Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0596

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

Ц.АТийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125/ШШ2025/0026 дугаар шийдвэрийг хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.О нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.АТ

Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.АТ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа,

Хариуцагч Б.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулг

Хэргийн индекс: 125/2025/0015/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125/ШШ2025/0026 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг сая илтгэгч шүүгчээс уншиж танилцуулсан. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр дотроо Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль нь тухайн маргаан бүхий өдөр буюу актын үндэслэл болсон 02 дугаар сарын 27-ны өдөр хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан. Боловсролын сайдын 2024 оны журам байдаг. Уг журмын дагуу бүх шатны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг уг сайдын журмыг мөрдөх ёстой. Тэгтэл сайдын журмаас давсан зүйл хэрэгжүүлж буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаартай Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам байдаг. Уг журмын хавсралтад зааснаар ерөнхий боловсролын сургуулийн зөвлөлд хичээлийн түр хуваарь гаргах, хичээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх эрх хэмжээ байхгүй. Хавсралтад журамд зааснаар өөрсдөө сургуулийн эрх мэдлээсээ хэтрүүлсэн зүйлийг гаргаж, түр хуваарь гаргаж, хүүхдүүдийг хичээл сургуулиас нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 10 минутад сүүлийн хичээл орсон байгаа. Гомдолд дурдсан нормын дагуу хичээлийн хугацаа нь 170-аас 185 хоног хичээллэнэ гэдэг. Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу хичээллэх ёстой байсан. Мөн ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гээд хуульчлаад өгчихсөн байхад өөрсдөө дур мэдэж зохицуулалт хийсэн нь хууль зөрчсөн. Мөн Ховд аймгийн Боловсролын газраас зохицуулалт хийх талаар зөвшөөрөл авсан зүйл байдаггүй. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн тухайд багш ажилчдын тухайд ажлын бүрэн цаг буюу өглөө 8-аас орой 17 цаг болтол ажиллах ёстой. Эрт ажилчдыг дур мэдэн захирлын хувьд эрт тараасан асуудал байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогддог. Ийм учраас Ц.АТтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасныг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг баримталж сахилгын шийтгэл, цалингийн хувь дахь сахилгын шийтгэл ноогдуулсан. Мөн сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу зохицуулалт хийх талаар хуульчилж өгсөн уг хуулийг зөрчсөн. Иймд Ц.АТийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг гэж хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

        1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.АТаас “Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгосон цалин олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Ц.АТ нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тус сургуулийн дэргэдэх Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “... сурагчдын ирцийг авч үзэхэд 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдрийн байдлаар бууралттай байгаа тул 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Пүрэв гарагийн хичээлийг ирсэн хүүхдийн тооноос хамааруулж анги бүлгийг нэгтгэх замаар түр хуваарь гаргаж, 1 ээлжээр, хичээлийн цагийг 40 минутаар хичээллэхээр шийдвэрлэсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн түр хуваарийг баталсан байна.

4. Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.АТийн уг үйлдлийг “... ажлын хариуцлага алдаж, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, маргаан бүхий 2025 оны Б/38 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.АТийн үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

5. Хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс “Их нүүдэл” системд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түр хуваарийн дагуу 1 ээлжээр бүх ангиуд хичээллэсэн нь тогтоогдсон.

Гэтэл хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга нь маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг гаргахдаа бодит  нөхцөл байдлыг тогтоолгүй, 2 дугаар сарын 27-ны өдөр 7 дугаар сургуулийн сурагчдыг хичээллүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутган, сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

6. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “... Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль батлагдсан хуваарийн дагуу хичээллэж, багш, ажилтан өглөө 08.00 цагаас 17.00 цаг хүртэл ажиллах ёстой, Зөвлөлд сургалтын үйл ажиллагааг зохицуулах эрх байхгүй, сурагчдыг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг хүртэл хичээллүүлсэн, багш ажилчдыг 13.30 цагт тараасан нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5.8-д 5.3, 5.4-т заасан хичээлийн хоног, хичээллэх цагийг ... өөрчлөх, түр хугацаагаар зогсоохыг хориглохоор заасныг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т заасныг зөрчсөн” гэжээ.

7. Нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд “Цагаан сар”-ын баяр болохтой холбоотой тус сургуулийн сурагчдын 294 хүүхэд нь чөлөө авч, анги тус бүрийн ирц дутуу нөхцөл байдалд тохируулан, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ангиудыг нэгтгэн хичээлүүлсэн нь сургалтын үйл ажиллагааг тасалдуулаагүй байхын зэрэгцээ цаг хугацаа /зардал/ хэмнэсэн, төсвийн захирагч[1], сургуулийн захирлын хувьд чиг үүрэгт нь хамаарах, авч болох арга хэмжээ гэж үзэхээр байх бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 33.3.1. тухайн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

8. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон атлаа уг хууль бус актын үр дагаврыг бүрэн арилахуйц байдлаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээлгүй, /нэхэмжлэгч шаардлагаа нэмэхдээ шүүхийн шийдвэр гарах хүртэл суутгасан цалин 645000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон нь үлдэх нэг сарын суутгасан цалинг нэхэмжлэхгүй гэсэн ойлголт биш/ зөвхөн 2 сарын дутуу олгосон цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ахин маргаан үүсэх нөхцлийг бүрдүүлэхээр байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 125/ШШ2025/0026 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн” гэсний өмнө “Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3,” гэж нэмж, 2 дахь заалтын “цалин 654800 төгрөгийн” гэснийг “цалинтай тэнцэх олговрыг” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.О нарын хамтран гаргасан  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1]