Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 75

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үүрцайхад холбогдох эрүүгийн 201501070382 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Л.Отгончимэг

Улсын яллагч                                                           Ж.Бүрэнжаргал

Хохирогч                                                                  Э.Баттогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Ц.Бат-Өлзий

Шүүгдэгч                                                                   Б.Үүрцайх нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологи хайгуулын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 894/а тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ухаа Балжирынхан овгийн Батбаатарын Үүрцайх /РД:ЛЮ89110972/

           Шүүгдэгч Б.Үүрцайх нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьерийн хойд талын асфальтан замд “Nissan presaji” маркийн 43-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “хэрэв жолоочийн нүд гялбасан, зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, уг зам дээр эвдрээд зогсож байсан “Hyundai-Mighty” 18-63 ДОР маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас хохирогч Э.Баттогтохын бие махбодид хүндэвтэр, хохирогч Б.Өлзийбаатарын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Дорнод аймгаас найз Оюунболд, Баяржаргал, 3 зорчигчийн хамт өөрийн эзэмшлийн 43-24 УНБ улсын дугаартай “Ниссан-Пресажи” маркийн сувдан цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй гарч, Хэрлэн голын гүүрээр гарч, Багануур дүүрэг орохоор ойртож явах үед дээшээ бага зэрэг өгсөх замаар өгсөж явтал нэг хурдтай машин гэрлээ шилжүүлэлгүйгээр орж ирсэн. Уг машинтай зөрөх үед хүн харагдахаар нь тоормоз гишгэхэд машин, бас хүн зогсож байсан. Би тоормоз гишгээд тэрхүү зогсож байсан “Х-Маяти” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зогссон. Би сандраад машинаас буугаад машины жолоочтой уулзахаар очиход жолооч босоод ирсэн, тэгээд “манай ах энд байгаа” гэхээр нь машины урд очиж харахад ах нь газарт унасан байсан, тэгээд ах нь “зүгээр ээ” гээд босоод ирсэн. Уг машин зогсож байсан газарт бага зэрэг өгсүүр, тойрог зам байсан. Би тухайн үед эсрэг урсгал руу орсон бол өөдөөс ирж яваа машинтай мөргөлдөх байсан, баруун гар тал руугаа дарсан бол жалга руу орох, зүүн гар руугаа дараад явсан бол зогсож байсан хүнийг дайрах аюултай байсан учраас өөрийн эгнээнд чигээрээ орж, тээврийн хэрэгслийн араас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Өлзийбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Дорнод аймгийн Баян-Уул сумаас нутгийн хүн болох Баттогтохын хамт 18-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанаатар хот орохоор гарсан. Бид хоёр Баттогтохын машинтай шөнө 23 цаг өнгөрч байхад Хэрлэн гүүр өнгөрөөд Багануур орохоор явж байхад замд унтарчихсан. Баттогтох машиныхаа доогуур орж, эвдэрсэн зүйлээ харж, янзалж байх хооронд би кабинаас нь бууж түлхүүр, багажийг нь дөхүүлж өгөөд буцаад кабиндаа ороод суух хооронд араас цагаан өнгийн машин маш их хурдтай ирээд миний сууж явсан Маяти маркийн машины араас мөргөх шиг болоход би машины урд хамарт мөргөгдөж, хойшоо саваад унасан. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна. Баттогтох намайг татаж чангаахад л би ухаан орсон. Би ухаан ороод нүдээ нээхэд миний биений тал нь машин доогуур орчихсон байсан. ...Миний нурууны 12, 13 дугаар үений сэртэн яс хугарсан, гэмтлийн улмаас тархинд цус харвалт өгсөн байна гэсэн. Би одоо эмнэлэгт босч чадахгүй сахиуртай хэвтэж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад шүүх эмнэлгийн нэг эмч ирээд үзээд явсан. ...Машин унтрахад жолооч Баттогтох машинаа замын хажуу руу шахаж зогсоогоод ослын тэмдгээ машиныхаа ар талд 15-20 метрийн зайд байрлуулж, тавьж байгаа харагдсан. …би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхдээ ойролцоогоор 1.000.000 гаруй төгрөг зарцуулаад байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа тухайн буруутай хүнээс гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн Маяти маркийн 18-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод нутгийн ах Өлзийбаатарын хамт 2016 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг өнгөрч байхад гарсан. Замд явж байгаад Багануур орохын наахан талд буюу Хэрлэнгийн гүүр гараад 2 км орчим замд машины түлш доголдож, унтрахаар нь замын хажуу руу зорчих хэсгээ чөлөөлөн зогсоод машин дотроосоо ослын гурвалжин тэмдгээ машиныхаа ард ойролцоогоор 15-20 метрийн зайд байршуулж тавиад, машин дороо орж хэвтээд, түлшний шүүрээ тайлж эхэлж байсан. Өлзийбаатар ах кабинаас бууж түлхүүр багаж дөхүүлж өгөөд буцаад кабин руу суух гээд машины урдуур тойрох үед миний машины араас тас хийж машин ирж мөргөхөд миний машин хөдлөөд зүүн гар талын арын дугуй хөл дээгүүр минь гарсан. Би машин доороос гарч чадахгүй Өлзийбаатар ахыг дуудахад хариу өгөөгүй. Тэгтэл манай машины араас мөргөдөг машинаас залуучууд бууж ирээд хоорондоо “зөөлөн яв, урд чинь машин байна гэж хэлээд байхад ширүүн явлаа” гэж хэрэлдээд байгаа нь сонсогдсон. Би арай гэж машин доороосоо мөлхөөд гартал машины урд 3 залуу, нэг эмэгтэй, хоёр ахимаг насны эрэгтэй нийт 6 хүн зогсоод хоорондоо “энэ 2 согтуу юм шиг байна гэж ярилцаж байснаа намайг хараад ослын тэмдгээ тавьж замаа чөлөөлөхөд яадаг юм” гэж хэлээд над руу бүгдээрээ зэрэг зэрэг дайраад зодох гээд байсан. Би арай гэж босоод эргэн тойрноо харахад Өлзийбаатар ах машины урд талд бөгсөн бие нь машин доор орчихсон, толгой нь хойшоо харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. ...Миний зүүн хөлний 3 дугаар хурууны өлмийн яс хөндлөн хугарсан. Миний хөлийг дайрснаас болж явахад хүндрэлтэй байна. Мөн толгой байнга өвдөж, өвчин намдаах эм ууж байгаа. ...Маяти маркийн машины зөв талын арын гэрэл хагарсан, мөн Өлзийбаатар ахын дээгүүр машин гарахдаа нүүрэн хэсэг нь дотогшоо хонхойж орсон ба би тээврийн хэрэгслийнхээ эвдрэлийг 200.000 төгрөгөөр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-45 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Гэрч Т.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу Присаже маркийн автомашинд сууж явсан юм. Тэгээд өөд газар хэсэг явж байтал өөдөөс гэрлээ шилжүүлээгүй хурц гэрэлтэй 2 тээврийн хэрэгсэл зөрж, зөрөх үед машины миний сууж явсан талын хажуугаар цас бужигнаж хэсэгтээ юм харагдахгүй болсон. Тэгтэл урд талд нэг машин тулаад ороод ирсэн ба жолооч тоормоз гишгэсэн боловч амжилгүй араас нь мөргөчихсөн. Намайг машинаас буухад уг машины ослын дохио болох гурвалжин тэмдэг нь замын баруун гар тал буюу Маяти маркийн автомашинаас ойролцоогоор 3 орчим метрийн зайд шороон далан дээр байсан. Машин мөргөлдөх үед би сэрүүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-48 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч О.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэрлэн голын гүүр өнгөрөөд ойролцоогоор 4-5 километр газар яваад Багануур дүүрэг орох замд хошуу тойрох үед өөдөөс 2 тээврийн хэрэгсэл цувж өнгөрсөн. Цааш 600 орчим метр газарт явж байтал өөдөөс мөн нэг тээврийн хэрэгсэл зөрөх яг тэр мөчид урд маань машин зогсож байсан бөгөөд би Үүрцайхыг харсан байх гэж бодоод чимээгүй явж байтал машинаас хүн бууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Үүрцайхад “наана чинь хүн байна шүү” гэж хэлсэн. Тэр үед өөдөөс машин ирж явсан болохоор зөрөх боломж байгаагүй, баруун тийш дарсан бол өндөр жалга руу унах байсан. Үүрцайх тухайн үед тоормоз гишгээд өмнөө зогсож байсан цэнхэр өнгийн Маяти маркийн ачааны автомашиныг шууд очоод мөргөсөн. Бид нар машинаас бууж машины урд очиход нэг настай хүн газарт унасан байсан, тэр хүнийг босгож гайгүй юу гэж асуугаад 103 дуудаж үзүүлсэн. Нэг залуу нь машин доороос гарч ирсэн нь тэр машины жолооч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/,  

Гэрч М.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэрэг учралын газарт очиход 18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн араас 43-24 УНБ улсын дугаартай “Ниссан пресажи” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, урд хэсгээрээ доогуур нь орсон байдалтай байсан. Би тэнд очоод уг тээврийн хэрэгслүүдийг жолоодож явсан жолооч нарын бичиг баримтыг шалгаж, жолооч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэгийн хэмжилт хийсэн.

Үзлэгээр 18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Өлзийбаатарын биеийн байдлыг асуухад “толгой нуруу хэсгээр их өвдөж байна” гэхээр нь дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 103-т дуудлага өгсөн. Тухайн үед Өлзийбаатараас яаж байгаад гэмтсэн талаар асуухад машин нь эвдрээд зогсож, жолооч Баттогтох машин доогуураа орж, машинаа засч байх үед би тухайн тээврийн хэрэгслийн урд зогсож байтал уг тээврийн хэрэгслийн араас машин мөргөж, би Маяти маркийн тээврийн хэрэгсэлд түлхэгдэж хойшоо савж газар унасан.

...Дээрх тээврийн хэрэгслүүдийг ослын газраас хөдөлгөөгүй байсан. Маяти маркийн тээврийн хэрэгсэлд Өлзийбаатарыг түлхэгдэж унахад уг тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнд Өлзийбаатарын үстэй малгай дугуйн доогуур орсон байсан. Мөн 18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээ засч байсан жолооч Баттогтохын түлхүүр багажны хайрцаг араас нь мөргөсөн гэх 43-24 УНБ улсын дугаартай “Ниссан пресажи” маркийн тээврийн хэрэгслийн доор орсон байсан. Дээрх 18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг 43-24 УНБ улсын дугаартай “Ниссан пресажи” маркийн тээврийн хэрэгсэл араас нь мөргөхөд 1 метр орчим газарт урагш хөдөлсөн байх боломжтой нь зогсож байсан машинд мөргүүлж унасан гэх Өлзийбаатарын өмсөж явсан малгай 18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын дугуйн дор дарагдсан, машин доогуур засвар хийж байсан жолооч Баттогтохын багаж араас нь мөргөсөн машины доогуур орсон зэргээс харагдаж байна. ...18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ослын тэмдэг тавьсан гэх ба байсан үгүй нь тодорхойгүй, хоёр жолооч маргаантай байсан. Биднийг дуудлагаар очиход мөргөлдсөн хоёр тээврийн хэрэгслийн ард 4 метрт ослын тэмдэг тавьсан байсан. ...18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийг асфальтан замын зүүнээс баруун тийш явах чиглэлийн баруун тал руу аль болох бололцоотойгоор чөлөөлсөн байсан гэж бодож байна.

...Зам тээврийн осол болсон газрын асфальтан зам цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байсан, харин замын ирмэг хөвөө хэсэгт цастай байсан. Ослын тэмдгийг зорчих хэсгийн зам дээр биш цасан дээр тавьсан байсан. Уг тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасны дагуу байрлуулаагүй байсан. Маяти маркийн тээврийн хэрэгслийг өгсүүр замд 2 хүн түрж замаас гаргах боломж байхгүй. Яагаад гэвэл Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь ачааны автомашин болохоор бусдын тусламж авч машинаар чирч холдуулах боломжтой…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55, 208 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьериас зүүн урд зүгт ертөнцийн зүгээр урагш явах засмал замын Багануур дүүрэг рүү явах хэсгийг буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт байрласан байв. Үл хөдлөх цэгийг Багануур дүүргийн Уурхайн 4 замыг авсан ба уг хэрэг учрал гарсан газар нь Хэрлэн пост руу явах замд 7.3 километрийн зайтай байв. Анх мөргөлдсөн А цэгийг 18-63 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Маяти маркийн автомашины арын ачааны хэсгээс хойш 2 метр зайд буюу 43-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн орчим гол хэсгээс авав. А цэг 18-63 ДОР тээврийн хэрэгслийн баруун талын арын дугуй хүрэх цасан дээр 2 метрийн зайд дугуйны өнхөрсөн мөр гарсан байв. 18-63 ДОР улсын дугаартай Маяти маркийн автомашинд үзлэг хийхэд уг автомашин нь ертөнцийн зүгээр хойшоо харсан буюу Багануур дүүрэг рүү явах чиглэлд харсан байрлалтай байх ба 7.6 метрийн өргөнтэй асфальтан замын ертөнцийн зүгээр зүүн талаас 1.4 метр зайд зүүн талын урд дугуй нь нэвтэрч орсон.

Хойд дугуй нь 1.40 метр зайд нэвтэрч орсон байрлалтай байв. Уг цэнхэр өнгийн Маяти маркийн автомашины зүүн ард талын гэрэл дохио нь салж, цуурч унжсан ба зүүн ард хэсгээс 43-24 УНБ улсын дугаартай “Ниссан-Пресажи” маркийн цагаан өнгийн автомашин мөргөсөн байдалтай байв.

18-63 ДОР улсын дугаартай автомашины зүүн урд дугуйны доогуур хар хүрэн өнгийн үстэй малгай дайрагдсан байдалтай байсан болохыг 1 гэсэн дугаар тавьж, Ником маркийн гарал зургийн аппаратаар мэргэжилтэн дэслэгч З.Өнөрбуян 2 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэн 43-24 УНБ улсын дугаартай цагаан өнгийн “Ниссан Пресажи” маркийн автомашинд үзлэг хийхэд 18-63 ДОР улсын дугаартай автомашины зүүн хойд ачааны хэсэг рүү мөргөсөн байдалтай байв. 43-24 УНБ улсын дугаартай автомашины урд копуд нугарч хэлбэрээ алдсан, баруун урд талын гэрэл дохио харагч эвдэрсэн, зүүн талын дохио салсан, урд талын криланы баруун урд хэсэг хагарч эвдэрсэн байдалтай байсныг мэргэжилтэн дэслэгч З.Өнөрбуян Ником маркийн гэрэл зургийн аппаратаар баримтжуулав. Үзлэгийн явцад мэргэжилтэн дэслэгч З.Өнөрбуян Ником маркийн аппаратаар нийт 14 кадр гэрэл зураг авч баримтжуулснаар үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5-7 дугаар хуудас/,  

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...Э.Баттогтохын биед зүүн хөлний 3 дугаар хурууны өлмийн ясны хөндлөн хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн шилбэний өмнөд дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь авто аваарийн үед үүсгэгдэх боломжтой. Тухайлбал мөргөгдөх, дайрагдах, дээрээс юм унах гэх мэт. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 09 шэ/ 456 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...Б.Өлзийбаатарын биед тархины эдийн доторх цусан хураа, няцрал, аалзан бүрхүүл доор цус харвалт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ШЭГЗТЖ-ын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 48 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээч нарын 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “...Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Мягмарсүрэнгийн гаргасан 07 тоот дүгнэлт үндэслэлтэй. ....харин 03 тоот дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалд хэрэг учралын газрын үзлэгээр бэхжүүлж авсан фото зургаас дүгнэхэд 18-63 ДОР улсын дугаартай H.Mighty маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын давхар дугуйны мөр нь дугуй өнхрөлтийн үед үүссэн байх үндэслэлтэй мөр байна. Уг мөр нь автомашины зогсоолын тоормоз бүрэн ажиллагаатай үед урагш өнхрөхөд үүссэн мөр байх боломжгүй.

43-24 УНЕ улсын дугаартай “И.Presage” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Үүрцайх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

43-24 УНЕ улсын дугаартай N.Presage маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

18-63 ДОР улсын дугаартай H.Mighty маркийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан Б.Өлзийбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

18-63 ДОР улсын дугаартай  H.Mighty маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б.Өлзийбаатарыг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. “Замын хөдөлгөөнд оролцогч”-замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч; 43-24 УНБ улсын дугаартай N.Presage маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Үүрцайх, 18-63 ДОР улсын дугаартай H.Mighty маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Баттогтох нарыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг 2,5 дугаар хариултаар хариулсан.

18-63 ДОР улсын дугаартай H.Mighty маркийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан Б.Өлзийбаатарыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчсөн эсэхийг 7, 8 дугаар хариултаар хариулсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол аль нь эрүү, аль нь захиргааны шинжтэй байгаа эсэхийг хариулах боломжгүй байна…” гэсэн 137 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 216-217 дугаар хуудас/,

Шинжээч Б.Батзоригийн өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай дүгнэлт нь 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн буюу ахмад Н.Ганбаатар, ахмад Н.Шинэбаатар нартай хамтран гаргасан дүгнэлт юм. ...Замын хөдөлгөөнд оролцогч гэдэгт замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр яваа зорчигчийг ойлгоно. Б.Өлзийбаатар нь замын хөдөлгөөнд оролцоогүй, эвдэрсэн тээврийн хэрэгслийн хажууд зогсож машин засч байсан жолоочид түлхүүр, багаж өгч туслалцаа үзүүлж байсан хүн. Иймд шинжээч М.Мягмарсүрэнгийн гаргасан 03 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 180 дугаар хуудас/ үндэслэлгүй байна гэж үзсэн. 18-63 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Баттогтохын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь захиргааны зөрчлийн шинжийг агуулсан байна…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 209 дүгээр хуудас/,

Шинжээчийн “...43-24 УНБ улсын дугаартай N.Presage маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Үүрцайх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт  заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэлслэлтэй…” гэсэн 07 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээч нарын “...43-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Үүрцайх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Хэрэв жолоочийн нүд гялбасан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн 439 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Шинжээч С.Пүрэвээгийн “...Үүрцайх нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1 дэх заалтыг зөрчсөн байна. Баттогтох нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил юм. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь 43-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Үүрцайх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 15.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж осол гарсан байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 12-16 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Б.Үүрцайхыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.Үүрцайх нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьерийн хойд талын асфальтан замд “Nissan presaji” маркийн 43-24 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “хэрэв жолоочийн нүд гялбасан, зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, уг зам дээр эвдрээд зогсож байсан “Hyundai-Mighty” 18-63 ДОР маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас хохирогч Э.Баттогтохын биед зүүн хөлний 3 дугаар хурууны өлмий ясны хөндлөн хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн шилбэний өмнөд дээд хэсэгт зулгаралт гэмтэл, хохирогч Б.Өлзийбаатарын биед тархины эдийн доторх цусан хураа, няцрал, аалзан бүрхүүл доорх гэмтлийн гаралтай цус харвалт, сээрний 12 дугаар нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

          Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 09 шэ/456, 48 тоот дүгнэлт, техникийн шинжээч нарын 03, 07, 137, 439 тоот дүгнэлтүүдийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Үүрцайхыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Э.Баттогтохын бие махбодид хүндэвтэр, Б.Өлзийбаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Өлзийбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг нь шүүхэд “…Б.Үүрцайх нь хохиролд тооцож хоёр сая /2.000.000/ төгрөгийг бэлнээр өгснийг хүлээн авсан. Одоо хохирол нэхэмжлэхгүй болсон тул гомдолгүй болно. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцохгүй тул Б.Үүрцайхад хөнгөн ял оноож өгнө үү…” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирол төлбөр төлөгдсөнийг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь хангаж өгөх нь зүйтэй байна.

  •           огч нь Э.Баттогтох нь шүүгдэгчээс хохирол, төлбөрт хоёр зуун гучин гурван мянган /233.000/ төгрөг хүлээн авсан болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “…хохирлын мөнгө авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Үүрцайхын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлоо барагдуулсан, үйлдсэн хэргээ чин санаанаасаа ойлгон гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Б.Үүрцайх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгч Б.Үүрцайхын 696085 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэх нь зүйтэй.

Мөн битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа “Ниссан-Пресажи” маркийн 43-24 УНБ улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Үүрцайхад тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт буцаан олгох нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Үүрцайхад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,

 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ухаа балжирынхан овгийн Батбаатарын Үүрцайхыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Ухаа балжирынхан овгийн Батбаатарын Үүрцайхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасч, нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Үүрцайхын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Б.Үүрцайх нь хохирогч Б.Өлзийбаатарын эмчилгээний зардал, хохирол, төлбөрт хоёр сая /2.000.000/ төгрөг төлсөн, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, хохирогч Б.Өлзийбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмлжэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  5. Б.Үүрцайх нь хохирогч Э.Баттогтоход хохирол, төлбөрт хоёр зуун гучин гурван мянган /233.000/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Үүрцайхад оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар     Б.Үүрцайхад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар тогтоосон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Иissan presaje” маркийн 43-24 УНБ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Үүрцайхад уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт буцаан олгосугай.
  9. Б.Үүрцайхын 696085 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.
  10. Б.Үүрцайхад холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдсугай. 
  11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Үүрцайхад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Үүрцайхад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ