Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар  2023/ШЦТ/955

 

                                                                   

  2023          7           04                                      2023/ШЦТ/955

 

                       

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Ү-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 2100 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Скай Кинг" хамгаалалтын албан хаагч, ам бүл 1, …...............тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

Бовогт Б-ийн Ү /РД:..................... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ү нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг караокэд хохирогч М.Этэй үл ялих зүйлээр шалтаглан, түүний биед халдан, зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эийн  өгсөн: "... 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 41 минутад ажил дээрээ утсаа оролдоод сууж байсан чинь согтуу залуу тамхины өрөө лүү явж ороод гарахаар нь “манайх ажиллаагүй байна” гэсэн чинь “би танайхаас юм уумаар байна” гээд байхаар нь би "үгүй та гарчих" гэсэн чинь манай руу орно гээд дайраад байсан. Тэгсэн нөгөө ах миний хамрын зүүн тал руу цохиод авсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10 дахь тал/,

            - хохирогчийн дахин өгсөн "... Би 2022 оны 5 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцэст үйл ажиллагаа явуулдаг Нарлаг төвийн 3 давхарт байрлах Нарлаг караокег түрээслэн ажиллуулж байна. 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед би караокегоо нээгээд цэвэрлэгээ үйлчилгээ хийж байтал манайхаар өмнө үйлчлүүлж байсан зүс таних 40 орчим насны залуу манайхаар хэд хэдэн удаа шагайсан ба би тухайн хүнд “манайх одоогоор онгойгоогүй байна" гэж хэлтэл цааш гараад явчих шиг болохоор нь би анзаараагүй байж байтал нөгөө ах шууд орж ирснээ караокений сандал дээр суух гээд байхаар нь би “манайх онгойгоогүй байна” гэж хэлээд цааш түлхтэл нөгөө залуу "би юм уумаар байна, гэж хэлээд баруун гараараа миний нүүр, хамар хэсэгт 1 удаа цохисон. Би цохиулчихаад газарт унатал нөгөө залуу гараад явчихаар нь би араас нь хөөж гүйгээд 1 давхарт явж байхад нь барьж аваад цагдаад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дахь тал/,

              Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6285 дугаартай "...М.Эийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/,

            Яллагдагч Б.Үийн мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Ү нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг караокэд хохирогч М.Этэй үл ялих зүйлээр шалтаглан, түүний биед халдан, зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Үийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч Б.Ү нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг караокэд хохирогч М.Этэй үл ялих зүйлээр шалтаглан, түүний биед халдан, зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эийн  өгсөн: "... би "үгүй та гарчих" гэсэн чинь манай руу орно гээд дайраад байсан. Тэгсэн нөгөө ах миний хамрын зүүн тал руу цохиод авсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10 дахь тал/, - хохирогчийн дахин өгсөн "... нөгөө залуу "би юм уумаар байна, гэж хэлээд баруун гараараа миний нүүр, хамар хэсэгт 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6285 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дэх тал/, Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39-40 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч М.Ээд учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч Б.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Ү  нь хохирогч М.Ээд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Ү нь 500,000 төгрөгийг хохирогч М.Ээд төлсөн байна. /хх-ийн 40 дэх тал/. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.  .

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Үид холбогдох  хэрэгт ердийн журмаар явуулж буй шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нь Шүүгдэгч Б.Ү нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарлаг караокэд хохирогч М.Этэй үл ялих зүйлээр шалтаглан, түүний биед халдан, зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд шүүгдэгч Б.Ү нь хохирогчид 500,000 төгрөг шилжүүлж, хохирол төлбөр барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Үид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,.” гэх дүгнэлтийг гаргасан 

Шүүх шүүгдэгч Б.Үид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, ...”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Б.Үид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Б овогт Б-ийн Ү-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүгдэгч Б.Үид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй. 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Үид оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Үид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА