Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/00370

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .... тоотод оршин суух, эрэгтэй, Б.Г,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... тоотод оршин суух, эмэгтэй, С.М нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... хаягт байранд байрлах, “К банк” ХХК-д холбогдох

          3.730.909 төгрөг гаргуулах тухай тухай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М, Б.Г нар нь К банктай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2003040308 дугаартай “хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж, 23.000.000 төгрөгийг жилийн 15,5%-ийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, мөнгөө хадгалуулсан. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгаламжийн гэрээний үүрэг үргэлжилж байхад банк 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дампуурсан.

        “К банк” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 12.792.102 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7.207.897 төгрөг, нийт 20.000.000 төгрөг С.М-ийн данс руу шилжүүлсэн.

          Хадгаламж дахь үлдсэн мөнгөө авах хүсэлтээ “К банк” ХХК-д гаргахад, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.

       “К банк” ХХК нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдээс нэхэмжлэл хүлээн авах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд байхаар тогтоосон. Дээрх хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т заасны дагуу “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна” гэсэн хариу өгсөнд гомдолтой байна.

          Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “71.1-д Банкны эрх хүлээн авагч нь томилогдсон өдрөөс хойш 2 сарын дотор банкны санхүүгийн тайлан, дансны мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж олон нийтэд мэдээлнэ“ гэж заасан байх бөгөөд эрх хүлээн авагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдээлэх, олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн бидэнд хохирол учруулсан гэж үзэж байна.

            К банк нь Иргэний хуулийн 456 дугаар зүйлийн 456.2-т зааснаар “...банк, мөнгө хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд өөрийн төлбөр гүйцэтгэх чадвар, найдвартай байдлын талаарх мэдээллийг хадгалуулагчид гаргаж өгөх үүрэгтэй...” гэх үүргээ биелүүлээгүй, учирч буй эрсдэлийг хадгалуулагчид анхааруулаагүйн улмаас тус банктай байгуулсан мөнгөн хадгаламж үргэлжлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 456 дугаар зүйлийн 456.3-т зааснаар хохирлоо шаардаж байна.

         ...Хадгаламж эзэмшигч бидэнд нэхэмжлэл хүлээн авах хугацааны тухай ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тодорхой мэдээллийг хүртээмжтэйгээр хүргээгүй болно. Иймд хадгаламжийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, хадгаламжийн хүү 730.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нарын нэрсийн дараалалд оруулахыг К банкинд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

           Хариуцагч “К банк” ХХК хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К банк” ХХК-ийг татан буулгах шийдвэр гарч, мөн өдрийн А-97 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар банкны эрх хүлээн авагч өдөр тутмын сонин, хэвлэл мэдээлэл, Монголбанкны вэб сайт, К банкны вэб сайт зэрэг хэрэгслүүдээр нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тогтоосон тухай зарыг олон нийтэд мэдээлсэн.

           Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл хүлээн авахаар тогтоосон хугацаанд банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл ирүүлээгүй тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан тухай хариуг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2255 тоот албан бичгээр өгсөн. Банкны эрх хүлээн авагч татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдож байгаа эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй байна.

          Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаар тушаалаар “К банк” ХХК-иас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл хүлээн авах зааварчилгаа болон нэхэмжлэл хүлээн авах хугацааг тогтоосон тушаалын хавсралтын 1 дүгээр хавсралтын 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргагч нь өөрийн биеэр ирэх боломжгүй /хүндэтгэн үзэх шалтгаантай/ тохиолдолд Монголбанкны салбар хэлтсээр, шуудангаар дамжуулах, цахим хэлбэр /хаяг/-ээр нэхэмжлэл гаргах зэрэг боломжуудыг олгож ажилласан.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.М, Б.Г нар нь  хариуцагч “К банк” ХХК-д холбогдуулан хадгаламжийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, хадгаламжийн хүү 730.909 төгрөг, нийт 3.730.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 3.730.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нарын нэрсийн дараалалд оруулахыг хариуцагч “К банк” ХХК-д даалгуулахаар тодруулсан гэж үзнэ.

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С “...Хариуцагч нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргах хугацааны талаар бидэнд мэдэгдээгүй, энэ талаар хангалттай мэдээлэл өгөөгүй тул хохирлоо шаардах эрхтэй“ гэж,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М: Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу Банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдүүдийн нэхэмжлэлийг хүлээж авах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд байхаар тогтоож, олон нийтэд мэдээлсэн. Банк татан буугдсан талаарх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд илэрхий үйл баримт юм. Нэхэмжлэгч С.М, Б.Г нь нэхэмжлэл хүлээн авах хуулийн хугацаанд “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл ирүүлээгүй” гэх тайлбар гарган маргаж байна.

          Шүүх  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх /талуудын эрх тэгш байдлыг хангах/ зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд талууд хүсвэл нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

           Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч С.М, Б.Г нар нь “К банк” ХХК-тай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулан, 200.... тоот хадгаламжийн данс нээлгэж, 20.000.000 төгрөгийг жилийн 15.5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай хадгалуулсан болох нь зохигчийн тайлбар, 200.... дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ,  хадгаламжийн дэвтэр зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-9 тал/

      Нэхэмжлэгч нар нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд заасны дагуу хадгалуулсан 20.000.000 төгрөгөө Хаан банкны салбараар дамжуулан хүлээн авсан тухайд маргаагүй. /х.х-ийн 10 тал/

       Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд: “К банк” ХХК-ийг албадан татан буулгах тухай Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-96 дугаар тушаал гарснаас хойш, нэхэмжлэл хүлээн авах хугацааг тогтоон, нийтэд мэдээлсэн гэх боловч уг мэдээлэл нь нийтэд хангалттай хэмжээгээр хүргэгдсэн гэж үзэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /х.х-ийн 25-27, 33-69 тал/

      Иймд нэхэмжлэгч С.М, Б.Г нарын 3.730.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нарын нэрсийн дараалалд оруулахыг хариуцагч “К банк” ХХК-д даалгах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.2-т зааснаар нэхэмжлэгч С.М, Б.Г нарын 3.730.909 /гурван сая долоон зуун гучин мянга есөн зуун есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нарын нэрсийн дараалалд оруулахыг хариуцагч “К банк” ХХК-д даалгасугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.645 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “К банк” ХХК-аас 74.645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.М, Б.Г нарт олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                          Ж.ЦЭНГЭЛ