Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 135

 

А.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 866 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Мт холбогдох эрүүгийн 1902006780248 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн ..........ын .........., 19....... оны ......... дүгээр сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Грийн визард” студид редактор ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн ........... дугаар хороо, ........дугаар хороолол, Амины орон сууц 70 дугаар байрны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийлтгэлгүй /РД:........../;

 

А.М нь 2019 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, тосыг нь гарган авч хар өнгийн томруулдаг шилэнд наан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cafй bene” нэртэй кофе шопд өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........... овгийн ..........ын .............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн дугуй хэлбэртэй томруулдаг шилний хэсэгт наалдсан тос мэт зүйл, “Миний сүлжээ” гэсэн бичиглэлтэй хар өнгийн бонус карт, 2 ширхэг тугалган цаас, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хурааж авсан цаасанд боож гялгар уутанд хийсэн хатсан ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэсэгт даалгаж, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.М гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн тэнэглэл, бодлогогүй үйлдлээсээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, эрх чөлөөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл үгүй гэдгийг ухаарлаа. Мөн хийсэн хэрэгтээ ямар нэг байдлаар маргаагүй болно. Би дахин ийм хар мөртэй гэмт хэрэгт холбогдохгүй байж залуучууд олон нийтэд зөв үлгэр дууриалал үзүүлж, зөвхөн сайн сайхныг бусдад хүргэхийг хичээн зорих болно. Миний бие “Их-Эрч” ХХК-д төслийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, “Грийн визард” энтертаймент студид рекламны зохиолч, редактор ажилтай бөгөөд ам бүл 6, эхнэр Г.Батчимэг, хүү М.Тэмүүлэн, М.Эрдэм, М.Тод-Ухаан, охин М.Сод-Оюун 4 хүүхдийн хамт амьдардаг. Бага охин Сод-Оюун тархины цусан хангамжийн хүндэвтэр дутмагшилийн улмаас булчингийн чангаралтай, зүүн тал хазайлттай. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэл сэргээн засах эмчилгээний Н.Пүрэвсүрэн эмчийн хяналтанд байнга үзүүлэх хамааралтай. Мөн хүний гавъяат эмч Н.Отгоншарын бариа засалд тогтмол эмчлүүлдэг, эхнэр Г.Батчимэг 2017 оноос хүүхэд асрах чөлөөтэй байгаагаас хамаарч орлогогүй тул А.М миний бие 3 давхар ажил зэрэг эрхэлж хүүхдийнхээ эмчилгээний зардал, өрхийн амжиргаагаа залгуулдаг гэр бүлийн хүндхэн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж гомдлыг минь хүлээн авна уу.” гэжээ.

 

Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан А.М нь анх гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. А.М нь өөрийн бодлогогүй үйлдлээсээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ талаараа ямар нэг байдлаар маргаагүй, өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх саналтай шүүх хуралдаанд оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хувийн байдалтай нь холбогдуулж нотлох баримтууд гаргаж өгч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн харицуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчлан заасан байх бөгөөд ялтан А.М нь ам бүл 6, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь бага хүүхдээ харж амьдардаг, 1 хүүхэд нь өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг учраас ээж нь ажил хийх боломжгүй байсан. 2 бага хүүхэд нь уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Мөн А.М нь эхнэртэйгээ “Энержи тек” компаниас байр зээлээр авч сар болгон төлөлт хийдэг байж байгаад энэ хэрэгт холбогдсоноос хойш 11 дүгээр сараас 1 дүгээр сар хүртэл төлөлтөө хийж чадалгүй байсаар ар гэрийнхэн нь байрнаасаа хөөгдөх нөхцөл байдал үүссэн байна. А.М амьдралаа хэнээс ч дутахгүй авч явахын тулд 2-3 ажил зэрэг хийж өнөөгийн залууст байхгүй тэсвэр, тэвчээрийг гарган амьдралын төлөө зүтгэж ирсэн байдаг. Уг баримтууд хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Ялтан А.М нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа үнэн зөвөөр мэдүүлж дахин энэ гэмт хэрэгт холбогдохгүй талаар маш их ойлгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүж болно” гэж заасан байх тул ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүх өөрийн дотоод итгэлээрээ ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Иймд ялтан А.Мт дээрх нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тэнсэж үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял А.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Учир нь, А.М нь сэтгэцэт нөлөөт бодисыг бэлтгэсэн, хадгалсан байдалд нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага ял буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

А.М нь 2019 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, тосыг нь гарган авч хар өнгийн томруулдаг шилэнд наан 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Cafй bene” нэртэй кофе шопд өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Мын яллагдагчаар өгсөн “...замын хажуугаас ил харагдаж өндөр ургасан Каннабис өвсийг бага хэмжээтэй түүж тухайн газраа дэлгэж хатаагаад томруулдаг шилэн дээр тосыг нь гарган авч нааж хот руу авч ирсэн. Тухайн томруулдаг шилэн дээр наасан тосноосоо мөнгөлөг цаасан дээр тавьж доороос нь шатааж, гарсан утааг нь сорж хэрэглэсэн. ...” /хх 56-57/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4611 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дугуй хэлбэртэй томруулдаг шилний бохирлогдсон тос мэт зүйл болон “Миний сүлжээ” гэсэн бичиглэлтэй хар өнгийн бонус картны баруун дээд хэсгийн бохирлогдсон бараан өнгийн зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /хх 32-33/ гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4616 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн А.М гэж хаягласан 90 мл орчим шээсийг хуванцар саванд хийж битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн А.М гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” /хх 28-29/ гэх дүгнэлтүүд,

 

хүний биед үзлэг хийсэн “...өмднийхөө зүүн талын хажуу халааснаас хар өнгийн дугуй хэлбэртэй дотроос гадагш чиглэлд дэлгэгдэх томруулдаг шил гаргаж ирснийг ... шар өнгийн наалдамхай бодисоор бохирлогдсон байсныг шинжилгээнд хүргүүлэхээр ... дотор талын тасалгаанаас эвхэж нугалсан тугалган цаас 2 ширхэгийг гаргаж хэрэглэхдээ ашигладаг гэснийг ... “Миний сүлжээ” гэсэн бичиглэл бүхий жижиг хар өнгийн бонус карт. Уг карт баруун дээд хэсэгтээ шавар мэт зүйл наалдаж бохирлогдсон байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. ...” /хх 5-6/ гэх,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах зам дагуу газрыг зааж замын хажуу хэсгээр ургасан ногоон өнгийн таван салаа бүхий ургамлыг зааж, эндээс түүсэн гэснийг гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх 12-15/,

 

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий HER-MET-COC-AMP-THC-KET тест ашиглах талаар танилцуулж, үр дүнг нь харахад ...5 дугаар баганад нэг улаан зураас тодорч эерэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, А.Мын шээсийг битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ...” /хх 9/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тэнсэж үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3.3-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Мын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хамгийн бага буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч А.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

 

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 866 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ