Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/00011

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: С.А,

              Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х.Е,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга нарын хоорондын газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Е, хариуцагч А.Ж, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч С.А нь  Бугат сумын Засаг  даргад холбогдуулан “А.Ст Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хууль ёсны өвлөгч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа  Бугат сумын Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

 

Нэхэмжлэгч анх “Бугат сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Х.Ед газар эзэмшүүлсэн А/17 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Бугат сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх  тухай”  А/11 дүгээр захирамжийн К.Хд  700 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлсэн, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх  тухай”  А/17 дугаар захирамжийн Х.Ед 700 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлсэн  хэсгийн 200 м.кв газар  эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “А.Ст Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хууль ёсны өвлөгч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа  Бугат сумын Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаасаа татгалзан  багасгаж, “А.Ст Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хууль ёсны өвлөгч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа  Бугат сумын Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

 

            2. Нэхэмжлэгч С.Аээс  нөхөр А.Ст  Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар 2021 оны  3 дугаар сард Бугат  сумын Засаг даргад хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд тус сумын газрын даамлаас “газар давхардаж байгаа, ирүүлсэн материал дутуу” гэсэн хариу өгсөн байна.

3. Нэхэмжлэгчээс “нөхөр А.Сын эзэмшиж байсан газарт давхардуулан газар эзэмшүүлсэн Бугат сумын Засаг даргын захирамжийг  хүчингүй болгуулах”-аар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргаснаар  аймгийн Засаг даргаас 2021 оны  11 дүгээр сарын 02-ны өдрийн 1-01/1609 дугаар албан бичгээр “газрын маргаанаа хууль журмын хүрээнд шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариу өгснөөр тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбар, шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“4.1. Миний нөхөр А.С нь Бугат сумын Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь өвөлжөөний газрыг 30-аад жил эзэмшиж ирсэн бөгөөд 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан. Дараа нь Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжаар тухайн өвөлжөөний газрыг 40 жилийн хугацаагаар, суурин өвөлжөөний зориулалтаар эзэмших болсон. Тухайн үед сумын газрын даамал 0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, газар эзэмших гэрээ байгуулж байсан. Нөхөр маань амьд сэрүүн байхдаа өөрийн багш гэх Ө.К гэх хүний гуйлтаар түүнийг хамт хаваржихыг зөвшөөрч, бид хэдэн жил хамт хаваржиж байсан. Миний нөхөр А.С нь  2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар миний бие нас барагчийн эхнэрийн хувьд хууль ёсны өвлөгч юм. А.Сын эзэмшлийн газар Ө.Кгийн эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, өвлийн байшингийн болон малын хашааны буурь нь очиж үзэхэд тодорхой байгаа. Би талийгаачийн нэр дээр байгаа газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж 2021 оны 03 дугаар сараас Бугат сумын Засаг даргад хандаж эхэлсэн боловч элдэв шалтаг хэлж, шийдэж өгөөгүй намайг чирэгдүүлсэн. Хамгийн сүүлд Бугат сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 159 дугаартай албан бичгээр “уг маргааныг орон нутгийн хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй байгаа тул зохих хууль журмын дагуу хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдье” гэж хариу өгсөн.  Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1-01/1609 дугаартай албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариу өгсөн.

Иймд нөхөр А.Сын Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжаар эзэмшиж байсан Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь өвөлжөөний доорх 500 м.кв газрыг хууль ёсны өвлөгч эхнэр болох С.А миний нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Бугат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж  шинээр газар эзэмших эрхийг гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

4.2. Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн хавсралтад нөхөр А.Сын нэр орсон эсэхийг би мэдэхгүй. Энэ бол ажил хариуцах хүмүүсийн мэдэх асуудал. Харин нөхөр А.Сын газар эзэмших эрхийн гэрчилгээнд дээрх захирамжийг үндэслэж олгосон талаар тусгагдаж, тэрний дагуу газар эзэмших гэрээ байгуулсан байдаг.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн шатны Засаг дарга хүчингүй болгох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ намайг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нөхөр А.Сын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Миний тухайн эзэмшил газраас нүүх болсон нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай. Нөхөр 2013 онд нас барсан, би тухайн үед насанд хүрээгүй 6 хүүхэдтэй хоцорсон. Би нийтдээ 6 хүүхдээ төрүүлж өсгөснөөс 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн С.Жээс бусад нь дандаа эмэгтэй хүүхэд байдаг. Нөхөр нас барахад С.Ж нь дөнгөж 8 настай байсан. Хөдөө гарахад тусалж дэмжих хүнгүй, ганц хүү маань бага настай учир аргагүйн эрхэд Өлгий сумын 4 дүгээр багт түр оршин сууж байна. Цаашид хүү маань насанд хүрэхээр өвөлжөөнд очих төлөвлөгөөтэй байж хэдэн малаа энд тэнд хүмүүст захиж нийлүүлдэг байсан. Мөн жил бүрийн мал тооллогоор малаа тоолуулж ирсэн.

Аливаа этгээд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Миний нөхрийн эзэмшил газраас болж Х.Ен хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нөхцөл байдал харагдахгүй байна. Нэгдүгээрт миний талийгаач нөхөр тухайн газрыг Х.Е К.Хаас  газар худалдаж авахаас өмнө эзэмшиж байсан. Х.Е нь 2021 оны 3 дугаар сараас тухайн газрыг эзэмших болсон. Хоёрдугаарт, миний талийгаач нөхрийн эзэмшиж байсан газар, Х.Ен эзэмшиж байгаа газар хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдсон. Гуравдугаарт, Х.Е нь миний эзэмшиж байгаа газрын бэлчээрт давхцаж мал маллах, газар ашиглах боломжгүй болсон гэдэг нь үндэслэлгүй. Учир нь шүүх дээрх байгаа маргаан зөвхөн эзэмшил газартай холбоотой. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж хуульчилсан учир бэлчээрийн асуудлыг дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Иймд Х.Ен нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Маргаан бүхий  Бугат сумын “Хүрэн зуухны шатсан бууц” гэдэг газарт  С.Аийн талийгаач нөхөр А.Ст 1998 онд гэрчилгээ олгосон байна. Дараа нь Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийг үндэслэн дахин гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан. Мөн Бугат сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоосон байна. А.С гэдэг хүн тухайн газарт газар эзэмшиж байсан нь гэрч нарын мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн газрыг худалдсан К.Х ч тухайн газрыг А.С эзэмшиж байсан гэдгийг үгүйсгээгүй. С.Аийн нөхөр өвчтэй байсан болохоор Өлгийн төвд нүүж ирээд, жилийн дараа нөхөр нь нас барсан. Тухайн үед хүүхдүүд нь бага байсан болохоор хөдөө гарч чадаагүй, Өлгий сумын 4 дүгээр багт түр оршин суудаг. Бугат сумаас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй. Тухайн газрыг яагаад ашиглаагүй вэ гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас тухайн газрыг ашиглаж чадаагүй. Газрын тухай хуульд газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол хүчингүй болгох зохицуулалт байна. Гэхдээ Засаг даргаас А.Ст эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон захирамж гараагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна. Мөн нотариатад хандаж өв залгамжлалын гэрчилгээг бичүүлж авсан.  Хууль ёсны эхнэр нь  тул нөхрийнхөө газрыг өвлөх бүрэн эрхтэй. Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд газар ямар нэгэн байдлаар давхацсан асуудал байхгүй гэсэн. Тиймээс А.Сын нэр дээр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Аийн нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа Бугат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн гэрчилгээг шилжүүлэн, эзэмших гэрчилгээ олгохыг Бугат сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсэж байна.

Мөн бие даасан шаардлага гаргасан Х.Ен шаардлагатай холбоотой тайлбар хэлье. Шаардлагын үндэслэл нь тухайн газар давхацсан, мөн тухайн газрын хажуугаас өөр хүнд газар өгөхгүй гэж тайлбарладаг. Маргаан бүхий газар ямар ч давхцалгүй гэж гарсан байхад Х.Ен ямар эрх ашиг зөрчигдсөн бэ гэдийг шүүх анхаарч үзэх ёстой. Газрын тухай хуульд бэлчээртэй холбоотой асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын Засаг дарга холбогдох иргэдийн саналыг үндэслэн тухай бүрд зохицуулахаар  заасан. Газар эзэмших гэрчилгээг аль аль нь авч, бэлчээрийн асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар тогтоох боломжтой. Тийм учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй” гэв.

            5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Е нь  Бугат сумын Засаг  даргад холбогдуулан “А.Ст  Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц”-д  өвөлжөөний зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Бугат сумын Засаг даргад даалгах” -аар маргаж байна.

            6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн  шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“6.1.Миний бие Х.Е Бугат сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/17 дугаар захирамжаар “Хүрэн зуухны шатсан бууц”-ны өвөлжөөний газрыг эзэмшиж байгаа. Уг газрыг Ө.К эзэмшиж байгаад хүү К.Хд өвлөгдсөн юм. Би К.Хаас худалдан авч эзэмших болсон. Би худалдаж авч газар эзэмшиж эхэлсний дараа иргэн С.А нь А.Сын газар эзэмших гэрчилгээг олгохыг нэхэмжилж байгаа. Гэвч Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн хавсралтад А.Сын нэр байхгүй. Мөн А.Ст газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй байна. А.С хашаа хороо, өвөлжөөний байшингаа Шуудан банкны зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлөх чадваргүй болж зээлээ төлөөгүй тул банк 2010 онд хашаа, байшинг хурааж авч явсан байна. Үүнээс хойш А.С аймгийн төвд нүүн ирж амьдарч байсан. Ийнхүү “Хүрэн зуухны шатсан бууц”-ны өвөлжөөний газраа ашиглаагүй 12 жил болжээ. Энэхүү байдал нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын дагуу Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно. Иргэн С.Аийн хүсэлт гаргасан газар нь Х.Е миний эзэмшиж буй газрын бэлчээрт давхцаж мал маллах, газраа ашиглах боломжгүй болгож байна. Газрын тухай хуулийн 31.3-д заасны дагуу эзэмшиж буй газартай давхцаж , миний хууль ёсны эрх зөрчигдөхөөр байна.

Иймд миний шаардлагыг зохих хууль журмын дагуу хянаж үзэж А.Сын “Хүрэн зуухны шатсан бууц”-ны өвөлжөөний газрын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохыг Бугат сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

6.2. “Хүрэн зуухны шатсан бууц”-д нэг байшин, малын хашаа байдаг. Уг хашаа, байшинг Ө.К гэдэг хүн барьж, олон жил мал маллаж байсан. Тэр хашаа, байшинг Ө.Кгийн барьж, мал маллаж байсныг нутгийн иргэд бүгд мэдэж байгаа. Харин нэхэмжлэл гаргагч С.Аийн нөхөр С нь Ан хүүхэд бөгөөд түүний өвөлжөө “Хүрэн зуух”-д байдаг. Уг өвөлжөө дээр үед “Жаргалын зам” нэгдлийн үед баригдсан. Бодвол тэд хувьцаагаар авсан байх. Иргэн А Казахстан улсад нүүсэн үед иргэн М.Мухамед худалдаж авсан гэж сонссон. Одоо М.Мухамедийн дүү А.Ж өвөлжиж байгаа.

Би иргэн К.Хаас 3 дугаар сард өвөлжөөг худалдаж авч байхад С.А мэдсэн боловч ямар ч маргаан үүсээгүй. Тухайн үед газрын даамал С.Альфарабигаас асуухад  С.Ад газар эзэмших гэрчилгээ байхгүй, сумын Засаг даргын 2003 оны 51 дүгээр захирамжийн хавсралтад А.Сын нэр дурдаагүй учир гэрчилгээг хүчингүй гэж хэлж байсан. Гэтэл 10 дугаар сараас бид өвөлжөөндөө нүүж ирэх болохоор гэнэт гэрчилгээтэй болж маргаан үүсгэж эхлэв. Энэхүү хуйвалдааныг “Хүрэн зуух”-д өвөлжөөтэй М.Мухамед зохион байгуулж байна. Бугат сумын татварын байцаагч М.Мухамед  газрын даамал ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Х.Стай олон жил хамтран ажилласан болохоор үгсэн хуйвалдаж,  хуурамчаар материал бүрдүүлэн С.Аийг газрын гэрчилгээтэй болгосон байж болзошгүй гэж үзэж байна. “Хүрэн зуухны шатсан бууц”-д С.Атэй холбоотой нэг ч байгууламж байхгүй, огт ашиглаагүй учир хуулийн дагуу уг гэрчилгээ аль хэдийнээ хүчингүй болсон  байх ёстой” гэв. 

7. Хариуцагч  Бугат сумын Засаг дарга  нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаарх хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1.Уг маргаан бүхий газар нь 1998 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар Ад нэмж Ө.К, И.Хаткей нарт  өвөлжөөний газар эзэмших гэрчилгээ олгосон байна. Мөн 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 51 дүгээр  захирамжийг үндэслэн А.Ст 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0005642 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгожээ. Тус сумын 3 дугаар багийн иргэн К.Хд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А/11 дүгээр  захирамж гарч, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 000108236 тоот гэрчилгээг олгосон байна. Бугат сумын иргэн болох Ан С, К., Х  нарын тус сумын 4 дүгээр багийн “Хүрэн зуухны шатсан бууц” гэх газарт байршилтай өвөлжөөний хоёр газар нь кадастрын зургаар давхцаагүй болохыг шүүхийн үзлэгээр тогтоосон. С.Аийн нөхөр А.С нас барсан болохоор зохих хууль журмын дагуу С.А нь уг газрыг өвлөн эзэмших нь хууль ёсных юм. Тухайн үед олгосон гэрчилгээнүүдийг одоо хүртэл хүчингүй болгоогүй тул С.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус сумын газрын даамал маргаан бүхий газарт 2 хүний газар эзэмших гэрчилгээг надад үзүүлж, захирамж байсан эсэхийг танилцуулаагүй болохоор иргэн С.Ад уг маргааныг хуулийн дагуу шүүхээр  шийдвэрлүүлэх тухай чиглэл өгсөн юм.

7.2. Тус сумын 4 дүгээр багт орших “Хүрэн зуухны шатсан бууц” гэх газарт С.Аийн хадам аав А, нөхөр  А.С нар нь өвөлжиж байсан. Мөн 1998 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын захирамжаар Атэй хамт Ө.К эзэмшиж суух шийдвэр гарсан учир Ан хүү С, Ө.Кгийн хүү Хабдилан нар өв залгамжилж эзэмшиж байв. Мөн А.С нь нас барсны дараа эхнэр болох С.Ад хууль ёсны өв залгамжлах эрх үүсэж, тус “Хүрэн зуухны шатсан бууц”-д өвөлжиж суух нь зүйтэй гэж үзэв. Х.Ен гаргасан хүсэлтийг одоогоор биелүүлэх боломжгүй ба шүүхийн үзлэгээр А.С, К.Х нарын өвөлжөөний газар нь давхцал байхгүй тус тусдаа газар учир энэхүү асуудал нь хуулийн хүрээнд шүүхийн шатанд явагдаж байгаа тул шүүхээс гарах шийдвэрийг харгалзан үзэхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “А.Ст Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хууль ёсны өвлөгч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа  Бугат сумын Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр  “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар  тус сумын малчин иргэдэд газар эзэмшигчийн улсын бүртгэлээр өвөлжөөний газар эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  газрын даамал Х.Сд зөвшөөрсөн байна.

Уг захирамжийг үндэслэн газрын даамал Х.С нь Санах гэж авгайлан дууддаг  Ан Ст /цаашид С гэх/ Буга багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”  дахь өвөлжөөний  доорх  500 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар, суурин өвөлжөөний  зориулалтаар  эзэмшүүлэхээр 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,  газар эзэмших гэрээ байгуулсан, мөн уг захирамжийг үндэслэн Ө.Кд Буга багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”  дахь өвөлжөөний  доорх  500 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар, суурин өвөлжөөний  зориулалтаар  эзэмшүүлэхээр 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 0068319 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,  газар эзэмших гэрээ байгуулжээ.

Мөн Бугат сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтад зааснаар “Хүрэн зуух”-аас Ө.К, А.С нарт газрын хэмжээг нэмэгдүүлж тус бүр 700 м.кв газрыг  40 жилийн  хугацаагаар  эзэмшүүлсэн байгаа боловч уг захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй  байна.

Ө.Кгийн эзэмшиж байсан 4 дүгээр /Буга/ багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”  дахь өвөлжөөний газрыг Бугат сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/11 дүгээр захирамжаар хүү нь болох Какешагийн Хабдиланд шилжүүлэхдээ  газрын хэмжээг 700 м.кв гэж заасан ба Ө.Кгийн 0068319 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон, уг захирамжийг үндэслэн К.Хд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Бугат сумын  4 дүгээр багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”  гэх газраас 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр 000108236 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Улмаар Бугат сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/17 дугаар захирамжаар К.Хы эзэмшиж байсан 4 дүгээр багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”  дахь 700 м.кв өвөлжөөний газрыг гуравдагч этгээд Х.Ед  22 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж, К.Хы 000108236 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болсонд  тооцсон, уг захирамжийг үндэслэн Х.Ед    2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Бугат сумын  4 дүгээр багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”  гэх газраас 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр 000108237 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5, 6, 49, 51, 54, 55, 60, 99-111, 112-113, 118,1 20, 147, 153 дахь тал/ нотлогдож байна. 

3. Дээрх захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ,газар эзэмших гэрээнүүд, мөн гэрч Бугат сумын газрын даамлаар ажиллаж байсан Х.С болон Ш.Бөктербай, М.Гайыпберген, Х.Амангажы, Х.Домаш,Н.Тагат нарын мэдүүлэг, маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 6, 12, 72-73, 117, 149-151, 157-164, 173-174, 175, 178-179, 198, 206, 210, 218, 231 дэх тал/ нэхэмжлэгч С.Аийн нөхөр  А.С  болон Ө.К нар нь анх Бугат сумын 4 дүгээр /Буга/  багийн “Хүрэн зуухны шатсан бууц” нэртэй газарт тус бүр  500 м.кв талбайтай газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан,  тухайн  эзэмшлийн газрууд нь хил залгаа байршилтай бөгөөд давхцалгүй,  А.С  болон Ө.К нар нь эзэмшлийн газартаа тус тусдаа  байшин,  малын хашаатай байсан, нэхэмжлэгч С.А, түүний нөхөр А.С  нар нь 2010 оноос байшингаа буулгаж, Өлгий  сумд түр оршин суух болсон, А.С   нь  2013 онд нас барсан,  Ө.К 2015 онд нас барсан, одоо Ө.Кгийн эзэмшлийн газарт түүний  амьдарч байсан байшин, малын хашаа  байгаа гэсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ. 

4.Анх  2003 онд А.С болон Ө.К нарт 500 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гарах үед тухайн эзэмшүүлсэн газруудын мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, кадастрын зураг үйлдэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 41-58,185-186 дахь тал/ нотлогдож байна.

Бугат сумын газрын даамлаас 2018 онд нөхөн бүрдүүлэлт хийж, газрын кадастрын мэдээллийн сангийн “Ланд менежер” программд Ө.Кгийн эзэмшлийн газрын хэмжээг 700 м.кв гэж оруулан кадастрын зургийг  үйлдэхдээ тухайн  газар дээр нь очиж хэмжилт хийж газрын хэмжээ,  байршил, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэхгүйгээр, мөн  тухайн газарт байрлах Ө.Кгийн  үл хөдлөх эд хөрөнгийг  бүтэн оруулахгүйгээр, А.Сын эзэмшлийн газрын зарим хэсэгтэй  давхцуулсан болох нь гэрч С.Альфарабигийн  мэдүүлэг болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 50, 176, 181, 185-186 дахь тал/ тогтоогдож байгаа бөгөөд  бодит байдалд А.С болон Ө.К нарын газрууд нь давхцалгүй, өөрөөр хэлбэл Бугат сумын 4 дүгээр багийн “Хүрэн зуухны шатсан бууц”  гэх газарт хил залгаа байршилтай,  тухайн газарт байрлах чулуун хашааны  зүүн талд Ө.Кгийн байшин, амбаар, малын хашаа   байрлаж байгаа, баруун талд нь А.Сын байшин,  малын хашаа   байрлаж байсан болох нь  тус тус тогтоогдсон болно.

5. Бугат сумын Засаг даргын 2003  оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн 51 дүгээр “Өвөлжөө эзэмшүүлэх тухай“ захирамж болон уг захирамжийг үндэслэн тус сумын газрын даамлаас А.С, Ө.К нарт “Хүрэн зуухны  шатсан бууц”-аас тус бүр 500 м.кв газар эзэмшүүлэхээр  олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.2-д зааснаар  эрх бүхий этгээдээс гаргасан, мөн  хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3-д заасныг зөрчөөгүй  захиргааны акт байна гэж үзлээ.

6. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална: 4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж, 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж тус тус заасан.

  Нэхэмжлэгч С.А нь нөхөр А.Сын  эзэмшлийн Буга багийн  “Хүрэн зуухны шатсан бууц”  дахь  500 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг  шилжүүлэх хүсэлтийг  2021 онд  эрх бүхий этгээд болох Бугат сумын Засаг даргад  гаргасан  боловч “газар давхардаж байгаа, ирүүлсэн материал дутуу” гэсэн үндэслэлээр  шилжүүлсэн шийдвэр гаргаагүй, харин К.Хы 2021 онд  гаргасан хүсэлтийн дагуу  Ө.Кгийн Буга багийн   “Хүрэн зуухны шатсан бууц”  дахь  500 м.кв  газар  эзэмших эрхийн гэрчилгээг түүнд  Бугат сумын Засаг даргын  шийдвэрээр шилжүүлсэн болох нь /49,114,185-186 дахь тал/  тус тус тогтоогдсон болно.

Дээрх байдлаар А.С  болон Ө.К нар нь Бугат сумын 4 дүгээр /Буга/  багийн “Хүрэн зуухны шатсан бууц” нэртэй газарт тус бүр  500 м.кв талбайтай газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан, эзэмшлийн газартаа тус тусдаа  байшин,  малын хашаатай байсан, тухайн  эзэмшлийн газрууд нь  давхцалгүй, хил залгаа байршилтай болох нь тус тус тогтоогдсон.

Мөн  А.Ст  уг 500 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа,өөрөөр хэлбэл А.Сын газар эзэмших эрхийг цуцалсан,  дуусгавар болгосон эрх зүйн акт гараагүй  бөгөөд нэхэмжлэгч С.А нь А.Сын  хууль ёсны өвлөгч болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх тул  газар эзэмшигч А.Сын Бугат сумын 4 дүгээр багийн “Хүрэн зуухны шатсан бууц” нэртэй газарт байрлах,  өвөлжөөний зориулалттай  500 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй хариуцагч Бугат сумын Засаг даргын байгаа  эс үйлдэхүй нь  Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн  4.1.3,  30 дугаар зүйлийн 30.2-т заасантай тус тус нийцээгүй,хууль бус бөгөөд  нэхэмжлэгч С.Аийн нас барсан  нөхөр А.Сын газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, улмаар  газар эзэмших,ашиглах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэлээ. 

Иймд Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр  захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр А.Ст олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн  эс үйлдэхүй нь  хууль бус бөгөөд  үүний улмаас нэхэмжлэгч С.Аийн нөхөр А.Сын газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, газар эзэмших,ашиглах эрх зөрчигдсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Ен Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А.Ст  Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц”-д  өвөлжөөний зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Бугат сумын Засаг даргад даалгах”  шаардлага нь үндэслэлгүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч Х.Егаас “Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн хавсралтад А.Сын нэр байхгүй, А.Ст газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй. 2010 оноос хойш А.С аймгийн төвд нүүн ирж амьдарч байсан ба “Хүрэн зуухны шатсан бууц”-ны өвөлжөөний газраа ашиглаагүй 12 жил болсон. Энэхүү байдал нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын дагуу Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно. Иргэн С.Аийн хүсэлт гаргасан газар нь миний эзэмшиж буй газрын бэлчээрт давхцаж мал маллах, газраа ашиглах боломжгүй болгож байна” гэж бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т тус тус зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр  нь хууль бус бөгөөд  түүний улмаас  нэхэмжлэгчийн, тухайн тохиолдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн  хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  шаардагдах захиргааны акт гаргахыг  тухайн захиргааны байгууллагад даалгах  үндэслэлтэй.

9.Бугат сумын Засаг даргын 2003  оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн 51 дүгээр “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар тодорхой иргэдийн нэр заасан хавсралт батлаагүй боловч захирамжийн 1 дэх заалтаар тус сумын малчин иргэдэд газар эзэмшигчийн улсын бүртгэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2 дахь заалтаар  газар эзэмших гэрээ байгуулж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  газрын даамал Х.Сд зөвшөөрснөөр газрын даамлаас уг захирамжийг  үндэслэн  иргэн А.С болон Ө.К нартай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон. Мөн А.С  болон Ө.К нарын  эзэмшлийн  газар нь  давхцалгүй бөгөөд  эзэмшлийн газартаа тус тусдаа  байшин,  малын хашаатай байсан  болох нь нотлогдсон бөгөөд энэхүү үйл баримтыг тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан Какешагийн хүү Хабдилан үгүйсгээгүй  болно. 

Түүнчлэн Бугат сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар  тус сумын малчин иргэдэд  эзэмшүүлэх өвөлжөө, хаваржааны газрын хэмжээ, байршил, эзэмшүүлэх хугацаа, тавигдах  шаардлагыг хангаж, газар эзэмшигчийн улсын бүртгэлээр эзэмшүүлж, 2 дахь заалтаар газар эзэмших гэрээ байгуулж,  журмын дагуу эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг  газрын даамал Х.Сд зөвшөөрч, 3 дахь заалтаар газар эзэмшигчийг  хамтран эзэмшигчийн хамт  хавсралтаар баталсан байх ба уг хавсралтын дэс дугаарын 157-д  “Ахлагч өрх Х.А, Хамтран эзэмшигч А.Молдахмет, Газрын нэр “Хүрэн зуух”, 158-д “Ахлагч өрх А.С, Хамтран эзэмшигч байхгүй,  Газрын нэр “Хүрэн зуух”, 159-д “Ахлагч өрх И.Какеша, Хамтран эзэмшигч К.Х, К.Н,  Газрын нэр “Хүрэн зуух” гэж  тус тус заасан байна.

Эдгээрээс  үзэхэд  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох  Бугат сумын Засаг даргаас 2003  оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн 51 дүгээр “Өвөлжөө эзэмшүүлэх тухай “ захирамжийг дээрх байдлаар гаргаж, уг захирамжийг үндэслэн  тус сумын газрын даамлаас мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасан бүрэн эрхийн дагуу А.С, Ө. Какеша нартай  газар эзэмших гэрээ  байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн, мөн Бугат сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар  А.С, Ө.К нарт “Хүрэн зуух”-аас газрын хэмжээг нэмэгдүүлж тус тусдаа газар эзэмшүүлсэн үйл баримт давхар нотлогдож байх тул “Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжийн хавсралтад А.Сын нэр байхгүй, А.Ст газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

10. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг дарга  дараах тохиолдолд  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:40.1.6.  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох  нь  Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

Нэхэмжлэгч С.Аийн нөхөр А.Ст  Буга багийн “Хүрэн зуухны  шатсан бууц”-д 500 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар, өвөлжөөний  зориулалтаар  эзэмшүүлэхээр олгосон 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0005642 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээ хүчин  төгөлдөр байгаа буюу  уг газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон  эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, энэ талаар Бугат сумын Засаг даргаасС.Аийн нөхөр А.С нас барсан болохоор зохих хууль журмын дагуу С.А нь уг газрыг өвлөн эзэмших нь хууль ёсных юм” гэсэн тайлбар гаргасан.

Мөн нэхэмжлэгч С.Аийн нөхөр А.С нь 2013 онд, Ө.К  нь 2015 онд  тус тус нас барсан тул үүнээс хойш  тэд нарын  эзэмшлийн газар ашиглагдаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 1-2, 6, 149-151,198, 206, 210, 231 дэх тал/ нотлогдсон ба Бугат сумын Засаг даргын  шийдвэрээр 6 жилийн дараа буюу 2021 онд Ө.Кгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүү К.Хд  шилжүүлэн эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иймд  Газрын  тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь Засаг даргын бүрэн эрхэд хамаарах  ба Бугат сумын Засаг даргаас А.Сын 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0005642 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, мөн эрх бүхий этгээдээс  гаргасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг  үндэслэн А.Ст олгосон 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0005642 дугаартай хүчин  төгөлдөр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг  А.Сын  хууль ёсны өв залгамжлагч  нь  Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар шилжүүлэн авахаар хүсэлт гаргасан байгаа тул шүүхээс уг  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч Бугат сумын  Засаг даргын А.Сын 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос  татгалзсан  татгалзлыг хууль бус гэж  буруутгахааргүй байна.

11. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж   заасан.

Дээрх байдлаар Бугат сумын  Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” гэх газраас  нэхэмжлэгчийн нөхөр А.С нь 500 м.кв,  гуравдагч этгээд  Х.Е  нь 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ба тухайн эзэмшлийн  газрууд  нь  давхцалгүй болох нь тогтоогдсон, мөн  өвөлжөөний бэлчээрийг ашиглуулах  эсэхийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд одоогийн байдлаар уг өвөлжөөний бэлчээрийн газрыг хэн нэгэнд ашиглуулах тухай шийдвэр байхгүй тул гуравдагч этгээдийн “С.Аийн хүсэлт гаргасан газар нь Х.Е миний эзэмшиж буй газрын бэлчээрт давхцаж мал маллах, газраа ашиглах боломжгүй болгож байна” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

12. Иймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг  хүлээн зөвшөөрөөгүй буюу Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр  захирамжийг үндэслэн олгосон А.Сын 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос татгалзсан  хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, мөн А.Сын 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос татгалзсан татгалзлын улмаас гуравдагч этгээд Х.Ен эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3,23 дугаар зүйлийн 23.4.2, 30  дугаар  зүйлийн 30.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Ст  Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай захирамжийг үндэслэн Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц” дахь  өвөлжөөний доорх 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг  хууль ёсны өвлөгч нь болох эхнэр С.Ад шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа  Бугат сумын Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус  болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Бугат сумын Засаг даргад даалгаж,  бие  даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “А.Ст  Буга багийн “Хүрэн зуухны шатсан бууц”-д  өвөлжөөний зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  0005642 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Бугат сумын Засаг даргад даалгах”  тухай шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан  гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ