Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0561

 

 

 

 

“Чх” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Нэхэмжлэгч: “Чх” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид

 

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэг /маргаан бүхий актын “ТЭМДЭГЛЭХ нь” хэсгийн 3-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги/-ийг хүчингүй болгуулах”,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ө.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 120/2025/0001/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Чх” ХХК-иас гаргасан Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэг /маргаан бүхий актын ТЭМДЭГЛЭХ нь хэсгийн 3-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Анхан шатны тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ "... Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд "Чх" /ЭЭЭ/ ХХК-ийн "ЖтБ" компанитай байгуулсан гэрээний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах "ЭТТ" ХК-ийн техникийн тайланг бэлтгэхэд туслах зорилгоор таван толгойн төслийн дэд бүтцийн, эрчим хүч, хангамжийн, усан хангамжийн боловсруулсан нүүр тээвэрлэлтийн зэрэг судалгааны судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн "ЭТТ" ХК-ийн талаарх мэргэжлийн туслалцаа үзүүлсэн ажил, үйлчилгээнд дээрх хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, нэхэмжлэгчийн оршин суугч бус этгээдэд үзүүлсэн дээрх ажил, үйлчилгээнд ногдуулан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёсгүй гэх үндэслэлгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т заасны дагуу экспортод гаргасан бараа, ажил үйлчилгээнд энэ хуулийн 11.1-д заасан хувиар албан татвар ногдуулахаар байх бөгөөд албан татварын 0 хувьтай тэнцүү байх хуулийн зохицуулалтад тухайн тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна" гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүх харин ч энэ дүгнэлтээр нэхэмжлэгч "Чх" ХХК-ийг оршин суугч бус АНУ-ын "ЖтБ" компанитай байгуулсан гэрээний дагуу ажил, үйлчилгээ үзүүлсэн болох нь нотлогдож байхад ийнхүү хуулийг буруу хэрэглэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл бид “ЭТТ" ХК-тай гэрээ байгуулаагүй, оршин суугч бус АНУ-ын хуулийн этгээд болох "ЖтБ" компанитай байгуулсан гэрээний дагуу ажил, үйлчилгээ үзүүлсэн болно.

НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: 12.1.3-т "Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/үйлчилгээ"-нд "0" хувийг хэрэглэхээр, мөн заалтын 12.3-т “Энэ хуулийн 12.1 цэх хэсэг нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар суутган төлөгчид хамаарна” гэж тус тус зааснаар оршин суугч бус АНУ-ын "JtB" компанитай байгуулсан гэрээнд "0" хувийг хэрэглэх хуулийн зохицуулалтыг татварын байцаагчид болон анхан шатны шүүх хэт өрөөсгөлөөр дүгнэж, оршин суугч бус этгээд байгуулсан гэрээний дагуу хийсэн ажил үйлчилгээг "ЭТТ" ХК-тай байгуулсан мэтээр, "ЭТТ" ХК- д бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн гэх мэтээр дүгнэлт хийж байгаа нь НӨАТ-ын хуулийн 12.1, 12.2 дахь зохицуулалтад нийцэхгүй юм.

2.2. Анхан шатны шүүхээс "...Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах"..хуулийн заалт хэрэглэгдэхээр байх тул НӨАТ-ын хуулийн 0 хувийг хэрэглэхгүй" гэж дүгнэжээ.

Хэдийгээр ажил, үйлчилгээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн боловч НӨΑΤ-ын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь зохицуулалтаар оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд 0 хувийг хэрэглэхээр заасан зохицуулалтыг буруугаар тайлбарлаж нэхэмжлэгчид их хэмжээний татвар, алданги, торгууль ногдуулж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна.

Мөн Өмнөговь аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч нар нь нь татварын бүхий л хууль болон татварын хяналт, шалгалтын томилолтын үндсэн зарчмын дагуу, “Чх” ХХК болон “Чх” ХХК-иас ажил үйлчилгээг авсан болон өгсөн холбогдох талуудын хоорондын гэрээ хэлцэл, ажил үйлчилгээний бүртгэлд үндэслэн татварын ноогдол, төлөлтийн тооцооллыг хийх ёстой байтал манай компанийн АНУ-ын "JtB" компанид үзүүлсэн үйлчилгээ болох уул уурхайн судалгааны ажлын тайланг монгол улсын оршин суугч компани захиалсан учраас дотоодын борлуулалт гэж үзнэ хэмээн туйлын мэргэжлийн бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Чх” ХХК-иас  “Татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-11240000003 дугаар нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэг /маргаан бүхий актын “ТЭМДЭГЛЭХ нь” хэсгийн 3-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги/-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ө.Г, Л.З нарт холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Монгол Улсад оршин суугч бус этгээд болох АНУ-ын “ЖтБ” ХХК-тай байгуулсан техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэрээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан ажил үйлчилгээ гэж үзэж нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу уг гэрээний орлогыг Монгол Улсаас экспортод гаргасан  үйлчилгээ тул албан татварын хувь “0” хувь байх ёстой” гэж маргадаг.

            3.Өмнө-говь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ө.Г, Л.З нар нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1123601932 тоот томилолтын[1] дагуу “Чх” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

            4.Маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НА-1124000 0003 дугаар нөхөн ногдуулалтын актаар[2]  хяналт шалгалтаар нийт 839,797,514.18 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 81,016,234.73 төгрөгийн нөхөн татвар, 32,681,996.22 төгрөгийн торгууль, 27,508,849.82 төгрөгийн алданги нийт 141,207,080.77 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “Чх” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон.

            5.Нэхэмжлэгч “Чх” ХХК нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба маргаан бүхий актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгч компанийг дор дурдсан хуулийн заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд:

            6.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 3-д: Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 230,670,131.3 төгрөг, 2020 онд 579,492,216.02 төгрөгийн борлуулалтын орлогыг “0” хувьтай татвар ногдуулах орлого гэж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ “7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

            7.Анхан шатны шүүх “..."ЭТТ" ХК-ийн талаарх мэргэжлийн туслалцаа үзүүлсэн ажил, үйлчилгээнд дээрх хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, нэхэмжлэгчийн оршин суугч бус этгээдэд үзүүлсэн дээрх ажил, үйлчилгээнд ногдуулан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёсгүй гэх нь үндэслэлгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ, 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж заасны дагуу экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.1-д заасан хувиар албан татвар ногдуулахаар байх бөгөөд албан татварын хувь тэг /0/-тэй тэнцүү байх хуулийн зохицуулалт тухайн тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна.” гэж дүгнэн “Чх” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8.Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь АНУ-ын “ЖтБ” ХХК нь “ЭТТ” ХК-ийн техникийн тайланг бэлтгэхэд туслах зорилгоор “Чх” ХХК-ийг туслах гүйцэтгүүлэгчээр ажиллуулахаар “ЖтБ” ХХК, “ЭЭЭ” ХХК / “Чх” ХХК нь өмнө ийм нэртэй байсан/ нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдөр “Зөвлөн туслан гүйцэтгэх үйлчилгээний гэрээ”[3] байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч нь “Тавантолгойн нүүрсний төсөл”-ийн дэд бүтцийн судалгаа, усан хангамжийн судалгаа, эрчим хүчний хангамжийн судалгаануудыг[4] хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

9.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.3-д “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ”, 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/”, 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй” гэж тус тус заасан.

10.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ “0” хувь байх зохицуулалтын тухайд Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн гадаадын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ нь Монгол Улсын гадна хэрэгжсэн бөгөөд гадаад улсад борлуулагдсан тохиолдолд хэрэгжих агуулгатай гэж үзэхээр байна.

11.Өөрөөр хэлбэл, экспортод гаргах гэдэг агуулга нь гадаад улсын хүн, хуулийн этгээд бараа бүтээгдэхүүнийг олж авсан, гадаад улсын иргэн, хуулийн этгээд уг үйлчилгээний үр шимийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс бусад гадаадын нутаг дэвсгэрт олж авч, хүртсэн байх, Монгол Улсаас орлого олсон байх нөхцөлүүд хамаарахаар байна.

Мөн хууль тогтоогчоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан “0” хувь-тай холбоотой хэм хэмжээг хэрэглэх замаар экспортыг “урамшуулах-дэмжих” эдийн засгийн хөшүүргийг бараа бүтээгдэхүүн Монгол Улсын гадна борлуулагдсан, хэнд үйлчилгээ үзүүлснээс үл хамааран бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээтэй шууд холбоотойгоор хэрэгжсэн тохиолдолд хэрэглэхгүй байхаар тусгайлан зохицуулсан нь экспортын талаарх дээр дурдсан зорилгыг хангахад чиглэсэн гэж үзэхээр байна.

12.Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх үйлчилгээний үндсэн шалгуур нөхцөл нь тухайн үйлчилгээг “экспортод гаргасан байх” суурь нөхцөлийг хуульчилсан ба аливаа бараа, ажил үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, хийж гүйцэтгэсэн тохиолдолд экспортод гаргасан гэж үзэхээргүй байна.

 

13.Маргааны тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь зөвлөх компани АНУ-ын “ЖтБ” ХХК, “ЭТТ” ХК-ийн техникийн тайланг бэлтгэхэд туслах зорилгоор “Чх” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар “Зөвлөн туслан гүйцэтгэх үйлчилгээний гэрээ” байгуулагдсан. Хэдийгээр “Чх” ХХК-д үзүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг АНУ-ын “ЖтБ” ХХК-иас шилжүүлж байгаа боловч техникийн зөвлөх үйлчилгээний тохиролцоог “ЭТТ” ХК болон “Чх” ХХК нарын хооронд хийсэн.

Тухайлбал, АНУ-ын “ЖтБ” ХХК-д үзүүлсэн үйлчилгээ, орлого нь мөн компаниас шилжүүлсэн орлого бөгөөд уг гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний эцсийн үр дүн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хуулийн этгээд буюу “ЭТТ” ХХК-д чиглэгдсэн байгаа энэ тохиолдолд уг үйлчилгээг “экспортод гаргасан үйлчилгээ” гэж үзэхээргүй байна.

 

14.Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь АНУ-ын “ЖтБ” ХХК-тай байгуулсан Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу “ЭТТ” ХХК-д мэргэжлийн туслалцаа үзүүлсэн ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувьтайгаар тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэн хариуцагч нараас нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

 

15.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэдийгээр ажил, үйлчилгээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн боловч НӨΑΤ-ын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь зохицуулалтаар оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд 0 хувийг хэрэглэхээр заасан зохицуулалтыг буруугаар тайлбарлаж нэхэмжлэгчид их хэмжээний татвар, алданги, торгууль ногдуулж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           М.ЦЭЦЭГМАА

 

                                    ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 63 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 88-91 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 101-110 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 33-54 дэх тал