Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 5

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит, 3 дугаар хэсэг 044 тоотод оршин суух, эмэгтэй, одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч ажилтай Солони овогт Норовсамбуугийн Сумъяагийн /МЮ-80082502/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ 5 дугаар хэсэг 115 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Хасууд овогт Даваадоржийн Сумъяад /МЭ-84081301 / холбогдох

Үндсэн зээл, хүү нийт 11,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банк Сэлэнгэ салбараас ХААН банкныхаа зээлийг хаах зориулалтаар цалингийн зээл авсан. Ажил ихтэй байсан учраас банкинд зээлийг хааж чадаагүй байтал Д.Сумъяа надаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус зээлсэн. Уг зээлээ 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Би Д.Сумъяагийн аав, ээжийг нь сайн мэддэг, өөрийг нь сайн мэддэг учраас хугацаандаа зээлсэн мөнгөө өгөх байх гэж итгээд мөнгө зээлсэн. Тухайн үед Д.Сумъяа нь Төрийн банкинд эдийн засагчаар ажилладаг байсан.

Гэтэл Д.Сумъяа нь надаас авсан зээлээ ч төлөхгүй би ч банкныхаа өрийг хааж чадахаа байсан. Д.Сумъяагаас зээлсэн мөнгөө нэхэхээр мөнгө байхгүй, олдохгүй байна гэсээр олон хэдэн сар өнгөрч увуулж, цувуулсаар эхний 3 сарын хүү гэж 1,800,000 төгрөг өгч дахин мөнгө өгөхгүй болохоор нь 2019 оны 07 дугаар сарын эхээр Зээлийн гэрээ-г 6,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хүү 1,800,000 төгрөг үндсэн зээл 6,000,000 төгрөг хүүгийн хамт 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар хийсэн. Гэрээнд зааснаар ч зээлээ төлөөгүй. Хамгийн сүүлд гэрээ хийснээс хойш 600,000 төгрөг нийт 2,400,000 төгрөг өгсөн. Би удаа дараа гэрт нь очиж учраа хэлж мөнгөө нэхсэн боловч байхгүй гээд өгөөгүй ба ээж нь хүртэл уурлаад байсан. Иймд Д.Сумъяагаас үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг нийт 11,400,000 төгрөг гаргуулж өгнө үү...гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Д.Сумъяагийн шүүхэд гаргасан тайлбараас:

Даваадорж овогтой Сумъяа миний бие нь Н.Сумъяагаас 6,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь өгч байсан мөнгөнүүдээ үндсэн мөнгөнөөс хасуулах хүсэлтэй байна. Миний бие нь төрөөд сар гаран болж байгаа, нялх хүүхэдтэй тул шүүх хуралд оролцох боломжгүй...гэжээ.

 

Хариуцагч Д.Сумъяагаас шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Д.Сумъяа миний бие нь Н.сумъяагаас 6,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн ба сард тодорхой хэмжээний мөнгө өгч байсан. Энэ хугацаанд нийт 2,400,000 төгрөгийг төлсөн. Миний бие нь нялх хүүхэдтэй тул шүүх хуралд оролцох боломжгүй, намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Сумъяагийн нэхэмжлэлтэй Д.Сумъяад холбогдуулан Үндсэн зээл, хүү нийт 11,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг ам хэлцэл хийн 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлж Н.Сумъяа нь Д.Сумъяагийн ХААН банкны данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Д.Сумъяа нь зээлээ заасан хугацаандаа бүрэн хэмжээгээр төлөөгүй учир зохигчид харилцан тохиролцож, 2019 оны 07 дугаар сард үндсэн зээл 6,000,000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, хугацаандаа төлөгдөөгүй гэх 3 сарын хүү 1,800,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар зааж Зээлийн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-д заасан зээлийн харилцаа үүссэн байна.

Хариуцагч Зээлийн гэрээ-нд зааснаар үндсэн зээл 6,000,000 төгрөгийг хүүгийн хамт заасан хугацаандаа төлөөгүй бөгөөд Зээлийн гэрээ хийхээс өмнө 3 сарын хүү 1,800,000 төгрөг, мөн гэрээ хийснээс хойш 600,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарууд зэргээр нотлогдсон болно.

Хариуцагчаас зээлийн хүүд төлсөн гэх 1,800,000 төгрөг нь зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сард Зээлийн гэрээ-ний өмнө төлсөн байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалтын дагуу хүү авах эрхээ алдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд хийгдсэн Зээлийн гэрээ нь ямар хугацаагаар, гэрээ хийсэн он, сар, өдөр нь тодорхойгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчаас 2019 оны 07 дугаар сард хийсэн гэх Зээлийн гэрээ-нд зааснаар үндсэн зээлийн 3 сарын хүүд тооцон өгсөн гэх 1,800,000 төгрөгийг үндсэн зээл 6,000,000 төгрөгнөөс хасаж тооцон (6,000,000-1,800,000=4,200,000), үлдэх 4,200,000 төгрөгнөөс гэрээнд заасны дагуу 2 сарын хүүд 840,000 төгрөгийг тооцон, гэрээнээс хойш өгсөн гэх 600,000 төгрөгнөөс 1 сарын хүүг хасаж тооцон, үлдэх 180,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцон нийт (4,200,000+840,000+180,000=5,220,000) 5,220,000 төгрөгийг Д.Сумъяагаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, талаар шүүхэд бичгээр гаргасан байх тул хэрэгт авагдсан бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 2324 дугаартай Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай захирамжаар 197,350 төгрөгийг хойшлуулж, хариуцагчаас 5,220,000 төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж 98,470 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар Д.Сумъяагаас 5,220,000 төгрөг гаргуулан Н.Сумъяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2324 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг 197,350 төгрөгийг хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагчаас 5,220,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 98,470 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.СОЁЛМАА