Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/999

 

                                                                    

 

 

 

 

                  

 

 

   2023         7           18                                       2023/ШЦТ/999

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******өнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч М.Очбадрах,

хохирогч Ж.Б түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-ын М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 02520 2207 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 1, .....................тоотод оршин суух,  урьд

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн

Х овогт Д-ын М /РД:............... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их Дарь-эхийн 1-20 тоотод "бусадтай маргалдлаа" гэх шалтгааны улмаас иргэн Ж.Бгийн эрүү тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хийсэн зүйлдээ гэмшиж байгаа. Найзыгаа ийм байдалд оруулсандаа гэмшиж байна. Тэгээд яаж ийж байгаад хохирлын барагдуулна” гэв.   

Хохирогчийн өмгөөлөгч: “Хөдөө явсан байсан тул хэргийн материал танилцаад гаргаж өгч амжаагүй нотлох баримт шинээр гаргаж өгөх гэсэн юм. Би шүүгдэгчид хохирогчийг дагуулж яваад эмнэлэг дээр очоод 6 шүд хэд болох талаар нэхэмжлэлийн бичүүлээд аваад ир гэсэн боловч яваагүй хохирогч өөрөө яваад нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн  700,000 төгрөгөөр 6 шүд хийж болно гэсэн эмчийн бичиг гарсан. Мөн хохирогчийн хугарсан эрүүгээ хивэнд нь оруулсан гэх эмчийн бичиг, эрүүл мэндийн даатгал үзлэгийн мөнгө, Шүүх эмнэлгийн болон эм тарианы төлбөрүүд бас өмгөөлөгчийн хөлс баримттай нь 1,600,000 төгрөг ууган 2,000,000 төгрөгөөр тохирсон. Ингээд нийт 3,100,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед М бид 2 Мын ажил дээр байж байсан. Тэгээд М Заяа гэх эмэгтэй найзыгаа дуудсан. ...пиво ууж дуусгаад том Заяа гэх эмэгтэйн гэр рүү явсан, явж байхдаа дэлгүүрээс 1 ширхэг 0.75л Соёрхол нэртэй архи, 1 ширхэг ундаа хоолны материалуудтай авсан. Тэгээд гэр рүү нь ороход том Заяагийн 2 найз нь гэх эрэгтэй хүмүүс гэрт нь сууж байсан. ... алаг нүдтэй залуу уурлаж хувцасаа тайлаад над руу дайрч эхлээд байж байтал манай М миний хажуунаас баруун гараараа 1 удаа миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхэд миний амнаас цус гараад би орон дээр хэвтсэн, тэгэхэд М ирээд чиний эрүү мултарсан байна гэж хэлээд миний эрүүг баруун гараараа бариад 2 тийшээ сэгсэрч эхэлсэн. ...М л цохисон, өөр цохисон болон надад хүрсэн хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/,

 Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5034 дугаартай "Э.Бгийн биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна" гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/,

 Яллагдагч *******ын өгсөн: "...Отгонзаяагийн гэрт миний зүс таних нэрийг мэдэхгүй 2 залуу байсан учир бид нартай цуг архи уусан, ингээд уугаад сууж байхдаа Бг “би явъя” гэж хэлсэн чинь “явахгүй”, тэнд байсан зүс таних 2 залуутай юм ярьж байхдаа маргалдах гээд байсан, тухайн үед миний үгэнд орохгүй байсан учраас би Бгийн зүүн талын эрүү хэсэгт 1 удаа гараар цохисон чинь Б надтай зодолдолгүй, “миний эрүү эвгүй болчихлоо, өвдөөд байна” гэхээр нь би “дуудлагын такси дуудаад эмнэлэг явъя” гэж хэлсэн чинь өглөө больё, одоо унтлаа” гэж хэлээд бид нар Отгонзаяагийн гэрт хоносон. Тэгээд би маргааш Б, Бгийн аавын хамт эмнэлэгт Бгийн эрүүний зургийг авхуулсан чинь “хугарсан байна” гэж надад хэлсэн, тэгээд удалгүй эмнэлэг дээр байсан чинь цагдаа нар ирсэн. ...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна, би найзаасаа уучлалт гуйж эмнэлэгээр явж, өөрийн боломжоор түүний данс руу 500,000 төгрөг орчмыг шилжүүлсэн, би цаашид өөрийн бололцоогоор хохирлын мөнгийг барагдуулна..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,

 *******ын эзэмшлийн Хас банкин дахь 500069....... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-98 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байгаа учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай анги 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол хор уршгийн тухайд бол хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс баримт гаргаж өгсөн. 810,040 төгрөгийг бол эм тариа эмчилгээндээ зарцуулсан гэх баримт байна. Нэг баримт болох 700,000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар авах бол хэцүү гэхдээ эмнэлгээс урьдчилж гарах зардлыг тодорхойлж өгсөн бичиг байна. Мөн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн 1,200,000 төгрөгийн баримт хавсрагдсан байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 810,040 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Харин бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиод иргэний хэргээр нэхэмжлэхийг нээлттэй үлдээх саналтай байна. 500,000 торгох ялын 4 сарын хугацаанд саналтай байна” гэв.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их Дарь-Эхийн 1-20 тоотод "бусадтай маргалдлаа" гэх шалтгааны улмаас иргэн Ж.Бгийн эрүү тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их Дарь-эхийн 1-20 тоотод "бусадтай маргалдлаа" гэх шалтгааны улмаас иргэн Ж.Бгийн эрүү тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бгийн өгсөн:  "...2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед М бид 2 Мын ажил дээр байж байсан. Тэгээд М Заяа гэх эмэгтэй найзыгаа дуудсан. ...пиво ууж дуусгаад том Заяа гэх эмэгтэйн гэр рүү явсан, явж байхдаа дэлгүүрээс 1 ширхэг 0.75л Соёрхол нэртэй архи, 1 ширхэг ундаа хоолны материалуудтай авсан. Тэгээд гэр рүү нь ороход том Заяагийн 2 найз нь гэх эрэгтэй хүмүүс гэрт нь сууж байсан. ... алаг нүдтэй залуу уурлаж хувцасаа тайлаад над руу дайрч эхлээд байж байтал манай М миний хажуунаас баруун гараараа 1 удаа миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхэд миний амнаас цус гараад би орон дээр хэвтсэн, тэгэхэд М ирээд “чиний эрүү мултарсан байна” гэж хэлээд миний эрүүг баруун гараараа бариад 2 тийшээ сэгсэрч эхэлсэн. ...М л цохисон, өөр цохисон болон надад хүрсэн хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5034 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/, яллагдагч *******ын өгсөн: "... тухайн үед миний үгэнд орохгүй байсан учраас би Бгийн зүүн талын эрүү хэсэгт 1 удаа гараараа цохисон чинь Б надтай зодолдолгүй, “миний эрүү эвгүй болчихлоо, өвдөөд байна” гэхээр нь би “дуудлагын такси дуудаад эмнэлэг явъя” гэж хэлсэн чинь өглөө больё, одоо унтлаа” гэж хэлээд бид нар Отгонзаяагийн гэрт хоносон. Тэгээд би маргааш Б, Бгийн аавын хамт эмнэлэгт Бгийн эрүүний зургийг авхуулсан чинь “хугарсан байна” гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал// зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь  хохирогч Ж.Бд  гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-гийн нэхэмжилсэн 2,718,600 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогч нь цаашид гарах эмчидгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ

            Шүүгдэгч согтуурсан үедээ дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял тогтоох саналтай байна. Энэ торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан үүнийг цаашид хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх

            Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нэг байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд бол хавтаст хэрэг дотор хангалттай авагдсан байгаа. Шүүгдэгч Хохирогчийн найз боловч найзтайгаа хэрэгтэй холбоотойгоор утсаар ярихдаа үргэлж архи согтууруулах ундааны зүйл хэргэлцэн түрэмгий байдалтай ярьдаг. Ярихдаа чи өөрөө ирж ажил хийгээд төлбөрөө олж ав гэж сэтгэл зүйд нь дарамттай байдлаар байнга ярьдаг юм билээ. Өнөөдрийн хувьд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэргээ маргахгүй байгаа боловч гэм буруу арилсан гэсэн үндэслэл байхгүй гэж бодож байна. Хохирогчийн хийлгэх зургаан шүдний зардал хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй боловч шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэхгүйгээр шүүхээс үүнийг хохирол төлбөрт оруулж тооцож өгнө үү гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн хөлсөнд 1,600,000 төгрөгийн баримт өгсөн байж байгаа. Нийт гарсан зардал болох 2,718,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна.Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхэд иргэний журмаар шийдэхэд нээлттэй байлгах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ын М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2,718,000 /хоёр сая долоон зуун арван найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Бд олгосугай.

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               *******ӨНХТУЯА