Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2022/0009

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.У

              Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, 

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нарын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч А.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Б.Н тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Р.Б, А.У нарын хүүхэд Б.Н020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн  шаардлагаар  маргажээ.

2. Нэхэмжлэгч нь үрчилж авсан хүү Б.Над тэжээгч алдсаны тэтгэмж тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст болон Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчид  2020 оны 08 дугаар сараас эхлэн  хандсан боловч тэжээгч алдсаны тэтгэмж тогтоох тухай шийдвэрийг гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгч нь    2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба уг гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаанаар хэлэлцэж, гомдлыг хангахаас татгалзсан хариуг амаар  өгчээ.

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

1/ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар багийн иргэн А.У болон нөхөр Р.Б нар нь хүү Бын хүү Ныг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/06 дугаартай захирамжаар хууль ёсоор үрчилж авч өсгөн хүмүүжүүлсэн. А.Уы нөхөр нь Рахатын Бопан нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хадлан хадаж байгаад гэнэтийн байдлаар зуурдаар нас барсан. Р.Б нас барсны дараа тухайн айлд насанд хүрээгүй 2 хүүхэд байсан ба том хүүхэд нь 2020 оны 7 дугаар сард 19 нас хүрсэн тул түүний тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрх нь дуусгавар болсон.

2/ А.У нь Над Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Над  тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 2020 оны 08 дугаар сарын эхээр хандсан боловч Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагч болон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь элдэв шалтаг зааж одоо хүртэл тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгож чадаагүй хохирч байна.

3/ Нын тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохтой холбогдох бичиг баримтууд өндөр насны тэтгэвэр авч байсан Р.Бы хувийн хэргийн материалд байгаа юм. Ныг эцэг Р.Б нь нас барахаас өмнө хууль ёсоор үрчилж авсан тул Н нь тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрхтэй гэж үзэж байна. Н нь одоо үрчилж авсан эх Улболсын хамт Дэлүүн сумын 6 дугаар багт амьдарч байна.

4/ Энэ асуудлаар тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШЗ2021/0381 дугаартай шүүгчийн захирамжаар эхлээд уг асуудлыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаарай гэж буцаасан юм.

5/ А.Уаас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан боловч уг гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, А.Уы гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн.

6/ Иймд Б.Над тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Р.Б, А.У нарын хүүхэд Б.Над 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөхийг хүсье гэжээ.

 

 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 

1/ А.Уы итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.Над тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Р.Б, А.У нарын хүүхэд Над 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус болохыг тогтоож өгөх тухай шаардлага хэвээр, харин 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гэснийг Нийгмийн даатгалын хэлтэст А.У 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан материалыг ирүүлсэн учраас Р.Б, А.У нарын хүүхэд Над 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

2/ Нэхэмжлэлийн үндэслэл Р.Б, А.У нар нь Дэлүүн сумын 6 дугаар багийн иргэд ба ач хүү Ныг Дэлүүн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/06 дугаар захирамжаар хууль ёсоор үрчилж авсан. Өнөөдрийн хүртэл уг захирамж хүчинтэй.

3/  Нэгэнт сумын Засаг даргаас хүүхэд үрчлэх шийдвэр гарсан тохиолдолд үрчлэлтийн бүртгэлийг хийх нь улсын бүртгэгчийн эрхлэх асуудал ба үрчлэлтийг цаг тухайд нь хийгээгүй асуудалд Р.Б, А.У нарын буруутай үйл ажиллагаа байхгүй.

4/  А.Уы нөхөр Р.Б 2018 оны 8 дугаар сарын сүүлээр хадлан хадаж байгаад нас барсан. Р.Б нас барсны дараа тухайн айлд насанд хүрээгүй хоёр хүүхэд байсан ба том хүүхэд Б.Абунасирд тэжээгч  алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна.

5/ Б.Ныг эцэг Р.Б нас барахаас өмнө хууль ёсоор үрчилж авсан тул Б.Над тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрхтэй гэж үзэж байна. Б.Н одоо үрчилж авсан эх А.Утай хамт амьдарч байна. Одоогийн Иргэний бүртгэлийн мэдээлэлд Б.Нын эцэг нь Р.Б, эх нь А.У гэж явж байна. Мөн багийн Засаг даргын тодорхойлолт авагдсан.

 6/ Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

4 .Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариу тайлбартаа:

1/ Иргэн А.Уы нөхөр болох Р.Б 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. 2017 оны 07 дугаар сарын 25-нд үрчилж авсан Б.А хүүхдээр тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор анх 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус хэлтэст хандан өргөдөл гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгож авсан байна.

2/ Тэтгэвэр тогтоолгохоор анх материал бүрдүүлж өргөдөл гаргах үед насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй байгаагаа дурдаж тэтгэвэр тогтоолгох материал бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл иргэн А.У тухайн үед зөвхөн Б.А нэртэй нэг хүүхдээр тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан ба одоо оруулах гэж байгаа хүүхдээ тухайн үед өргөдөлд дурдаагүй, хуулийн дагуу 19 нас хүрч хасагдмагц заавал тэтгэвэр авч байх ёстой мэтээр 4 жилийн дараа оруулж байна.

3/ Тэжээгчээ алдсаны тэтгэвэр зогсоогдох үед оруулж байгаа нь учир дутагдалтай юм гэжээ.    

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

1/ Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхэд үрчлэх асуудал хүүхдийн эрх ашгийн үүднээс хийгдэх ёстой. Гэтэл үрчлэн авагч эцэг нь нас барсны дараа хүүхэд үрчлүүлж байгаа асуудал нь өөрөө эцэг эхтэй байх боломжтой хүүхдийг зориудаар өнчин мэтээр харагдуулах зорилготой үрчлэлт болсон гэж үзэж байна. Амьд сэрүүн хүнд үрчлэлт хийгдэх ёстой.

2/  Хэрэгт авагдсан нотлох баримтууд дах  Дэлүүн сумын иргэний бүртгэлийн ажилтны гэрчээр өгсөн мэдүүлгээр энэ үрчлэлт хууль зөрчсөн  болох нь, мөн  үрчлэлт хийгдэх үед гаргасан гэх 2 өргөдлөөс бусад материал нь цаг хугацааны хувьд тухайн иргэн нас барсны дараа бүрдүүлсэн  гэдэг нь харагдаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч талаас “...хүү Баас  төрсөн ач хүү Ныг үрчилсэн Дэлүүн сумын Засаг даргын шийдвэр, үрчлэлтийг бүртгэсэн бүртгэл  нь тус тус  хүчинтэй, үрчлэгдсэн  хүүхэд одоо нэхэмжлэгчтэй хамт нэг гэр бүлд амьдардаг, үрчилж авсан эцэг Р.Б нас барсан тул ач хүү Б.Н нь  тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах эрхтэй” гэж маргасан бол хариуцагч талаас “... анх Р.Б нас барахад Абунасир гэгч  хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж ирүүлсэн,  хүүхдийг үрчилж авсан  Р.Б нас барсны дараа хүүхдийг зориуд өнчин мэтээр харуулж үрчлэлт хийгдсэн, Б.Над  тэжээгч алдсаны тэтгэмж тогтоох боломжгүй,  бичиг баримтуудыг  цаг хугацааны хувьд Р.Б нас барсны дараа бүрдүүлсэн байх ба үрчлэлт хууль зөрчиж хийгдсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлажээ.

3. Нэхэмжлэгч, түүний нөхөр Р.Б нарт   ач хүү Б.Ныг  Дэлүүн сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар үрчлүүлсэн  нь, үрчлэгч Р.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нас барсан нь, үрчлэлтийн бүртгэл  2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн нь, нэхэмжлэгчээс хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтээ Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь, хүү Р.Н нь нэхэмжлэгчтэй хамт амьдардаг  зэрэг  нь хэрэгт авагдсан Дэлүүн сумын Засаг даргын 2018 оны А/06 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай”  захирамж, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  038/000104  дугаартай лавлагаа, Р.Бы нас барсны бүртгэлийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр гэрчилгээ, нэхэмжлэгчийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөл,  Дэлүүн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 127 дугаар ам бүлийн тухай  тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана:”, 11.4-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна”, 11.5-т “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана”, 11. 6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж заасан. 

5. Хуулийн дээрх заалтуудаар   үрчлэн авагч нь хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж, хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ сумын Засаг даргад гаргах, сумын Засаг дарга нь хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтны дүгнэлтийг үндэслэж хүүхэд үрчлүүлэх эсэх тухай  шийдвэрийг 20 хоногийн дотор  гаргаж  улсын бүртгэгчид хүргүүлэх, улсын бүртгэгч нь хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор  үрчлэлтийг бүртгэх үүрэгтэй болохыг  зохицуулжээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд, Б.Ныг үрчлүүлэх үед үрчлэн авагч эцэг нь амьд сэрүүн байсан, тэрээр хүүхэд үрчлэх тухай шийдвэр  гарснаас хойш 6 сарын дараа нас барсан байх ба шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс хүүхэд үрчлүүлсэн тухай  шийдвэрийг   улсын бүртгэгчид хүргүүлэх, улсын бүртгэгч хуульд заасан хугацаанд үрчлэлтийн бүртгэлийг хөтлөх үүргээ тус тус хуулийн хугацаанд биелүүлээгүйн улмаас үрчлэлтийн бүртгэл нь үрчлэн авагч эцэг нь нас барсны дараа хийгдсэн байх ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүйгээс гадна  захиргааны байгууллагын хүүхэд үрчлүүлэх  тухай  шийдвэр, үрчлэлтийн бүртгэл нь тус тус хүчинтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... үрчлэлт хууль зөрчиж хийгдсэн” талаарх  тайлбар нь үндэслэлгүй  байна.

7.  Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн  1-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/, Нийгмийн даатгалын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус заасан.

            8. Нэхэмжлэгчийн хуулийн дагуу үрчлэн авсан 4 нас 6 сартай  хүү Б.Н нь нэхэмжлэгчтэй хамт нэг гэр бүлд амьдардаг нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд хуулийн дээрх заалтуудаар тэжээгч нь  нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.

            9. Иймээс  нэхэмжлэгчийн хүү Б.Над тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хүүхдийн тэтгэмж авах  хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн байх  тул нэхэмжлэгчээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохыг хүссэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  өргөдлийг хангахаас татгалзсан аман шийдвэр хууль бус болохыг тогтоож, Б.Нын тэжээгч алдсаны тэтгэмж тогтоохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг  тус тус баримтлан  нэхэмжлэгч А.Уы  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Над тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Над 2021 оны 02 дугаар сарын 25-ны  өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША