Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 661

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багт оршин суух, Цорс овогт Тогтохын Магалжав /ОА72121111/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт оршин суух, Борлууд овогт Цаналагийн Жамсран /ОА71012011/-т холбогдох

“1.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Жамсран,хариуцагчийн өмгөөлөгч Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Магалжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ...Миний бие  2015 оны 05 дугаар сард Ц. Жамсрантай өвөлжөө бууц болон сумын төв дахь хашааны худалдаа хийсэн. Ц.Жамсран нь “ Сэлэнгэ аймаг шилжиж амьдрах болсон найз нөхрийн хувьд чи миний “Элсэн бөөрөгт” байгаа өвөлжөө малын хашаа бууц болон сумын төвд байгаа хашааг ав гэхэд нь би зөвшөөрч 1 сая төгрөг, нас бие гүйцсэн сувай эм үхрийг 800,000 төгрөгөөр үнэлж өгсөн ба тэр өвөл нь би өвөлжөө бууцанд буух гэхэд нь Ч.Чойсүрэнд өгсөн байсан төдийгүй сумын төв дахь хашаа нь өөр хүний эзэмшилд шилжсэн байсан.Энэ талаар Ц.Жамсранд мэдэгдэхэд “найз нь хохирлыг чинь барагдуулж өгнө” гэж явсаар 3 жил болсон. Гэтэл ноднин жилээс “чи надаас юу олж авах юм” гэдэг болсон. Би найз нөхрийн хувьд санхүү мөнгөний боломж гарахгүй ч байгаа юм уу эсвэл тоглож цаашлуулж байгаа байх гэж хүлээсээр 4 жил боллоо. Одоо миний хохирлыг барагдуулж өгөхгүй нь тодорхой болсон тул бэлэн өгсөн 1 сая төгрөг, үхрийн үнэ 800,000 төгрөг бүгд 1.800.000 төгрөг нэхэмжилж байгааг минь шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Ц.Жамсран шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...  Би Магалжаваас 1 сая төгрөг, мөн эм сувай үхэр аваагүй тул 1.800.000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хүнийг худал гүтгэж дарамталж байхаа болих хэрэгтэй. Намайг бие муутай болохоор элэг барьж байна гэж бодож байна. Энэ зун сургуулийнхаа ойгоор Увс орсон. Магалжав надтай таарсан боловч огт энэ талаар яриагүй. Нэхэмжлэлийн шаарлаыг хүлээн зөвшөөрөхгүй! гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь: 

 

      Нэхэмжлэгч Т.Магалжав нь хариуцагч Ц.Жамсранд холбогдуулан 1.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Ц.Жамсран нь Магалжаваас 1 сая төгрөг, мөн эм сувай үхэр аваагүй тул 1.800.000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

      Учир нь: Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл: Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сард хашааны худалдаа хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

            Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2015 оны 05 дугаар сард Ц. Жамсрантай өвөлжөө бууц болон сумын төв дахь хашааны худалдаа хийсэн. Ц.Жамсран нь “ Сэлэнгэ аймаг шилжиж амьдрах болсон найз нөхрийн хувьд чи миний “Элсэн бөөрөгт” байгаа өвөлжөө малын хашаа бууц болон сумын төвд байгаа хашааг ав гэхэд нь би зөвшөөрч 1 сая төгрөг, нас бие гүйцсэн сувай эм үхрийг 800,000 төгрөгөөр үнэлж өгсөн ба тэр өвөл нь би өвөлжөө бууцанд буух гэхэд нь Ч.Чойсүрэнд өгсөн байсан төдийгүй сумын төв дахь хашаа нь өөр хүний эзэмшилд шилжсэн байсан. Одоо миний хохирлыг барагдуулж өгөхгүй нь тодорхой болсон тул бэлэн өгсөн 1 сая төгрөг, үхрийн үнэ 800.000 төгрөг бүгд 1.800.000 төгрөг нэхэмжилж байна! ... гэж тодорхойлсон ч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 04-ны өдөр Хаан банкны 2016 оны 5 сарын 17-ны өдрийн Орлогын мэдүүлэг болон Увс аймгийн Баруун туруун сумын газрын даамалийн... тухайн газар эзэмшил, өмчлөлийн гэрчилгээгүй... гэх тодорхойлолт зэргээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, нотлох үүргээ биелүүлж чадаагүй.

Иймд Ц.Жамсранд холбогдох 1.800.000 төгрөг гаргуулах тухай “Т.Магалжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Жамсранд холбогдуулан гаргасан “1.800.000 төгрөг гаргуулах” тухай Т.Магалжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ