Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 251

 

Д.Туяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар нарыг оролцуулан хийж,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0285 дугаар магадлалтай, Д.Туяагийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Туяагийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Туяагийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2017/0285 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасантай нийцэхгүй байна.

Д.Туяагийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 1027 дугаар шийдвэрийг “...нотлох баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулж нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй...’’, мөн “...“Лах багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт хийжээ...” гэж үзээд Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж дурдах ёстой.

 Д.Туяагийн нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 тоот, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага байсан.

Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хууль зөрчсөн үйл ажиллагааны уршгаар орон нутгийн иргэд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө шууд хэлбэрээр хүрч байна. Миний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх зөрчигдөж байна. Туул голын ус бохирдсоноос үүдэн ундны усны асуудал тулгарч байна. Уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас их хэмжээний тоос шороо босож эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна...” гэж тодорхойлсон бөгөөд маргаан бүхий актууд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар ямар ч баримт, үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй.

Маргаан бүхий акт болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 тоот шийдвэр бол гуравдагч этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн холбогдох байгууллагуудаас хязгаарлаж зогсоосонтой холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан хугацаагаар сунгаж /нөхөн тооцож/ шийдвэрлэсэн акт болно.

Энэ акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөж байгаа талаар нэхэмжлэгчээс ямар ч үндэслэл баримт гаргаагүй бөгөөд гаргах ч үндэслэлгүй юм. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тооцож шийдвэрлэсэн захиргааны актаар нэхэмжлэгч иргэн Д.Туяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ямар ч бололцоогүй юм.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолдоо “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна..." гэдэг үндэслэлийг тавьсан.

Гэвч Байгаль орчны яамны 2007 оны 2007/028 дугаар дүгнэлтээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдсэн бөгөөд нарийвчилсан үнэлгээг төслийг хэрэгжүүлэхээс өмнө хийлгэх талаар дурдсан байгаа нь хэрэгт авагдсан. Үүнээс хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан /төрийн байгууллагаас хязгаарлалт хийсэн/-тай холбоотойгоор 2015 онд 2015/СВ051 дугаартай ерөнхий үнэлгээ дахин хийгдэж, уг дүгнэлтэд дурдсан нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж батлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Нэгэнт эрх бүхий байгууллагаас батлуулсан байгаль орчны үнэлгээний дүгнэлт гарсан байхад “...тусгай зөвшөөрлүүдийн талбайн хил хязгаар нь хаагуур болох, нэхэмжлэгч нь Лах уул, Лах багийн төвийн хаана нутагладаг талаар тодруулаагүй...сум, багийн хооронд хэдэн километрийг тогтоолгохоор шинжээч томилсон нь буруу гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй асуудлаар гаргасан дүгнэлт болсон.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 809 дүгээр шийдвэрээр...нэхэмжлэгч Т.Энхтөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин Д.Туяагийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нэхэмжлэгч Д.Туяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 809 дүгээр шийдвэр нь иргэн Т.Энхтөрийн нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэсэн боловч тухайн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нь Д.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагатай ижил буюу маргаан бүхий захиргааны акт, уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь ижил байсан. Иймд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасньг баримтлан шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр байсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар “Хугацаа тоолох тухай” тухай шийдвэрээр “Алтан дорнод Монгол” ХХК нь 3828Х тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайдаа үйл ажиллагаа явуулахыг хуулийн байгууллагаас хязгаарлаж,  зогсоосонтой холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан 3 жил 5 сарын хугацааг нөхөж, тусгай зөвшөөрлийг хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 15-наас тооцохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Доргонот, Улаан ухаа нэртэй 473.61 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Алтан дорнод Монгол” ХХК-д олгожээ.

Захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий дээрх 2012 оны 418, 2015 оны 330 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгч нь “...Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг зөрчиж, 3828Х тусгай зөвшөөрлийн хугацааг 4 жилээр сунгасан..., ...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй..., ...уулын ажлын төлөвлөгөө батлуулахгүйгээр ашиглалт явуулсан..., ...ус ашиглалтын зөвшөөрөл авалгүйгээр, усны гэрээ хийхгүйгээр ус ашигласан..., үүний уршгаар орон нутгийн иргэд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа, ундны ус бохирдсон, их хэмжээний тоос шороо боссон...” хэмээн тодорхойлсон байна. 

Энэ хэргийн гуравдагч этгээд “Алтан дорнод Монгол” ХХК–ийн 3828Х тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар төрийн эрх бүхий байгууллагаас зогсоосон хугацааг тусгай зөвшөөрлийн нийт хүчин төгөлдөр байх хугацаанд оруулахгүйгээр, нөхөж тооцохоор шийдвэрлэсэн захиргааны байгууллагын 2012 оны 418 дугаар тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасантай, тухайн компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2015 оны 330 дугаар шийдвэр нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасантай тус тус нийцжээ.

Захиргааны байгууллагуудаас дээрх шийдвэрийг гаргахдаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын талаарх дээрх хуулийн 21, 26 дугаар зүйлээр тогтоосон журмыг зөрчөөгүй болохыг анхан шатны шүүх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, шороон ордыг 2015 онд ашиглах уулын ажлын төлөвлөгөө, 2015 оны Байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Туул голоос ус ашиглах дүгнэлт, гэрээ, Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын хэмжээ, түүнийг нөхөн төлөх тухай гэрээ, орон нутагтай газар ашиглах гэрээ зэрэг нотлох баримтуудад үндэслэн тодорхой зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэл гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “...хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо  хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах...” гэж нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гол үндэслэл болохыг тодорхой зохицуулжээ.

Дээрх хуульд заасан “нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх, үүний улмаас эрхийг сэргээх” нөхцөл байдал энэ маргааны тухайд хангагдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй гэж үзэж, хүчингүй болгох боломжгүй юм.

Учир нь, түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга нь холбогдох тусгай зөвшөөрлийг “Алтан дорнод Монгол” ХХК–д олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаатай хамааралтай бус, харин тухайн компани тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа явуулахдаа хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотой байна.

Иймээс маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй, “... тусгай зөвшөөрлийн талбайн хил хязгаар, нэхэмжлэгчийн нутагладаг газрын байршил хамаарлыг тодорхойлох ...” шаардлагатай гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.

Харин маргаан бүхий 2015 оны 330 дугаар шийдвэрийн тухайд анхан шатны шүүхээс уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Т.Энхтөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг дүгнэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 809 дүгээр шийдвэрийг Д.Туяагийн нэхэмжлэлтэй энэ маргаанд хамруулж, дээрх 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Д.Туяагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээр дурдсанаар маргаан бүхий захиргааны актууд холбогдох хуульд нийцсэн, эдгээр актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх үндэслэлээр энэ акттай холбогдох нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох нь зөв байжээ.

Гэвч, энэ үндэслэлээр хэргийн оролцогчид маргаагүй тул хяналтын шатны шүүх гомдол гаргаагүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн “Алтан дорнод Монгол” ХХК–ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байгаа үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандах, өөрт учирсан хохирлын талаарх асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь шүүхийн энэ тогтоолоор хязгаарлагдахгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МА/2017/0285 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ