| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 114/2025/0036/З |
| Дугаар | 221/МА2025/0608 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0608
С.Э-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М-
Гомдлын шаардлага: “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 005639420 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч С.-, өмгөөлөгч Г.Б, хариуцагч Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар
Гомдол гаргагч: С.Э
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М
Хэргийн индекс: 114/2025/0036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч С.Э- нь “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 005639420 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.40 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 005639420 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 43 дугаар захирамжаар иргэн С.Э-д анх 15 жилийн хугацаатай Битүүгийн тохой гэх байршилд 3 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн.
3.2. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Э- нь дээрх газрын гэрээ гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлт, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт ирүүлснийг судлан үзэж Орхон сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн А/29 дугаар “Талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 5 жилийн хугацаатай, эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн 39708 м.кв болгон өөрчилж газар эзэмшүүлэн гэрээ хийж гэрчилгээ олгосон байдаг.
3.3. Миний бие 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Орхон сумын Засаг даргын гомдлын дагуу тус суманд хяналт шалгалтаар тариалангийн газарт үзлэг хийхэд торон хашаа татсан тариалалт хийсэн нөхцөл байдалтай байсан бөгөөд газар эзэмшигч С.Э-ыг байлцуулан тариалангийн талбайд хяналтын хэмжилт хийхэд нийт 50950 м.кв газрыг хагалж тариалалт хийсэн, эзэмшил газраасаа 11242 м.кв газрыг илүү гарган тариалалт хийсэн нь тогтоогдсон.
3.4. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.5 дахь заалт, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.10 дахь хэсгийн 10.1 дэх заалтуудыг зөрчин зөрчил гаргасан нь хяналтын хэмжилтээр тогтоогддог.
3.5. Учир нь иргэн С.Э- нь 2020 онд газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт өгөхөд өмнө олгосон 3 га газраас илүү газар ашиглаж байгаа болохыг газрын даамал газар дээр нь тодруулан хэмжилт хийж ашиглалт явуулж буй талбайгаар нь талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 9708 м.кв газрыг Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн нэмж 39708 м.кв болгон олгож мэдээллийн санд бүртгэн баталгаажуулсан байна.
3.6. Гэтэл шүүх захиргааны байгууллага нь маргаан бүхий газрын кадастрын хэмжилтийг хийж, кадастрын зургийг үйлдсэн бөгөөд хэмжилт хийхдээ зөрүү гаргаж хэмжээг буруу тогтоосон гэж үзсэн, хэдийгээр гар СРЗ багажаар хэмжилт хийхэд алдааны нарийвчлал нь 5-10 м байдаг боловч 1.12 га газрыг алдаатай хэмжилт гэж үзэх боломжгүй юм.
3.7. Мөн С.Э- нь 2019 оноос эхлэн эзэмшлийн газраасаа илүү 11228 м.кв талбайг хагалсан гэж шүүх үзсэн байна. “Ойт бүс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр илүү гарсан 11228 м.кв газрыг агаар сансрын зургийн давхцалаар 2019 онд илүү гаргаж хагалсан гэж нотлогдохгүй, шинжээчийн дүгнэлт тодорхой бус байхад түүнийг дахин нягтлахгүйгээр, миний зүгээс гаргасан эсэргүүцэл, тайлбарыг харгалзахгүйгээр шийдвэр гаргасан нь нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй болно.
3.8. Агаар сансрын зургаас эзэмшил газартай давхцал, өөрчлөлт байгаа эсэхийг шалгахад Google maps сансрын зураг нь 2019 оны 7 сар, 2021 оны 4 сар, 2022 оны 3 сарын зургийг харах боломжтой байгаа. Гэтэл шүүх нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх онуудын зургийг нягтлан харахгүйгээр шийдвэр гаргасан. 2019 оны зурагт С.Э- нь эзэмшил газраасаа илүү гаргаж газар хагалаагүй байгаа нь харагдаж байхад шүүх дээрх нотлох баримтыг авч үзэхгүйгээр шийдвэрлэсэн.
3.9. Иргэн С.Э- нь 2020 оны 10 дугаар сард газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан ба энэ үед бодит хэмжилтээр талбайн хэмжээ 39708 м.кв байсныг Орхон сумын Засаг даргын захирамжаар 2021 онд баталгаажуулсан.
3.10. Гэтэл тухайн иргэн нь уг шийдвэрийг илтээр буруу тайлбарлан өөрийн эзэмшлийн газрын талбай нэмэгдсэн мэтээр гэрээ, гэрчилгээгээ шинэчлүүлсний дараа дахин илүү 1.12 га талбай нэмж хагалан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 27, 29, 54 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл юм.
3.11. С.Э- нь нэмэгдсэн талбайгаа 2020 онд анх хагалсан гэж мэдүүлсээр байтал шүүх тус газрыг 2019 онд хагалсан байна гэж үзсэн хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй алдаатай шийдвэр.
3.12. Иргэн С.Э- нь шүүх хуралдааны явцад мэдүүлэгдээ 2022, 2023, 2024 онуудад маргаан бүхий газарт тариалалт хийгээгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх дээрх газрыг шинээр хагалсан гэж үзэхгүй байгаа нь Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтуудыг зөрчсөн хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.13. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн зөрчил 2019 онд газар хагалсан үйлдлээр хязгаарлагдсан гэж дүгнэж, уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдож дууссан гэж үзсэн байна.
3.14. Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2020 онд тухайн газрыг нэмж хагалсан, 2025 онд мөн уг талбайд тариалалт хийсэн болох нь тогтоогдсон. Энэ нь тухайн газар дээрх зөрчил 2019 онд дууссан бус, харин 2020, 2025 онуудад ч давтагдан, үргэлжилсэн болохыг нотолж байна. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь эрх зөрчигдсөн, эсхүл зөрчил дууссан үеэс тоологдох бөгөөд хэрэв зөрчил тасралтгүй үргэлжилж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэсгүй юм.
3.15. Иймд нэхэмжлэгчийн үйлдэл нь 2025 онд ч үргэлжилж байгаа нь зөрчил арилаагүй, харин үргэлжилсээр байгааг илтгэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.16. Мөн дээрх атар газар хагалж шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчлийг анх илрүүлсэн, олж мэдсэн хугацаа нь 2025 онд бөгөөд энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу шийдвэр гэж үзэж байна.
3.17. Дээрх маргаан бүхий газарт Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.5 дахь заалт, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.10 дахь хэсгийн 10.1 дэх заалтуудад харгалзах зөрчил байсаар байтал шүүх эрх бүхий захиргааны байгууллагаас агаар сансрын зургаас харагдахгүй байгаа 2020, 2023, 2024 онуудад тариалалт хийсэн эсэх талаарх нотлох баримтыг гаргуулаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэхгүйгээр миний шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.18. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Э-ын 11228 м.кв газарт зөвшөөрөлгүйгээр тариалалт хийж байгаа хууль бус үйлдэл нь таслан зогсоогдох боломжгүй шийдвэр гарсан гэж үзэж байна
3.19. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээх, хэрэв давж заалдах шатны шүүх эрх бүхий албан тушаалтын 005639420 дугаартай шийтгэлийн хуудсыг боломжгүй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж шийдвэр гаргаж өгнө үү.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргажээ.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан зөв шийдвэр болсон. Учир нь хэрэгт цугларсан 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон №25/01 шинжээчийн дүгнэлтэд “...3.97 га талбайд тариалалт хийх зөвшөөрөлтэй боловч тус талбайгаас 11228 м.кв буюу 1.12 га талбай урагшаа илүү гарган хагалсан байна, ... Тус газрын зургаас харахад 2019 оны 07 дугаар сард хагалж, 2022 онд тарилт хийсэн байна” гэж дүгнэсэн нь 1.12 га талбай урагшаа илүү гарган 2019 оны 07 дугаар сард хагалсан байна үздэг. Энэхүү “Ойт бүс” ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа эрх бүхий албан тушаалтан нь өөрөө дүгнэлт гаргуулсан байдаг бөгөөд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шинжээчийн дүгнэлтийг дахин нягтлалгүйгээр нотлох баримтыг үнэлсэн гэх агуулгаар шүүхийг буруутгадаг. Гэтэл “О” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан өөрөө гаргуулсан мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т зааснаар мөн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байх үед шинжээчийг оролцуулах талаар болон шинээр шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй өөрийн буруутай ажиллагаанаас болж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
4.2. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй зохицуулалттай. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээс шинээр тариалангийн талбай бий болгосон бол гэдэг үндэслэлээр буруутгасан нь хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хүсэлтээр дүгнэлт гаргуулсан шинжээчийн дүгнэлтэд 2019 оны 07 дугаар сард хагалсан байна гэж үзсэн тул зөрчил үйлдсэн хугацааг энэ хугацаанаас эхэлж тоолсон нь шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 07 дугаар сард тариалангийн талбай бий болгосон.
4.3. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо мөн С.Э-ыг 1.12 га газарт зөвшөөрөлгүйгээр тариалалт хийж байгаа хууль бус үйлдэл нь таслан зогсоогдох боломжгүй шийдвэр гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа болох хэмжилтийг анхнаасаа буруу хийсэн, мөн гэрч Ч.Үүрийнтуяагийн мэдүүлснээр жил бүр газар дээр хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс болоод газрын кадастрын зураглал дээр алдаа гарсан бол зөвтгөөд шийдвэрээ гаргаад явах бүрэн боломжтой байна.
4.4. Эцэст нь хэлэхэд газрын даамал болох Ч.Ү мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сард хагалсан газраар нь гар GPS-ээр хэмжилт хийсэн, ...цастай байсан учраас хэмжилтэд алдаа гарсан байж болзошгүй, ... гар GPS-ээр хэмжихэд зөрүү гарах тохиолдол байдаг, кадастрын зургийг би хийсэн” гэх зэргээс дүгнэхэд төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж жирийн иргэд их хэмжээний төлбөр төлж хохирох нь шударга бус юм.
4.5. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэсэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаж байх тул хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй 11228 м.кв газрыг ашиглан тариалалт хийсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгж буюу 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч С.Э-аас эс зөвшөөрч “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 005639420 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч С.Э- нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 43 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Битүүгийн тохой гэх газарт 30.000 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн бөгөөд, тус сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/29 дүгээр захирамжаар газрын хэмжээгээ нэмэгдүүлж, 39708 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн, улмаар Орхон сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тариалангийн талбай шинээр үүсгэн, атар газар тариалалт хийсэн, тариалангийн талбай нэмж хагалахаар зурвас татсан” гэх агуулга бүхий 01/66 тоот албан бичгийн дагуу Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтээр улсын байцаагч Ө.М- нь хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдож байна.
4. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;”, 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно”, 8.1 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчил үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульд тусгайлан заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М-гийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 005639420 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
6. Тодруулбал, гомдол гаргагч С.Э- нь 2019 онд уг газрыг хагалж, тариалалт хийсэн болох нь Байгаль орчны эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “О” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 25/01 дугаар шинжээчийн дүгнэлт болон гэрч Н.Ц-ийн тайлбараар тогтоогдож байх төдийгүй “...уг газарт 2020 онд тариалалт хийсэн талаар С.Э- өөрөө мэдүүлсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч үнэлсэн ч 2020 онд үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул гомдлын энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
7. Мөн хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.М- нь С.Э-ыг эзэмшил газраасаа илүү гаргаж хэзээ тариалалт хийсэн болохыг тогтоолгохоор 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Ойт бүс” ХХК-д шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу Байгаль ашиглалт, хяналт үнэлгээний мэргэжилтэн, шинжээч Б.О 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 25/01 дүгээр дүгнэлтээр гомдол гаргагч С.Э-ыг 2019 оны 07 дугаар сард эзэмшил газраасаа илүү гаргаж тариалалт хийсэн болохыг тогтоосон бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудас ногдуулсан атлаа хөөн хэлэлцэх хугацааг 2019 оноос эхэлж тооцохгүй гэх агуулгаар гомдол гаргаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно гэж заасантай нийцээгүй байна.
8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тайлбар, гэрч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Ц-ийн “...талбай дээр очиж үзэхэд нэмж газар хагалсан зүйл байхгүй, хуучин хагалсан газар байсан”, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2019, 2020 онуудад тариалалт хийсэн, 2022 оны 03 дугаар сард тариалалт хийх боломжгүй” гэсэн тайлбараас үзвэл хариуцагчийн “...2025 онд шинээр газар хагалж, тариалалт хийсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцлага тооцох хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ