Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0685

 

 

 

 

“Галтууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Булган нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй, “Галтууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.18, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Галтууд” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ/2016/31” гүйцэтгэх гэрээ байгуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Дараах үндэслэлээр гомдол гаргаж байна Үүнд:

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгосон атлаа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй байх тул тендер шалгаруулалт хуульд заасан журмаар явагдсан гэж үзээгүй” гэсэн дүгнэлтийг хийснээс үзэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу огт үнэлээгүйгээс хэргийн нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна.
  2. Бидний нэхэмжлэлд: 1. Хариуцагч байгууллага үнэлгээний хороо нь Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан тендерийн үнэлгээг тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан аль болох богино хугацаанд хийнэ гэснийг биелүүлээгүй. 2. Гэрээ байгуулах шийдвэрийг гаргахдаа хуулийн нөхцөл шаардлагыг хангаагүй. 3. Хэрвээ тендерийн хүчинтэй хугацаа хэтэрсэн асуудалд бид ямар ч буруугүй гэсэн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх эдгээрийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.
  3. Хариуцагч байгууллагын хариу тайлбарт Сангийн яамны шийдвэр эцсийн болох тухай, мөн тендерийн үнэлгээг аль болох богино хугацаанд хүчинтэй хугацаанд багтаан хийнэ зэрэг өөрийн буруутай үйл ажиллагааг нотлох хуулийн зүйл заалтыг үндэслэж тайлбар гаргасан байхад шүүх анхаарч үзээгүй. Уг тайлбарыг бид ойлгохдоо өөрийн буруутай үйл ажиллагаа байгааг маргаж үгүйсгээгүй гэж үзэж байна. Тайлбарт бичсэнчлэн Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бол 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн дагуу шүүхийн үзэж байгаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө гэрээ байгуулж багтахаар хугацаанд үнэлгээ хийх үүрэгтэй. Гэтэл үнэлгээг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн асуудал нь хууль зөрчсөн үйлдэл байхад шүүх энэ тал дээр яагаад дүгнэлт хийхгүй байгааг ойлгохгүй байна.
  4. Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр энэхүү тендерийн ажиллагаа нийт 53 хоног түдгэлзсэн тухай 2-1352 дугаар тайлбартаа гаргасан байхад шүүх мөн л огт анхаараагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт: “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж заасан нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж хийх үйлдлийг нь эрх бүхий газраас хийлгүүлэхгүй зогсоож байна гэдэг бол уг хугацааг нь бас давхар зогсоож буй асуудал юм. Тэгэхээр Сангийн яамнаас дээрх тендерийн хугацаанд үйл ажиллагааг нь нийт 53 хоногоор түдгэлзүүлсэн болохыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тодорхойлолт гарган нотолсон байдаг учир хүчинтэй байх хугацаа нь мөн 53 хоногоор түдгэлзсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байгаа учир хянаж, тус компанийн үндсэн нэхэмжлэлийн “Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тогтоож тус компанитай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ 2016/31 гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэсэн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

“Галтууд” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зарласан “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгийн удирдлагын ордны барилгын ажлыг шинээр барих ажил” ӨМ/2016/31 дугаар цахим тендерт оролцож, Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Дахин үнэлгээ хийх тухай” 5/4477 дугаар албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2016 оны 07 дугаар сарын 18-нд тендерийг дахин үнэлж “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерээр “Галтууд” ХХК-ийг шалгаруулсан байна.

Захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2-1146 албан бичгээр “Галтууд” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа ... баталгааг байршуулан, бичиг баримтыг бүрдүүлж ирэхийг мэдэгдсэн атлаа мөн албан бичигт заасан хугацаанд гэрээ байгуулахаар очиход тендерийн хүчинтэй хугацаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан гэх үндэслэлээр гэрээ байгуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч “Галтууд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигджээ.

Үнэлгээний хороо уг тендер шалгаруулалтыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нээж, тендер шалагруулалтаа авсан боловч тендер шалгаруулалтад оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамнаас тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг 30 хоногоор буюу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан байхад Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Дахин үнэлгээ хийх тухай” 5/4477 дугаар албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж заасныг зөрчсөн, захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломж олгоогүй байна.

Мөн захиалагчаас тендерийн хүчинтэй байх хугацаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусахыг мэдсээр байж 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2-1146 албан бичгээр нэхэмжлэгч “Галтууд” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлдээ “... Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх тендерийн баталгааг байршуулан хүрэлцэн ирж холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ үү” гэж заасан, уг хугацаанд нэхэмжлэгчийг ирэхэд нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэрээ байгуулахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчимд нийцээгүй байна. Хэрэгт “Галтууд” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хүчингүй болсон талаар баримт байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан үндэслэл байхгүй байна.

Хариуцагчийн дээрх буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд захиалагчийн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд баримтлах үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг худалдан авч тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн гэж үнэлэгдсэн атлаа гэрээ байгуулах боломжгүй болж эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад “тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй байх тул тендер шалгаруулалт хуульд заасан журмаар явагдсан гэж үзэхгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-д заасныг баримтлан “Галтууд” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Галтууд” ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, хуульд нийцүүлэн “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгийн удирдлагын ордны барилгыг шинээр барих ажил ӨМ/2016/31 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                    ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ