Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/488

 

 

 

 

 

 

   2023         07           18                                      2023/ШЦТ/488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч З.Я, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Я-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, **** төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш мэргэжилтэй, “****” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт, **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.Я (РД:****).

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:  

Яллагдагч З.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” нэртэй ресторан дотор хохирогч Я.Х-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Я нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” нэртэй ресторан дотор 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим хохирогч Я.Х-тай  маргалдаж улмаар түүнийг зодож бие, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “би хүнд зодуулчихлаа гэх” утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас, иргэн Я.Х-аас гаргасан гомдол (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7-16 дахь тал),

- Хохирогч Я.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал), дахин мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), дахин мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 173-174 дахь тал),

- Гэрч А.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11036 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

-  Яллагдагч З.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн байгаагаа илэрхийлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч З.Я-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Я өөрт нь холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Я.Х- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй, хэдий ч мэдүүлэгтээ эмчилгээний зардал болох 2,560,565 төгрөг, 10 цагийн нислэгийн хичээл, 12 цагийн газрын сургалтад хамрагдаж чадаагүй төлбөр 30,498,400 төгрөг болон сэтгэл санааны хохирол гэж 100,000,000 төгрөг нэхэмжилжээ.

Үүнээс шүүгдэгч З.Я нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Я.Х-ын эзэмшлийн 50039361600 гэх данс руу 2,565,565 төгрөг, 8,000 төгрөгийг шилжүүлсэн баримтууд (хавтаст хэргийн 82-83 дахь тал)-д авагджээ.

Хохирогчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт “Монголын Нисэхийн Академи” ХХК-д суралцаж чадаагүй төлбөр болох 30,498,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлийг буцаан авч хэргийг хурдан шийдүүлмээр байна.” гэжээ. Иймд шүүгдэгч З.Я-ыг хохирогч Я.Х-д төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Х- нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хуульд заасан нөхцөл шаардлагууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7  дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Я-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Я-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Я-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Я нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч З.Я-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.Яд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Х нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН