Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 24

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00065/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Л.Амарсанаа

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгч                                *******

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Р.Атарцэцэг

                             Хариуцагч                                   *******

                             Хариуцагчийн өмгөөлөгч        Л.Доржпүрэв

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 151 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчин давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох “4.843.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр  сарын 11-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  2017 оны 01 дүгээр сараас тэтгэвэрийн зээл авч валютын арилжаа эрхлэн хоолныхоо мөнгийг олдог болсон. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* надад “та энд орлоготой, орлогогүй байхаар надад мөнгөө өгөөд доллар болгохгүй юу” гэхээр нь би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******ийн данс руу 2000 долларын үнэ 4.843.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл доллар ч үгүй, мөнгө ч үгүй болчихоод байна. Данс руу шилжүүлсэн 4.843.000 төгрөгөө авья гэхээр  н.******* аваад хойноос рубль болгох гэж яваад гээсэн, түүнээс мөнгөө аваад өгнө гэдэг боловч өгөхгүй байгаа. Би *******ийн данс руу л мөнгөө шилжүүлсэн болохоос н.******* гэдэг хүн хамааралгүй гэж үзэж байна. Иймд *******ээс 4.843.000 төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нэхэмжлэлээ бичихдээ худлаа зүйл бичсэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг Голомт банкнаас зээл аваад зогсож байхад ******* эгч над руу утасдаад 2000 рубль захиж 4.843.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Миний хувьд өөрөө доллар явж авч чадахгүй байгаа. Харин 8 шарга захын ченж н.Алтангэрэл гэдэг хүн лүү мөнгөө шилжүүлээд доллар авдаг. Тухайн үед би өөрийнхөө 10.000 доллар, н.Болормаа эгчийн 10.000 доллар, ******* эгчийн 2000 доллар нийт 22.000 доллар аваад н.*******т хойноос рубль болгуулахаар өгсөн. Гэтэл н.******* тухайн өдөр 22.000 долларыг Алтанбулагийн хил дээр явж байгаад гээгдүүлсэн гэсэн. Тухайн үед доллар авахдаа намайг хүнд захиад авчруулж байгаа гэдгийг ******* эгч мэдэж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ талаараа н.******* цагдаагийн байгууллагад мэдэгдэж одоо шалгаж байгаа. Миний хувьд ч бидний хохирлыг эзэн холбогдогчийг нь олж арилгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа. Би энэ мөнгийг хувьдаа ашиглаж, хэрэглээгүй, би өөрөө ч 10.000 доллараар хохироод л явж байна. Би энэ ******* эгчийн миний данс руу хийсэн 4.843.000 төгрөгийг төлөх ёсгүй харин н.******* мөнгөө өгсөн үед л өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  хянан хэлэлцээд 151 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 399.3, 400 дүгээр зүйлийн 400.3, 402 дугаар зүйлийн 402.1 зааснаар *******ээс 4.843.000 төгрөг гаргуулан *******д олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.422 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92.422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа :

...Миний хувьд *******гийн өөрийн нь хүсэлт гуйлтын дагуу тус болох үүднээс түүний мөнгийг өөрийнхөө мөнгөтэй хамт доллар болгон захиулж Улаанбаатар хотоос авчруулсан юм. Тэгээд би өөрийнхөө 10.000 доллар, *******гийн 2000 доллар, *******гийн 10.000 доллар нийт 22.000 долларыг иргэн М.*******т рубль болгон солиулахаар 2018 оны 1-р сарын 26-ны өдөр өгсөн юм. Гэтэл М.******* нь тус долларыг Алтанбулагийн хил дээр гээгдүүлсэн гэдэг юм. М.******* нь доллар гээгдүүлсэн тухай өргөдлөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Газарт өгсөн бөгөөд одоо Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа билээ.

...Шүүхээс Цагдаагийн байгууллагад ямар  баримт материал байгааг судалж үзээгүй мөртлөө миний хүсэлтийг хангахаас шууд татгалзсан захирамж гаргасанд гомдолтой байна. Хэргийн материалд Цагдаагийн газраас иргэн *******ийн өргөдлийн дагуу хэргийг шалгаж байгаа нь үнэн гэсэн албан бичиг шүүхэд ирүүлсээр байтал шүүх хэргийг түдгэлзүүлээгүй мөн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа тус хэргийн материалаас ач холбогдолтой нотлох баримтуудыг авч энэ иргэний хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд өгсөн бөгөөд энэ хүсэлтийг шүүх хүлээж аваад хүсэлтийг хангах захирамж гаргасан мөртлөө энэ захирамжийнхаа биелэлтэнд анхаарал хяналт тавихгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн байгууллага аливаа хэрэг маргаанд их хянуур хандаж иргэний хүсэлтийг биелүүлж баримт материалыг сайн бүрдсэний дараа хэргийг шийдвэрлэж үнэн зөвийг олдог байгууллага гэж бодож байна. Гэтэл Цагдаагийн байгууллагаас баримт авах миний хүсэлт шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цагдаагийн байгууллагаас авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч цагдаагийн байгууллагаас нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” тохиолдолд уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар заасан байна. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 3 сарын 27-ны өдрийн 151 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр улдээх саналтай байна. Учир нь: Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангасан  нэхэмжлэгч ******* *******ийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. ******* тэр мөнгөөр нь доллар Улаанбаатар хотын Баагий гэдэг чинжээс авсан боловч *******д өгөөгүй. Харин өөрөө ашиг олох зорилгоор цааш нь ******* гэдэг хүнд доллараа өгч явуулсан боловч уг мөнгө буцаж ирээгүйгээс Батхишиг нь би төлөхгүй гэдэг маргааныг үүсгэдэг.

Тиймээс *******гээс тухайн үед мөнгө авсан хүн нь Батхишиг, түүнийг төлөх үүргийг Батхишиг л хүлээх ёстой. Гомдолд Батхишиг нь цагдаагийн байгууллагаас өгсөн тодорхойлолтонд Батхишигийн өргөдлийг шалгаж байгаа гэсэн байхад шүүх миний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан тухай бичсэн байна. Гэтэл 2018 оны 2 сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтыг Батхишигийн гаргасан гомдол мэдээлэлд холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тухай бичсэн боловч 2018 оны 03 сарын 23-ны албан тоотоод Батхишиг нь уг хэргийн гомдол гаргагчид хамааралгүй гэж үгүйсгэсэн байдаг. Үнэхээр өөрийн нь гаргасан өргөдөл гомдол байдаг бол өргөдөл гомдол бүртгэх дэвтрийг нь хуулбарлан авчрах боломж нь өөрт нь байсан шүү дээ. Харин сүүлд гаргасан хүсэлтийн дагуу цагдаагийн газраас гэрчүүдийн мэдүүлэгийг өгөх боломжгүй гэсэн хариултын дагуу хэсгийн төлөөлөгч С.Энхжаргал нь уг албан тоотыг ирүүлсэн байдаг ******* гэдэг хүний өргөдлөөр мөнгөө алдсан асуудалтай хамааруулж иргэний хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэх боломжгүй билээ. Тиймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 4.843.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийг судлан үзвэл:  Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээр  АНУ-ын доллар худалдан авахуулах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түүний дансанд  4.843.000 төгрөг шилжүүлж, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр 2000 ам доллар худалдан авч улмаар  худалдан авсан 2000 ам доллар, өөрийн болон бусад хүний нийлсэн  нийт 22.000 ам долларыг ОХУ-ын рубль-ээр солиулахаар иргэн н.*******т өгсөн, н.******* нь 22.000 ам долларыг хил нэвтрэх гэж байгаад гээгдүүлсэн гэсэн үйл явдал болсон байна. Энэхүү үйлдлийн улмаас хариуцагч ******* нь худалдан авсан доллар болон төгрөгийг нэхэмжлэгч *******д буцаан өгөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүсчээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа  үндэслэлээ нэхэмжлэгчийн мөнгийг доллар болгосон боловч долларыг нь рубль болгохоор бусдад өгч гээгдүүлсэн гэж тайлбарласан байх ба хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн хүсэлтийн дагуу мөнгийг 2018 оны 01 сарын 22-ны өдөр шилжүүлэн авснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан  Даалгаврын гэрээний харилцаа үүссэн бөгөөд тус гэрээгээр хариуцагч *******т нэхэмжлэгч *******гийн шилжүүлсэн 4.843.000 төгрөгийг  АНУ-ын ам доллар болгон буцаан өгөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.3-т зааснаар хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд  нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад мөнгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргийн биелэлтээ шаардах эрхтэй тул түүний  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 

 

Зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт зөв  байна.  

Хариуцагч түүний өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан  үндэслэлээ  анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн авсан атлаа биелүүлээгүй, зохигчын хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас  татгалзаж  хэргийн оролцогчийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хариуцагч ******* нь н.Ганчимэгийн  мөнгө гээгдүүлсэн тухай шалгуулахаар Цагдаагийн газарт гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн материалаас холбогдох нотлох баримт гаргуулах тухай  хүсэлт  гаргасныг шүүх  хүлээн авч тус бүр шүүгчийн захирамжаар  хянан шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 46/1-1137 тоот албан бичиг зэрэг  баримтаас үзвэл  хариуцагч ******* болон  иргэн н.Ганчимэг нарын  мөнгө гээгдүүлсэн тухай гомдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээн шалгаж байгаа боловч тус хэргийн нэхэмжлэлтэй холбоогүй байх тул тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

Мөн шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч зохих материалыг хуулбарлуулан ирүүлэх талаар Цагдаагийн газарт даалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагааны материалыг шүүхэд ирүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэнээр тухайн хүсэлт биелэгдээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхгүй тул хариуцагч түүний өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 03 сарын 27-ны өдрийн 151 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН