Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/545

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           06           28                                      2022/ШЦТ/545

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх /томилолтоор/,

шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ***дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Өэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, А.Ө /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Ө нь ***цагдаагийн дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “согтуу хүн агсам тавиад байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч М.Баас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Цагдаагийн 2 дугаар хэлтсийн өрөөнд 100.000 төгрөгийг бэлнээр авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч А.Ө нь ***цагдаагийн дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “согтуу хүн агсам тавиад байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хохирогч М.Баас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ***дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн өрөөнд 100.000 төгрөгийг бэлнээр авсан боловч 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол үйлдэж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч М.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болоод найзуудтайгаа тэмдэглээд Э манайд хоносон. Маргааш нь Эгийн нөхөр Ө манайд орж ирээд эхнэрээ загнаад байхаар нь би нөхрийг нь загнасан. Ингээд Ө эхнэрээ дагуулаад гараад явсан. Ө манай гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Би тухайн үед согтуу байсан ба цагдаагийн алба хаагч нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Маргааш нь Ө байцаагч надаас мэдүүлэг аваад -Зөрчлийн тухай хууль зөрчсөн гээд 100.000 төгрөгөөр торгосон. Цагдаа намайг мөнгөө бэлнээр аваад ир гэсэн тул 10 дугаар хороололд байдаг Хаан банкны АТМ-ээс аваад ***дүүргийн 25 дугаар хороонд байх цагдаагийн хэсгийн өрөөнд байцаагч Өэд өгсөн. Надад зөрчлийн материалыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдээгүй. Торгуультай холбоотой баримт, торгуулийн хуудас өгөөгүй. ...Намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгосон...” гэх мэдүүлэг /хэргийн 135-136 дугаар хуудас/,  

         Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хуульд заасан үндэслэлээр цагдаагийн албан хаагч өөрийн биеэр хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн арга хэмжээ авдаг: Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдлыг хүлээн авч ажиллагаа явуулан зөрчил гаргагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 120-121 дүгээр хуудас/,

         Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүүрэг дэх цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэст ажилласан дүнгийн талаарх “...Цагдаагийн дэслэгч А.Ө нь зөрчлийн 8843 дугаартай гомдлыг шалгаад зөрчлийн шинжгүй гэж татгалзсан. ...Холбогдогч М.Б гэгчтэй холбогдож тодруулахад зөрчил гаргасан зөрчлийн дагуу 100.000 төгрөгөөр хороо хариуцсан цагдаа дээр торгуулийн арга хэмжээ авагдсан гэсэн мэдээлэл өгсөн. Материалд торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас байхгүй, тухайн иргэнээс авсан 100.000 төгрөгийг яасан нь тодорхойгүй...” гэх илтгэх хуудас /хэргийн 14-17 дугаар хуудас/,

         ***дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 4 дүгээр хороо хариуцсан цагдаагийн дэд ахлагч А.Өийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай “...Ө гаднаас орж ирээд эхнэр Эг “одоо архи уухаа боль, гэртээ харья” гэхэд Б нь байж байгаад явахгүй юу даа гэж хэлсэн байна. байж байгаад явахгүй юу даа гэснийг Ө агсам тавиад байна гэж ойлгож цагдаагийн байгууллагад хандсан нь зөрчлийн шинжгүй байна...” гэх тогтоол, материалын хуулбар /хэргийн 69-79 дүгээр хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга /хэргийн 56-60 дугаар хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27/313 дугаартай “Танилцуулга хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хэргийн 52-53 дугаар хуудас/,

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/721 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халах, цагдаагийн цол хураах тухай тушаал /хэргийн 112 дугаар хуудас/,

         Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/531 дугаартай “...А.Өийг ***дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосугай” гэх тушаал /хэргийн 113 дугаар хуудас/,

         Яллагдагч А.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 150 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

  Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 116 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 101 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 109 дүгээр хуудас/.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч А.Ө нь ***цагдаагийн дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “согтуу хүн агсам тавиад байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хохирогч М.Баас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгоно” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ***дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн өрөөнд 100.000 төгрөгийг бэлнээр авсан боловч 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол үйлдэж шийдвэрлэсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн илтгэх хуудас, 8843 бүртгэлийн дугаартай зөрчлийн материалын хуулбар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27/313 дугаартай албан бичгийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/721 дугаартай тушаал, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/531 дугаартай ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

           Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

           Харин “Залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна

            Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, бодит байдлыг нуух, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг, Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг тус тус ойлгоно.

             Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Ө нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

            Шүүгдэгч А.Ө нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

             Тиймээс шүүгдэгч А.Өийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Бд 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 100.000 төгрөгийн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч А.Өэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Өийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

    Шүүхээс шүүгдэгч А.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн болон түүний эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Өэд 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Өийг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өэд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Өэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Өэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО