Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/908

 

                                                                    

 

 

 

 

                  

 

 

  2023          6          27                                       2023/ШЦТ/908

 

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Намдаг /томилолтоор/,

хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар хийсэн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт Д-ийн Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 04841 3624 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ...................тоотод бүртгэлтэй боловч ............................тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,

Бовогт Д-ийн Г. /РД:..................... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир" зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Хг "нөхөртэйгөө хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зүүн чихнээс нь хазаж зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан баруун далд зулгарaлт баруун бугалга зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х мэдүүлэхдээ: Миний хувьд маш их гомдолтой байна. Тухайн цаг хугацаанд 5 хүн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгд худал мэдүүлэг өгсөн. Надаас бусад нь бүгд найз нөхөд эхнэр нөхрийн харилцаатай. Тухайн буудалд хоёр хүүхэн намайг зодож байхад Сүх-Очир гэдэг залуу хараад зогсож байсан. Миний чихийг хазаад намайг дараад зодож байхад хүртэл хараад зогсож байсан хэрнээ би гадаа байсан, би юм хараагүй гэж худлаа ярьж байна. Мөн Эрдэнэчулуун эхэлж намайг зодоод дараа нь ******* намайг зодсон. Би нэг хүнд зодуулсан бол түлхэж гараад зугтах байсан боловч 3 хүн байсан болохоор яаж ч чадахгүй буланд шахуулаад, зурагт руу толгой хэсгээрээ цохиулаад зодуулаад байж байсан. Намайг бүлэглэж зодчихоод би нэг удаа алгадсан, тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Миний үсний тал хэсгийг нь зулгаачхаад худлаа хэлж байгаад гомдолтой байна. Би шүүх дээр энэ хүмүүс худал мэдүүлэг өгөөд байна. Хэргийг эхнээс нь мөрдөөд өгөөч гэж хүсэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатан дээр дахин худал мэдүүлэг өгсөн. Миний чих тасарчихсан учраас Монгол улсад эмчлүүлэх боломжгүй. Солонгос улсаас эмчилгээний зардал гэж мөнгөн дүн ирсэн. Би чихээ бүрэн бүтэн болгож авмаар байна. Чихний дэлбэнгийн үүрэг гэдэг нь сонсголд нөлөөлдөг. “Тал чих маань байхгүй болохоор сонсголд чинь нөлөөлнө” гэж эмч хэлсэн. Би дүлий балай болоод хүний гарт орчихмооргүй байна. Надад гадуур явахад хэцүү байна.Эрдэнэчулуун нь хэрэг болдог өдрийн маргааш өглөө нь 100,000 дагагчтай Завхан аймгийн группт “энэ хүүхэн буудалд манай эгчид чихээ тасдуулсан байна, хохино гээд миний зургийг тавьсан” байсан. Тэр зургийг “устгаад өгөөч” гэж миний бие болон ээж маань хүртэл гуйсан. Миний ээж Эрдэнэчулууны гэрт нь очоод устгаад өгөөч гэж гуйсан. Ухаан алдан барин гуйж байхад тэр постыг устгаж өгөөгүй. Тэр постыг олон хүн харсан. Би гэрээсээ гарч чадахгүй хэцүү байна. Би хүний царай харж чадахгүй, үйлдвэрт ажилд орсон. Надад үнэхээр хэцүү байна. Би хүнтэй сууж хүүхэд ч гаргаагүй. Магадгүй би хүнтэй сууж хүүхэд ч гаргаж чадахгүй байх. Би өмнө нь хүнээс ингэж их айж байгаагүй. Одоо байрныхаа орц руу ороход, муур, нохойноос айгаад явж байна. Надад маш их хэцүү байна. *******д оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хгийн өгсөн: “...Гандангийн эхнэр нь гэх эмэгтэй гаднаас орж ирээд намайг нөхөртэйгөө хардаад шууд зодож эхэлсэн. Миний үснээс зулгаагаад, зүүн чихнээс хазаж таслаад гараад явчихсан. Тэгэхээр нь би буудлын ресепшинд “цагдаа дуудаарай” гэж хэлэхэд цагдаа дуудсан байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дахь тал/,

             Хохирогч Б.Хгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:  “Эрдэнэчулуун миний баруун талын хацарт гараараа нэг удаа алгадахад миний харааны нүдний шил ширээн дээр унахад нь шилээ аваад халаасандаа хийх үед намайг үсдэж доош тонгойлгож нүүр хэсэгт 2 удаа өшиглөхөд нь би гарыг нь түлхээд өөрөөс холдуулаад босож ирэхэд миний үснээс зулгаагаад зурагт байсан хана руу буланд шахаж Г, Эрдэнэчулуун хоёр зодсон Г миний зүүн талын гуя, шилбэ хэсэгт нэг удаа өшиглөсөн, Эрдэнэчулуун нь миний нүүр хэсэгт гараараа хацарт хэд хэдэн удаа цохисон энэ үед буудлын ресепшин эгч орж ирээд салгах гэхэд надаас салахгүй байхад нь нөгөө эгч цагдаа дуудах гээд буцаад гараад явахад ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 120 дахь тал/,

            Гэрч Б.Эрдэнэчулууны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “Гэтэл Г хүрч ирээд Хг үсдэж аваад тэр 2 барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиод байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дахь тал/.

            Гэрч Л.Мөнгөнцэцэгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: "...01 цагийн орчим 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бага зэрэг согтсон байдалтай орж ирсэн бөгөөд манай зочид буудалд дандаа 1 ортой өрөө байдаг тул 3 хүн авахгүй гэж би хэлсэн. Гэтэл уг залуучууд “2 өрөө авчихъя” гэж хэлж орсон бөгөөд 202 болон 203 тоот өрөөнүүдийг авцгаасан. Гэтэл гаднаас үл таних нэлээд согтсон 2 эмэгтэй орж ирээд шууд “202 болон 203 дугаартай өрөөнд байгаа хүмүүстэй уулзчихаад л гарна” гэж хэлээд орсон бөгөөд дээшээ гармагцаа хаалга өшиглөөд байхаар нь би араас нь 2 давхарт гарахад 202 дугаартай өрөөний хаалгыг өшиглөж байсан... 202 дугаартай өрөөнөөс өндөр залуу нь хамт явсан эмэгтэйтэй гарч ирсэн бөгөөд 203 дугаартай хаалгыг тэд нар онгойлгож ороход гаднаас орж ирсэн эмэгтэйн нөхөр гэх залуу нүцгэн хэвтэж байсан. Гэтэл ... уурлан 202 дугаартай өрөөнөөс гарч ирсэн эмэгтэйг үсдэж дараад 203 дугаартай өрөөнд оруулан цохиж зодоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,

            Гэрч С.Сүх-Очирын 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн "... “Гандан Хг гар утсаар холбогдон дуудахад удалгүй Х ирээд тэр караокед нэг 0,75 граммын архи 20 гаран шил пиво хуваан уусан. ...буудалд ороод Гандан, Х хоёр нэг өрөөнд орсон, би ганцаараа нөгөө өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад Х миний өрөөнд орж ирээд ус буцалгаад сандал дээр сууж байсан, удалгүй Г найз Эрдэнэчулуунтай хамт орж ирээд зууралдаад зодолдоод байхаар нь би гараад гадаа зогсож байхад удалгүй араас Г, Эрдэнэчулуун хоёр гарч ирэхээр нь бид гурав таксинд суугаад би дүүгийнхээ гэрт өөрийн албан ёсны хүргүүлж үлдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 123 дахь тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12977 дугаартай

            1. Б.Хгийн биед зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан, баруун далд зулгаралт, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.38.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт. /хх-ийн 12-13 дахь тал/,

            Яллагдагч *******гийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “Х гэх эмэгтэй Сүх-Очиртой хамт сууж байсан. Тэгээд би тэр эмэгтэйд хандан “би чамд эхнэр хүүхэдтэй” гэж хэлсэн биздээ гэж хэлээд үсдэж дараад. уурандаа өөрийн мэдэлгүй чихнээс нь хазсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 54 дэх тал/  зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир" зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Хг "нөхөртэйгөө хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зүүн чихнээс нь хазаж зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан баруун далд зулгарaлт баруун бугалга зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир" зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Хг "нөхөртэйгөө хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зүүн чихнээс нь хазах зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан баруун далд зулгарaлт баруун бугалга зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч нь цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхтулга: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэдэх тухайн хуульд зааснаар 60 хоногийн хугацаагаар завсарлуулж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх байр суурьтай байна. Прокуророос гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй. Хэрэг гарах үед Эрдэнэчулууны үйлдэл оролцоо байгаа. Буудлын хүлээн авагч хаалга өшиглөөд байсан гэдэг зүйлийг мэдүүлдэг. Нэг этгээд ял завших асуудал байгаа юм байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” бол гэх шинж нь тухайн хэрэг гарах цаг хугацаанд байсан. Яагаад гэвэл зочид буудал гэдэг нь нийтийн үйлчилгээний  байгууллага гэж явагддаг. Нийтийн үйлчилгээний газарт амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл байсан. Бусдын эрүүл мэндэд хүч хэрэглэж бүлэглэн үйлдсэн, байгууллагын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн. Дээрх нөхцөл байдал хангагдсан байна. Нийтийн хэв журмыг бүлэглэж танхайрсан зөрчил байна. *******гийн хувьд хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Эрдэнэчулууны хувьд ял завшиж байгаа асуудал байна. Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр Эрдэнэчулуун нь торгуулаад өнгөрсөн. Эрдэнэчулуунд Зөрчлийн тухай хуулиар авсан арга хэмжээний талаар шүүх рүү дүгнэлт бичүүлэн хүчингүй болгож дахин зүйл анги өөрчилж, ялыг хүндрүүлэх, хоёр хүнд холбогдох асуудал яригдаж учраас 60 хоногийн хугацаанд хийгдэх боломжтой ажиллагаа гэж харагдаж байгаа. ******* нь Б.Хгийн чихийг хазаж тасалсан үйлдлийг ярьж байна. Бусад гэмтлийг хэн учруулсан. Эрдэнэчулуун хохирогчийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан зүйл байна. Бүлэглэж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нөхцөл байдал байна. Хохирогч *******, Эрдэнэчулуун нар нь намайг нийлээд зодоод байсан гэдгийг мэдүүлдэг. Гэрчээр Гандан нь өөрийнхөө эхнэрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчтэй хамаарал бүхий хүмүүс шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн. Сүх-Очир Гандантай найз нөхдийн холбоотой учраас худал мэдүүлэг өгсөн. Хохирогч Б.Хд худал мэдүүлэг өгөх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэн гэж хууль сануулж мэдүүлэг авсан учир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үндэслэлтэй. Сүх-Очиртой Б.Хтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авч өгнө үү гэсэн хүсэлтийг  мөрдөн шалгах ажиллагааны явцад тавьсан боловч ажиллагаа хийгдээгүй. Б.Хгийн биед үүссэн бусад гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах юм гэдгийг тогтоолгох. Уг гэмтлийг хэн учруулсан гэдгийг мөн адил тогтоолгох. Байгууллагад учирсан бодит хохирол нь 290.000 төгрөг байхад 420.000 төгрөгийн хохирол төлбөрт өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн нэгэнд боломж олгосон зүйл харагдаж байна. Ямар үндэслэлээр 290.000 төгрөгийн хохирол гарсан талаар тайлбар гаргаагүй. Үнэлгээний талаар дахин шалгах хэрэгтэй. Өөр төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Хгийн гарын үсгийг мөн эсэх дээр харьцуулан дүгнэлт хийх боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй. Хэн нэгэн этгээд нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн юм биш биз дээ гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Мухарлах ажиллагааг хийгээгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Гэрч хохирогч нараас тайлбар мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг хэт явцуу байдлаар шалгасан. Ингэснээрээ хэн нэгэн этгээд ял завшиж хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн гэж харж байна. Анхан шатны захирамж, Давж заалдах шатны магадлал биелэгдэх шинжтэй. Иймд 60 хоногийн хугацаагаар завсарлага авч хийгдэх ёстой шаардлагатай ажиллагаануудыг хийх нь зүйтэй” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа: “Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Анхан шатны шүүгчийн захирамж, Давж заалдах шатны шүүгчийн магадлалаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлснээр хэргийг явцуу утгаар шалгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос дахин мэдүүлэг авсан. Урьд өгсөн хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн нөлөө байгаа гэж үзэж байна. Хэдийгээр нөхрөө хардсан ч гэсэн Б.Х харилцаад фейсбүүкээр болоклуусан учраас тухайн үед цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хэлсэн. Тамир зочид буудалд байхгүй байсан бол миний үйлчлүүлэгч шүүгдэгч болохгүй байх байсан. Шударга ёсны зарчимд нийцүүлэн хэлэх нь зүйтэй. ******* нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан. Хэргийн зүйлчлэл бодитой байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн шинж байхгүй тул давхар зүйлчлэгдэх боломжгүй, мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд зааснаар үнэлгээтэй хамааралтай гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч байгууллагад учирсан хохирол болон эмчилгээний зардлыг илүү давуулж хохирол төлбөрийг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагийн шинж юм. Үйлчлүүлэгч хэдэн ч төгрөг төлж болно. Заавал үнэлгээгээр гарсан хохирлыг төлнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Яллах дүгнэлтийг хууль зааснаар үйлдсэн ямар нэгэн зөрчилгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол санал гаргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт Эрдэнэчулууны үйлдэл оролцоо байдаггүй. Хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир" зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Хг "нөхөртэйгөө хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зүүн чихнээс нь хазах зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан баруун далд зулгарaлт баруун бугалга зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир" зочид буудлын 203 тоот өрөөнд хохирогч Б.Хг "нөхөртэйгөө хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зүүн чихнээс нь хазах зүүн чихний дэлбэн дээд 2/3 хэсгээр бүрэн таслагдсан баруун далд зулгарaлт баруун бугалга зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хгийн өгсөн: “...Гандангийн эхнэр нь гэх эмэгтэй гаднаас орж ирээд намайг нөхөртэйгөө хардаад шууд зодож эхэлсэн. Миний үснээс зулгаагаад, зүүн чихнээс хазаж таслаад гараад явчихсан...." гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дахь тал/,

хохирогч Б.Хгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:  “Эрдэнэчулуун миний баруун талын хацарт гараараа нэг удаа алгадахад миний харааны нүдний шил ширээн дээр унахад нь шилээ аваад халаасандаа хийх үед намайг үсдэж доош тонгойлгож нүүр хэсэгт 2 удаа өшиглөхөд нь би гарыг нь түлхээд өөрөөс холдуулаад босож ирэхэд миний үснээс зулгаагаад зурагт байсан хана руу буланд шахаж Г, Эрдэнэчулуун хоёр зодсон Г миний зүүн талын гуя, шилбэ хэсэгт нэг удаа өшиглөсөн, Эрдэнэчулуун нь миний нүүр хэсэгт гараараа хацарт хэд хэдэн удаа цохисон энэ үед буудлын ресепшин эгч орж ирээд салгах гэхэд надаас салахгүй байхад нь нөгөө эгч цагдаа дуудах гээд буцаад гараад явахад”  гэх мэдүүлэг /хх-ийн 120 дахь тал/, гэрч Б.Эрдэнэчулууны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “... гэтэл Г хүрч ирээд Хг үсдэж аваад тэр 2 барьцалдаж аваад нэг нэгнийгээ цохиод байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дахь тал/, гэрч Л.Мөнгөнцэцэгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: "...01 цагийн орчим 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бага зэрэг согтсон байдалтай орж ирсэн бөгөөд манай зочид буудалд дандаа 1 ортой өрөө байдаг тул 3 хүн авахгүй гэж би хэлсэн. Гэтэл уг залуучууд “2 өрөө авчихъя” гэж хэлэн орсон бөгөөд 202 болон 203 тоот өрөөнүүдийг авцгаасан. Гэтэл гаднаас үл таних нэлээд согтсон 2 эмэгтэй орж ирээд шууд “202 болон 203 дугаартай өрөөнд байгаа хүмүүстэй уулзчихаад л гарна” гэж хэлээд орсон бөгөөд дээшээ гармагцаа хаалга өшиглөөд байхаар нь би араас нь 2 давхарт гарахад 202 дугаартай өрөөний хаалгыг өшиглөж байсан... 202 дугаартай өрөөнөөс өндөр залуу нь хамт явсан эмэгтэйтэй гарч ирсэн бөгөөд 203 дугаартай хаалгыг тэр нар онгойлгож ороход гаднаас орж ирсэн эмэгтэйн нөхөр гэх залуу нүцгэн хэвтэж байсан. Гэтэл уг нүцгэн... уурлан 202 дугаартай өрөөнөөс гарч ирсэн эмэгтэйг үсдэж дараад 203 дугаартай өрөөнд оруулан цохиж зодоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/, гэрч С.Сүх-Очирын 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн "... “Гандан Хг гар утсаар холбогдон дуудахад удалгүй Х ирээд тэр караокед нэг 0,75 граммын архи 20 гаран шил пиво хуваан уусан. ...буудалд ороод Гандан, Х хоёр нэг өрөөнд орсон би ганцаараа нөгөө өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад Х миний өрөөнд орж ирээд ус буцалгаад сандал дээр сууж байсан удалгүй Г найз Эрдэнэчулуунтай хамт орж ирээд зууралдаад зодолдоод байхаар нь би гараад гадаа зогсож байхад удалгүй араас Г, Эрдэнэчулуун хоёр гарч ирэхээр нь бид гурав таксинд суугаад би дүүгийн гэрт хүргүүлж үлдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 123 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12977 дугаартай

дүгнэлт. /хх-ийн 12-13 дахь тал/, Яллагдагч *******гийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “Х гэх эмэгтэй Сүх-Очиртой хамт сууж байсан. Тэгээд би тэр эмэгтэйд хандан “би чамд эхнэр хүүхэдтэй” гэж хэлсэн биздээ гэж хэлээд үсдэж дараад. уурандаа өөрийн мэдэлгүй чихнээс нь хазсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах” , мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Б.Хд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Гэмт хэргийн улмаас “Тамир” зочид буудлын эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байна. хохирогч Б.Х нь баримтаар орчуулгын төлбөрт 40,000 төгрөг, Мэс заслын төлөвлөгөө гэх баримтаар хохирол нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч 4,434,524 төгрөг төлсөн байна. хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн дүгнэлт: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжэээний буву 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх.

            Хохирогчийн өмгөөлөгч: “Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж байгаа боловч түүнийг нотолсон баримт байхгүй. 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай” гэх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй. Баримтаар нэхэмжилсэн төлбөрөөс илүү хохирлыг төлж барагдуулсан. Тухайн цаг хугацаанд гэмт хэрэг гарснаас хойш яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн. Энэ хэрэг нь сонгох санкцтай. Бусад бүхий л нотлох баримтуудыг үндэслэж шүүх харгалзан үзнэ үү. /хавтаст хэргийн 60 дахь талд/. Нэг сая төгрөгөөр торгож өгнө үү, 3 сарын хугацаанд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ хэлдэг” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Гг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хохирогч Б.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  5. Ялтан *******д хяналт тавих үүргийг харъяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай

  6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА