Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 74

 

            Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ууганбаярт холбогдох 201601070217  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                Нарийн бичгийн дарга:                       Э.Шинэхүү

                Улсын яллагч:                                      Х.Эрдэнэтуяа

                Шүүгдэгч:                                                   Д.Ууганбаяр нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин ажилтай,  ам бүл 5,  эхнэр Отгонтуяа /цэцэрлэгт туслах багш/ 9-21 насны 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандган багт оршин суух, Чойжин овгийн Дэлэгийн Ууганбаяр РД:СР71080415

 45-72 ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад зам дээр үхэр дайрч зам тээврийн осол гаргасан ба осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч  Д.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

“2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөдэлгэр сумаас өөрийн эзэмшлийн 45-72 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад Улаанбаатар хот руу 21 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр өнгөрөөд Багануур дүүргийн Нарны замаар явж байтал өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүй зөрөхөд зам дээр 3 үхэр зогсож байсны нэгийг нь мөргөсөн. Тэгтэл миний машины дугуй хагарч  замын хажуу руу орсон. Зам дээр дайрагдсан үхэр байгаагүй тул яваад өгсөн. Би 80 км цагийн хурдтай явсан ба маргааш нь эргээд явахад замын хажууд үхэр үхсэн байхыг харсан. Гэвч цагдаад мэдэгдээгүй явсан нь үнэн. Гэртээ очоод байтал цагдаагаас утасдсан. Би үхрийн эзэн С.Дамдинсүрэнд 500 000 төгрөг өгч хохирлыг нөхөн төлсөн. Авто замын ослын талаар цагдаад мэдэгдэх үүрэгтэй гэдгийг мэдээгүй байсан өөрийн гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг

 Иргэний нэхэмжлэгч С.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө  08 цагийн үед үхрээ бүртгэхэд манай  ухаа зүсмийн шүдлэн үхэр ирж хоноогүй байсан. Үхрээ хайж явтал асфальтан замын хажууд машинд дайруулсан бололтой үхсэн байсан...Надад гомдол санал байхгүй, Ууганбаяраас 500 000 төгрөг  нэхэмжилж бэлэнээр авсан” гэсэн /хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Д.Ууганбаяр бид хоёр нэг айлын хүргэнүүд байгаа юм... Ууганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны орой  23 цагийн үед над руу залгаад “үхэр мөргөсөн” гэхээр нь би очсон. Намайг очиход Ууганбаяр ах замаас гараад зогсож байсан. С.Ууганбаяр ахын машины урд хэсэг эвдрэлтэй байсан. Тэгээд бид хэд машины дугуйг нь солиод манай хашаанд  машиныг нь аваачиж тавьсан юм... Би нөгөө үхрийг үхсэн гэдгийг мэдээгүй... Ууганбаяр ах нөгөө үхэр нь яваад өгсөн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 22 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд

...Багануур дүүрэг 3 дугаар хороо “Нарны зам” цайны газрын ертөнцийн зүгээр хойд талын засмал зам дээр үхэр дайрагдсан байв. засмал замын хойд хэсэгт баруун талаараа хэвтсэн байдалтай 2 эвэр нь хугарсан, цэнхэр, шар, улаан өнгийн хүзүүвчтэй, шүдлэн насны үхэр байв. Үхрийн хажуу тал болон засмал замын арын хэсгээс шар өнгийн дохионы гэрэл, их гэрлийн хагархай, хэлтэрхий, урд гупперны хугархай, саарал өнгийн хуванцар хэлтэрхийнүүдийг эд мөрийн баримтаар хураан авав гэжээ. /хх-3-4 хуудас/ 

 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн осол дээр тогтоосон актад:

Жолооч Д.Ууганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Багануур дүүргээс урагш нарны зам дагуу асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 45-72 ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад С.Дамдинсүрэнгийн улаан зүсмийн үхрийг дайрч зам тээврийн осол гаргаж   МУ-ын ЗХД-ийн 2.5-ын   в заалтын “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, эд зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчиж зам тээврийн осол, хэргийн газраас зугтаасан байх магадлалтай...гэжээ. /хх-5 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээнд эр шүдлэн үхрийг 400.000 төгрөгөөр үнэлсэн” тухай үнэлгээ /хх-н 40-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “ Toyota Succeed” маркийн 45-72 ХЭҮ улсын дугаартай автомашины эзэмшигч нь  Д.Ууганбаяр” гэжээ. /хх-н 32 хуудас/

 

Д.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35 хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутэг дэвсгэр, Багануур дүүргээс урагш “Нарны зам” дагуу хатуу хучилттай асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 45-72 ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Toyota Succeed” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-ын в заалтын “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчиж, иргэн С.Дамдинсүрэнгийн улаан зүсний шүдлэн эр үхэр дайрч, зам тээврийн осол гаргасан, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, ослын газрыг орхиж явсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч С.Дамдинсүрэнгийн өгсөн “2016 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө  08 цагийн үед үхэрээ хайгаад явж байтал асфальтан замын хажууд машинд дайруулсан бололтой үхсэн байсан” гэсэн мэдүүлэг, гэрч  Б.Бат-Эрдэний “...Ууганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны орой  23 цагийн үед над руу залгаад “үхэр мөргөсөн” гэхээр нь очиход замаас гараад зогсож байсан” гэсэн мэдүүлэг ослын газарт үзлэгийн дайруулж үхсэн үхрийн дэргэд болон замын хэсэгт Ууганбаярын автомашины дохионы гэрэл, их гэрлийн хагархай гуперын хугархай хураагдсан тухай тэмдэглэл, осол дээр тогтоосон акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэрч Бат-Эрдэнийн мэдүүлгийг хуульд заасан журмаар гаргуулж бэхжүүлсэн, хэрэг гарсан газарт хийсэн үзлэг хууль ёсны болох нь тэмдэглэлээр тогтоогджээ. Иймд эдгээр баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв баримт мөн гэж дүгнэв.

  Шүүгдэгч нь ослын талаар цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдээгүй үйлдэлдээ  хариуцлагаас зайлсхийх зорилгоор санаатай хандсан байна.

Иймд Д.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Ослын улмаас учруулсан хохиролд 500 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн нь  иргэний нэхэмжлэгч С.Дамдинсүрэнгийн хохиролд 500 000 төгрөг авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбараар /хх-н 36 хуудас/ тогтоогджээ.             

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

    Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  Чойжин овгийн Дэлэгийн Ууганбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чойжин овгийн Дэлэгийн Ууганбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ууганбаярт  оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Ууганбаярт оногдуулсан /1/ нэг жилийн хорих ялыг тэнсэж, /1/ нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг  Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  5.  Д.Ууганбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ууганбаярт урьд авсан гадгаш явж болохгүй тухай баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ууганбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ОЮУНБАТ