Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 76

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Содбилэгт холбогдох эрүүгийн 201601070189 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Одгэрэл

Улсын яллагч                                                           Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Цэнд-Аюуш

Иргэний нэхэмжлэгч                                          Ү.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч                                                                    Н.Содбилэг нар оролцов                                          

 

             Монгол Улсын иргэн, 1975 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3 дугаар баг, Булаг Мөнхжаргалантын 15 дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух, Төв аймгийн шүүхийн 1993 оны 8 дугаар  сарын 16-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, НП75011870 дугаарын регистертэй, Бодонгууд овгийн Нацагдоржийн Содбилэг

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

             Шүүгдэгч Н.Содбилэг 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 37-А тоотод оршин суух иргэн Ц.Ундрахын гэрийн цоожийг эвдэн орж гэрээс нь 150.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөлдөөгч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүрэн өнгийн модон ширээ, 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал буюу нийт 300.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Н.Содбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 11 цагийн үед Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Залуусын задгайн 37а тоотод такси бариад очиход байшингийнх нь хаалга онгорхой цоожгүй байхаар нь ороод хөлдөөгч, ширээ хоёрыг нь авсан. Ширээг нь “Уурхайчин” дэлгүүрийн хажууд байдаг комиссын барааны дэлгүүрийн худалдагчид 20.000 төгрөгөөр зарсан. Харин хөлдөөгчийг нь зарах гээд явж байхдаа Амараатай таарсан, уг ширээг түүхий эд авдаг газар очиж 15.000 төгрөгөөр зарсан. Би хөлдөөгч, ширээг авахдаа архи уусан байсан. Ингээд мөнгөөрөө архи болон идэж уух юм аваад уг байшинд очиж хоносон. Намайг хэд хоногийн өмнө байшинд очиход дотор нь манай хүү найзуудтайгаа байхаар нь ичээд оролгүй явсан. Би Ундрахтай 2016 оны 6 сараас хойш хамт амьдрахгүй байгаа. Надад уг байшинд байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, байшин онгорхой байсан ч орох эрх надад байхгүй гэдгийг би мэдэж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөлдөөгч, ширээ авсан нь миний буруу...” гэв.

 

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ү.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: “...2016 оны 8 сарын 6-ны өдөр Амараагаас түүхий эд зардаг газар 15.000 төгрөгөөр хөлдөөгч худалдаж авсан. Би Амарааг таньдаг юм. Би Содбилэгээс 15.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ундрахын мэдүүлсэн: “...2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Багануур дүүрэгт байрлах гэртээ иртэл манай гэрийн хаалга онгорхой, хаалганы наад мод цуурсан байдалтай байсан. Тэгээд гэрийн эд хогшил ундуй сундуй болчихсон, гэрт байсан цагаан өнгийн хөлдөөгч, хүрэн өнгийн модон ширээ, алга болчихсон байсан. Сэжиглэж байгаа хүн гэвэл миний салсан нөхөр Содбилэг. Тэрээр байнга манай гэрээс эд зүйл хулгай хийж архи уудаг. Алдагдсан эд зүйлс дотор Содбилэгийн эзэмшлийн эд зүйл байхгүй. Би Содбилэгтэй гэр бүлээ цуцлуулсан тул түүнд захиран зарцуулах эрх байхгүй. Би Содбилэгтэй хамт амьдардаггүй. Бид хоёр 1997 онд гэрлэж, 2004 оны 4 сард Төв аймгийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

 Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Р.Мөнхцэцэгийн мэдүүлсэн: “…Өдрийг нь сайн санахгүй байна, ажил дээрээ байж байхад нэг хүн ирээд “ширээ худалдаж авах уу, 20.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэр ширээг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Ширээ зарсан хүнээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Содхүүгийн мэдүүлсэн: “...Содбилэг манай манай төрсөн ах байгаа юм. Би Содбилэгийг батлан даалтад авч чадахгүй. Манай ах дүүс хамаатан садан дотор батлан даалтад авах хүн байхгүй. Содбилэг ах, дүү нарынхаа үгэнд орохгүй хаашаа ч хамаагүй явчихдаг. Манай ах ганцаараа амьдардаг, тогтсон гэр орон байхгүй хаа ч хамаагүй явдаг, архи их уудаг. Ундрахтай гэр бүл болоод 3 хүүхэдтэй болоод салчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

 

Эд зүйлийн үнэлгээгээр “...Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цагаан өнгийн хөлдөөгчийг 150.000 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн хүрэн өнгийн модон ширээг 100.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх үнэлгээ /хх-ийн 34/

Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “хохирогч Ц.Ундрахад “Orion” гэсэн бичигтэй цагаан өнгийн хөлдөөгч болон бор өнгийн модон ширээг хөлний хамт хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 24/

Н.Содбилэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-60/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

                                                            

Шүүгдэгч Н.Содбилэг нь согтуугаар 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн 37-А тоотод оршин суух иргэн Ц.Ундрахын гэрийн цоожийг эвдэн орж, гэрээс нь 150.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөлдөөгч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүрэн өнгийн модон ширээ зэргийг хулгайлж бусдад 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Содбилэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн "Надад уг байшинд байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, байшин онгорхой байсан ч орох эрх надад байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөлдөөгч, ширээ авсан нь миний буруу” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ү.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн “2016 оны 8 сарын 6-ны өдөр Амараагаас 15.000 төгрөгөөр хөлдөөгч худалдаж авсан. Би Содбилэгээс 15.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ундрахын “2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, хаалганы наад мод цуурсан байсан. Гэрээс цагаан өнгийн хөлдөөгч, хүрэн өнгийн модон ширээ, алга болчихсон байсан. Би салсан нөхөр Содбилэгийг сэжиглэж байгаа. Тэрээр байнга манай гэрээс эд зүйл хулгай хийж архи уудаг. Алдагдсан эд зүйлс дотор Содбилэгийн эзэмшлийн эд зүйл байхгүй. Бид хоёр 2004 онд гэр бүлээ цуцлуулсан тул түүнд захиран зарцуулах эрх байхгүй, би түүнтэй хамт амьдардаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, иргэний нэхэмжлэгч Р.Мөнхцэцэгийн мэдүүлсэн “Ажил дээрээ байж байгаад нэг хүнээс 20.000 төгрөгөөр ширээ  худалдаж авсан. Ширээ зарсан хүнээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Н.Содхүүгийн “...Содбилэг нь миний төрсөн ах бөгөөд ах, дүү нарынхаа үгэнд орохгүй хаашаа ч хамаагүй явчихдаг. Манай ах ганцаараа амьдардаг, тогтсон гэр орон байхгүй, архи их уудаг. Ундрахаас салчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор /хх-ийн 68/ Эрүүгийн 201601070189 дугаартай Н.Содбилэгт холбогдох эрүүгийн хэргээс “хүүхдийн гутал, өвлийн гутал, хавар намрын гутал, будаа агшаагч, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан тогоо, индүү, 10 литрийн хөнгөн цагаан төмпөн” зэрэг эд зүйлийг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           Гэвч прокуророос Н.Содбилэгийг Ц.Ундрахын гэрээс 150.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөлдөөгч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүрэн өнгийн модон ширээ, 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал буюу нийт 300.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Иймээс яллах дүгнэлтэд дурдагдсан Н.Содбилэгийн “50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал хулгайлсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Н.Содбилэгийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Содбилэг нь үйлдэлдээ ашиг олох болон архи уух зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь тогтоогдож байна.

Хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөг буюу бага бус хэмжээтэй байна.

Хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд шүүгдэгч Н.Содбилэг нь хохирогч Ц.Ундрахад биет байдлаар “ORION” гэсэн бичигтэй цагаан өнгийн хөлдөөгч, бор өнгийн модон ширээ зэрэг эд зүйлсийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-н 24/, иргэний нэхэмжлэгч Ү.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд “Содбилэгээс 15.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Ц.Ундрах болон иргэний нэхэмжлэгч Ү.Мөн-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Н.Содбилэгээс ширээний үнэ болох 20.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.Мөнхцэцэгт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Содбилэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдана.   

Харин Н.Содбилэг нь Төв аймгийн шүүхийн 1993 оны 8 дугаар  сарын 16-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Төв аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 54, 59-60/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дэх хэсэгт зааснаар Н.Содбилэг нь ялгүйд тооцогдсон байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.   

Шүүхээс Н.Содбилэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, сонгох ялуудаас баривчлах ялыг хэрэглэх нь зохимжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч нь төлбөрийн чадваргүй, тогтмол орлогогүй, амьдралын түвшин зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Н.Содбилэгийг цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

  1.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Бодонгууд овгийн Нацагдоржийн Содбилэгийн  “50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал” хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Бодонгууд овгийн Нацагдоржийн Содбилэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Бодонгууд овгийн Нацагдоржийн Содбилэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 03 /гурван/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Содбилэгт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Содбилэгийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Шүүгдэгч Н.Содбилэг нь хохирогч Ц.Ундрахад  биет байдлаар “ORION” гэсэн бичигтэй цагаан өнгийн хөлдөөгч, бор өнгийн модон ширээг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ү.Мөнх-Эрдэнэд 15.000 /арван таван мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Содбилэгээс 20.000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.Мөнхцэцэгт олгосугай.
  8.   Шүүгдэгч Н.Содбилэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Содбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Содбилэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАЙГАЛМАА