| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2019/00431/И |
| Дугаар | 655 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 655
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 801-р байр 1305 тоотод оршин суух, Боржигон овогт Бадарчингийн Батбаяр /СУ67032071/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Цагааннуур 3 дугаар баг Тийрэг гэх газар оршин суух, Цагаагчууд овогт Хөрөвжавын Баярмаа /ОД90100103/-д холбогдох
“66.400.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч А.Атарцэцэг, Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... ... Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч Х.Баярмаатай 2018 оны 12 сарын 11-ний өдөр 40.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сард 4 хувийн хүү төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан 2018.12.12-ны өдөр 40.000.000 төгрөгийг зээлдэгчид нэхэмжлэгчийн Хаан банкны 5133179150 дугаартай данснаас зээлдэгчийн хаан банкны 5020787597 дансанд шилжүүлэн өгсөн.
Мөн өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд барьцааны гэрээгээр зээлдэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 28 дугаар хороолол 17130/0 гудамж, 828 тоот хаягт байршилтай Ү-2206059708 дугаарт бүртгэлтэй, 302.86 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж гэрээг эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн.
Гэрээний хугацаа дуусахад зээлдэгчийн хүсэлтээр хугацааг 3 сараар сунгаж 2019.02.28-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хугацааны эцэст буюу 2019.04.11-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 40.000.000 төгрөг, 4 сарын хүү 1.600.000x4=6.400.000 төгрөг, алданги 2019 оны 04 сарын 12-ноос хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 4 сар буюу 133 хоногт өдөр бүр 200.000 төгрөгийг тооцоход 26.400.000 төгрөг байхаар тооцоо гарч байгаа боловч хуульд заасан 50 хувиас хэтрэхгүй гэж тооцоход 20.000.000 төгрөг, нийт 66.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна! гэжээ.
Хариуцагч Х.Баярмаа нь 2019 оны 9 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Б.Батбаяр нь Цэнд-Аюуштай өөрсдөө уулзаж ярилцан мөнгө төгрөг зээлж, барилга барихад хөрөнгө оруулалт хийж байгаа талаар ярилцаж байсан. Энэ үйл явдалд миний бие оролцоогүй.Тухайн үед Батбаяр гэдэг хүн заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлагтай гэдэг шаардлага тавиад байна. Баярмаа чиний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалчихъя удахгүй суллаад өгчихнө гэхээр гэрчилгээгээ Цэнд-Аюуш-д өгсөн. Тэгээд миний данснд 40.000.000 төгрөг орж ирсэн,тэгээд картыг минь авсан. Тэд захиран зарцуулсан. Шүүхэд нэхэмжлэл ирсэн.Намайг өгсөн байна гэдгийг Цэнд-Аюуш-д хэлсэн. Бид учраа олчихно.
Та хүлээж бай гэж надад хэлсэн. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг уншиж танилцахад хүү алданги хэт өндөрөөр тооцож бичсэн байдал харагдаж байна! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч Х.Баярмаагаас зээлийн гэрээний үүрэгт 66.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 сарын хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийсэн болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бусад бичгийн чанартай баримт зэргээр тогтоогдож байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Батбаяр нь зээлдэгч Х.Баярмаагийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч Х.Баярмаа нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь гэрээ байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Х.Баярмаад 40.000.000 төгрөгийг бэлнээр өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-д “гэрээний хугацаанд хүү”, мөн гэрээний 3.7-т “хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги” тооцохоор талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлдүүлсэн өгсөн 40.000.000 төгрөгийг гэрээний хугацаа 2019 оны 01 дугаар сарын 11-ний өдөр дуусахад зээлдэгч Х.Баярмаа үндсэн зээл 20.000.000 төгрөг, 7 хоногийн зээлийн хүү 1.600.000 төгрөг, нийт 41.600.000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Тухайлбал: Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хариуцагч Х.Баярмаа төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Иймд Х.Баярмаагаас үндсэн зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөг түүний хүү 6.400.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг нийт 66.400.000 төгрөг гаргуулан Б.Батбаярт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 489.950 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч Х.Баярмаа шүүх хуралд оролцохгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Баярмаагаас 66.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 489.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Баярмаагаас 489.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ