,000 төгрөгийг шаардлагагүй нэр төдий, халхавч хэлбэрийн зардалд тавьсан байна. Үлдсэн 4,220,000 төгрөгийг чухам юунд зориулсан нь тодорхой бус байна.

Учир нь эдгээр ажил, үйлчилгээний төлөвлөгөө, зураг төсөл гэх мэт ямар ч техник эдийн засаг үндэслэлийн баримт бичиг гараагүй байгаа учраас тооцоо судалгаагүй 4 орон тоо, түүний цалин хөлсийг үндэслэлгүй  хассан гэж үзэхээр байна“ гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг, үүнээс Засаг даргын Тамгын газрын ажилтан Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хасах тухай хэсгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, мөн Засаг даргын зөвлөлийн хурлаар урьдчилсан байдлаар хэлэлцсэн эсэх талаарх тус тусын хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг гаргаагүй байхад зөвхөн Засаг даргын саналаар авч хэлэлцэж, уг хуралдаан нь холбогдох хууль тогтоомжоор тогтсон горимын болон дэгийн журмыг зөрчсөн байна.

Хариуцагчаас тайлбартаа “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санхүүжүүлж байсан Иргэний танхимын ажилтан Х.Б ажил хийхгүйгээр зүгээр л цалин авч явж байгаа хүн,дээд сургууль төгсөөгүй, уг ажлыг хийж гүйцэтгэх чадваргүй, боломжгүй, шаардлага хангадаггүй хүнд цалин өгч, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан” гэсэн, ийм байсан бол шинээр сонголт явуулж, уг орон тооны шаардлага хангасан хүнийг авах боломжтой байсан. Гэтэл уг хүн нь муу учраас тухайн орон тоо, ажлын байрыг хассан гэх нь үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл тус орон тоог хассан тайлбараа гаргаж хэлээгүй.

 “Бусад 3 ажилтан Засаг даргын Тамгын газарт харьяалалтай болохоор зохих газраас нь тодруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэж хариуцагч нэхэмжлэлийг эсэргүүцээгүй, мөн шүүгчээс болон хуулиар тогтоосон хугацаанд “зөвшөөрсөн” эсвэл “татгалзсан” тайлбар өгөөгүй учраас 3 ажилтны орон тоо, ажлын байрыг хууль бусаар хассанаа хүлээн зөвшөөрсөнд тооцох журамтай гэж үзэж байна.

Гэрч сумын Засаг дарга Т.Аы 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн байцаалтад “...тухайн төсөвт тодотгол хийх тухай төсвийн төслийг Хуралд бичгээр хүргүүлээгүй, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд амаар танилцуулсан. Үүнээс   өмнө 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын даргатай төсвийн тодотголын төслийн талаар ярилцаж, төсвийн тодотголын ноорог гаргаж аваад түүнийг хуралдаанд танилцуулсан” гэж худал хуурмаг мэдүүлэг өгсөн байгааг гэрч Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболат гэрчилж байна. “Харин баталсан төсөв нь хасагдсан 4 ажилтны хувьд байнгын орон тоо биш” гэх боловч төсвийн давсан хэсгээс эдгээр 4 орон тоо, ажлын байрыг 2013-2022 он хүртэл 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй байнгын ажлын байрны шинжтэй санхүүжүүлж ирсэн байна. Тухайн төсвийн тодотголын асуудлыг хуралдаанд оруулах үед дээрх /4 ажлын байр, орон тоо/ асуудлыг судалж ямар нэгэн нотлох баримт бүрдүүлээгүй юм. Тухайн төсвийн тодотголын төслийн талаар олон нийтэд танилцуулсан, санал авсан зүйл байхгүй гэх нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаан хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр болсон эсэх нь эргэлзээтэй гэж үзэхээр байна.

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Жанботагийн “бусад 3 ажилтан Засаг даргын Тамгын газарт харьяалалтай болохоор зохих газраас нь тодруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсний дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболатын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/01 дүгээр гаргасан тайлбартаа “... төсвийн давсан хэсгээс эдгээр 4 орон тоо, ажлыг байрыг 2013-2022 он хүртэл 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй байнгын ажлын байрны шинжтэй санхүүжүүлж ирсэн. Эдгээр орон тоо, ажлын байрны нийгмийн хэрэгцээ, шаардлага их байгаа,эдгээр 4 орон тоог үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн тооцоо судалгаагүй, Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр оруулах, санал мэдүүлэг өгөхөөс эхэлж хуулиар тогтоосон дүрэм, дэг журмыг зөрчиж, өөрөөр хэлбэл процессын ноцтой зөрчил гаргаж хүч түрэмгийлэн олонхоороо шийдвэрлэсэн” гэж холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбарласан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын зарим буюу иргэний танхимын менежер Х.Б, Үйлчилгээний нэгдсэн төвийн операторч бөгөөд хэвлэл, мэдээллийн ажилтан М.Е, үйлчилгээний ажилтан Х.А, олон нийтийн цагдаа М.А нарын 4 ажилтны нийгмийн шаардлага, нийтийн эрх зүй, ашиг сонирхлын шаардлагаар бий болсон, зайлшгүй байх ёстой ажлын байр, орон тоог хассан хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагч Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга А.Жанбота хариу тайлбартаа:

“2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөв тодотгох хуралдаанаар нэр бүхий 4 хүний  орон тоог хассан шийдвэр гаргасан. Нэр бүхий ажилчдын ажлын байр, орон тоо нь Засаг даргын Тамгын газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоонд батлагдаагүй, орон тооны бүтцэд байхгүй. Орон нутгийн давсан орлогоос цалингийн доод хэмжээгээр цалинжуулан ажиллуулж байсан.

Төсөв тодотгох хуралдаанд Засаг дарга Т.А Засгийн газрын “Мал аж ахуйн өвөлжилтийн  бэлтгэл ажлыг хангуулах тухай” 221 тоот тогтоол батлагдсан.Үүнтэй холбоотой  өвөлжилтийн  бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Шадар сайд, ХААХҮ–ийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгаврыг  тусгайлан биелүүлэх үүрэгтэй болсон юм. Энэ дагуу сум болгон 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх үүрэг авсан байгаа. Нийтдээ 5000 боодол өвсийг  зах зээлийн одоогийн ханшаар бодоход 1 боодол өвс 10000 гэж тооцоолоход 50 сая төгрөг болох юм байна. 30 тн тэжээл маань 50 кг-тай Оросын 600 шуудай хивэг болох  ба  1 шуудай хивэг нь 40000 төгрөг гэж тооцоолоход 24 сая, нийтдээ 74 сая төгрөг шаардлагатай байна. Орон нутгийн давсан орлогоос энэ жил гэрээ хийгдээгүй, зарцуулагдаагүй зарим ажлуудыг хасаж тэжээлийн нөөц бүрдүүлэх санал оруулсан. Мөн дээрээс нь орон нутгийн давсан орлогоос цалин авч байгаа 4  хүний асуудлыг оруулж ирж танилцуулсан. Үүнд, 1 хүний жилийн цалингийн сан нь 5 670 000 төгрөгөөр баталсан байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр  цалинжиж байгаа 3 ажилтныг 9-р сарын 10-ны өдрөөс чөлөөлөх хүсэлтэй байна. 9-р сарын 10-аас чөлөөлөхөөр 1 ажилтнаас 1,732,500 төгрөг, нийтдээ 3 ажилтнаас 5,197,500 төгрөг, 1 үйлчилгээний ажилтан байгаа юм байна. Цалингийн сан нь 2,025,000 төгрөг, 9-р сарын 10-аас чөлөөлөхөд 617,700 төгрөг, нийтдээ 4 ажилтнаас 5,816,250 төгрөг хасагдана. Нийтдээ 12,816,250 төгрөгийг орон нутгийн давсан орлогоос тодотгож тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хуваарилах санал оруулж ирсэн. 

Мөн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 43 дугаар тогтоолоор “үндсэн үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж зардлыг гаргахгүй байх”,”шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, цалингийн зардлыг хэмнэх тухай” даалгасан.

Төсвийн тухай хуулийн 46.5.4 дэх заалт , Монгол Улсын Сангийн Сайдын 216 дугаар тушаалаар баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт  орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын 7.5, 7.5.1.1 дэх хэсэгт давсан хэсэг, нэмэлт орлогыг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаанд зарцуулахыг хориглохоор заасан байна. Үүнд ажилтны цалин олгох асуудал хамаарагддаг юм байна. Нэг үгээр хэлбэл давсан хэсгээс хүн авч ажиллуулахыг хориглосон байна. Дээр дурдсан журам, хуулийн заалт, албан даалгаврыг тооцож үзсэний үндсэн дээр тухайн шийдвэр гарсан юм.

Нэхэмжлэлд заасан улс төржиж хассан гэсэн гомдолд нь санал нийлэхгүй байгаа. Тухайн ажилчдын ажлын байр, орон тоо нь батлагдсан орон тооны бүтцэд байгаад ажил алба нь үр дүнтэй, өгөөжтэй явагдаж байгаа нөхцөлд  хассан асуудал бол байхгүй юм. Ажилчдын тухай дурдахад хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтан  гэж томилсон байсан. Гэвч хурлын ажлын албанд  машин техник гэдэг юм огт байхгүй. Мөн иргэний танхимын ажил гэхээр нэхэмжлэлд нь тусгасан “Иргэний танхимд болох хэлэлцүүлэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, олон нийтийн дунд тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх, олон нийтийн оролцоог хангах” нэг ч ажил хийж гүйцэтгээгүй, нэг үгээр хэлбэл ямар ч ажил хийхгүйгээр зүгээр л цалин авч явж байгаа хүн байсан. Хурлын ажлын алба болон иргэний танхимын зохицуулагчийг тодорхой шалгуур тавигдсан, ур чадвартай, мэдлэг боловсролтой хүн гүйцэтгэх ёстой. Яагаад гэвэл олон нийтийн дунд ямар нэгэн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг явуулахад иргэний танхимын хүн монголоор сайн ярьж чаддаг байх, мөн алдаагүй зөв бичиж, бичиг баримтыг боловсруулж чаддаг байх, компьютер программ интернэтийн орчинд чадварлаг ажилладаг байх зэрэг шалгуурыг хангасан хүн ажиллах ёстой. Гэтэл иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан Х.Бын хувьд дээд сургууль төгсөөгүй, уг ажлыг хийж гүйцэтгэх чадваруудыг эзэмшээгүй, уг ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан. Мөн шаардлагыг хангаагүй хүнийг бид нараас өмнө байсан дарга нар өөрсдийн хэлсэнчлэн улс төрийн замаар хууль бусаар орон тоо баталж өгч, шаардлага хангаддаггүй хүнд цалин хөлс өгч, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан гэж үзэхээр нөхцөл бас байгааг анхаарах хэрэгтэй. Бусад 3 ажилтан Засаг даргын Тамгын газарт харьяалалтай болохоор зохих газраас нь тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгэнт төсвөө тодотгож байгаа болохоор зайлшгүй шаардлагатай гэж эрэмбэлсэн ажлыг хэрэгжүүлж, танах ёстой үр дүнгүй байгаа ажлуудыг хасаж шийдвэр гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т  заасан  Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах хэрэгжилтийг зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд хуралдааныг удирдаж явуулсан, олонхийн саналаар гарсан шийдвэрийг баталгаажуулсан” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл төсвийн тодотгол хийсэн. Төсвийн тодотголыг бид нар дураараа хийгээгүй. Хавтаст хэрэгт төрийн сангийн дарга К.Нуршаш гэрчээр мэдүүлэг өгөхдөө “....дээд шатны байгууллага төсөвт тодотгол хийсэн. 2021 оны 8 дугаар  сард тодотгол хийгээрэй гэж дээрээс шийдвэр ирсэн” гэдгийг мэдүүлсэн. Бидэнд төрийн сангийн дарга К. Нуршаш нэг хуудас материал өгч, төсөвт тодотгол хийх юм байна, тодотгол хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаа зарлаад чуулган хийсэн. Хуралдааны үед Засаг дарга Т.А санал оруулах эрхтэй учраас эрхийнхээ дагуу санал оруулсан. Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд олонхийн саналаар зохих шийдвэр гарсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хурлын дарга, нарийн бичгийн дарга гэсэн батлагдсан 2 орон тоо байдаг, Засаг даргын Тамгын газар 17 хүний бүтэц, орон тоогоор ажиллагаа явуулж байна. Тэр дотор тухайн маргаж буй иргэдийн орон тоо байхгүй. Төсвийн тодотголоор шийдвэрлэж гаргасан тогтоолд заасан бүх ажил хэрэгжээд мөнгө төгрөг нь зарцуулагдаад дууссан байна. Төсвийн тодотголоор гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргад үүрэг болгосон байсан. Тэрний дагуу хэрэгжүүлж тодотголоор гарсан шийдвэрүүд биелэгдсэн” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. 2006 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж заасан, 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн а/-д зааснаар сумын Засаг дарга төсвийн талаарх бүрэн эрхийнхээ хүрээнд төсөвт тодотгол хийлгүүлэхээр санал оруулах эрхтэй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хуралдаан хийх тухай тов гарсны дараа 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж зарим асуудлуудыг хэлэлцээд шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу  Хурал дараах асуудлыг өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Үүнд, төсөвт тодотгол хийх, төсөв батлах асуудал хамаарч байна.

Сумын Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор тухайн сумын хэмжээнд зарим нэн чухал хэрэгцээтэй шаардлагатай ажлуудыг эрэмбэлээд төсвийг шийдвэрлүүлэхээр санал оруулсан байна. Үүнд, Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд багтдаггүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тоонд багтдаггүй ерөнхийдөө сул цалин авч ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг танах нь боломжтой байна гэдэг үндэслэл бүхий санал гаргаж, тухайн Хурлын төлөөлөгчид хэлэлцсэн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын зохицуулагч гэсэн этгээд боловсролын хувьд шаардлага хангахгүй, монгол хэл мэдэхгүй, өдөр тутам хийдэг ажил байхгүй гэдгийг хэлэлцээд Иргэний танхимын ажилтанд хуваарилагдсан төсвийн давсан хөрөнгийг танах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Мөн кабонд ажилладаг үйлчлэгч, олон нийтийн цагдаа болон хэвлэл мэдээллийн ажилтны цалинг танах боломжтой гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Ингэхдээ төлөөлөгчид хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу таслах эрхтэйгээр оролцоод олонхийн шийдвэрээр 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тогтоолыг баталсан байна. Энэ тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.б, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1, 64 дүгээр зүйлийн 64.1.2-д заасныг баримтлан тогтоол гаргасан. Үүнээс үзэхэд, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.2-д “Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Тэгэхээр Засаг даргын зүгээс төсвийн тодотгол хийхээр гаргасан санал нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн тухай зохицуулсан. Үүнд, 64.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 64.1.2-д “тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх;” эрх хэмжээтэй байна. Тиймээс тогтоолын хувьд хуульд нийцсэн гэж үзэж байна.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/07 дугаар “Орон тоо, цалингийн санг батлах тухай”  тушаал болон Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаас үзэхэд, Х.Б, М.Е, Х.А, М.А нарын ажлын байр батлагдаагүй, байнгын ажлын байр биш болох нь нотлогдож байна. Зөвхөн орон нутгийн төсвөөс давсан хэсэг гарсан тохиолдолд ажиллуулж болохоор нөхцөл байдал харагдаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Б/06 дугаар тушаал, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Б/17, Б/18,Б/19 дүгээр тушаалуудад нэхэмжлэгч тал маргаагүй. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн маргаан таслах комисс эсвэл шүүхэд маргаан гаргаагүй. Эдгээр шийдвэрүүд Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх , хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй.

Аливаа төрийн байгууллага, төсөвт байгууллагад нэн хэрэгцээ шаардлагатай ажлыг чухал шаардлагатайгаас нь доошоо эрэмбэлдэг. Энэ дотогшоо чиглэсэн шийдвэр гэж ойлгож байна,захиргааны акт биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тогтоолоор төсвийг танасан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй.

Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболатын гэрчийн мэдүүлгийн агуулгаас үзэхэд, Засаг даргын Тамгын газарт баталж өгсөн төсвийн хүрээнд зохицуулаад ажиллуулах боломжтой гэж мэдүүлсэн. Тэгэхээр заавал төсвийн давсан хөрөнгөөр ажиллуул гэсэн үг биш. Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж болно” гэж заасан. Түүнээс биш заавал олон нийтийн цагдаа ажиллуулахыг үүрэг болгосон заалт биш. Энэ бүгдийг судалсны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Мөн хэрэгт авагдсан гэрч К.Нуршашын мэдүүлэг, Цэнгэл сумын Засаг дарга болон “Цэнгэл смарт” ХХК-тай байгуулсан гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, зарлагын баримтаас үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэсэн төсөв мөнгө зарцуулагдаад дууссан. Тийм учраас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй болсон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна. Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол хэрэгжээд дууссан байхад энэ тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгаа нь өөрөө ойлгомжгүй. Гэтэл шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулан асуухад, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэдгийг нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илэрхийлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д маргаан бүхий актыг хүчингүй болгох, эсвэл маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох гэх мэтчилэн байдлаар шийдвэр гардаг. Хэрэгжээд дууссан тогтоолыг хүчингүй болгох боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан болохоор энэ олонхийн шийдвэрээр баталсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоол хуульд нийцсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда  “Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаан хууль ёсны бөгөөд хүчинтэй эсэхийг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  шүүх хуралдааны  шатанд  татгалзсанаа  илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын зарим хэсэг буюу Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл бүхэлдээ  үндэслэлгүй байна.

3.  Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар  “Цэнгэл сумын 2021 оны төсөв батлах тухай“ тогтоолоор  сумын 2021 оны төсөвт  төвлөрүүлэх орлогын  нэр  төрөл хэмжээ, сумын 2021 оны төсвийн жилд  зарцуулах зарлагын  нийт хэмжээ,  сумын төсвөөс 2021 оны төсвийн жилд  төсвийн шууд захирагчдад  олгох  Засгийн газрын  чиг үүргийг орон нутагт төлөөлөн  хэрэгжүүлэх  тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ,сумын төсвөөс 2021 оны төсвийн жилд  төсвийн шууд захирагчдад  олгох  Засгийн газрын чиг  үүргийг   орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх  тусгай зориулалтын  шилжүүлгийн байгууллагын  үндсэн болон туслах үйл ажиллагааны  орлогын хэмжээ, сумын 2021 оны төсвийг санхүүжүүлэх  эх үүсвэрийг тус тус баталсан байна.

Уг тогтоолын төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад   төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг  баталж, зарцуулах эрх олгосон хавсралтад зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багцад  “Бараа, үйлчилгээний бусад зардал”-д  30607600 төгрөг, Засаг даргын Тамгын газрын  багцад  “Засаг даргын нөөц хөрөнгө”-д 61850400 төгрөг тус тус баталснаас “Бараа, үйлчилгээний бусад зардал”-д  баталсан 30607600 төгрөгийн 5670000 төгрөгийг иргэний танхимын ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд, үлдсэнийг  хавсралтад заасан 7 ажил, арга хэмжээнд, “Засаг даргын нөөц хөрөнгө”-д  баталсан 61850400 төгрөгийн хэвлэл мэдээллийн ажилтан болон олон нийтийн цагдаагийн ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд тус бүр 5670000 төгрөгийг,  2025000 төгрөгийг кабоны  үйлчлэгчийн  урамшуулал, нийгмийн  даатгалын шимтгэлд, үлдсэнийг хавсралтад заасан 11  ажил, арга хэмжээнд тус тус  зарцуулахаар баталжээ.

Өөрөөр хэлбэл сумын 2021 оны төсвийг батлахдаа иргэний танхимын ажилтан Х.Б, хэвлэл мэдээллийн ажилтан  М.Е, олон нийтийн цагдаагийн ажилтан М.А, кабоны  үйлчлэгч Х.А нарын цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг  12 сараар  тооцож  баталсан  байна.

Мөн  уг 18 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны  төсвийн жилд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг  баталсан, үүний дараа Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар “Давсан орлогыг хуваарилах тухай” тогтоолоор орон нутгийн  төсөвт 2020 оны  эцэст төвлөрүүлсэн шилжүүлгийн хөрөнгө 50216124 төгрөгийг  14 ажил, арга хэмжээнд,  орон нутгийн төсвөөс давсан орлого 50450000 төгрөгийг 7  ажил, арга хэмжээнд зарцуулахаар  тус тус баталжээ.

4. Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр тогтоолын  аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд  бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн  нөөцийн хэмжээг  баталсан 2 дугаар хавсралтад  Баян-Өлгий аймгийн 1 сум нь 100 тонн  өвс, 30 тонн тэжээл бэлтгэхээр  заасан, Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн сайдын  хамтарсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын “Нэг”-ийн 5-д “аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэж,шаардлагатай цэгүүдэд байршуулах” гэж заасан, мөн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлаас  2021 оны 8 дугаар сард  аймгийн 2021 оны төсөвт тодотгол хийсэнтэй тус тус холбоотойгоор  Цэнгэл сумын Засаг даргаас сумын 2021 оны төсөвт хийх тодотголын талаар  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  хуралдаанд танилцуулсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 100-118,126-127,186-190,216-217,218-222 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 141-142, 3 дахь хавтаст хэргийн  4-5 дахь тал/ тогтоогдож байна.

Ингэхдээ Цэнгэл сумын Засаг даргаас иргэний танхимын ажилтан Х.Б, хэвлэл мэдээллийн ажилтан  М.Е, олон нийтийн цагдаагийн ажилтан М.А, кабоны  үйлчлэгч Х.А нарын 2021 оны 9 дүгээр сарын 06-аас хойш 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин,урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг  хасаж, уг хугацааны цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн 5754800 төгрөг, Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тогтоолоор баталсан нийт 21 ажил, арга хэмжээнээс “Могойтын модон  гүүрний засвар”-ын 2000000 төгрөг,”Баяр наадмын зардал”-ын 5000000  төгрөг,  2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан  “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны  төсвийн жилд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д байгаа “Ховд голын жижиг салаанд гүүр барих” ажлын 20000000  төгрөг, ”Теректийн зам засвар”-ын ажлын 15000000 төгрөг, ”1 дүгээр цэцэрлэгийг зөөлөн эдлэлээр хангах” ажлын 6 000 000 төгрөг, ”3 дугаар цэцэрлэгт тоглоом авах” ажлын 4245700 төгрөг, нийт 58000500 төгрөгийг өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажилд зарцуулахаар  сумын 2021 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахаар танилцуулжээ.

5. Энэхүү асуудлыг Цэнгэл сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  хуралдаанаар хэлэлцээд  08  дугаар “Цэнгэл сумын 2021 оны төсөвт тодотгол хийх тухай“ тогтоол гаргасан байх ба  уг маргаан бүхий захиргааны актаар сумын 2021 оны төсөвт  төвлөрүүлэх орлогын  нэр  төрөл хэмжээ, сумын 2021 оны төсвийн жилд зарцуулах зарлагын  нийт хэмжээ,  сумын төсвөөс 2021 оны төсвийн жилд  төсвийн шууд захирагчдад  олгох  Засгийн газрын  чиг үүргийг орон нутагт төлөөлөн  хэрэгжүүлэх  тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ,сумын төсвөөс 2021 оны төсвийн жилд  төсвийн шууд захирагчдад  олгох  Засгийн газрын чиг  үүргийг   орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх  тусгай зориулалтын  шилжүүлгийн байгууллагын  үндсэн болон туслах үйл ажиллагааны  орлогын хэмжээ, сумын 2021 оны төсвийг санхүүжүүлэх  эх үүсвэрийг тус тус  тодотгон баталсан байна.

Уг тогтоолын төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад   төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг  баталж, зарцуулах эрх олгосон 1 дүгээр хавсралтад зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багцад “Бараа, үйлчилгээний бусад зардал”-д  41293400 төгрөг, Засаг даргын Тамгын газрын  багцад “Засаг даргын нөөц хөрөнгө”-д 151830500 төгрөг тус тус баталсан, 2 дугаар хавсралтад зааснаар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багцад баталсан  “Бараа, үйлчилгээний бусад зардал”-ын 41293400 төгрөгийн 3955800 төгрөгийг иргэний танхимын ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд, Засаг даргын Тамгын газрын  багцад  баталсан “Засаг даргын нөөц хөрөнгө”-ийн 151830500 төгрөгийн хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтны  цалин, нийгмийн даатгалын шимтгэлд  тус бүр 3955800 төгрөгийг,  кабоны  үйлчлэгчийн  урамшуулал, нийгмийн  даатгалын шимтгэлд 1412800 төгрөгийг  тус тус  зарцуулахаар баталжээ.

Өөрөөр хэлбэл  маргаан бүхий захиргааны акт болох Цэнгэл сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  08  дугаар  сумын 2021 оны төсөвт тодотгол хийсэн тогтоолоор  иргэний танхимын ажилтан Х.Б, хэвлэл мэдээллийн ажилтан  М.Е, олон нийтийн цагдаагийн ажилтан М.А, кабоны  үйлчлэгч Х.А нарын цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны  9 дүгээр сарын 06-ыг  хүртэлх хугацаагаар  тооцож  баталсан буюу  үүнээс хойш 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин,урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг  хассан байна.

Ингэхдээ уг тогтоолоор тухайн 4 ажилтны хасагдсан хугацааны цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн 5754800 төгрөг, Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тогтоолоор баталсан нийт 21 ажил, арга хэмжээнээс “Могойтын модон  гүүрний засвар”-ын 2000000 төгрөг,”Баяр наадмын зардал”-ын 5000000  төгрөг, нийт 12754800 төгрөгийн 3000000 төгрөгийг 2021 оны А/07 дугаар тогтоолоор баталсан 21 ажил, арга хэмжээнд багтаж байгаа “Харгантын зам засвар”-ын ажилд, 7000000 төгрөгийг ”9 дүгээр багийн гудамжны замыг тэгшлэх” ажилд тус тус  нэмж баталж, үлдсэн 2754800 төгрөгийг “Тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажилд зарцуулахаар шинээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 136-143,147-165,191-192, 2 дахь хавтаст хэргийн 8-15,141-142, 3 дахь хавтаст хэргийн  4-5 дахь тал/  тус тус тогтоогдсон.

Мөн  Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021  оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  хуралдаанаас “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тодотгол хийх тухай” 09 дүгээр тогтоол гаргасан байх ба уг тогтоолоор  өмнөх 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан  “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны  төсвийн жилд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д байгаа “Ховд голын жижиг салаанд гүүр барих” ажлын 20000000  төгрөг, ”Теректийн зам засвар”-ын ажлын 15000000 төгрөг, ”1 дүгээр цэцэрлэгийг зөөлөн эдлэлээр хангах” ажлын 6000000 төгрөгөөс 5000000  төгрөг, нийт 40000000 төгрөгийг “Өвсний нөөц бүрдүүлэх”, “Тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажилд зарцуулахаар  шинээр  баталж төсөвт тодотгол хийсэн  байна.

Эдгээр “Харгантын зам засвар”-ын болон ”9 дүгээр багийн гудамжны замыг тэгшлэх” ажилд  нэмж баталсан нийт 10000000 төгрөг, “Өвсний нөөц бүрдүүлэх”, “Тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажилд зарцуулахаар  шинээр  баталсан 42754800 төгрөг зарцуулагдсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  / 2 дахь хавтаст хэргийн 19-26,36-67,141-142,198-245 дахь  тал/ нотлогдсон болно.

6.Нэхэмжлэгч талаас “Х.Б,М.Е,Х.А, М.А нарын 4 ажилтны  ажлын байр, орон тоог хассан  Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  08 дугаар тогтоол нь хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал зэргийг зөрчсөн, тухайн орон тоонууд  заавал байх ёстой орон тоо, эдгээр 4 ажилтныг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга тус тус томилж, чөлөөлөх журмыг зөрчиж эдгээр оролцогч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд  мэдэгдээгүй, тэдний  санал тайлбарыг аваагүй,  бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй,  сонсох ажиллагаа явуулаагүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийг зөрчсөн” гэж маргажээ.

7.Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж болно”, 63.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргаас Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай зөвшилцөн гаргасан саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олон нийтийн цагдаагийн тоог жил бүр тогтооно” гэж  зааснаар олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах эсэх нь  нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар  М.Аийг сумын олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилсон байгаа боловч уг орон тоо нь  сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны  бүтцэд багтдаггүй болох нь тогтоогдсон бөгөөд маргаан бүхий тогтоол гарах хүртэл Цэнгэл сумд 1 олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулж, цалин хөлсийг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр  санхүүжүүлж байсан.

Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014   оны  01 дүгээр сарын 24-ний  өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Иргэний танхимын журам-ын 3.3-т “Иргэний танхимын орон тоо, төсвийг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас батална”  гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Бын ажиллаж байсан  иргэний танхимын ажилтны орон тоо нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын батлагдсан цалингийн сан, орон тооны бүтцэд багтдаггүй.

Засгийн газрын  2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар  Улаанбаатар  хот болон  орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа  “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний  нэгдсэн төв” болгон өөрчлөн зохион байгуулах, бүх сумдад “Үйлчилгээний  нэгдсэн төв”   байгуулж,  иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг  цахим хэлбэрээр  үзүүлэхийг, 3 дахь заалтаар “Үйлчилгээний  нэгдсэн төв”-д ажиллах  байгууллагын албан хаагчдын  орон тооны дээд хязгаарыг  батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг тус тус аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын албаны даргын 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  03 дугаар “Үйлчлэгчийн ажлын үлгэрчилсэн норм батлах тухай” тушаалаар  нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээг баталсан байгаа боловч Цэнгэл сумын хувьд  “Үйлчилгээний нэгдсэн төв”-д  ажиллах байгууллагын албан хаагчдын  орон тоо, төсвийн талаар гарсан эрх бүхий этгээдийн шийдвэр  байхгүй, нэхэмжлэгч М.Е нь сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд байхгүй  хэвлэл  мэдээллийн ажилтан гэдэг орон тоонд ажиллаж байсан,  сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд  1 үйлчлэгчийн орон  тоо  батлагдсан, харин кабоны үйлчлэгчийн орон тоо гэж  батлагдсан орон тоо байхгүй болох нь тус тус тогтоогдож байгаа.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Б, М.Е, М.А, Х.А нарын  ажиллаж байсан иргэний танхимын ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, кабоны  үйлчлэгчийн орон тоо нь  Цэнгэл сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурал,  Засаг даргын Тамгын газрын батлагдсан цалингийн сан, орон тооны бүтцэд багтдаггүй, тухайн орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг 2013 оноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сумын төсвийн орлогын давсан хэсгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс доогуур хэмжээгээр цалинжуулан ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 23, 26, 29, 41, 45-51, 54-57, 65-68, 78, 79-86, 100-118, 211-212, 246-247, 2 дахь хавтаст хэргийн 6-7, 8-15, 27-32, 70-119, 141-142, 145-147, 156-158, 159-169 дэх тал/ тус тус тогтоогдсон болно.

8.Маргаан бүхий тогтоол гарах үед хүчин  төгөлдөр үйлчилж байсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 18 дугаар зүйлийн  18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:  б/Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах” ,25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.1.төлөвлөлт, төсөв, санхүү, бүртгэл тооцооны талаар: а/Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж,

 

Төсвийн тухай хуулийн 4.1.26-д ““төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг”, 6 дугаар зүйлийн  6.2.6-д “Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ: 6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх”,34 дүгээр зүйлийн 34.2-т “Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ: 34.2.1.дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;34.2.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон”, 64 дүгээр зүйлийн 64.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:64.1.2.тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:66.1.1.тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах” гэж  тус тус заасан.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд дээд шатны төсөвт тодотгол хийсэн, мөн урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд Засаг даргаас тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар төсвийн тодотголын төсөл боловсруулан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд тухайн жилийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаар, уг шийдвэрийг төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргахаар тус тус хуульчилсан байна.

9.Дээрх  нөхцөл байдлуудаас үзэхэд  дээд шатны буюу  аймгийн 2021 оны төсөвт тодотгол хийсэн, мөн Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн сайдын  хамтарсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавраар сумын хэмжээнд  бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэж,шаардлагатай цэгүүдэд байршуулахаар  заасан буюу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон зэрэг Цэнгэл сумын 2021 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн  нь тогтоогдож байна.

 Энэхүү нөхцөл байдлын улмаас сумын Засаг даргаас сумын 2021 оны төсвийн тодотголын талаар танилцуулснаар Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргасан иргэний танхимын ажилтан Х.Б,хэвлэл мэдээллийн ажилтан  М.Е, олон нийтийн цагдаагийн ажилтан М.А, кабоны  үйлчлэгч Х.А нарын 2021 оны 9 дүгээр сарын 06-аас хойш 12 дугаар сарыг дуусталх  хугацааны цалин,урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэл болон  зарим ажил, арга хэмжээний зардлыг  хасаж, уг хасагдсан зардлыг өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил болон бусад батлагдсан ажил, арга хэмжээнд нэмж зарцуулахаар 2021 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсан маргаан бүхий тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 18 дугаар зүйлийн  18.1.2-ын б/, 25 дугаар зүйлийн 25.1,29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн а/, Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.6.а, 34 дүгээр зүйлийн 34.2.1, 34.2.2, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгтэй  тус тус  нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан  шийдвэр байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл бий болсноор эрх бүхий этгээдээс төсөвт тодотгол хийх санал гаргасан тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн төсвийг баталсан шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах буюу  төсөвт тодотгол хийх  бүрэн эрхтэй бөгөөд сумын 2021 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсны улмаас  сумын Засаг даргаас тухайн жилийн  төсөвт тодотгол оруулахаар  санал гаргаснаар Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн асуудлыг  хуралдаанаар хэлэлцээд тухайн 4 ажилтны орон тоо нь батлагдсан цалингийн сан, орон тооны бүтцэд багтдаггүй, бусад арга хэмжээ, ажлууд сумын хувьд зайлшгүй шаардлагатай гэсэн  нөхцөл байдлуудыг үндэслэн  өмнөх тогтоолоор баталсан  зарим ажил, арга хэмжээ  болон  зайлшгүй шаардлагатай шинэ ажил арга хэмжээнд  зардал шинээр болон нэмж баталж, бусад ажил,  арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр  зохицуулалт хийсэн  шийдвэрийг  буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Цэнгэл сумын Засаг даргын хувьд  сумын 2021 оны төсвийн тодотголын төслийг    Хуралд хуралдаан болохоос өмнө  тооцоо, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлээгүй, харин Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаан дээр  танилцуулсан, уг төсвийн тодотголын төслийг нийтэд нээлттэй байлгах,  мэдээлэх, мөн  дээрх 4 ажилтныг  захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, санал, тайлбар аваагүй   болох нь гэрч Б.Латизагийн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 147-165,3 дахь хавтаст хэргийн 4-5 дахь тал/ тогтоогдож байгаа боловч  энэ нь  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “сумын төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой  бүрэн эрхийн хүрээнд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д  тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн  хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын зарим хэсэг буюу Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох” гэсэн шаардлага гаргасан ба захиргааны  актыг хүчингүй болгохын тулд  тухайн  маргаан бүхий захиргааны актыг цуцлаагүй, хүчингүй болгоогүй, хэрэгжээгүй байх ёстой.

Маргаан бүхий захиргааны акт болох Цэнгэл сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  08 дугаар  тогтоолоор иргэний танхимын ажилтан Х.Б, хэвлэл мэдээллийн ажилтан  М.Е, олон нийтийн цагдаагийн ажилтан М.А, кабоны  үйлчлэгч Х.А нарын цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлд  өмнөх тогтоолоор 12 сараар тооцож 19035000 төгрөг баталсан байсныг 2021 оны  9 дүгээр сарын 06-ыг   хүртэлх хугацаагаар тооцож 13280200 төгрөг баталсан буюу  үүнээс хойш 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин,урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг  хасжээ.

Тодруулбал  тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багцад “Бараа, үйлчилгээний бусад зардал”-д  41293400 төгрөг, Засаг даргын Тамгын газрын  багцад “Засаг даргын нөөц хөрөнгө”-д 151830500 төгрөг тус тус баталсан, 2 дугаар хавсралтад зааснаар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багцад баталсан  “Бараа, үйлчилгээний бусад зардал”-ын 41293400 төгрөгийн 3955800 төгрөгийг иргэний танхимын ажилтны, цалин, нийгмийн даатгалын шимтгэлд, Засаг даргын Тамгын газрын  багцад  баталсан “Засаг даргын нөөц хөрөнгө”-ийн 151830500 төгрөгийн хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтны  цалин, нийгмийн даатгалын шимтгэлд  тус бүр 3955800 төгрөгийг,  кабоны  үйлчлэгчийн  урамшуулал, нийгмийн  даатгалын шимтгэлд 1412800 төгрөгийг  тус тус   баталсан байгаа.

Гэтэл 08 дугаар тогтоолын  эдгээр заалтууд  нь тухайн үедээ хэрэгжсэн байсан, өөрөөр хэлбэл тухайн ажилтнуудад 2021 оны 1 дүгээр сараас 9  дүгээр сарын 06-ыг хүртэлх  хугацааны цалин олгогдсон, нэхэмжлэгч нарын хувьд үлдсэн  12 дугаар сарыг дуусталх хугацааны  цалинг хассан талаар маргаж байгаа боловч энэ талаар ямар нэгэн  нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй энэ тохиолдолд маргаан бүхий тогтоолын тухайн 4 ажилтны цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны  9 дүгээр сарын 06-ыг хүртэлх хугацаагаар тооцож 13280200 төгрөгөөр баталсан заалтуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын эрх ашиг сэргээгдэх боломжгүй юм.

Мөн  маргаан бүхий  Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан хэсэг буюу тухайн 4 ажилтны цалин, урамшуулал , нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны  9 дүгээр сарын 06-ыг   хүртэлх хугацаагаар тооцож 13280200 төгрөгөөр баталсан заалтуудыг хүчингүй болгосноор өмнөх  эдгээр 4 ажилтны цалин, урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийг  12 сараар  тооцож  баталсан Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолын үйлчлэл сэргэхгүй.

Учир нь  Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тухайн 4 ажилтны цалин хөлснөөс гадна  өмнөх 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар  тогтоолоор  тус тус баталсан  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, сумын 2021 оны төсөвт  төвлөрүүлэх орлогын  нэр  төрөл хэмжээ, сумын 2021 оны төсвийн жилд зарцуулах зарлагын  нийт хэмжээ,  сумын төсвөөс 2021 оны төсвийн жилд  төсвийн шууд захирагчдад  олгох  Засгийн газрын  чиг үүргийг орон нутагт төлөөлөн  хэрэгжүүлэх  тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ,сумын төсвөөс 2021 оны төсвийн жилд  төсвийн шууд захирагчдад  олгох  Засгийн газрын чиг  үүргийг   орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх  тусгай зориулалтын  шилжүүлгийн байгууллагын  үндсэн болон туслах үйл ажиллагааны  орлогын хэмжээ, сумын 2021 оны төсвийг санхүүжүүлэх  эх үүсвэрийг тус тус  тодотгон баталсан буюу  Төсвийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар мөн хуулийн 33.2.1-33.2.7-д заасныг тусгаж   сумын 2021 оны төсвийг  баталсан цогц  шийдвэр байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах бөгөөд дээрх байдлаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хүчингүй болгохоор маргаж буй захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна маргааны зүйл болох захиргааны актын холбогдох заалтууд нь хэрэгжсэн байх  тул нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5,109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаан хууль ёсны бөгөөд хүчинтэй эсэхийг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 18 дугаар зүйлийн  18.1.2-ын б/, 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн а/, Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.6.а, 34 дүгээр зүйлийн 34.2.1, 34.2.2, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолын зарим хэсэг буюу Х.Б, М.Е, Х.А, М.А нарын 4 ажилтны ажлын байр, орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.   

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 -д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ